НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЛИБЕРАЛ ДЭГЛЭМИЙН ЯЛЗРАЛ

Г.Төртогтох     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2018-01-08 16:10:47 GMT +8 / | 733 удаа уншсан

ЖЕФФ КОЛГАН
РОБЕРТ КЕОХЭЙН

АНУ-ЫН БРАУН ИХ СУРГУУЛИЙН УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ПРОФЕССОР ЖЕФФ КОЛГАН ПРИНСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ПРОФЕССОР РОБЕРТ КЕОХЭЙН НАР ИЙМ НЭРТЭЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИЖ УЛАМЖЛАЛТ НАМУУДАД МАРКЕТИНГИЙН ИДЭВХИТЭЙ СТРАТЕГИ, ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГТЭЙ БОЛООД ЗОГСОХГҮЙ ДАЯАРШЛЫГ ДУНД БОЛОН АЖИЛЧИН АНГИД ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХЭРЭВ ӨӨРЧЛӨЛТ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАЯАРШСАН ЛИБЕРАЛ ДЭГ ЖУРАМ МӨХНӨ ГЭСЭН ДҮГНЭЛТ ХИЙЖЭЭ. УГ ӨГҮҮЛЭЛЭЭС ДОР ТАНИЛЦУУЛЪЯ.

2016 оноос өмнө Глобал дэг журмын тухай мэтгэлцээн үндсэндээ түүний бүтэц болон АНУ-ын үүргийн тухайд: Америк түүнийг толгойлох уу эсвэл холбоотнуудын талаар болон бусад үүргээс татгалзаж, тэднээс холдох уу гэдгийг л хөндөж байв. Харин сүүлийн хоёр жилд түлхүүр, агшин алдагдсан нь тов тодорхой боллоо. Өнөөдөр гадаад бодлогын гол дуудлага улс орнуудын хоорондын асуудал биш, тэдний дотоод бодлого болов. Популизм санаандгүй эргэж ирсэн явдал үүнийг гэрчилж байна. Энэ хандлага Европын холбоог орхих Их Британы шийдвэр болон Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгох явцад хурц тодоор илэрлээ.гэж зохиогчид бичжээ.
Тэд популизмд тодорхойлолт өгөх амар биш, гэвч түүний гол ялгарах шинж нь улс орон болгонд гадаадын хүч ба хувиа хичээгч шунахай элитүүдийн хуйвалдаанд автагдсан үндэсний өвөрмөц "ард түмэн" байдаг гэдэгт итгэх явдал гэж хэлж болно. Лидер-популист өөрийгөө ард түмнээ төлөөлж байна гэж зарлаж, хууль тогтоох болон шүүхийн байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл зэрэг институцийг сулруулах эсвэл нураах, бас үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө гадны дарамтаас ангижрахыг эрмэлзэнэ. Популизм янз бүрийн үзэл суртал дээр суурилж болно. Зүүн популистууд тэгш байдлыг хангахын төлөө баячуудыг "сэгсрэх"-ийг хүсч, баруун нь өсөлтийн ашиг сонирхлын үүднээс баялагт тавьсан хязгаарлалтыг үгүй хийхийг эрмэлзэнэ. Ийм байдлаар популизм эдийн засгийн баялгийг хуваарилах талаарх тогтвортой үзэл бодлоороо биш харин хүчтэй лидерт итгэх итгэл, тусгаар тогтнолыг  хязгаарлахад болон хүчирхэг институцуудэд тааламжгүй ханддагаар тодорхойлогдоно.
Чухамхүү ийм институт нь либерал дэг журмын голлох элементүүд байдаг. Үүнд НҮБ, Европын холбоо, Дэлхийн худалдааны байгууллага, НАТО-г оролцуулаад томоохон холбоонууд гэх мэт. Вашингтоны толгойлдог институдын ачаар дэг журам аюулгүй байдлаас эхлээд худалдаа, цаг агаарын өөрчлөлт гэх мэт янз бүрийн асуудлаар олон талын хамтын ажиллагааг хангадаг. 1945 оноос хойш энэ дэг журам их гүрнүүдийн хооронд энх тайвныг сахихад тусалж ирсэн. Түүнээс гадна дэг журмын авчирсан тогтвортой байдал Герман, Япон, Саудын Араб, Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэг бүтээхээс татгалзах боломж олгосон юм.
Энхтайвныг дэмжих үзэл санааны үүднээс бол либерал дэг журам зүйрлэшгүй их амжилт олсон билээ. Хөгжиж буй орнуудын боломжийн тухайд ч ийм зүйл хэлж болно: Сая сая хүмүүс ядуурлаас салж, өнөөдөр дунд анги газар сайгүй нэмэгдэж байна. Гэхдээ ийм амжилт байвч институцууд чухамхүү тэдгээрийг бүтээсэн орнуудад нийгэмтэй тогтоосон холбоо харилцаагаа алдаж байна. 1980-аад оноос неолиберал эдийн засгийн асуудлууд либерал дэг журмыг дэмжигч улс төрийн бодлогыг хангаж байсан Нийгмийн гэрээг эвдэх болжээ. Их Британи, АНУ болон бусад орнууд дахь дунд болон ажилчин ангийн олон сонгогчид одоо систем ялзарчээ гэж бүрэн үндэстэйгээр үзэх болсон билээ.
Даяарчлал болон либерал дэг журмыг зөвхөн шинжлэн дүгнээд зогсохгүй түүнд баяр хүргэн дэмжиж байсан бидний зарим хэсэг популизм өндийн сэргэсний төлөө тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Капитализм өөртөө даяаршлыг захируулсан байсныг бид анхаарсангүй. Эдийн засгийн элитүүд өөр хоорондоо болон засгийн газруудтай тогтоосон холбоо харилцаагаа бэхжүүлж, олон улсын байгууллагуудыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн үүсгэжээ. Жирийн иргэд хаягдаж,орхигдсон байна. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч, хэт оройтойгүй дээр нь либерал дэг журмыг аврах бодлого руу орох цаг болжээ.

ТУС НЬ БҮГДЭД ХҮРТЭЭГҮЙ ӨСӨЛТ

Либерал дэг журмыг төлөвшүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан хоёр улс Их Британи,  АНУ 2016 онд түүнээс хэрэг дээрээ нүүр бууруулав. Англид Брексит-ийг дэмжсэн амжилттай компанит ажил Британы тусгаар байдлыг сэргээхэд төвлөрсөн бол АНУ-д Трамп өнгө аяс, агууллагын хувьд үндэсэрхэг компани өрнүүллээ. Мэдээж хэрэг энэ нь урьдын адил либерализмын тулгуур үндсийг үнэлсээр байгаа газарт, жишээ нь Германд хүчтэй цочрол үүсгэлээ. "Де Велт" сонинд нийтэлсэн санал асуулгаар бол немцүүдийн 22 хувь АНУ-ыг найдвартай холбоотон гэж үзсэн байна. Трампын ялалтаас өмнө 59 хувь нь ингэж үзэж байсантай харьцуулбал гуравхан сарын дотор 37 хувиар унасан нь гайхмаар.
Трамп ба Брексит үзэгдэл либерал ардчиллын суурь дээр тогтож байсан. Нийгмийн гэрээний сүйрлийг  тусгасан хэрэг мөн. Зах зээлийн нийгэмд амжилт ологсод зах зээлийн хүчний нөлөөн дор ашиггүй байдалд орсон бусдыгаа хэт хоцорч үлдэх вий гэдгийг ажиглаж байхаа амлаж байсан. Гэвч тэдгээр нь үнэхээр хоцорчээ. 1974 оноос 2015 онуудад сургуулийн дунд боловсролтой америкчуудын гэр бүлийн орлого 20 хувиар, ахлах ангид суралцсан боловч коллежид ороогүй хэсгийнх 24 хувиар буурчээ. Нөгөө талаар коллеж төгсөгчдийн аж байдал дээшилсэн байна. Тэдний бодит орлого дунджаар 17 хувь, магистр төгсөгчдийн цалин түүнээс илүү өссөн аж.
Америкчууд өөр өөр ертөнцөд байгаа юм шиг амьдрах болсныг улс төр судлаачид тэмдэглэж байна. Баян чинээлэг иргэд ядуучуудтай зэрэгцэн амьдрахгүй, янз бүрийн байгууллагуудад урьдын адил харилцан ажиллахаа больсон. Иймэрхүү өөрийгөө тусгаарлалт америкийн нийгмийн амьдралаас эв нэгдлийн мэдрэмж алга болоход хүргэв. Харилцаа холбооны технологи хүмүүсийг урьд хэзээч байгаагүйгээр холбох болсон ч нийгмийн ангиуд бие биеэсээ дээд зэргээр холдож, өөр хоорондоо харийн мэт боллоо. Космополит элитүүдэд байдал маш сайхан байгаа болохоор олон хүн ардчилал сайн үйлчилж байхад эв нэгдэл тийм ч чухал биш гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Сүүлийн арван жилд элитүүд орлого болон эд баялгийн ихэнхийг олж авахын тулд либерал дэглэмийн давуу талыг заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүй ашиглаж ирсэн. Түүнийгээ дунд болон доод ангийнхантай хуваалцахыг үл хүснэ. Илүү чинээлэг, сайн боловсрол бүхий америкчууд гадны хүчийг ашиглахад чиглэсэн татварын бодлого, худалдааны болон хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг урагшуулж, сайшаан дэмжиж, харин төрийн боловсролын санхүүжилтэд гар татаж байна. Үр дүн нь улс төр судлаач Жон Ратти "барьцаалагдсан либерализм" гэж нэрлэх хүртэл нэр хүнд нь унажээ.
Нийгмийн гэрээг зөрчсөний хариуцлага 2016 онд Атлантийн хоёр талд тооцогдов. Гэвч улс төрийн энэ өөрчлөлт либерал дэглэмийн хувьд ямар аюул дагуулж буйг олон шинжээчид одоо хүртэл дутуу үнэлсээр байна. Зарим нэг нь даяар интеграцийн үр ашгийг бүгд хүртэж байгаа болохоор үндэстний засгийн газрууд сонгуулийн компанийн уран гоё үгс, популистуудын амлалтаас үл шалтгаалан либерализмд эргэн ирнэ гэж баталцгааж байна. Гэвч гол асуудал  улс төрчид сонгогчдын захиалгад, тэр нь улс орны урт хугацааны ашиг сонирхлоос эрс өөр байлаа ч гэсэн хариу барих болдогт байгаа юм. 
Харин сүүлийн жилүүдэд олон сонгогчид даяарчлал ба либерал дэглэмд таагүй ханддаг популизм руу эргээд байна. Түүгээрч барахгүй популист халуурлыг тогтоон барих ёстой бизнесийн болон сангийн зах зээлийн лидерүүд улсын зардлыг танахгүйгээр татвар багасгах саналыг хөхүүлэн дэмжиж байгаа билээ. Энэ бол алсын хараагүй үйлдэл. Дунд болон ажилчин ангийг золин байж даяаршлаас улам их ашиг унагааж буй нь АНУ-ын эдийн засаг хэдийнээ хараат болсон гадны нийлүүлэлт, цагаачлалын системийг дэмжсэн бодлогыг нураах явдлыг үргэлжүүлнэ. Ийм хандлага татвар төлөхөөс татгалзсан хэрнээ гадаад руу өндөр зардалтай цэргийн түрэмгийлэл үйлдэж байсан 18-р зууны Францын аристократуудыг  санагдуулж байна. Өнөөдрийн элитүүд ийм алдааг давтах эрсдэл хийсээр байгаа юм. 

ӨӨРИЙН ХҮСЭЛД БОЛГООМЖТОЙ БАЙХТУН

Либерал дэглэмийн эдэлж буй хүндрэлийн зарим буруу нь түүний талынханд оногдоно. Олон шинжээчдийн тэр дундаа бидний санал болгосон замаар улстөрчид явсан. Хамтын ажиллагааг урагшуулахын тулд олон улсын байгууллагуудыг байгуулсан билээ. Харин тэд буруу таамгаар ажиллаж, бид дагалдах эрсдлийг нь дутуу үнэлжээ. Санхүүгийн компани, томоохон корпорациуд либерал дэглэмийн байгууллагууд дотроо давуу эрх эдэлж, ажилчин ангийн ашиг сонирхлыг үл тоож ирэв.
Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журам нээлттэй байдалд төвлөрч, даяаршлалын нөлөөнөөс юуны өмнө хөгжилтэй орнууд дахь уламжлалт үйлдвэрүүдэд ажиллагсадыг хамгаалах арга хэмжээг урамшуулсангүй.  Популизмын дотоод шалтгааны тухай зөндөө ярьдаг. Арьсны үзэл, шинжээчдэд урам хугарсан явдал, эдийн засгийн үр ашиггүй бодлого гэх мэт. Гэхдээ олон улсын дэг журамтай холбоотой хоёр хүчин зүйлд анхаарал бага хандуулж байна. Нэг дэх нь хүйтэн дайны дараа үндэсний эв нэгдэл алдагдсан. Зөвлөлтийн аюул Вашингтон болон түүний холбоотнуудад төдийгүй олон талын институдэд бүхэлд нь нэгдэл нягтралын хүчтэй цэнэглэгч болж байсан бол  Зөвлөлт улсын задралтай хамт Америкийн улс төрийн ухамсраас гол дайсан алга болж зэрэгцээд эв нэгдэл нягтрал суларлаа. Хүйтэн дайны төгсгөл улс төрийн ноцтой асуудал авчирлаа. Яваандаа Бүгд Найрамдах намынхны хувьд уур цухлыг хүргэгч гол эзэд нь коммунизмын оронд Вашингтоны элитүүд болж хувирав.
Иймээс Трамп бол энэ үйл явцын логик үргэлжлэл мөн. /Тэрээр Вашингтоны балчиг намгаас Америкийг гаргана гэж хэлж байсныг сана. Г.Т/ Европын хувьд хүйтэн дайны төгсгөл өөрийн үр дагаврыг авчирсан. Коммунист авторитаризмын хий үзэгдэл нийгмийг айлгахаа больж ялангуяа Дорнод европчууд популизм болон неолиберал үзэл суртлын бусад хэлбэрт өртлөө. СССР алга болсон нь Европт АНУ-ын адил нийгмийн нэгдэл нягтрал, нийтлэг зорилгын талаарх ойлголтыг нураав. Либерал дэглэмд сэтгэл дундуур болоход нөлөөлсөн хоёр дахь хүчин зүйлийг "олон талын дур зоргын үйлдэл" гэж нэрлэж болно.  Харилцан хамаарал нь улс орнуудаас тусгаар /бие даасан/ байдлаа хязгаарлахыг шаардаж хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжийг НҮБ болон Дэлхийн банк шиг байгууллагуудад олгожээ. 

Эдгээр институц, тэдний удирдлага болон брюкратуудын зүй ёсны  хандлага-өөрсдийн эрх мэдлийг өргөжүүлэх явдал бөгөөд үүнийг хийх болгондоо тэд ухаалаг мэт санагдахаар шалтаг олдог билээ.
Олон улсын байгууллагуудын эрх мэдлээ өргөжүүлэхэд чиглэсэн зорилгын үр дүн нь улс орнуудын тусгаар байдлыг хэт хязгаарлаж, гадны хүч амьдралыг нь хянаж буйг хүмүүс мэдрэх болсон явдал. Олон талын энэ институц тэднээс алс хол оршиж байдгийн дээр бас ардчилсан биш юм. Үр дүн нь улс төр судлаач Кэтли Макнамарын хэлснээр саланга тасархай байдал бөгөөд олон талын институцүүд үйл ажиллагаандаа космополит элитүүдийн ашиг сонирхлыг нийгмийн бусад давхаргад хохиролтойгоор тусгах үед энэ байдал улам гүнзгийрдэг.

СИСТЕМИЙН  ШИНЭЧЛЭЛ

Зохиогчид либерал дэг журмыг аврахын тулд эрс өөрчлөлт хийх хэрэгтэйг санал болгожээ. Тэд либерал дэглэмд "засвар" хийхийн тулд асуудлын мөн чанарт ч, агуулгад ч анхаарах шаардлагатай. АНУ "цэгцэрсэн либерализм"-ыг хадгалах гэж сулхан оролдлого хийсэн боловч тэр нурж унасан юм. Харин социал систем нь ноцтой дарамтанд оршдог хэдий ч Герман, Дани, Швед илүү их амжилт олсон.
Нийгэмтэй нягт холбоотой төрийн брюкрат бий болгох тухай ярих гэвэл Вашингтонд онцгойлон сайрхах юм юу ч байхгүй. Иймэрхүү зүйлд Америкчууд их л сэрдэнгүй ханддаг. Иймээс Америкт засаг баригчдын хувьд дээрээс оролцохыг үл шаардсан реформд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэжээ. Энэ чиглэлд гурван зарчмыг удирдлага болгох ёстой гэнэ. 
Нэгд: Даяар интеграц нь эдийн засаг, нийгмийн бүх ангиудад даяаршлын үр ашгийг хүртээх боломж олгосон дотоод бодлоготой хослож, энэ нь сонгогчидод мэдрэгдэж байх.
Хоёрт: Хэт хүндрэл түгшүүрт байдал үүсгэхгүй байх ялангуяа цэргийн хүч хэрэглэх асуудал хөндөгдөх үед энэ нь хамаарна.
Гуравт: Вашингтон Америкийн онцгой хувь шинж /идентичность/ болон үндэсний үзэл санааг бүрдүүлэх нь чухал аж. Үүний тулд авторитар, либерал биш орнуудаас зай барих хэрэгтэй. Гэвч энэ нь ардчиллыг хүчээр тулгана гэсэн үг биш, Хятад юм уу, Саудын Араб мэтийн орнуудад идэвхитэй дипломат шүүмжлэл чухал. Хэдийгээр Америк либерал биш гүрнүүдтэй харилцан ажиллах сонирхолтой боловч Америкийн ерөнхийлөгч тэдэнд өөрсдийгөө либерал ардчилалтай ижилсүүлж тэдэнтэй илүү ойр харилцаатай байх ёстойг ойлгуулах хэрэгтэй.
Иймэрхүү харьцаа худалдаа арилжаанд саад болж болох ч нийгэм гэдэг зөвхөн эдийн засаг биш, нийгмийн эв нэгдлийн давуу тал эдийн засгийн бага зэрэг хохиролыг цагаатгана гэжээ. Тэд цааш нь дээр нэрлэсэн зарчмуудад нийцэх бодлого боловсруулахад  инновац болон бүтээлч шийдвэр, шинэ санааг хүлээж авах чадвар шаардагдана гээд татвар, гаалийн бодлогод дунд болон ажилчин ангид ашигтай өөрчлөлтүүдийг хийх, үзэл суртлын бүх өнгө аясын элитүүд дэмжихүйц үндэсний бодлого боловсруулах цагаачдаас бүрдсэн АНУ шилжин ирэгсэдийн эрчим, үзэл санааг цаашид ч ашиглах бодлого хэрэгжүүлэх, үндэстний зөвшилцөлд хүрэх зам хайх зэрэг олон саналыг дэвшүүлжээ.
Эцэст нь тэд бидэнд таалагдсан ч эс таалагдсан ч даяар популизм хатуу чанга байдал, үндэсний үзэл, өвөрмөгц онцлог гэдэгт тулгуурласан  ойлгомжтой сэтгэл татам үзэл суртал агуулдаг. "Америк бүхнээс түрүүнд"-маш хүчтэй үг /слоган/ Нээлттэй либерал дэглэмийн талынхан бас үүн шиг ойлгомжтой, ажилчин ангийн асуудлыг үгүйсгэх биш шийдвэрлэх альтернатив саналыг дэвшүүлэх ёстой. Ардчилагчдын хувьд “бүх нийтийн сайн сайхныг дээшлүүлэх, худалдаанаас хохиролыг нөхөх нам"-аас "ажлын байрны нам" брэнд илүү чухал. 
Сонгогчдод илгээх илгээлт, хандлагаа үндэсээр нь өөрчлөхгүй бол улс төрийн тэргүүлэгч намууд алга болох болно. Бүгд Найрамдах Намд харь хүн ирлээ, ардчилагчид эрэг рүү шахагдаж байна. Англид Лейборист намд хагарал нүүрлэж, Францад давамгайлж ирсэн уламжлалтай нам нуран уналаа. Байдалд дасан зохицохын тулд намууд өөрсдийн үзэл санааг өөр болгох нь чухал. Дэвшилт үзэлтнүүд нийгмийн сэтгэл зүйч Жонатан Хайдтын хэлснээр тэгш байдал ба эрхийн зэрэгцээ нэр төр, ёс зүй, дэг журмын тухай ярьж сурах хэрэгтэй. 
Либерал дэглэмд "засвар" хийхэд болон популистуудад бут ниргүүлэхгүйн тулд уламжлалт намуудад маркетингийн цогц арга хэмжээ төдийгүй  даяаршил нь дунд болон ажилчин ангийн ашиг сонирхолд үйлчилж чадах тийм бодлогыг боловсруулах ёстой. Хэрэв өөрчлөлт хийгдэхгүй бол глобал либерал дэг журам мөхөх болно гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.