НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хотын дарга зочиддоо үндэсний брэндийг бэлэглэнэ

ner.mn     Нийтлэгч
9 сарын өмнө /2017-12-15 19:14:54 GMT +8 / | 1165 удаа уншсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч 11 дүгээр сард нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөлөл НААД брэндийн Мимо-Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК, хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтын үеэр хотын дарга “Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Гурвуулаа үндэсний үйлдвэрлэл. Хотын даргын хувьд та бүхний үйлдвэрлэлийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг дэмжинэ гэдэг тэнд ажиллаж буй иргэдийг дэмжиж буйгаас гадна ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгч байна гэж би ойлгож байгаа” хэмээн онцолж байсан юм. Мөн уулзалтын төгсгөлд Мимо-Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэж байхаас гадна өв уламжлалаа хадгалан үлдээх санаачлагын хүрээнд цэцэрлэг, дунд сургуулийн сурагчдын хэрэглээнд нийлүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудад саналаа уламжилж шийдвэрлүүлэхээ амлаж байсан юм.Тэгвэл энэхүү амлалт хэрэгжиж эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зочилж байгаа гадны зочид, төлөөлөгчдөд бэлэглэхэд зориулан МИМО-Монгол гэр болон гоо сайхны ЛАМУОР брэндүүдийг Нийслэлийн бэлгийн санд худалдан авч эхлээд байгаа аж. Нийслэлийн бэлгийн сангийн тодорхой хэсгийг Старт апуудын бараа бүтээгдэхүүнээр бүрдүүлж байгаа нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаас шууд худалдан авалт хийж дэмжиж байгаагаас гадна нөгөө талаас гадны төлөөлөгчдөд үндэсний үйлчдвэрлэгч нарын бүтээгдэхүүнүүдийг бэлэглэснээр уг брэндийг олон улсад сурталчилж байгаа алхам юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Энэ төв инноваци шингэсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсад старт апын эко системийг байгуулахад чухал  үүргийг гүйцэтгэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.