НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Дуламсүрэн: Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 900 автобус үйлчилдэг

ner.mn     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-10-24 18:52:30 GMT +8 / | 2839 удаа уншсан

Тэртээ 1925 оны долдугаар сарын дундуур “Улсын тээх газар”-ыг байгуулж байсан нь Монголын анхны механикжсан нийтийн тээврийн эхлэл байсан юм. Өөрөөр хэлбэл, 1926 онд Ардын засгийн газрын 16 дугаар тогтоолоор “Ардын засгийн газраас Улаанбаатар-Амгаланбаатар хотын хооронд хүн зөөх явдлыг олны эрх болгон явуулж, улсын ашгийг алдахгүй болговол зохих”-ыг Ардын аж ахуйн яаманд даалгасны үр дүнд ачааны гурван машинд тусгай кузов хийж, Улаанбаатар-Амгаланбаатар хотын хооронд байнгын шугамын үйлчилгээтэй болгосноор Улаанбаатар хотын хүн амын тээврийн үйлчилгээнд механикжсан тээврийн эхлэл тавигдсан гэдэг. Харин одоо бидний монголчууд нийтийн тээвэргүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлж ч чадахгүй. Ингээд энэ цагийн эрхэм хэрэглээ болсон нийтийн зорчигч тээврийн салбарын талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнтэй ярилцсанаа хүргэе.

-Энэ жилийг Автотээврийн менежмэнтийг сайжруулах жил болгон зарласан. Төлөвлөсөн ажлын амжилт, хэрэгжилт хэр байна даа?
-Юуны өмнө хэлтсийнхээ үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах нь зөв байх. Манай Зорчигч тээврийн тасаг улс, улс хооронд, мөн жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээд 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээтэй байгууллан хамтарч, 74 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Харин улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд 11 аж ахуйн байгууллага есөн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ мөн Казакстан улсын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Сонирхуулахад, жуулчин тээврийн үйлчилгээ эрхэлдэг 117 орчин байгууллага байдаг. Автотээврийн үйлчилгээг сайжруулах менежментийн жилийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж байна. Тухайлбал, Зам тээврийн сайдын гаргасан тушаал, мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу цахим засаглалын хүрээнд нэлээд ажил хийлээ. Тасалбар борлуулах ажлыг цахимжуулахаар ажиллаж, ТҮЦ машинаар тасалбар борлуулах ажлыг эхлүүлсэн. 2016 онд Эрдэм Оюу компанитай туршилтын ажлаа хэрэгжүүлээд энэ оны таван сард тайлан дүгнэлтээ гаргаад хэрэгжүүлэх боломжтой юм байна гэж үзсний үндсэн дээр ажлаа эхлүүллээ. ТҮЦ машинаар тасалбар борлуулж эхэлснээр олон шат дамжлаг дамждагаа болино. Иргэдэд ч амар. Одоогоор Баянзүрх болон Драгон төв дээр ТҮЦ машинаас тасалбараа авчихаж болно. Төвлөрөл ихтэй газраас билетээ авчих боломжтой учраас иргэд ам сайтай байгааг хэлэх нь зүйтэй байх. Одоогоор хоёр цэг дээр ажиллаж байгаа ч удахгүй нийслэл хотын дотор хүн амын урсгал ихтэй 22 байршилд эхлүүлэхээр төлөвлөөд байж байна. Мөн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай нягт хамтын ажиллагаатай аижллахыг чухалчлан авто тээврийн хяналтын байцаагч, жолооч нараа сургалтанд хамрууллаа.
-Яг ямар сургалт зохион байгуулав?
-Жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг жолооч нартаа зориулан тусгайлан сургалт явуулсан. Хол замын үед зорчигчид эрүүл мэндийн асуудал тулгарах тохиолдол бий. Эмнэлэг, тусламжаас хол хээр хөдөө явах үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх гэх мэтчилэн бодит амьдралд тулгардаг асуудлуудыг судалж байгаад жолооч нартаа сургалт зохион байгууллаа. Анхан шатны тусламжийг зөв үзүүлэхээс  асар их зүйл шалтгаалдаг. Мөн Зам тээврийн сайдын тушаалаар чиглэлийнхээ зургийг албан ёсоор баталгаажууллаа. Чиглэл мэргэжлийн хэллэгээр замнал гэж ярьдаг юм. Товчхондоо замналынхаа зургийг албан ёсоор баталгаажуулснаар чиглэл болгон дээр чиглэлийн хувийн хэрэгтээ болж, тухайн замналын талаарх бүх мэдээллийг багтаасан баримт бичгийг хөтөлж явуулах ажлыг эхлүүллээ. Мөн бүсчилсэн хэлбэрээр орон нутгийнхаа бүх тээвэр зохицуулагчдаа сургалтанд хамруулсан.
-Өөрийн чинь ярианаас тун удахгүй тасалбар борлуулах ажлыг 100 хувь цахимжуулах юм байна гэж ойлголоо?
-Угаасаа онлайнаар билет захиалдаг болоод удсан шүү дээ. Энэ нь нэг талаар  НӨАТ-ын баримт олгодог болсонтой холбоотой гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тасалбар маань НӨАТ-ын баримттай хэвлэгддэг. Мэдээж ТҮЦ машинаар тасалбар авах нь илүү хялбар, цаг зав хэмнэх давуу талтай. Онлайн захиалгын тухайд давуу тал ихтэй. Хамгийн наад зах нь хэзээ ч, хаанаас ч захиалга хийж, хүссэн суудлаа захиална. Мөн НӨАТ-ын баримтыг нь имэйл хаягаар илгээдэг. 2018 оноос байршуулж эхлэхээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ базаагаад байж байна.
-Нийтийн зорчигч тээврийн салбарт тулгардаг гол бэрхшээлийн нэг нь техник. Магадгүй манайхны санхүүгийн чадамжтай холбоотой байх л даа.
-Тээврийн хэрэгслийн бүрэн байдалд маш их анхаардаг. Зорчигч тээвэр учраас анхаарахгүй байхын аргагүй. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. тийм ч учраас улирал тутамд оношлогоонд оруулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний техникийн стандарт гэж бий. Тус стандартад нийтийн зорчигч тээвэрт ашиглаж буй машиныг үйлдвэрлэснээс нь хойш 12 жил ашиглах журамтай. Стандартаа нарийн чанд баримталж, хяналт тавьдаг. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 900 автобус үйлчилж байгаагаас энэ жил ашиглагдах хугацаа нь дуусаж буй 120 автобус байгаа. Мэдээж тэр хэрээр компаниуд нөхөн олголтоо хийгээд явчихдаг. Мөн Засгийн газрын дэмжлэгтэйгээр 43 автобусыг Солонгосын банктай гэрээ хийгээд Сангийн яамнаас санхүүжүүлээд хөнгөлттэй зээлээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулж буй компаниуддаа хөнгөлттэй нөхцөлөөр олгох боломж бүрдсэнийг дуулгах нь зүйтэй байх. Ямартай ч эхний ээлжинд судалгаагаа хийж, компаниуддаа саналаа тавьчихсан. Банктай гэрээ хийгээд эхэлчихсэн. Нэг үеэ бодвол техникийн бүрэн бүтэн байдлыг 100 хувь хяналтандаа авч чадсан. Иргэддээ хэлэхэд, манай Автотээврийн үндэсний төв маань Техникийн хяналтын хэлтэстэй, орон нутагт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм шүү дээ. Энэ дашрамд сонирхуулахад, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуй, нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 930 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна.
-Холын замд гардаг гол зөрчил хурд хэтрүүлэх явдал. Гэхдээ сүүлийн үед хурд хэтрүүлсэн гэх асуудал намжаа юу даа?
-GPS-тэй болсноор хурд хэтрүүлэх зөрчил байхгүй болсон гэж хэлж болно. Бид GPS-ээрээ өдөр тутам бүртгэж, тухайн тээврийн хэрэгслийн дугаараар хянадаг. Үнэндээ холын замд 70 км цагийн хурдтай явах жаахан удаан мөлхөөд байх шиг санагддаг байж болох ч яарвал даарна гэдэг дээ. Тэр ч утгаараа бид хяналт тавьж зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл эндээс сануулга өгдөг. Зөрчил гурван удаа давтагдвал гэрээгээ цуцалдаг. Өөрийн чинь хэлдгээр өмнө нь хяналт сул байсан учраас хурд хэтрүүлж, осол аваар олонтаа гардаг байсныг үгүйсгэхгүй. Өдгөө өдөрт хурд хэтрүүлсэн зөрчил 10 ч хүрэхгүй гарч бүртгэгдэг. Тэр даруйд нь холбогдож сануулга өгдөг. Тэгэхээр нийтийн зорчигч тээврийн салбарт тулгардаг гол бэрхшээл цаг агаар, замын нөхцөл л байна даа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л баруун чиглэл Хустайн нуруу Тахьтийн даваанд цаг агаарын байдлаас болж хүндрэл үүссэн. 
-Түүнээс гаэдна хулгайн тээвэр их хийдэг. Одоо машингүй хүн ч гэж байхаа больж. Тэр утгаараа зорчигч тээвэрлэж, осол гаргах үзэгдэл гарсаар байна. Тэгэхээр хулгайн тээвэртэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Иргэд хувийнхаа жижиг суудлын тэргээр тээвэр хийдэг. Уг нь Нийтийн тээврийн журамд таксины стандартыг заасан байдаг ч иргэд эрсдэлийг тооцохгүйгээр хулгайн буюу хувийн машинаар үйлчлүүлэх сонголт хийдэг нь үнэхээр хармсалтай хэрэг шүү. Хэдийгээр хот хоорондын тээвэрт такси үйлчилгээгээр зорчихгүй захиалгат маягаар зорчино гээд заасан байдаг ч Эрдэнэт, Дархан, Чойрын чиглэлд хувийн таксинууд их явдаг. Facebook, сошиалд зар тавиад л зөөчихдөг. Баталгаагүй бүрэн бус техниктэй зорчигч тээвэрлэж осол гаргах явдал гарсаар байгаа нь ч үнэн. Энэ байдал эргээд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, иргэдийг төөрөгдүүлдэг. Гэрээт компани хурд хэтрүүлж,  осол гаргалаа гэж л иргэд ойлгодог. Дунд нь манай зорчигчид багасаж, цаашлаад  орлого ч буурах хандлага бий. Тийм ч учраас хяналтын хэлтэс маань  авто тээврийн байцаагчидтай хамтран, хулгайн тээврийг аль болох таслан зогсоохоор ажиллаж байна. Мөн тодорхой үечлэлтэй төлөвөлгөөт шалгалтуудыг  төрийн бус байгууллага, замын цагдаа нартай хамтарч зохион байгуулдаг. “Хууль бус тээвэрлэлттэй тэмцье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн пост, чиглэлүүдэд 24 цагийн шугам замын хяналт шалгалт явуулсан. Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн улсын хэмжээнд хийсэн шугам замын хяналт шалгалтаар 93465 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 4836 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажилласан.
-Зорчигч тээвэрлэх эрх авах нэлээн ярвигтай санагддаг. Тендер зарлалаа, будлиантлаа, танил талдаа өглөө гэж гомдол нэлээн сонсогддог.
-Манайх тендер зарладаггүй. Нийтийн тээврийн зорчих үйлчилгээ эрхлэх хүсэлтийн дагуу гүйцэтгэгчээ сонгодог. Өөрийн хэлбэл, салбарын сайдын 153 дугаар тушаалын дагуу ажилладаг гэж ойлгож болно. Тухайн тушаалд тусгасны дагуу стандартаа баримталдаг. Шалгуурынхаа дагуу л материалаа бүрдүүсэн компанийн материалыг ажлын хэсгээрээ хэлэлцээд эрхийг нь үүсгэдэг. Хүмүүс тендер гэж буруу яриад байдаг юм. Харин замналын тухайд Зам тээврийн сайд баталдаг.Батлагдсан чиглэл дээр үйл ажиллагаа явуулах компанийг сонгодог.  Үндсэн үүрэг маань нийтийн зорчигч эвэр явуулах. Тэр дагуу бид шалгуур үзүүлэлт, шаардлага хангасан компанитай л хамтардаг. Өөрийн чинь хэлсэнчлэн танил тал харж өгдөг зүйл огтоос байхгүй.
-Мэдэхгүйн зовлон их. Хулгайн тээвэр хийгээд баригдвал ямар хариуцлага хүлээхээ мэддэгүй байж болох юм. Ер нь хуулийн дагуу ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Улсын байцаагч эрх үүргийнхээ хүрээнд торгуулийн арга хэмжээ л авдаг. Тухайн иргэн ч торгуулиа төлчихөөд л тээвэрлэлт хийгээд байдаг байсан. Өөрөөр хэлбэл хариуцлага сул учраас хулгайн тээвэр байгаад байгаа юм. Харин зөрчлинй тухай батлагдсанаар асуудал нэлээн цэгцрэх төлөвтэй байгаа.
-Ингэхэд өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаагаад байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл үнэхээр том ажил. Есдүгээр сараас л салбар аж ахуйн нэгжүүддээ үүрэг өгөөд эхэлдэг. Графикчилсан төлөвлөгөө гаргаж, ажлын хэсгийн комисс гаргаж ажилладаг юм. Энэ жилмйн тухайд эхний графикчилсан төлөвлөгөөнийхөө дагуу хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг 22 аж ахуйн нэгждээ манай тасгийн мэргэжилтнүүд хуваарийн дагуу  шалгалт хийж, бүх тээврийн хэрэгсэлээ шалгасан. Уламжлал болсон ажил учраас бэлтгэл маш сайн хангагдсан байдаг юм.  Хотод байрлалтай 22 аж ахуйн нэгжийн хувьд 17 аж ахуйн нэгж нь 90-82 хувь, 90 дээш хувьтай долоон байгууллага, 80-78 хувьтай үнэлгээ авсан нэг аж ахуйн нэгж байна гэж дүгнэгдсэн байна. Улсын хэмжээнд Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тогтоогдсон хэрэгцээ, түүнд тавигдах шаардлага, техникийн зохицуулалтыг үндэслэн тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан тохирлын үнэлгээний тодорхой үйл ажиллагааг техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын 50 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд нийт 480163 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн. Үүнээс нийслэлд 250501, орон нутгийн хэмжээнд 229662 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийчихээд байна.
-Ингэхэд иргэдийн зүгээс санал хүсэлт их ирдэг байх. Ихэвчлэн ямар хүсэлт ирдэг болон хэрхэн шийдвэрлэж буй талаараа сонирхуулаач?
-Иргэдийн зүгээс “Автобуснууд нэг бол бөөнөөрөө ирээд нэг бол удаан хугацаагаар ирэхгүй байна” гэх гомдол гардаг байсан ч бүх автобуснууд байрлал тогтоогч төхөөрөмж буюу GPS –тэй болсноос хойш шугамаа зөрчиж өөр газраар явах зөрчил үндсэндээ арилсан. Сүүлийн үед шинэ чиглэл гаргах тухай хүсэлт л их ирж байна. Хаа нэг үйлчилгээний талаар санал хүсэлт ирдэг л юм. Бид ч дор бүрнээ тохирсон хариуг нь өгдөг. Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах 1900-1234 нь автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд нээлттэй үйлчлэх бөгөөд үнэн бодит мэдээ мэдээллийг Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн мэдээллийн сангаас хүргэж буйгаараа Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах 1900-1234 нь автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Дашрамд дуулгахад, Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах 1900-1234 нь автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос иргэдэд түргэн шуурхай хүргэн ажилладаг. Өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд нээлттэй үйлчилдэг бөгөөд үнэн бодит мэдээ мэдээллийг Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн мэдээллийн сангаар дамжуулан хүргэдэг.
-Тэгвэл хот хоорондын тээвэрлэлтийн тухайд хамгийн их ачаалалтай нь аль чиглэл вэ?
-Баянхонгор, Увс, Завхан, Эрдэнэт,  Дархан ачаалал ихтэй байдаг. Хүн амын төвлөрөл их байдагтай холбоотой л доо.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.