НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Мария Шарапова: Би хориотой бэлдмэл уугаагүй

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
5 сарын өмнө /2018-01-08 16:05:34 GMT +8 / | 1264 удаа уншсан

 ОХУ-ын нэрт тамирчин Мария Шарапова удаан хугацаанд завсарласны эцэст дахин теннисний талбайдаа эргэн ирж, ялан дийлэхийн үлгэр дуурайлалыг харуулан, спортын хорхойтнуудын дунд шуугиан тарьж байна. Тэрээр “Би-би-си” радиогийн сурвалжлагчтай уулзахдаа сэргээшийн тухай, эгч дүү Уильямстай хэрхэн өрсөлдөж байснаа, алс хэтийн зорилгынхоо талаар ярьсан юм. Дашрамд дурдахад, Британийн телевиз оросын энэ тамирчны тухай хийхээр бэлтгэж буй баримтат кинондоо тэрээр яагаад мельдоний буюу милдронат хэрэглэснээ, хүүхэд ахуй үеийнхээ амьдрал, теннисний талбайд гарах эрхтэй болохын төлөө яаж тэмцэж байснаа, одоо өрсөлдөгч нартайгаа ямар харилцаатай байгаа тухай сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын хэсгээс оруулна гэдгээ мэдээлжээ.

 -Нью-Йоркт, “US Open” буюу “Америкийн нээлттэй” тэмцээнд оролцохоор теннисний талбайдаа эргэж ирэхэд ямар санагдав?
-Би сэтгэл хөдлөл, чимээ шуугианаар дүүрэн хэдэн мянган үзэгчид, хуран цугласан олны өмнө теннисийн талбайд дахин гаргахын тулд хангалттай удаан бэлтгэсэн. Талбайд гараад халуун дулаан уур амьсгал, хөгжөөн дэмжигчид минь намайг хараад баярлаж байгааг мэдэрсэн. Би өөрөө ч теннисний талбайгаа маш их санаж байснаа ойлгосон. Энэ бол миний гэр, миний олон жилийн турш амьдарсан газар, би ийм сайхан мэдрэмж мэдрээгүй удсан байна. Удаан хугацаанд завсарласны дараа “Их дуулга”-ын тэмцээнд оролцоно гэдэг бол маш онцгой мэдрэмж төрүүлсэн үйл явдал юм. 
-Мельдонийг хориглоогүй байсан, тэр үед ч гэсэн та энэ бэлдмэлийг хэрэглэж ирсэн гэсэн. Яагаад?
-Уимблдоны “Их дуулга”-ын тэмцээнд анх оролцсоны дараа миний бие нэг л сайнгүй байсан юм. Тэгэхэд би өсвөр насны хүүхэд байлаа. Аав намайг хүүхдийн орос эмчид үзүүлсэн юм. Эмч намайг нарийн шинжилж үзсэний дараа зүрхний үйл ажиллагаа хэвийн бус болж хүчил төрөгчийн дутагдалд орж болзошгүй байгааг илрүүлсэн. Ингээд урьдчилан сэргийлэхээр бичиж өгсөн нэмэлт бэлдмэлийн дунд Оросод хаа сайгүй хэрэглэдэг мельдоний байсан. Бид мельдонийг хууль ёсны дагуу хэрэглэх эрхийн бичгээр олон жил авдаг байсан. Үнэндээ уг бэлдмэлийг дөнгөж 2016 оны эхээр хориглосон шүү дээ.
-Тэгвэл 2016 оны нэгдүгээр сард “Australian Open” тэмцээн эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө танд цахим шуудан ирсэн. Та номондоо бичсэнээр бол Олон улсын Теннисний Холбооноос ирүүлсэн захидалд мельдонийг хориглосон тухай мэдээлэл хавсаргасан байсан гэсэн. Гэхдээ та тэр хавсралтыг яагаад нээж үзээгүй юм бэ?
-Тэр чинь нүдэнд өртөхөөргүй газар байсан, тоглогчдын хэн нь ч иймэрхүү хавсралтыг нээж үздэггүй. Зүүн Европод хэрэглэдэг бэлдмэлийн талаар тэнд дурдсаныг хэн ч анзаараагүй. Үүнийг ямар нэгэн байдлаар анхаарал татахаар хийх ёстой байсан, гэхдээ тэд ингэж хийсэнгүй. 
-Танд тоглохыг чинь хориглосныг мэдэх тэр агшин хүнд туссан байх даа...
-Маш хүнд... Хамгийн гол нь бүрхэг учир битүүлэг байдал тун таагүй санагдсан. Миний амьдралын бүх зүйл тодорхой, маш нягт цагийн хуваарьтай байдаг. Би юуны төлөө тоглож, яах гэж тэмцэж, яагаад шаргуу бэлтгэл дасгал хийх ёстойгоо байнга мэддэг байсан. Тийм болохоор тухайн үед, цаашдаа яах вэ гэдгээ би яв цав мэдэх хэрэгтэй байлаа. Энэ л надад дутагдаад байсан. 
-Хамгийн шилдэг тоглогчийн нэг Энди Маррей тухайн асуудалд үл итгэсэн байдалтай хандаж байсан. Тэрээр “ид оргил үедээ явж буй тамирчин зүрхний өвчний бэлдмэл ууна гэдэг бол  эргэлзээтэй хэрэг” гэж хэлсэн байдаг. Нээрэн энэ чинь хачирхалтай хэрэг биш гэж үү...
-Би түүнд, бас бусад хүнд өөрийнхөө юу санаж байгааг хэлэх хэрэгтэй гэж бодохгүй байна. Яагаад гэвэл тэд болсон явдлыг нарийн мэдэхгүй шүү дээ. Элдэв мэдэгдэлээр нийтлэл, мэдээллийг гарчигласан ч байдаг. Гэхдээ эцсийн эцэст энэ чинь миний л албан ажил шүү дээ. Би болсон явдлыг тэвчээртэй хүлээн авч хэсэг хугацаанд спортоос холдон, одоо эргээд ирлээ.
-Талбайн теннис сэргээшийн асуудалтай тулгардаг  уу...
-Үгүй, энэ талаар нэг их том асуудал дэгддэг гэж үздэггүй.
-Та сэргээшийн сорилгыг хангалттай нарийн чанд хийдэг гэж үзэж байгаа бололтой...
-Би өөрийгөө ийм сорилго хийлгэх ёстой хүн гэж бодохгүй байна. 
-Теннисний талбайд эргэж ирснээсээ хойш сэргээшийн сорилго хийлгэсэн үү?
-Тэгсэн, хэд хэдэн удаа сорилго хийлгэсэн.
-Та номондоо энэ бүх болсон үйл явдлын дараа миний нэр хүнд буурсан гэж бичсэн байсан. Гэхдээ нэр хүндээ сэргээж чадах байх л даа...
-Уралдаан тэмцээний хүрээнд ч, мэргэжлийн үүднээс авч үзсэн ч гэсэн би урьдын адил олон талаараа чадварлаг байгаагаа мэдэрдэг.
-Тиймээ, та чадалтай тамирчин гэдгээ Америкийн нээлттэй тэмцээний үеэр харуулсан. Гэвч Канадын тамирчин Эжени Бушар таныг хууран мэхлэгч хэмээн нэрлээд “түүнийг теннисний талбайд эргэж ирүүлэх хэрэггүй байсан юм” гэж хэлсэн байсан. Үүнд ямар хариулт өгсөн  вэ?
-Иймэрхүү тайлбар нь бодит баримтанд тулгуурлаагүй зүйл, тийм болохоор би энэ бүхнийг анхаараагүй. 
-Тэгвэл ямар баримтууд гэж... Та хууран мэхлэгч биш юм уу...
-Яг тийм...
-Гэхдээ та 2016 онд сарын турш хориотой бэлдмэл уусан ч гэсэн үү...Үүнийгээ луйвар гэж тооцохгүй байгаа хэрэг үү... 
-Намайг хориотой бэлдмэл ууж байгаагаа мэдээгүй гэдгийг бодолцох хэрэгтэй гэж үзэж байна.  Мельдонийг хориглосныг би үнэхээр мэдээгүй.
-Өнөөдрийг хүртэл явж ирсэн замыг чинь хараад тэсвэр тэвчээр, уужуу тайван байдлыг чинь бахархах сэтгэл төрж байна шүү. “Их дуулга”-ын тэмцээнд таван удаа түрүүлсэн. Оросоос АНУ-д аавтайгаа цуг зургаан нас өнгөрч байхдаа ирсэн. Флоридагийн Теннисний Академид англи хэл мэдэхгүй байхдаа орсон... Энэ бүхэн амаргүй байсан байх...
-Хэдийгээр энэ нь миний аавд илүү их хүнд туссан ч гэсэн надад хэцүү санагддаг байсан. Англиар ярьдаг хүүхдүүд миний эргэн тойронд байдаг байсан болохоор би хэл маш хурдан сурсан... Жаахан хүүхдүүд чинь зогсохыг мэдэхгүй чалчиж байдаг шүү дээ...
-Тэгэхэд таны сурч байсан Флоридагийн Академид эгч дүү Уильямс байнга очдог байсан гэдэг. Бүүр тэр үеэс та нарын дунд өрөлсөлдөөн бий болсон уу.  Та номондоо тэдний бэлтгэл дасгал хийхийг зориуд очиж хардаггүй байсан гэж бичжээ...
-Винус, Серена нар бэлтгэл хийхийн тулд Ник Боллетьерийн академийн теннисийн талбайд ирдэг байсныг санаж байна. Эгч дүү Уильмсийн бэлтгэл сургуулилтыг харуулахын тулд академийн бүх сурагчдыг хагас өдөр хичээлээс нь чөлөөлдөг байсан юм. Тэгэхэд аав минь надад “Эгч дүү тамирчид тоглолтондоо яаж анхаарлаа төвлөрүүлж, хэрхэн тоглож байдгийг судлахын тулд тэднийг ажиглан хар...” гэж хэлдэг байсан.  Би аавдаа “Үгүй, очихгүй. Намайг тэднийг хэрхэн ажиглаж байгааг эгч дүү нар хараасай гэж хүсэхгүй байна” гэж хэлдэг байсан...
-Тийм учраас л тэдний бэлтгэлийг ханын цоорхойгоор ажигладаг байсан хэрэг үү...
-Тийм. Тэдний бэлтгэл хийдэг байсан теннисний талбайн ард операторт зориулсан бүхээг байсан юм. Би энэ бүхээгний ханын цоорхойгоор тэднийг харж ажигладаг байсан. Яг л өөрийнхөө  амьдралын ирээдүйн 25 жилийг харж байгаа юм шиг. Гэхдээ тэр үед би ирээдүйд надад юу тохиолдохыг сайн мэддэггүй байсан...
-“Их дуулга”-ын тэмцээнд оролцож байгаа эмэгтэйчүүд эрэгтэй тамирчидтай адилхан хөлс авдаг, гэхдээ бусад тэмцээнд тийм биш байдаг. Та эмэгтэй  тамирчид эрчүүдтэй нэг адил мөнгө аваасай гэж хүсдэг үү...
- Тэгэлгүй яахав...Спортын ертөнцөд эмэгтэйчүүд  өөрийн гэсэн саад бэрхшээлтэй тулгардаг. Энэ утгаар нь авч үзвэл, Билли Жин Кинг спортын ертөнцөд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө анх түрүүн тэмцсэн хүн, түүний ачаар бид одооны энэ мөнгийг авдаг болсон. Винус , Серена ч нар ч гэсэн бас их тэмцсэн. Үүний дүнд эдүгээ талбайн теннисний эмэгтэй тамирчид эрчүүдтэй бараг адил тэгш цалин хөлс авч байна. 
-Та таван удаа “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн. Эдүгээ талбайн теннис тоглогчид олширсон.  Федерер, Винус Уильямс, Надаль гээд 30 гарсан тоглогчид зөндөө байна. Та одоо “Их дуулга”-д ялж чадах уу...
-Би ялахыг маш их хүсч байна. Энэ бол миний зорилго. Мэдээжийн хэрэг, надад өөр олон зорилго бий л дээ. Би том тэмцээнд таван удаа ялсан азтай хүн. Гэхдээ би ганц ч тэмцээнд ямар ч ялалт байгуулаагүй юм шиг бодож, олон, олон ялалт өмнө минь байна гэсэн  хүсэл тэмүүлэлээр урьдын адил өөрийгөө хөглөхийг хичээж байна.  

Шараповагийн тухай баримтууд

 Тэрээр 1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд Сибирийн умард хэсэгт оршдог Нягань  хотод төрсөн. 6 настай байхдаа аавтайгаа цуг АНУ-д ирж,  хүртэл амьдарч буй

 Мария 4 настайгаасаа теннисээр хичээллэх болсон. Аавынх нь найз, Оросын домогт тамирчин Евгений Кафельников түүнд теннисний анхны цохиурыг нь бэлгэлжээ.

 Юрий Викторович Шарапов АНУ-д ирээд ядруухан амьдарч, охиноо сургуульд сургахын тулд янз бүрийн хар ажил хийдэг байсан гэдэг. 

 Тамирчины ээж Елена Петровна Шараповагийн тухай элдэв цуу яриа тарсан байдаг. Нэг хэсэг нь түүнийг нас барсан гэдэг ч зарим нь сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж ярьдаг. Спортын одын өөрийнх нь  албан ёсоор мэдээлснээр бол тэрээр хувийн шалтгааны улмаас ээж,эмээ хоёртойгоо харилцаагаа тасалжээ. Мария Шарапова олон жилийн өмнө өгсөн нэг ярилцлагандаа “Ээж минь виз гараагүйн улмаас анх аав бид хоёртой цуг АНУ-д ирж чадаагүй. Гэхдээ хэдэн жилийн дараа ирсэн.  Ижийгээ их санаж,орос хэлний хичээл бие дааж ганцаараа хийдэг байсан” гэж хэлсэн байдаг. Үүнээс өөр түүний ижийнхээ тухай ярьсан зүйлийг  хайсан ч олддоггүй.

 Марияг “дуут дохиолуур” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл,тэр тоглолтын турш чанга хашгирдаг. Теннисний талбайн дээр түүний хашгирах чимээ 105 децибелтэй тэнцэх хүчтэй байдаг. Энэ нь тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн чимээтэй бараг дүйж очино гэж 2009 онд бичжээ. Тэрээр талбайгаа чөлөөтэй эзэмшиж, баруун, зүүн гараараа адилхан сайн тоглодог. 

 “Форбес” сэтгүүлийн мэдээлснээр Шаравпова “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 алдартан”-ы тоонд орсон байна. Тэрээр энэ жагсаалтанд багтсан цорын ганц орос эмэгтэй юм. 

 Мария Шарапова 43 размерийн гутал өмсдөг.

 Түүний “Зогсошгүй. Өнөөдрийг хүртэлх миний амьдрал” гэсэн дурдатгалын ном өнгөрсөн сард худалдаанд гарсан. 

 Шараповагийн бизнес болох амтат чихрийн “Sugarpova” брэндийг дэлхийн 32 оронд худалдаалж байна. 

 Өнгөрсөн сард Мария Тяньжинь хотод болсон нээлттэй тэмцээнд ялж, аваргалсан. Ингэснээр дэлхийн чансааны 87-д бичигдэж байсан тэрээр топ 50 руу орох болзлыг хангасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.