НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монгол Улсын Хөгжлийн банк ХХААХҮ-ийн салбарын зорилтот төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-12-15 13:22:12 GMT +8 / | 1828 удаа уншсан

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлага Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийг тогтворжуулан сэргээх зорилготой хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүн ээлжинд хэрэгжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн салбарын тэргүүн зорилт болох дараах төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсын Хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайд Б.Батзориг илэрхийлсэн юм.  

Үүнд:
Хот суурин газрыг түшиглэн өвөл зуны хүлэмжийн цогцолбор, аж ахуйг хөгжүүлье. Ингэснээр хүнсний ногооны импортыг бууруулж, дотооддоо хүнсний нарийн ногоо, жимс үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах төсөл. Энэ хүрээнд төмс, хүнсний ногоог хадгалах, борлуулах цогцолбор төв болон зоорь, агуулах баригдаж, дотоодынхоо  зах зээлийг төмс хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэх юм.
Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл. Энэ хүрээнд цогцолбор байгууламж,  махны үйлдвэр шинээр баригдаж, технологийн шинэчлэл хийгдэж  мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах боломж бүрдэнэ.
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк төсөл. Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг төр хариуцана.  Энэ хүрээнд жилд 8,3 сая ширхэг арьс шир боловсруулах, 22 мянган тонн ноос ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэрүүд баригдана.
Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэржилт, ажилсаг Монгол” санаачилга хөтөлбөр. Энэ хүрээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр болон малчдын орлого  нэмэгдэнэ.
Монгол Ноолуур хөтөлбөр. Энэ хүрээнд ноолууран түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх юм. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагааны стратегийн хувьд Хөгжлийн банкны зорилготой нийцэж байна гэдгийг онцлоод эхний ээлжинд Монгол брэндийг бий болгосон, экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Мөн Хөгжлийн банк нь уламжлалт зээлээс гадна Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны лизингийн компанийг байгуулсан. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн салбарын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмж оруулж ирсэн. Цаашдаа Монгол улстай хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаатай улсууд болон манай улсад техник технологи  нийлүүлдэг улс орнуудын гол гол бодлогын банкуудтай холбоо тогтоох ажлыг хийж байна. Ингэснээр  ХХААХҮ-ийн салбарт техник технологийн орчин үеийн шийдэл бүхий шинэчлэл хийгдэх боломж бүрдэнэ.
Мөн Хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулсан. 2018 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлэх уг компани нь Монгол улсын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын сангуудыг мэргэжлийн түвшинд байгуулж, удирдах зорилготой. Хамгийн гол нь  зөвхөн зээлээр хэрэгжих  бололцоогүй урт хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар хэрэгжүүлэх бололцоог бий болгожээ. Ингэснээр ХХААХҮ-ийн салбарын урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан дэмжиж ажиллах боломжтой. Хөгжлийн банкны зүгээс төсөл ТЭЗҮ-тэй, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчны нарийвчилсан ерөнхий үнэлгээ хийгдсэн, тусгай зөвшөөрөл олгогдсон, барьцаа баталгаатай байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Үүнийг үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг салбар яамнаас хүслээ. Цаашид Монгол улсын эдийн засгийн чухал хөшүүрэг болсон ХХААХҮ-ийн салбарын зорилтод төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд өнгөрсөн 4 жилд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮ-ийн салбарт 1600-гаад аж ахуй нэгж, иргэдэд нийтдээ 820-иод тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээлийн эргэн төлөлт, зориулалт, ашиглалтын талаарх нэгдсэн мэдээллийг гаргахаар ХХААХҮ-ийн яам , МУ-ын Хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Тус арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, яамныхаа газар хэлтсийн дарга нарын хамт  Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч,  "ДБМ Лизинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа, Төслийн зээл санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга нар оролцлоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.