НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ШИНЭ ОН, АМНЫ БИЛЭГ, АШДЫН БИЛЭГ

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
6 сарын өмнө /2017-12-19 09:55:36 GMT +8 / | 6835 удаа уншсан

1.
Шинэ он удахгүй гарах нь шидтэй сайхан амьдарцгаая. Хийж бүтээж байгаагаа харж суръя.
Улаанбаатар хотын өвөлжилтийн байдал гэж их ярих болжээ. Энэ нь ёстой өнөө “Өвөл болохоор хүйтэн болдог” гэж нэгэн төрийн түшээ халуун намраар хэлсэн. (М.Билэгт гишүүн хэлсэн). Уг нь цахим ертөнцөөр наргиж шуугихаар эд биш л дээ. Яриан завсар анхааруулж л хэлсэн хэрэг. “Халуун болох нь хонины ноосоо хяргая” гэсэнтэй ижил юм. Манай нийгэм юу болчихсон юм, инээж ханиаж шуугиад л... сүйд ээ сүйд. Бид ер нь юугаар амьдарч, юуг хэлбэрдэж байгааг харуулж байна. Нийгэм маань доошоо их л сууж байх шиг байна даа. Хүүхдийн цэцэрлэг. “Нэгдүгээр ангийн хүүхдийг “нэгийн нэгдлийн гахай” гэж бидний багад ямар ч авцалдаа холбоогүй шоглодог байсантай л агаар дүйх юм. “Ийм агуу хүн ингэлээ гэж үү?” гэмээр алдар цуутан нь ч энэ шуугианд “нохой шуугиулаад” явж байх жишээтэй. Үгийн өөгөөр л ам зуудаг болсон юм шиг. Хов живээр хорвоог таньж байгаа ч юм шиг. Нэг иймэрхүү.
Ер нь Улаанбаатар хотод нэг сая таван зуун мянган хүн амьдрана гэж байгаль бидэнд төлөвлөж өгөөгүй. Зарим хүмүүс үүнийг мартсан юм шиг байх юм. Уул усны нөөц ямар билээ? Дулаан цахилгааны боломж юу билээ? гэдгийг хүн Та өөрөө л төлөвлөдөг.
Энэ жил өвөлжилт Улаанбаатар хотын орон сууцны хувьд өнөтэй байна. Утаа агаарын хувьд бахь байдаг хэвээрээ. Хотын механик өсөлт хэвээрээ байхад энэ асуудал хэвээрээ байна. 
Хот өөрөө бас жил жилээр, сар сараар өсдөг. Улаанбаатар хотын ДЦС-1, ДЦС-2 зэрэг цахилгаан станцуудыг ямархуу ажиллаж байгааг оршин суугчид мэдэж байгаа. "Музей" л гэсэн үг. ДЦС-2 гэхдээ "Сүүлчийн могикан" гэдэг шиг явж байгаа. ДЦС-З, ДЦС-4 хоёр хамаг Монголыг нуруун дээрээ үүрч явна.  Барилгачин “Амьдралыг бурхан бүтээсэн үлдснийг нь барилгачид бүтээсэн” гэж ярих дуртай. Энэ бас үнэний ортой эд л дээ. “ДЦС-4” ТӨХК-ний суурийг 1979 онд тавьжээ. Тэр цагт 500 мянган хүн Улаанбаатарт амьдарна гэж тооцож байсан үе. Гэвч хотын хүн ам өссөөр...
1983 онд эхний агрегат, 1987 онд төслийн буюу 380 мВт-ын хүчин чадлаар ашиглалтанд орсон. Тухайн үедээ чухам л том обьект байлаа. Боловсон хүчин бэлтгэх гээд тусгай бодлогоор ажил хийгдэж байв. 1988-1990 онуудад 160 мВт-ын өргөтгөл хийгджээ. 2007, 2009 онд 2x20 мВт-ын өргөтгөл хийгдэн нийт 580 мВт-ын цахилгаан эрчим хүчний, 1185 Гкал дулааны суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна. Одоо бол хотын хүн ам 1970-аад онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Хамгийн сүүлийн өргөтгөл хийгдснээр 2017 онд 680 мВТ гаргах хэмжээнд очжээ. Энэ бол үнэхээр бодитой ажил болсон юм. Монгол улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкны хамгийн бодит төсөл болсон.
Эдэндээ иргэд бид бүхэн “баярлалаа” гэж хэлэх болсон. НҮБ-ын дуучин Т.Ариунаа: “Хүүхдэд “за” гэж хэлье” гэдэг шиг л юм даа. Бид юм хийхгүй биш хийж байна аа. Зөвхөн үр ашигтай, өгөөжтэй юм нь байнга хол түрүүлж байх ёстой.
1990-ээд оны дундуур манайхан мунгинаж байснаа бодвол өдгөө шал өөр болжээ. Төв дэлгүүр буюу Улсын Их дэлгүүрийнхээ өмнө, улаан зам дээр тэвэрт багтамгүй бүдүүн яндан хоолой газар цоолж зоогоод манаргаж байсныг бодвол өөр болсон. Харин өнөөдөр өргөтгөл бол нэг удаагийн арга хэмжээ. Монголд нийтдээ 1300 мВт цахилгаан эрчим хүч хэрэгтэй байгаа төдийгүй цаашдаа энэ нь өснө. Ер нь бид нүүрсээ түүхийгээр нь шатааж хотоо бузарлана. Түүхийгээр нь гаргаж нэрээ бузарлаж байгаа нь үнэн. Урд, хойд хөрштэйгээ стратегийн түншүүдийн хувьд стратегийн нарийн тохироонд хүрч амьдарч сурмаар байна. Ялангуяа урд хөршийнхөө таван жилийн төлөвлөгөөнд оруулаад тавдугаар  ДЦС, бүр цааш нь 6, 7 дугаар ДЦС-аа барьж гэмээ нь хамгийн сайн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж үзэх. Дэлхий нийт БНХАУ-ыг хүлэмжийн хий их гаргадаг гэж зэмлэн буруушаадаг. Тэд ч байгаль орчиндоо их анхаарч байна. Энэ л манай эдийн засгийн алсын хараатай бодлого биш үү?! Энэ бол импорт орлуулах бүтээгдэхүүн. Экспортын бүтээгдхүүн. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн. Хөгжлийг чирэх банк л гэсэн үг.
Юу гэж хэлэх вэ?! Өөрөөр, чухам даа. “Хүйтэн болохоор өвөл болдог” хэзээд хэвээрээ байх болно. Энэ бол сул үг биш шударга үг.

2.
Өнөөдөр хувийн хэвшил 80 хувь бүтээгдэхүүнийг бүтээж байна. Саяхан жижиг дунд үйлдвэрийг 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн төсөл дажгүй сайн хэрэгжиж байгаа талаар сонслоо. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараах он жилүүдэд төмсөө тарьж чадахаа больтлоо бид сульдсан шүү дээ. Энэ нь улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс болж гурван давхар хямралд орсон хэрэг. Өндөг, сүү, гурилаа хийж чадахаа больсон. Төмс, байцаа, үр тариагаа ургуулж тарьж дөнгөхөө байсан байлаа гэхэд өнөөгийн хүүхдүүд итгэх болов уу?! “Ухаангүй ноёд, ургашгүй албат” нийлэхээрээ улс орон ч дорхноо явчих дөхдөг юм байна лээ гэдгийг ОХУ, Монгол Улс хоёр харуулах дөхсөн. Тэр 90-ээд онд. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үйлдвэрээ өргөжүүлнэ гэж дээр доргүй ярих болжээ. Дотуур хувцасаа оёод өмсчихдөг, сурагчийн формоо хийчихдэг ард түмэн байвал уг нь зүгээрсэн.
Ганц жишээ дурдъя. Твиттерт хийсэн ажлаараа жиргэдэг maya‏ @exclusive_maya (Маяа) гэж хүүхэн байна аа. Тэрбээр: “#vйлдвэрлэгч миний хувьд #том_тесел... алийн болгон хvvхдvvдээ #хуурамч адидас найкаар хувцаслах вэ.. #ЕБС_UB_cotton_exclusive..” гэж томорч байна шүү дээ. Энэ бол гоё томролт.
Нэрт зохиолч Л.Түдэв гуай аль наяад онд л “Өрх бүр үйлдвэрлэгч” гэж хэлсэн юм шүү. Үнэхээр манай хүүхэн болгон уран, хүргэн болгон ажилч байсан үе бий шүү. Дотуур гадуур хувцасаа өөрсдөө хийгээд өмсчихдөг. Оёж шидэх талаар нүүдэлчин монгочууд уламжлалтай. Ямар сайндаа “Онгойж явахаар умайж яв” гэдэг ам дамжсан үг байх вэ дээ. Уранхай, хагархай, онгорхой биш оёулсан, үдүүлсэн, шидүүлсэн хувцас өмслөө л гэсэн үг шүү дээ. Оёдолчин ард түмнээс гарах үг. Хаа байгаа Испани "Зара" "бандааш" өмсөх ч ер нь хаашаа байдаг юм. Ганц иймэрхүү салбарт л гэхэд ажил хэрэгч хүмүүст зориулан хөнгөлөлттэй зээлийг олгох замаар бизнесийг өргөжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд, улс орны эдийн засагт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх юм. Хөгжил дагуулсан банкууд 70 тэрбум дамжуулан зээлдэх төслийг Монгол Улсын Хөгжлийн банк оройлон Худалдаа хөгжлийн банк, "Хаан" банк, "Хас" банк, Төрийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг банк хэрэгжүүлж байна. Өрх бүхэн үйлдвэрлэгч байж, үр өгөөжтэй байх болтугай. Итгэл эвдэхгүй зээлдэгч байхад гар татахгүй банкны бүтэц бий болжээ. Сайн зээлдэгчид одоо банкууд уралдаж зээл олгодог болсон юм биш үү?!
“Алийн болгон хүүхдүүдээ хуурамч хувцасаар хувцаслах вэ?!” гэдэг асуулт ч юм. Анхааруулга ч юм. Харин хариулт нь бүх салбарт олдох болтугай. Маш олон болж бүтэж байгаа юм бичмээр байвч цаас, цаг хоёр хэмжээтэй учраас түр завсарлъя. Шинэ он гарлаа шинээр амьдаръя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.