НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эден Азар:Би тэрбум евро хүрнэ

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2018-01-08 16:22:11 GMT +8 / | 3328 удаа уншсан

Эден Азарыг дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй. Түүнийг маш хурдтай, гайхамшигтай техниктэй тоглогч гэдэг. “Бид хэчнээн цом авах боломжтой байна вэ? Энэ боломжийнхоо хэмжээнд хожихыг хүсч байна” гэж Бельгийн шигшээ болон Челси клубын хагас хамгаалагч, жигүүрийн довтлогч Эден Азар “Echo.msk” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. 

 -Челси Аваргуудын лигд өрсөлдөж байна. Үүний улмаас танд Английн аварга шалгаруулах тэмцээнд ялах хэцүү байх болов уу. Эдгээр тоглолтоос та алинд нь анхаарлаа илүү төвлөрүүлэх вэ? 
-Энэ жил өмнөхөөсөө нэг их ялгарахгүй гэж бодож байна. Улирал бүр ялангуяа, чи хэд хэдэн томоохон тэмцээнд тоглож байгаа бол хэцүү байдаг. Энэ онд бид Аваргуудын лигт тоглож байна. Мэдээж хэрэг, нэг жилд бүх тэмцээнд ялна гэдэг энгийн хэрэг биш. Гэхдээ бид бүхэн бие биендээ итгэж, хичээж байна. Дараагийн халз тэмцээнд  100 хувь бэлэн байхын тулд хааяа нэг юм уу, эсвэл хоёр ч тоглогчоо амраах хэрэг гардаг. Бид хэчнээн цом авах боломжтой байна вэ? Энэ боломжийнхоо хэмжээнд хожихыг хүсч байна. Би хувьдаа хэзээ ч Аваргуудын лигт ялж байгаагүй, хэрэв ялбал энэ нь миний хувьд онцгой ялалт байх болно. 
-Премьер лигийн аваргын төлөөх тэмцээнд Челсигийн гол өрсөлдөгч нь аль баг байх бол?
-Баг болгонд хүчтэй тоглогч, сайн менежерүүд байдаг. Манай гол өрсөлдөгчид бол Арсенал, Манчестер Юнайтед, Ливерпүүл, Манчестер Сити...
-Антонио Контегийн тухай яриач... Тэр гайхалтай хүн байх ёстой...
 -Түүнийг гайхалтай хүн гэдгийг нь тэмцээний үеэр анзаарч болно. Тэрээр маш их эрч хүчтэй, тоглолтын үеэр байнга талбайгаар явж, тоглогчдод 90 минутын турш ямар нэгэн санаа хэлж өгдөг. Ялахын тулд Конте шиг ийм зан чанартай хүн Челсид хэрэгтэй. Би манайд сайн менежерүүд байдаг гэж үздэг. Контегийн тухайд гэвэл, бидэнд аз таарсан юм.
-Та түүнтэй ямар харилцаатай байдаг вэ?
-Би бүх багш нартайгаа маш сайн харилцаатай байдаг. Бид өдөр хамтдаа бэлтгэл дасгал хийж, янз бүрийн сэдвээр ярилцан, инээж хөгжилдөх боломжтой байдаг. Тиймээс л бид сайхан харилцаатай байгаа юм. Биднийг найзууд гэж хэлж болохгүй л дээ. Яагаад гэвэл, бүх дасгалжуулагч нартай нөхөрлөх нь хэцүү шүү дээ.
-Таны хувьд Аваргуудын лиг, Английн аварга шалгаруулах тэмцээнд Челситэй түрүүлэх, эсвэл Дэлхийн аваргын тэмцээнд Бельгийн шигшээ багтайгаа түрүүлэх хоёрын аль нь хүнд вэ?
-Магадгүй, Дэлхийн аварг шалгаруулах тэмцээнд Бельгийн шигшээ багтайгаа хожих нь бүхнээс төвөгтэй байх. Манай шигшээ баг олон жил энэхүү тэмцээнд оролцоогүй. Харин өнгөрсөн 2014 оны ДАШТ-д яг энэ залуу бүрэлдэхүүнээрээ шөвгийн наймд Аргентиний шигшээд хожигдож байсан. Харин энэ жилийн ДАШТ-д бид Аваргын төлөө өрсөлдөх боломжтой. Манай шигшээ баг авьяаслаг залуу тоглогч, дасгалжуулагчтай маш сайн шигшээ учраас ялах боломжтой. Аваргын төлөө ямар ч тэмцээнд хожих хэцүү, олон халз тоглолтонд ялахаас гадна олон хүчин зүйлийг нэгтгэх хэрэгтэй. Мэдээж, бид ялахын тулд боломжтой бүхнийг хийнэ. 
-Хэрэв Неймар 222 сая еврогоор үнэлэгдэж байгаа юм бол Эден та ямар “үнэ хүрэх” бол? 
-Тэрбум! Мэдээж, энэ бол наргиан. Неймар бол мундаг тоглогч. Надад энэ асуултанд хариулах хэцүү байна.
-Зун бүр тоглогчид өөр баг руу шилжиж байгаа тухай яриа их гардаг. Хөлбөмбөгчний хувьд,  ийм ярианд хэрхэн ханддаг вэ?
-Би 10-аад жил дээд төвшинд тоглож байна. Зун болохоор л хэн нэгэн тоглогч багаа сольж болзошгүй  гэсэн яриа гардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай ярьж бичдэг. Намайг ч гэсэн багаа солино гэсэн мэдээ гарч л байдаг. Эцсийн эцэст, би багтаа байж л байгаа шүү дээ.  Гэхдээ хөлбөмбөгчний хувьд, би зөвхөн бэлтгэл дасгал,тоглолтондоо анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь элдэв ярианаас хамаагүй чухал зүйл. 
-Одоо та өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
-Миний зорилго бол хөлбөмбөг тоглож, тоглолтын явцаас таашаал авах явдал. Би ялахын тулд “Стэмфорд Бриж”-д байна. 
-“Nike Mercurial”-ийн пүүзийн талаар юу хэлмээр байна?
-Би тоглож байхдаа их хурдан, талбайд гэнэтийн довтолгоо хийхийг хичээдэг. “Mercurial”-ийн пүүзүүд маш хөнгөн. Энэ пүүз надад эвтэйхэн байдгаас гадна үүнийг өмсөхөөрөө өөртөө итгэлтэй болчихдог юм. Тэгээд ч тэр үү, энэ пүүз том хүнд, хальтирч магадгүй гэх мэтийн зүйлийн талаар санаа зовох хэрэггүй байдаг. Би зөвхөн өөрийнхөө тоглолтондоо л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Энэ л пүүзний хувьд, хамгийн том давуу тал болдог. 
-Пүүзний ямар чанар довтлон тоглогч таны  хувьд чухал байдаг вэ?
-Хамгийн чухал нь хөлд эвтэйхэн байх ёстой. Би өөрөө чөлөөтэй хөдөлж болох, хөлд яг таарсан хөнгөн пүүз таалагддаг.  Шинэ “Flyknit Ultra Mercurial” бол миний дуртай байдаг тийм хөнгөн, эвтэйхэн пүүз, үүнийг өмссөнөөр өөрт минь аятайхан байгааг мэдэрч, бөмбөгөө хянадаг. 
-Хэдэн жилийн өмнө Английн аваргын титмийн төлөө Челси, Манчестер Юнайтед хоёр өрсөлддөг байлаа. Үүний өмнө Арсенал, Манчестер Юнайтед хоёр тэмцэлдэж байв. Харин одоо аваргын төлөө тулаанд улам олон баг оролцож байна. Тэр ч байтугай Лестер Сити хүртэл аварга боллоо. Сүүлийн жилүүдэд Премьер лигт юу болоод байна аа?
-Тиймээ, 10 жилийн өмнө аваргын төлөө ганц хоёрхон баг өрсөлдөж байсан. Өнөөдөр сайн тоглогчидтой, 7-8 хүчтэй клуб байгаа. Эдгээрийн аль нь ч, тэр ч байтугай жижиг клубууд ч гэсэн түрүүлэх чадвартай. Англид тэмцээн болгон чухал байдаг. Энд аваргын титэм авах нь үнэхээр хэцүү. Магадгүй, энэ шалтгаанаас болж Английн лигийн багууд Аваргуудын лиг, цаашлаад шигшээ бага нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт тааруу оролцдог байх. 
-Та одоо аль хэдийнэ 26 нас хүрээд байна. Тоглолтоо улам сайж­руулах талаар юу бодож байна даа... 
-Би тоглолтоо тал бүрээр сайжруулж чадна. Ямар ч мэргэжилтэн наснаасаа хамааралгүй үүнийг тогтмол хийх ёстой. Аль болох их гоол оруулах, хамтрагчдаа гоол хийх боломжийг бий болгох, өрсөлдөгчиддөө төвөг учруулах, тоглолтын явцыг сайтар ойлгохыг хичээж тоглоно. 
-Хөлбөмбөгчин болсноос чинь хойш таарсан гурван сайхан агшныг нэрлэж чадах уу?
-Надад олон сайхан дурсамж үлдсэн, гэхдээ хэрэв эдгээрээс хэд хэдийг сонгох хэрэгтэй бол... 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг сонгох байсан. Харамсалтай нь бид шөвгийн наймын тоглолтонд Уэльсийн шигшээ багт хожигдсон, гэхдээ бүхэлдээ маш сайн тоглосон. Энэ бол сонирхолтой туршилт болсон. Бас Лилльд анх удаагаа мэргэжлийн тоглогчийн хувиар тоглосон явдал. Мэдээж Челсийн төлөө тоглосон анхны тоглолтоо хэзээ ч мартахгүй.

Азарын тухай баримтууд

Эден араб гаралтай, Бельги хүн

1991 оны нэгдүгээр сарын 07-нд  Бельгийн Ла-Лувьер хотод төрсөн.  

Тэрээр  ислам шашинтан, исламын ёс заншил уламжлалыг баримтладаг 

Эден Азарын аав ээж хоёр хөл бөмбөг тоглодог байсан. Ээж нь  хөл хүндтэй болсноосоо хойш гурван сарын дараа хөлбөмбөг тоглохоо больсон

Эдений эхнэр Наташа Азар хоёр хүүгийнхээ хамт хөлбөмбөгийн тэмцээн үзэж, нөхрөө дэмждэг 
Түүний нэрийг францаар Eden Hazard гэдэг. “Hazard” гэдгийг англиас орчуулбал “аюул” гэсэн утгатай үг. Хөлбөмбөг сонирхогчид нэг үе түүнийг “аюул” гэж хочилдог байв. 

Эден Азар “Ройял Стад Браинуа”клубт 4 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн

14 настайдаа Францын Лилль багт анх мэргэжлийн тоглогчоор тоглодог болсон

Эден Азар 100 метрт 10. 43 сек  гүйдэг. 

Бельгийн шигшээ багт орсноор Азар дандаа магтаалын үг сонсож байсангүй. Зарим дасгалжуулагч түүнийг залхууч хэмээн шүүмжилдэг байв. 2010 онд Туркийн шигшээ багтай тоглох үеэр болсон нэгэн будлианыг одоо хүртэл ярьдаг. Тэгэхэд Азарыг өөр тоглогчоор сольсон. Учир нь тэрээр тоглолт дундуур гэнэт алга болжээ. Хэдэн цагийн дараа түүнийг Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа гамбургер идэж суухад нь олсон байна. Энэ үед тэмцээн үргэлжилсээр байсан гэдэг

Түүний дүү Торган Азар Германы Боруссиа Мюнхенгладбах болон Бельгийн шигшээд хагас хамгаалагчаар тоглодог

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.