НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ж.ҮНЭНБАТ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЭРЧИМТЭЙ ОЛГОЖ ЭХЭЛСЭН ҮЕЭС БИД УРД ХӨРШӨӨСӨӨ ХАРААТ БОЛСОН

ner.mn     Нийтлэгч
5 сарын өмнө /2018-01-08 16:28:46 GMT +8 / | 6067 удаа уншсан

О.Энхжавхлан 

Бид энэ дугаарын “VIP” зочноор Монголбанкны ерөнхийлөгч асан, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатыг урилаа. Арилжааны 14 банкийг нэгтгэсэн Монголын Банкны Холбоо (МБХ) сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа хөгжүүлэхэд нэлээн анхаарч байгаа юм. Тус холбооны төлөөлөгчид саяхан Камбож улсад ажиллаад иржээ.

-Алсын томилолтын тань зорилгоос ярилцлагаа эхлэх үү?
-МБХ, Камбожийн Банкны холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тэр хүрээнд Камбожийн Банкны Холбоо Монголын банкуудад нэгэнт хэрэгжээд эхэлсэн бидний “ТоС” гэж нэрлэдэг Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн үйл ажиллагаанаас суралцах юм. Арилжааны банкууд 50 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс илүү хугацаатай зээл олгохдоо нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ буюу ТоС-ын үнэлгээ хийж, эрсдэлийн удирдлагын хүрээнд засч залруулах шаардлагыг зээлдэгчдээ тавьдаг болсон. Байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөтэй зарим чиглэлээр зээл олгохыг хориглох жагсаалт ч гаргасан. Монголын банкуудад хэрэгжиж байгаа “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр” бол олон улсын түвшинд үнэлэгдэж байгаа үндэсний хөтөлбөр юм.
-Сайхан мэдээ байна. Одоогийн байдлаар МБХ гадаадын ямар улсуудын ижил төрлийн байгууллагатай холбоотой байна вэ?
-Бид Орос, Хятад, Солонгосын Банкны Холбоотой хамтран ажиллах чиглэлээр тодорхой саналууд солилцоод явж байна. Ялангуяа Солонгосын Банкны холбоотой туршлага солилцох, хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
-Тун удахгүй УИХ, 2018 оны төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батална. Таны хувьд ирэх оны мөнгөний бодлогыг хэрхэн харж байна?
-Хатуувтар талдаа мөнгөний бодлого явах болов уу гэж таамаглаж байна. Энэ бол биднээс биш манай өнөө байж байгаа эдийн засгийн нөхцөл бололцооноос шалтгаалж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд өмнө авсан зээлээ төлөх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байна. Дээр нь 2018 онд банкуудын дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөр хэрэгжинэ.
-Монголбанк мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлж байгаа. Гэтэл Монголын эдийн засаг санхүүжилтээр цангасаар л байна. Банкир хүний тань хувьд асуумаар байна. Монголын мөнгө хаана байна вэ? Банкуудад уу? Иргэдийн гарт уу?
-Өргөн утгаараа мөнгө эдийн засагт бий. Үүний зарим хэсгийг Төв банкнаас мөнгө хэвлэх замаар нийлүүлж байсан ч үр дагаварт нь ханш өсөх гадаад валютын нөөц шавхагдаж өр нэмэгдэх болсон учраас явуургүй нь тодорхой болсон. Тэгэхээр мөнгө шууд утгаараа иргэдийн хадгаламж нэрээр банкуудад байна. Манай нийт хадгаламж ойролцоогоор ДНБ-ий 40 орчим хувьтай тэнцэхүйц байдаг нь бидний жиших дуртай өндөр хөгжилтэй бусад улсуудтай харьцуулбал бага үзүүлэлт. Гэтэл тэрэн дээрээ, хөгжиж байгаа эдийн засаг учраас зээлийн эрэлт маш өндөр. Түүнээс үүдээд хүү өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийнх нь эрэлт бидэнд бодитой байгаа мөнгөнөөс нь илүү байгаа учраас хүү өндөр байна. Ийм л суурь харьцаа бидэнд байна.
-Монголд банкинд зээлгүй, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, хувь хүнд өглөггүй хүн тун цөөхөн байна. Сонирхоход, та зээлтэй юу?
-Би хувийн орон сууцтай учраас одоохондоо том зээлгүй байна. Хэрвээ байраа чанарыг нь сайжруулъя гэх юм бол зээлтэй болчих магадлалтай. Гэхдээ одоохондоо тийм шаардлага алга. Харин кредит картын зээл бол байнга авдаг. Монголчуудын зээл яагаад өссөн гэхээр, манай эдийн засаг уул уурхайгаас, түүн дээрээс улбаалсан бизнесээс шалтгаалж байна. Эдийн засаг идэвхжихээр зээлийн эрэлт нэмэгддэг. Дээр нь Засгийн газрын зээлийн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Банкуудын хувьд эрсдлийг тархаах үүднээс зээлийнхээ төрлийг олон болгох шаардлага гарч ирсэн. Ийм ч учраас манай банкууд ипотекийн зээл, хэрэглээний зээл, жижиг дунд бизнесийн зээл рүү нэлээн орж байна. Бод доо, ипотек дангаараа манай нийт зээлийн багцын гуравны нэг шахууг эзэлж байна. Энэ бол маш том тоо. Энийг хувийн жингийн хувьд нэмэх бололцоо ер нь харагдахгүй байгаа. Яагаад гэвэл энэ чинь бас л хэрэглээ. Баялаг бүтээх үйл ажиллагаа биш, тийм учраас баялаг бүтээхгүй юманд хөрөнгөө түгжих ашиггүй. Үүнийг харин сайн талаас нь харъя гэвэл, ипотекийн зээл авсан улсууд өөрийнхөө хөрөнгийг хувиргаж байгаа, урт хугацаанд санхүүжүүлж байгаа, бусад хэрэглээгээ танаж санхүүгийн боловсролд суралцаж байгаа тал харагдаж байна. Тэгэхдээ ямар үнэ цэнээр олдож байгаа орон сууц вэ гэдгээ хүмүүс бодох ёстой.
-Сүүлийн үед банкуудад дургүйцэх хандлага нийгэмд түгэх боллоо. Популист уриа ч сонсогдож байна. Ипотекийн зээл дээр банкууд хүү их аваад байна, тэгсэн мөртлөө үндсэн зээл явахгүй байна гээд байгаа...
-Энэ бол моргейжийн зээлийн төлбөрийн системтэй холбоотой. Зээл авахдаа бид эхлээд юу гэж тохирсон гэхээр, хэдүүлээ хүү, үндсэн төлбөрөө нийлүүлээд нийт хугацаандаа хуваагаад тэнцүү төлье гэдэг зарчмыг зөвшөөрсөн хэрэг байхгүй юу. Бодоод үз дээ. Бид тодорхой хэмжээний зээлийг авсан. Тэрийг урт хугацаанд төлөх ёстой. Гэтэл моргейжийн төлбөр гээд сар тутам тогтмол мөнгө төлдөг. Эхлээд өндөр аваад, дараа нь бага авдаг юм байхгүй шүү дээ. Анх төлбөр эхлэн төлж байх үед зээлийн үндсэн өр их байна, тэрэнд ногдох хүүгийн хэмжээ ч өндөр байна. Гэхдээ тогтмол мөнгө төлж байгаа учраас түүнд эзлэх хүүгийн төлбөрийн хувийн жин эхэндээ өндөр байдаг юм. Харин зээл бараг төлөгдөж дуусах алдад хүүгийн эзлэх хувийн жин багасдаг. Үе тутмын төлбөр гэж санхүүгийн сурах бичигт заадаг моргейжийн зээлийн төлбөрийн хуваарийн онцлог нь тэр ээ. Уг нь нэгэнт тогтмол мөнгөн дүн төлөх үүрэг хүлээж авсан зээлдэгчид сар тутмын төлбөртөө хүүг хэдийг төлсөн үндсэн өрөө хэдийг төлсөн хувийн жин нь хамаагүй баймаар юм. Эсвэл үндсэн өрөө түрүүлж төлчихөөд хүүгээ төлөхгүй гээд байгаа юм болов уу. Арай тэгээгүй л байх болтугай. Гэхдээ орон сууцны зээлийн төлбөр ганцхан Монголд ингэдэг юм биш, олон улс даяараа яг энэ системээр л явдаг.
-Ялгаа нь гадаадын банкуудын хүү бага...
-Тийм ээ, гадаадын банкуудын хүү бага учраас моргейжийн төлбөрийн хэмжээ ч гэсэн бага. Гэхдээ манайх ч гайгүй шүү дээ. 8 хувь. Түүнээс илүү хувиар төлж байгаа хүмүүс бас байгаа.
-2017 оны тавдугаар сарын 1-нээс арилжааны банкуудын хадгаламжийн хүүнээс татвар авдаг болсон. Энэ шийдвэр банкуудад яаж нөлөөлж байна?
-Мэдээж, орлогоос нь ямар нэг хэмжээгээр татвар аваад байхад баярладаг хадгаламж эзэмшигч байхгүй байх л даа. Тэгэхдээ энэ шийдвэр бодитой нөлөө үзүүлж байна уу, үгүй юу гэдэг дээр одоохондоо тодорхой ноцтой юм харагдаагүй байна.
-Монголбанкны статистикийн эмхтгэлээс үзэхэд Монголын арилжааны банкуудын чанаргүй зээлийн хувь хэмжээ өндөр харагдаад байна. Юунаас шалтгаалж чанаргүй зээлийн хэмжээ өсөөд байна вэ?
-Чанаргүй зээлийн өсөлт бол манай улсын эдийн засгийн мөчлөгтэй шууд холбоотой юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалаад манай эдийн засаг өсдөг. Уул уурхайг дагаад орон сууц, барилга, үйлчилгээ, хангамж гээд ложистиктой холбоотой салбарууд өсдөг. Уул уурхайн бүтээгдэхүүний орлогууд монголын банкны системээр дамжиж байсан. Үүний хажуугаар нь бас уул уурхайн бүтээгдэхүүний өсөлтөөс шалтгаалсан бизнесүүд цэцэглэж байснаас улбаалаад зээлийн эрэлт ихэсмэгц манай банкууд зээлжүүлэх үйл ажиллагааг эрчимтэй нэмэгдүүлсэн байгаа. Эдийн засаг агшаад хямрах шинж рүүгээ ороод ирэнгүүт зээлийн чанар мууддаг. Хамгийн түрүүлж уул уурхайд олгосон зээлүүд мууддаг, түүгээр дамжаад уул уурхайтай хамааралтай бизнес муудах хандлага гардаг. Одоо манай эдийн засаг буцаад сэргэх төлөв ажиглагдаж байна. Энэ жилийн төлөв сүүлийн хагас жилд сайн байна, ирэх жилд арай илүү байх болов уу. Тэгэнгүүт манай банкуудын чанаргүй зээлийн хэмжээ багасна.
-Та их өөдрөг байна. Тийм үү?
- Өөдрөг байгаа, ялангуяа гадаад зах зээлийн хувьд. Банкууд хэрвээ  байнга урьдчилан зөв хардагсан бол зээлийн эрэлт огцом өсч байх яг тэр үед нь зээл олголтоо илүү чамбай байлгах ёстой байсан болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ зээлийн эрэлт нэмэгдэж байхад “би илүү чамбай ажиллаж байна аа” гээд зээлийн нөхцлөө чангаруулаад ирвэл өөрөө бизнесгүй болж хувирах учраас бие биеэ дуурайх гэсэн, өрсөлдөөний үйл явцад чанаргүй зээлийн өсөлт гарсан. Одоо ингээд эдийн засаг хямралаас гараад өсөөд ирэхээр чанаргүй зээл багасах болов уу.
-Монголбанк бодлогын хүүгээ нэг нэмээд, нэг бууруулаад явж байгаа. Монголбанкны бодлогын хүү ойрын үед дорвитой буух болов уу? Таны таамаглалыг сонсмоор байна...
-Сая “Голомт” банк зээлийн хүүг бууруулах стратеги санаачлаад, МБХ тэрийг нь дэмжээд, Монголбанкин дээр “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан хэлэлцүүлэг хийгдээд явж байна. Тэр явцад болон түүнээс өмнө судлаачдын хийсэн дүгнэлтээр нэг зүйл ажиглагдсан. Тэр нь юу гэхээр ер нь манай улс валютын ханшаа хамгаалахын тулд бодлогынхоо хүүг өсгөдөг уламжлалтай байжээ. Тэгэхээр хэрвээ валютын ханшаа аль болохоор тогтвортой байлгая гэж бодвол, ялангуяа өнгөрсөн жилүүдэд гарсан хүндрэлийг эдийн засгийн хямралын хурц хэлбэр рүү аваачихгүй гэсэн бодлогын үр дүнд манай гадаад валютын нөөц багасаад, өр нэмэгдчихсэн. Дээр нь валютын ханшийг огцом сулруулахгүй гэсэн бодлого явагдаад байна гэж үзэх юм бол бодлогын хүү дорвитой буурахгүй. Ямар ч байсан ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан энэ үед бодлогын хүү тэгж их дорвитой буурахгүй болов уу гэсэн таамаглал байна.
Бодлогын хүүг огцом юм уу дорвитой бууруулах нөхцөл хэзээ бүрдэх вэ гэхээр:
1. Манайх өрийн дарамтаас зохих түвшинд салсан байх хэрэгтэй.
2. Гадаад валютын нөөц үлэмж хэмжээгээр бүрдсэн байх ёстой.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.