НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХҮН ГҮРНИЙ ЛУУТ ХОТ СУРГИЙГ ГАРГАХУЙ

Го.Аким     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-12-15 19:10:24 GMT +8 / | 8167 удаа уншсан

Түлхүүр үг: Луут хот, Лүн, Ханьхай /Хангай/

Түүхч Г.Сүхбаатар абугай “Өмнөд Тан улсын (937-975) хүн Ди Цинь хүннүгийн Луу хотын талаар хийсэн тайлбартаа бичихдээ: “Шаньюйн ордэны өмнө цөөрөм байсан, түүнийг “тайлуэрхэхэ” гэнэ, түүнд луу унасан домогтой, иймд 5 дугаар сард луу тахихын хамт дээдэс, тэнгэр, газар, хайрхад тахьдаг” гээд “тайлуэрхэхэ” гэдэг үгийн утга тодорхойгүй гэж тайлбар хийсэн байна. Үүнээс үзэхэд хүн нар луу тахьдаг байсан нь дахин нотлогдож байна. Магадгүй, археологич Д.Эрдэнэбаатар нарын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Гол мод-2-оос олдсон ганц эвэрт луутай ч холбоотой байж. 
Луут хотыг манан будан бүрхэж
Ханьхай тэртээд тэнгэрт хөөрсөн мэт харагдана
Тан улсын шүлэгч Юй Юйкэ “Залуу зочинтойгоо хамт явах” шүлэгтээ ингэж бичжээ. Чингэхлээр Луут хот нь Тан улсын үе хүртэл буюу  IX зуун хүртэл оршиж байжээ гэж хэлж болохоор. Гэтэл чухам хаана байсан нь тодорхойгүй. Сыма Чян-ы “Түүхэн тэмдэглэл”-д дурдагддаг Лүн чэн хотын Лүн чэн гэдгийг Луут хот гэсэн үг гэж мэргэд үздэг. Гэтэл Лүн чэн гэдгийн Лүн-д хятадаар луу гэсэн утга байхгүй гэж Г.Сүхбаатар, Ба.Батжаргал нар үзжээ. Өөрөөр хэлбэл, Сыма Чяны “Түүхэн тэмдэглэл”-д Лүн гэдгийн лууг нэрлэх “лүн” гэдгээс арай өөрөөр бичсэн гэнэ. Гэхдээ л Г.Сүхбаатар “Хүннү нарын тахилга хийдэг гол газар нь Луу хот байна” гэснээрээ бусад эрдэмтдийн саналыг хуваалцсан аж. Ийн таавар мэт байсан зүйл Очир тэргүүтэй манай археологчдын Төв аймгийн Заамар сумын нутагт буй Шороон довд хийсэн малтлагаар бодот зүйл болов. Учир нь булшнаас нэгэн хятад бичээс гарсныг уншваас Луут хотын тухай дурдсанийг сийрүүлбэл: “Луут хотыг алгасан ихэд цэцэглэн мандсан”  гэжээ. Би Шинжааны монгол хөвүүн, эртний хятад хэлэнд нэвтэрсэн докторант Ба.Батжаргалаас лавлахаар шийдэв. Миний хир барагтай юманд итгэдэггүйн “гай” л байгаа байх. “Сэрэлт” киноны “Лавлаа Даш” гэдэг шиг. Уг бичээсийн орчуулгыг хятадтай нь хадаж тавьсан /уг өгүүлбэрийг Очир нарын “Эртний нүүдэлчдийн бунхант булшны малтлага, судалгаа” номоос ишилжээ/ байсанд түүнийг бариад Батжаргал руу харайлгаж хүрлээ. Батжаргал маань харин “Энд үнэхээр Луут гэсэн үг байна” гэлээ. Тэгж байтал

Уйгарын хар балгас
 

Дашням гүнгийн дуун хөрвүүлсэн “Хойт газрын аймгийн ойллого” номыг уншиж суутал “Чанг үиү, Лүн тан орд даруй Тан улсын бичигт гардаг Фүй гү чэн орд даруй мөн” гэсэн өгүүлбэр гараад ирэвэй. Үүнээс үзвэл Лүнчэн гэдэг нь Хүннүгийн шаньюйн гол өргөөний нэр болох нь тодорхой байна. Ж.Гэрэлбадрах бүүр “Луут хот” гэж тайлбарлсан байна. Иймд Тан улсын бичгийг бэдрэх хэрэгтэй болов. Бэдрээд байх ч юмгүй, Батжаргалын маань орчуулж бэлэглэсэн “Хуучин Тан улсын бичиг” ном над бэлхнээ байж байлаа. Айлаас эрэхээр авдраа уудла гэдэг. Ганцхан шүүж үзэх л үлдэв. Харамсалтай нь, шүүгээд шүүгээд үл олов. Дахиад л Батжаргал руугаа утасдлаа. Батжаргал маань хэлж байна. Тан улсын бичиг” олон дэвтэр, өөр дэвтэрт нь байдаг байх аа. Харин “Ляо улсын түүх”-нд таны асуугаад байгаа хотын тухай байдаг даа” гэж байна. “Гар бариад бугуй барина” гэгчээр “Хөөе, түүнийгээ олоод өгөөч” гэж гуйлаа. Батжаргал маань уриалгахан гэгч нь “Тэгье” гэж байна. Тэгээд E-mail-ээр түүний ирүүлсэн нь: 《辽史》卷三七《地理志一》称“窝鲁朵城即回纥汗廷所在地,辽人称此为单于城”。
<Liyao ulsiin tuuh>37 -duugar bulug<gajar zuiin oilalga>-d:ordo hot ni daruy hui he giin khanii orgoo baiga gazar, liyao-chuun uniig chan yu giin hot gij khelnee. “Ляо улсын түүх”-ийн 37-р бүлэг, “Газар зүйн ойллог”-т “Орд хот нь даруй Хуй хи-гийн /Хуй хуй буюу Уйгар/ хааны өргөө байгаа газар, Ляо чун үүнийг Чан юу /Шаньюй/-гийн хот гэж хэлнэ” гэжээ.  
《辽史》卷二《太祖纪》记天赞三年“八月甲午,次古单于国,登阿里典厌得斯山。八月丙申朔,次古回鹘城。庚子,拜日于蹛林。”
<liyao ulsiin tuuh>2-duugar bulug<Tai zu giin temdegleel>-d:”naiman sariin khoh morin odor,ci gu giin shan yu giin hot-d hurch,altan undus uland garb,naiman sariin ulaan baqin odor,ci gu giin hui he hot-d khurb,tsagan hulgana odor dai lin-iig tahiib” “Ляо улсын түүх”-ийн 2”р бүлэгт Найман сарын хөх морь өдөр Си гу-ийн Шань юй-гийн хотод хүрч, “Алтан үндэс” ууланд гарав, Найман сарын улаан бичин өдөр Си гу-гийн Хуй хи хотод хүрэв. Цагаан хулгана өдөр Дай лин-ийг тахив” гэжээ.
《辽史》卷九三《萧图玉传》中:“窝鲁朵盖古所谓龙庭单于城也”
<liyao ulsiin tuuh>93-duugar bulug<shiao tu yu zhuan temdegleel>-d:”Ordo ni ert deer uyiin lun ting buyu shan yu-giin hot bolay” Ляо улсын түүх”ийн 93-р бүлэг “Шяо тү юү цуан-ы тэмдэглэл”-д “Орд нь эрт дээр үеийн Лүн тэн буюу  Шаньюй-гийн хот болой” гэжээ. 
Уйгарын хааны орд нь хуучин шаньюйгийн орд гэдгийг хоёр ч дахиад тов тодорхой өгүүлжээ. Харин хааны орд нь өдгөө бидний Уйгарын хар балгас гэж нэрлэж байгаа тэр туурь мөн үү? Тэртээ Сэлэнгийн хөвөөнд бас Уйгарын Байбалиг хотын туурь бас бий. Чухам аль нь вэ?
Судлаач Өөлд Д.Баатарын “Моюнчурын хөшөөний бичиг” судалгаанд “...Цаст тийшээ зугтан оров. Тэндээс харьж буцан Орхон, Загастайн бэлчирт улс [засаглалын]-ын өргөөгөө энд бариулав” гэж байх юм. Хэрвээ Баатар Моюнчур хааны хөшөөний бичээсийг зөв тайлж уншсан бол энэ нь үнэхээр чухал мэдээлэл мөн. Эргэлзэх хэрэггүй байсан байна. Түүний зөв тайлж уншсан нь Финландын монголч эрдэмтэн Рамстедын “Уйгар улсын түүх”-ийн тэмдэглэлээр батлагдав. Рамстед монгол хэлээр бичсэн уг түүхэндээ: “Түүний [Хөл Билиг хаан] хөвүүн Бугучур нь долоон зуун дөчин зургадугаар онд тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй. Долоон зуун тавин есдүгээр он хүртэл Уйгарын ордыг эзлэн суув. Тэр хааны хөшөө чулуун балбал Хануй, Хүнүй хоёр голын билчир цутгагчид буй. Чулууны бичиг хэмээвээс... долоон зуун тавиннэгдүгээр онд Түрэгийн нутагт, Орхон, Жиримт хоёрын билчирт Уйгар улсын их нийслэл хот байгуулж, төрийн өргөө, төрийн яам хоёрыг байгуулав хэмээн бичсэн баймуй. Тэр Уйгарын нийслэл хотын үлдэл нь одоо монгол хэлээр Орхоны ойрхи эвдэрхий хар балгасун хэмээгч тэр буй”  гэжээ. Энэ нь Ляо улсын түүхнээ дурдагдсан “хааны өргөө”, Моюнчурын хөшөөний бичээст өгүүлэгдэж байгаа “улсын өргөө”, Рамстедийн түүхнээ дурдагдаж байгаа Бугучурын гэх хөшөөний “Төрийн өргөө” гурвыг нэг гэж үзэж боломжийг бүрнээ олгож байна. Баатар, Рамстед хоёрын буулгасанд Загастай, Жиримт гэсэн голын нэр л зөрж байна. Загастай буюу Жиримт нь одоогийн Цагаан сүмийн гол бололтой. Чингэхлээр Ляо буюу Хятан улсын түүхэнд гарч байгаа Лүнтэн [Лүнчэн] хот нь одоогийн Уйгарын Хар балгасны суурь болж таарч байна.   

Уйгарын хар балгасны өмнөх лууны баримал

Түүхч эрдэмтэн Г. Сүхбаатар хятадын эрдэмтдийн бичснийг баримжаалж, “Тамирын гол, Хар Хорины орчимд Луут хот гэдэг гол төлөв тахилгын холбогдолтой нэлээд том суурин байжээ” гэж өгүүлсэн байна. Тэгвэл судлаач З. Батсайхан “...олон судлаач...хятад тайлбарлагчдын Хангайн нуруу, Орхон голын савд Шаньюйн орд Лүнчэн хот бий байх гэсэн заалтыг ишилсээр ирсэн...” гэж тэмдэглэжээ. Энэ хоёр судлаачийн “Хар хорины орчимд, Орхон голын савд” гэсэн нь мөнөөхөн Ляо улсын түүх”-ийн тэмдэглэлтэй бас л тун ойртож очиж байгааг хэлсү. Археологч Д.Эрдэнэбаатар над нэг хэлэхдээ: “Уйгарын Хар балгасны зургийг сансраас авсныг үзэхүл өнөөгийн хэрэмний гадуур том далан байсан нь тод мэдэгддэг. Учир иймд Луут хотын буурин дээр Хар балгасыг барьсан байхыг үгүйсгэх аргагүй” гэсэн юм. Мөнөөхөн “Лавлаа Даш” “Интернет”-рүү орж, Хар балгасны сансраас авсан зургийг харлаа шүү. Нээрээ, өнөөгийн хэрэмний гадуур урт зууван далан байсан ор харагдаж байлаа. Тэгвэл Ба.Батжаргал Лүнчэн хотын эрэлд гарч, Монголд Лүн нэртэй газар хорин долоо байгааг олжээ. Тэгвэл Лүн нэртэй нэгэн газар ердөө Хар балгасны хажууд шахам, Хөгшин Орхоны зүүн эрэгт уг балгаснаас 19 орчим км-д байж байх юм. Лүн чен хотын нэрийн Лүн нь тэр явж байгаа юм биш байгаа. Өвөрхангай нутгийн уугуул, дуун хөрвүүлэгч Гомбосүрэн “Чиний асуугаад байгаа Лүнг чинь Лүн толгой гэдэг юм” гэж над хэлсэн. Цаашилбал эхэнд ишилсэн шүлэгт гарч байгаа “манан дунд газраас тасран харагдаж байгаа Ханьхай нь уул, чингэхдээ Хангай гэсэн монгол үгийн хятад хазгай дуудлага байж болох талтай. Учир нь эртний Хар хүрэм хот буюу одоогийн Хар хорин суурины баруун талын их уулыг Хангай овоо гэдэг бөгөөд эрт үеэс бишрэн тахисаар ирсэн уул /-р зураг/ юм.  Харин “Алтан үндэс” уулын тоймыг гаргаж үл чадав. 
Хамгийн сүүлд өгүүлэхэд, Уйгарын хар балгасны үүдэнд согд бичээстэй хөшөө байсан, өдгөө ганц титэм нь тэнд үлджээ. Тэр титэм луугийн сийлбэртэй. Тэр луу амаа ангайсан, хайрсан биетэй бөгөөд мөн хайрсан хаа, гуятай гэж хэлж болохоор. Хөл дөрвөн хумстай. Толгойн чанх өмнөөс харвал гурван урт гөвгөр шугам нуруу тийш явж, сээртэй нь залгалдсан байна. Голынх нь эвэр биш байгаа? /Зураг/ Хөшөөний луут энэ титэм гол биш боловч чухал тэмдэг. Уйгарууд Хүннүгийн лууг бэлгэдэл болгон авч хэрэглэсэн байж болох. Магадгүй, Луут хотын суурин дээр өөрийн хотыг цогцлоосны бэлгэдэл болгосон ч байж мэдэх. 
Уйгарын Хар балгасыг малтах археологчид бас нэгийг үгүүлэх учиртай даа!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.