НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХАНДИВ ХААЧИВ

ner.mn     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2018-01-08 16:15:43 GMT +8 / | 307 удаа уншсан

Д.Цэнд

Сүүлийн үед байгууллага, сургууль, сум, аймгийн ой гээд хандивгүй бүтдэг арга хэмжээ гэж байхыг болжээ. Тэр ч бүү хэл хандивгүй, ивээн тэтгэлэггүй бүтдэг телевизийн нэвтрүүлэг, тоглолт шоу ч байдаггүй бололтой. Хандив хэнээс цуглаж хаашаа одоод байгааг анхаарч харж байгаа хүн ч байхгүй л болов уу. Хавар, зуны турш телевизийн дэлгэцнээс, сонины хуудаснаас ямар нэгэн аймаг сумын ой болно тэнд сурч байсан, ажиллаж амьдарч байсан бол та хүрэлцэн ирнэ үү гээд зар тараах нь  хандивын арга хэмжээ эхлэж байгааг илтгэж буй тэр.Ойн хандивын арга хэмжээнд цалинтай нэг нь цалингаасаа илүүчлэн байж цалингүй нь өр зээл тавин байж нэрэлхүү монгол зандаа хөтлөгдөн нэр гаргах гэж мэрийн хэдэн төгрөгөө тоолно. 
Харин Авлигатай тэмцэх газарт цалингаас өөр орлоггүй хэмээн мэдүүлсэн төрийн албан хаагч дарга, сайдууд ч нутаг хошууныхаа ойд бол ч харин нэг гар татахгүй хэдэн арван саяар нь бүр хэдэн зуун саяар нь хандивлана. Нутгийнхандаа сайн яваагаа харуулчих санаатай өгсөн хандиваараа сэмхэндээ уралддаг үйл явц ч бий болоод байгаа бололтой. Энэ их мөнгө хаанаас гардаг юм бүү мэд. Харин зорилго нь бол тодорхой. Тэд төрлөхи нутгаасаа дараагийн удаагийн сонгуульд нэр дэвших арын ажлаа амжуулж байгаа нь тэр. Нэг ёсондоо аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ. Хэдэн төгрөг хандивласныхаа хэргийг хожим гаргах тооцоо толгойд нь аль хэдийнээ эргэлдээд эхэлсэн байгаа.  Өнгөрсөн жил олон ч аймаг сумын ой болсон. Тэр хэрээр их ч мөнгө цугласан байлтай. Тэр дундаа төрийн албан хаагчид ч сайхан зантай өгч гарсан байна билээ.
Миний өмнө Өвөрхангай аймгийн нэгэн сумын “Марзат” хэмээх сонин байна өнгөрсөн зун сумынхаа наян жилийн ойд цугласан хандивын зарцуулалтыг гаргажээ. Эндээс хэдэн тоог авч харцгаая. Нийт нэг зуун дөчин найман сая төгрөг, жаран найман сая зургаан зуун арван төгрөгийн хөрөнгө оруулалт, дал орчим хонь, хорин дөрвөн ямаа, айраг ааруул, цагаан идээ гээд хандив цуглажээ. Хэдэн малчид нь хүртэл байдгаа барьсан бололтой юм. Сумын төвийн албан хаагчид хорин мянган төгрөг, айл өрхүүд гучин мянган төгрөг заавал хандивла гэж сумын засаг ноёны лүндэн буусан сураг сонстож байсан нь үнэн бололтой.Уг нь бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг нэг монгол үг байдаг ч одоо бол харин ч эсрэгээрээ. Бэлгийнхээ морины шүдийг үзэж байгаад л танд хэр хандахаа төлөвлөнө ш дээ. 
Хандив ч яахав ёстой гүйгээд л ороод ирдэг юм байж.  Харин эдгээрийн зарцуулалтын байдлыг харья. Сумын хүндэт тэмдэг хийлгэхэд дөрвөн сая хоёр зуун мянга, урилга хөтөлбөрийн үнэ найман зуун дөчин мянга, хадаг нэг сая тавин таван мянга, өргөмжлөл бэлэг дурсгалд хоёр сая хоёр зуун мянга, морины медаль дөрвөн зуун мянга, хүндэт иргэний урамшуулалд нэг сая таван зуун мянга, нутгийн зөвлөл хандивлагчдын уулзалтад долоон сая таван зуун мянга, хандив цуглуулах тээврийн зардалд хоёр сая хоёр зуун мянга гэх мэтээр цааш хоёр нүүр дүүрэн жагсаалт хөвөрнө. Эндээс үнэндээ нэг ч бүтээлч ажил олж харсангүй. Арай ч дээ гэмээр. Ядарч зүдэрсэн нэгэнд цайны сүүний таван ямаа аваад өгсөн бол, хоногийн хоолоо яандаа гэсэн айл энэ суманд байж л байгаа тэднийд таван шуудай гурил аваад өгсөн бол арай л амьдралд  ойрхон сонстоно доо даанч тийм юм алга. Хандивын мөнгийг үрэн таран хийх ёстой гэж ойлгодог удирдлагууд байхыг ч үгүйсгэх арга алга. Таны өгсөн хандив хаана хэнд очиж юу болдгийг та ер нь бодож үзсэн үү? 
Хандивын зарцуулалтыг сонирхдог хүн ч байгууллага ч байхгүй. Уг нь бол хэн нэгний мөнгө илүү гараад тийш нь шидээгүй болохоор түүнийг бодит зүйлд зарцуулах нь зүйтэй юм. Түүнээс хэн ч зүүхгүй хэдэн тэмдэг, урагдаж үнгэгдээд галд орох өргөмжлөл болгоод яах вэ. Ер нь хандив нэрийн доор хэсэг бүлэг хүн хөлжиж, мөнгөжиж байхыг ч үгүйсгэх арга алга. Өнгөрсөн жил олон ч аймаг, сумын ой болсон. Тэнд асар их мөнгө цугласан нь тодорхой. Харин үр дүнтэй ажил болсон нь хэд байгаа бол сайндаа л аймаг, сумынхаа төвд нэг хөшөө босгосон байгаа. Бид ийм үрэлгэн байдлаар асуудалд хандаж болно гэж үү. Тэгж их хэмжээний мөнгийг урсгахаар баян улс мөн үү. Нэр гаргаж дүр үлдээхийн тулд ядарсан та ч гэсэн ямар ч үр дүнгүй хөрөнгөө үрж ар гэр, амьдралынхаа хэдэн төгрөгөөс хумслах хэрэг байна уу. 
Хандивт анхаарлаа хандуулахгүй бол айл гэрээс ч албан байгууллагаас ч хумслаж байгаа тэр их мөнгө хэдэн хүний гараар ороод л дуусдаг болоод байна. Төрийн албан хаагч гуай ч нэг л их мөнгө өгөөд байдаг. Хаанаас хумслаж хэнд өгч юунд ашиглаад байгааг илрүүлэх цаг нь болсон баймаар. Ер нь зуны гурван сар найрладаг Монголд зун бүр л ямар нэг аймаг, сум, сургуулийн ой болж байгаа.Тэгэхээр тэр ойд хандив өгөөд байгаа төрийн албан хаагчийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байх нь зүйтэй мэт санагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.