НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Р.Жаргалмаа: Эрүүл мэндийн үйлчилгээ энэрэнгүй, хамтын үнэт зүйл дээр тулгуурлах ёстой

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
24 өдрийн өмнө /2018-02-01 21:25:00 GMT +8 / | 8386 удаа уншсан

 

Манай энэ удаагийн VIPPERSON-оор Раднаабазарын Жаргалмаа уригдлаа. Р.Жаргалмаа нь хуучнаар ЗХУ-ын Эрхүү мужийн Анагаах Ухааны Их сургуулийг 1995 онд хүүхдийн их эмч мэргэжлээр төгсөж, Японы Засгийн Газрын “Залуу лидер” хөтөлбөрийн тэтгэлгээр Нагоягийн Их сургуульд Эрүүл Мэндийн Удирдлагын магистр хамгаалан Швецарь, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн Боловсролын доктор хүн юм. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгуулага, Хүүхдийн сан, ОУ-ын Шилжилт Хөдөлгөөний байгууллага зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрийн мэргэжилтэн, гадаад зөвлөхөөр Монгол, Афганистан, Вьетнам, Узбекстан, Тажикстан, Бангладеш, Мьянмар (Бирм) зэрэг оронд ажиллаж байсан туршлагатай, орос, англи, япон хэлний мэдлэгтэй их эмч эмэгтэй. Уншигч Танд Р.Жаргалмаатай хийсэн ярилцлага сонирхолтой байх болно  гэж найдаж байна.

-Та НҮБ, Олон улсын хэмжээнд эрүүл мэндийн бодлогын чиглэлээр ажилладаг хүн. Манайд энэ салбар хямралд орсон тухай сүүлийн үед ярих боллоо. Социализмын үед бөөнөөрөө ЗХУ болон бусад социалист оронд мэргэжил дээшлүүлдэг, эрдмийн зэрэг цол хамгаалдаг. Сайн муу нь хамаагүй нэгдмэл системийн цогц бодлоготой байсан. Одоо энэ байдал таныхаар ямар байна? Өнөөгийн байдлаар Орос, Хятад, Солонгос, Япон, бүр Европ, Австралид манай эмч нар хувийн болоод “хувьсгалын” элдэв шугамаар сурч байна. Гэхдээ энд нэг систем бүрэлдүүлж чадахгүй байгаа нь үнэн үү?
-Социализмын үед бүхэл бүтэн системээр явсан. Бүгд нэг ойлголт, нэг практик, нэг удирдлага, нэг школтой байсан. Одоо маш олон орны системээр сурч байна. Энэ нь олон талын мэдлэг, туршлага олж ирэх гээд олон давуу талтай. Бас сул талтай. Сул тал нь тухайн оронд сурсан хүн сургалтын явцад олж авсан итгэл үнэмшлээрээ “энэ систем л зөв” гэж “догма” болгосон хүмүүс ч байна. Ийм учраас энэ олон туршлага, мэдлэг, шкоол нэгдмэл системд нутагшихгүй байна. Олон орны сайн туршлагууд байдаг, эдгээрээс өөрийн оронд маш сайн тохирох, үгүй ядаж дөхөж очих, ижил үзүүлэлттэйг нь Монголын хөрсөнд буулган бодит байдалд нийцэхээр боловсруулж гаргах нь чухал. Төгсөлтийн дараах магистр, доктор хамгаалсан хүмүүс шийдвэр гаргах түвшинд очихоор тэдний итгэл үнэмшил, школ мөргөлдөөд байвал буруу л даа.
-Тэгвэл энэ бүгдийг нэгдмэл системд оруулах, монголын нөхцөлд тохирсон ассимляци хийх боломжгүй юу гэдэг ч юм уу? Эсвэл Солонгос, Хятад, Орос, Япон, Монгол эмнэлэгийг яг тэр чигээр нь хуулж тус тусад нь байгуулаад өрсөлдүүлж болдоггүй юм уу? Тэгэхгүй бол боломжтой Монголын иргэд маань худалч хүнд бараг тариа тариулах гэж гадагшаа явж байна шүү дээ.
-Ер нь улс орнуудын эрүүл мэндийн салбарыг боловсрол, тогтолцооны талаас нь зангиддаг механизм байдаг. Тэр механизм болох мэргэжлийн зөвлөл, нийгэмлэг нь хүчтэй ажилладаг. Тэд нь мэргэжлийн талын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд нөлөөтэй оролцдог Төр нь мэргэжлийн зөвлөлүүдээ сайн сонсдог. Олон газраас олсон мэдлэг, судалгааг нэгтгээд өөрийн оронд тохируулж хэрэглэх хэлэлцүүлэг, зөвлөмжийг байнга зохион байгуулж явуулж, тохирсон бодлого стратегид нөлөөлж, дүрэм журам боловсруулдаг. Манайд болохоор яам нь л стандарт, дүрэм журмаа боловсруулж баталдаг. Мэргэжлийн нийгэмлэгийн эрх мэдэл нөлөө бага.
-Тэгэхээр Солонгос, Хятад гээд системийг нь шууд нутагшуулахгүй бол дэлхийн хэмжээний сургууль төгсөөд гадуур явж байгаа хүмүүс их байна шүү дээ. Та гэхэд л НҮБ-ын агентлагт ажиллаж байх жишээтэй.
-Олон эмнэлэгийг чөлөөт зах зээл л юм бол зөвшөөрч ажлуулах хэрэгтэй. Үйлчилгээний чанараасаа хамаараад хүмүүс аль эмнэлэгээ сонгох нь чөлөөтэй болно.
-Зөвшөөрөл нэг тусдаа, чанартай эмнэлэг нэг тусдаа оршин тогтноод байгаа юм шиг Танд санагдахгүй байна уу? Жишээ нь,Тайваньд ч юм уу мундаг эмчийн боловсрол олж ирсэн хүнийг хүлээн авах, тэрбээр эрдмээ нутагшуулах боломж муу байгаа талаар л яриад байна л даа?
-Хүмүүсийн сайн дураараа сонгосон мэргэжлээрээ ажиллахыг дэмжихээс гадна ямар мэргэжил нь манайд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг үндэслэлтэй судалж гаргах хэрэгтэй. Жишээ нь хүүхдийн өвчлөл тархмал, хавдарын өвчтөний нас залуужиж, зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Газар авч байна. Тиймээс  хүүхдийн, халдварт бус өвчний эмч  мэргэжилтнийг түлхүү бэлдэх, гадаад дотоод сургалтаар мэргэшүүлэх, ажлын байрыг нь зөв хувиарлахад дэмжих бодлого хэрэгтэй.  
-Эмчийн тангараг. Эмч, сувилагчийн үүргээгээсээ зугтаах, тээршээх үзэгдэл манайд гардаг. Эмнэлэгүүд бие биен лүүгээ түлхэх, ээлж солигдох үед өвчтөнөө аргацааж байгаад зугтаах гэх мэтчилэн явдал амьдрал дээр их тохиолддог. Гадаадад бас тийм үү? Өвчнөө таньдаггүй. Хөлийг нь тайрна гэж байсан хүн Хятадад очоод маш хурдан эдгэсэн байна. Гэтэл энэ энгийн өвчнийг эмчлүүлэх гэж Монгол хүн хэдэн сая төгрөг урсгаад л ирж байх жишээтэй.
-Манайд өвчтөн шилжүүлэх эрүүл мэндийн байгууллагын шатлалын журам гэж баталсан, журмаа дагаж мөрдөх ёстой, энэ журмаа зөрчин хариуцлагаас зугтаах өвчтөнийг хохироох явдал гардаг нь үнэн. Дээр дурдсанчилан, Монголд ямар өвчлөл их байна гэдгийг тогтмол судалж, зонхилон тохиолдох өвчнөөс хүн ардыг урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгээх тал дээр илүү анхаарч хүний нөөцөө чадавхижуулах, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл сургалт сурталчилгаанд төсвөө түлхүү хувиарлах, хөрөнгө оруулалтыг дэмжих, ЭМ-ийн байгуулагын бие даасан менежментийн бодлогыг дэмжих, өөрөөр хэлбэл төсөв захиран зарцуулах эрх мэдлийг нэмэх  хэрэгтэй л дээ. 
-Одоо чинь эмч мэргэжлээ өөрөө тэмцэж байж олно. Ажлын байраа танил талаараа олно. Улсын захиалга байхгүй байна шүү дээ. Тэгэхээр чадавхи, мэдлэг туршлагад үндэслэсэн өрсөлдөөний сонгон шалгаруулалт сул байх шиг. Танил тал, өнгө мөнгөний өрсөлдөөн яваад байна. 
-Анагаахын сургуульд сураад эмч болно гэдэг их удаан цаг хугацаа, мөнгө санхүү шаарддаг. Хэрэглэгчдийн  эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд системийн ажиллах хүчний оновчтой байршил, хангамж, чадавхи чухал. Иймд хүний нөөцийн байршил, хангамжийн динамикийг дэвшилтэт технологитой уялдуулан төрөлжсөн мэргэжлийн сургалтын хэрэгцээг судлах нь нэн тэргүүнд хийх ажил юм. Энэ талын судалгааг манай оронд хийж байгаа гэж найдаж байна. 
2014 оны байдлаар Монгол Улсын 10.000 хүнд 31 их эмч ногдож байсан. Сонгон шалгаруулан ажлын байранд авахдаа мэргэжлийн болон эрдмийн зэргийг үнэн зөв тодорхойлох, тухайн ажлын байранд яв цав тохирох шалгуурыг боловсруулахаас гадна, бусад зан суртахууны чадвар онцлогийг зөв тодорхойлох нь чухал. Өнгө мөнгөний өрсөлдөөн манай эрүүл мэндийн салбарт ажиглагддаг нь үнэн, ялангуяа удирдах дээд албан тушаалд энэ нь хамааралтай. 
-1970-аад оны үед сахарын диабет өвчтөн Монголд хоёр л бүртгэгдэж байсан гэж байгаа юм. Манайд одоо нийгмийн асуудал болох хандлагатай. Өнөөдөр Хятадад 100 сая ийм өвчтөн байна. Тэгэхээр манайд ч хүн амын 7- 8 хувь ийм өвчтэй байх магадлалтай. Үүнээ мэдэхгүй сахар нь бөөрөндөө орчихсон, нүдэндээ орчихсон үед үзүүлэх ч тохиолдол байна.
-Одоо дэлхийн хандлага өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх, өвчнийг хянахад илүүтэй анхаарал хандуулахад чиглэж байгаа. Анхдагч болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэснээр өвчлөлийг хүндэрсэн хойно нь өртөг зардал ихтэй тусламж, өрх гэрийг эрүүл мэндээс үүдэлтэй ядуурлаас хамгаалахад ихээхэн дөхөм болдог. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийг төрөөс санхүүжүүлэх, сум, баг, өрх, дүүргийн эмнэлгүүдийг ард иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, үзлэг оношлогоог хүртээмжтэй хийх ажлыг эрчимжүүлэх нь чухал юм. 
-Та өөрийнхөө твиттерт “Эрүүл мэндийн бодлого шийдвэр ХҮН рүүгээ чиглэдэг, ХҮНий сайн сайхны төлөө тооцоологдож хийгддэг болохоос "ӨВЧИН" рүү чиглэхгүй. "ӨВЧЛӨЛ"-ийг мэргэжилтэн судлаачид судлаад эрх баригчдад бодлогод нь зохицуулж зөвлөх болохоос ХҮН л бодлогын гол төв байдаг!” гэж бичсэн байна лээ. Энэ юуг хэлээд байна вэ? Хүнд байгаа өвчинг нь дарахгүй юм уу?

Эрхүүд оюутан байхдаа

-“Хүн” төвтэй, хүний төлөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах нь ДЭМБ-ын гол зөвлөмж. Өмнө нь улс орнууд “өвчин” төвтэй эрүүл мэндийн бодлого баримталсаар ирсэн. Манай улс одоо хүн рүүгээ, хүний сайн сайхан, аюулгүй байдал руугаа хандсан тусламж руу чиглэх ёстой юм л даа. Жишээ нь, та бидний яриад байгаа чихрйин шижин өвчтэй хүнд тусламж үйлчилгээ ямар дүн өгч байна вэ? Эрт үед нь энэ өвчнийг нь оношилж, эмчлэн асрахад хэр их зардал гаргаж байна? Тусламж үйлчилгээ энэ хүнд хэр их өгөөжтэй байна? Энэ тусламж үйлчилгээ нь уг өвчтөний аюулгүй байдалд хэр нөлөөлж байна гэх мэт хүн рүүгээ хандсан үйлчилгээг хэлж байгаа юм. 
-Хүн төвтэй гээд томьёолчихоор нэг тийм философийн ойлголт шиг сонсогдоод байна л даа...
-Энгийн үгээр жишээ хэлэхэд, хөдөө орон нутгаас чихрийн шижин өвчин нь хүнд шатандаа ороод ирсэн Доржид анхдагч болон хоёрдогч шатанд нь урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж эрт анхаарч арга хэмжээ авч байсан бол, Дорж одоо хөлтэйгээ байна, өртөг ихтэй эмчилгээ хэмнэгдэнэ, ар гэрийн санхүүгийн байдал хүндрэхгүй, сэтгэл санааны хохирол амсахгүй л байх байсан. Үүнийг л хэлээд байгаа юм. 
-Тэгвэл манайхан чинь хүндэрчихээд л нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг рүүгээ шаваад тэгээд хөл гаргүй, бөөргүй болох гээд гүйгээд байна гэвэл буруудах болов уу?
-Анхдагч болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээний санхүүжилт, төсвийг хэмнэвэл гуравдагч шатлалд ачаалал нэмэгдэхээс гадна санхүү, сэтгэл зүйн хохирол иргэдэд хүнд тусдаг. Өвчнийг эрт илрүүлбэл хорт хавдраас ч эмчлэгдэж болно.
-Герман, Австри мэтийн орнуудад бараг бүх хүнээ жилд хоёр удаа ерөнхий шинжилгээнд оруулдаг гэж дуулсан. Тэр үнэн үү? Хэрэв үнэн бол иймэрхүү л юм байна шүү дээ энэ чинь.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэхэд зарцуулах санхүүжилт маш чухал. Бидний жишээн дээр ярихад сахарын өвчтэй хүн бөөрний дутагдалд орох, нүд сохрох тохиолдолд байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай болдог. Энэ чинь өрх гэрээ эдийн засгийн хувьд маш их хохиролтой гэсэн үг. Иймд хүртээмжтэй эмчилгээний цаана нийгэм, эдийн засгийн давхар ойлголт явж байдаг. Иргэд маань ямар нэг хүндэрсэн өвчнөөс болж гэр бүлээ, хамаатан садан санхүүгийн бэрхшээлд ороод байвал улс оронд ч хохиролтой. Иймд чанартай амьдралыг хүмүүст хүргэхийн тулд эмчилгээний хүртээмж нэн чухал.
-Чанартай амьдрал гэж яг юу вэ? Юу, юу орох вэ?
-Чанартай амьдрал гэдэг зөвхөн бие бялдрын эрүүл мэнд биш, сэтгэц, сэтгэл зүйгээрээ эрүүл байж гэр бүл, эрүүл орчинд тав тухтай амьдарч улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг л чанартай амьдрал гэдэг. 
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж гэдэг анхан шатны эмнэлэгийн үйлчилгээ гарын дор ойрхон байхыг л хэлээд байгаа юм байна шүү дээ? Тэгээд тэр эмчилгээ үйлчилгээ нь барагтай өвчинг оношилчихдог. Бага дээр нь дардаг арга мэдлэг эзэмшсэн байх л юм байна.
-Тийм ээ. Энгийн жишээ хэлэхэд, социализмын үед эрүүл ахуйн эмч нар айлаар явж эрүүл ахуйг үздэг, шалгадаг, зөвлөдөг байлаа.
-Одоо энэ утаанд айлаар явна гэж юу байх вэ?
-Бүр гэрээр явж анхан шатны эмчилгээг ч хийх хэрэгтэй. Утааны асуудал тусдаа асуудал.
-Тийм эмчилгээ жишээ нь хаана байна?
-Олон оронд гэрийн эмчилгээ бий. Австралид байна. Шинэ Зеланд, Европын орнуудад байна. Япон, Англи, Голландад байдгийг нь би биеэрээ мэднэ.
-Эрүүл мэндийн системийг сайжруулахад хөрөнгө мөнгө чухал. Манай энэ салбарт зарж байгаа ДНБ-тэй харьцуулсан зардал хөгжилтэй орны дэргэд бол хэцүү л эд байх л даа. Сарын 300 доллар цалин авдаг хүн, 3000 доллар авдаг хүн хоёрын хооронд эрүүл мэнддээ зарцуулах мөнгө бол тэнгэр газар шиг л байж таараа. Хөрөнгө мөнгө, хүний эрүүл мэнд хоёрыг холбогдуулж ярьж болно биз?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн салбартаа чанартай үйлчилгээ үзүүлье гэвэл ДНБ-ийхээ дор хаяаж 5-6 хувийг зарцуулахыг зөвлөдөг. Манайх 3-4 хувийг л нь л төсөвлөдөг. Ойролцоогоор 550 тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг. Уг нь санхүүжилтын сайн бодлогоор зөв хувиарлаж, үр ашигтай зарцуулбал бас ч гэж 3 сая хүндээ боломжийн мөнгө. Үр ашигтай зарцуулах асуудал учир дутагдалтай байдаг гэж боддог. 
-Одоо яг эхний ээлжинд үүнийг хийх нь амин чухал юм даа гэсэн механизм, санаа бодол, модель ч юм уу Танд байна уу?
-Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрэлт хэрэгцээнд тулгуурлан, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээний аюулгүй байдлыг хангасан шинэ технологи нэвтрүүлэх, “хүн” төвтэй санхүүжилтын тогтолцоогоор тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэхийг ДЭМБ зөвлөж байгаа. Миний бодлоор гол анхаарал хандуулах чиглэл нь нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэнд мэдээллийн технологи, хүний нөөц, зохистой санхүүжилт. Скандинавын орнуудын эрүүл мэндийн тогтолцоо их үлгэр жишээ санагддаг шүү. 
-Та Эрхүүгийн анагаах ухааны Их сургуулийг төгссөн. Ер нь манай эмч нарын ихэнхийнх нь суурь хуучин ЗХУ-ын шкоолоос үүдэлтэй. Та Дэлхийн олон орны мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан хүн учраас энэ талын харьцуулалтыг сайн хийж чадах байх?
-Орос бол эртнээс шинжлэх ухаан, боловсрол, соёлын талаар шилдэг орнуудын нэг байсаар ирсэн. Одоо ч тийм байгаа. Дэлхийн хэмжээний томоохон судалгаа, нарийн технологийн нээлтийн багт ЗХУ улсаас гаралтай эсвэл өнөөгийн ОХУ-ын хүмүүс байж л байдаг. Жишээ нь НАСА-ийн инженерүүдийн нилээн хувь нь орос хүмүүс байдаг гэсэн. Олон оронд ажиллаж, сурч байхад ОХУ-д төгссөн дипломыг олон улсын байгууллага, нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүд  өндрөөр үнэлж, хүлээн зөвшөөрдөг. Оросод анагаахын их сургууль төгссөн монгол эмч нараас НҮБ бусад олон улсын байгууллагад, хөгжингүй оронд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байгаа хүмүүс нилээн бий. 
-Та жишээ нь, эрүүл мэндийн чиглэлийн ийм өндөр түвшний мэргэжилтэн болжээ. Монголдоо ажиллахгүй байгаадаа сэтгэл дундуур байх үе байх уу?

Бангладешд НҮБ-н ажлын багын хамт олон

-Би анагахын сургуулиа төгсөөд л Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвд (одоогийн ЭХЭМҮТ) хүүхдийн эмчээр ажлынхаа гарааг эхэлж байлаа. Тэр үед Монгол маань тэр аяараа маш хүнд хэцүү байдалд байсан. Эмч нарын ачаалал ихээс гадна ажиллах нөхцөл хүнд, эмнэлгийн хэрэгсэл гачигдалтай, тоног төхөөрөмж элэгдэж хуучирсан, цалин маш бага байсан. Би англи хэл сурч хөгжингүй оронд магистр, докторын зэргээ хамгаалж томоохон хэмжээний судалгаа хийх, оношлогоо эмчилгээний шинэ технологи нэвтрүүлж тусламж үйлчилгээ чанаржуулах ажил хийнэ гэсэн зорилго мөрөөдөлтэй, ер нь л эрдэмтэн болно гэж шийдсэн байлаа. Тэгээд япон улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгараад Нагоягийн их сургуульд эрүүл мэндийн удирдлага менежмент чиглэлээр шинжлэх ухааны  магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Танил талаа авдаг ч юм уу, мөнгө төгрөг хардаг ч байсан юм уу мөрөөдлийн ажилдаа орох хүсэл маань нэг л болж өгдөггүй байсан. Уг нь Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнд судлаач ч юм уу, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагад судалгааны ажил эрхэлнэ гэж мөрөөдөж байсан юм. Тэгээд болохгүй болохоор нь олон улсын байгууллагад эрүүл мэндийн төслүүд дээр ажиллая гэж шийдээд ДЭМБ-д сонгон шалгаруулалтанд нь тэнцээд ажиллаж эхэлсэн. ДЭМБ бол НҮБ-ын эрүүл мэндийн салбарын байгууллага. 
-Монголын хэмжээний хүнээс Дэлхийн хэмжээний хүн болох нь амархан юм байна гэсэн үг юм аа даа?
-Тийм гэх үү дээ. (инээв.) Олон улсын байгууллага бол зөв хүнээ шударгаар сонгон шалгаруулж авдаг. Ажилд ороход мэргэжлийн чиглэлийн шалгалт авч, ажлын ярилцлага хийдэг. Гадаад мэргэжилтэн болж олон улсын хэмжээнд хувь нэмрээ оруулах зорилго сонирхол бий болж ажлын байранд өрсөлдөн шалгалт ярилцлага өгч Афганистан, Вьетнам, Тажикистан, Узбекистан, Бангладеш, Мьянмар зэрэг зургаан гадаад оронд мэргэжилтэн, зөвлөхөөр ажиллаж ирлээ. 
-Та хүүхдийн эмчийн мэргэжлийг яагаад анх сонгосон юм бэ? Яагаад бөөрний ч юм уу, зүрхний эмч байж болоогүй юм?
-Би энэ мэргэжлийг гурван настайдаа сонгосон гэнэ лээ. Ээж маань намайг дагуулаад хүүхдийн эмчид үзүүлээд гарч ирэхдээ би: “Ээж ээ, би энэ эмч шиг л хүүхдийн эмч болно” гэж хэлсэн юм гэсэн. 10 дугаар анги төгсөхдөө эмч болох ёстой гэсэн хатуу ойлголттой конкурсд ороод Эрхүүгийн Анагаахын Их Сургуулийн хүүхдийн эмчилгээний ангид орсон доо.
-Орос оронд маш хэцүү үед нь сурч дээ?
-Нэгдүгээр курсдээ бүтэн стипендээ авсан ч хоёрдугаар курсын сүүлээр  оюутны тэтгэлэг нь байхгүй болчихсон. Эрхүүгийн консулын газраас бүр тэтгэлгийн оронд энүүгээр амьдар гээд ноолууран цамц өгч байсан. Надтай хамт 25 хүүхэд сурахаар очсоноос 9 нь л төгссөн дөө. 
-Тун харамсалтай юм болжээ. Хоёр жил тэтгэлэгтэй сурсан 25 оюутан төгссөн бол улс оронд хэрэгтэй л байж дээ. Анагаахын мэргэжилтэн бэлтгэх чинь амаргүй, зардал ихтэй, цаг хугацаа, сургах гэж лаборатор, практик ажиллагаа шаарддаг мэргэжил биз дээ.
-Тийм. Оросын анагаахын сургуулиуд их чанга, өндөр шаардлагатай. Манай Эрхүүгийн анагаахын сургууль чинь тэр үедээ Оросдоо ранкаар тавд ордог байсан сургууль. Москвагийн нэг, хоёрдугаар анагаахын сургууль,  Ленинградын хүүхдийн эмчилгээний анагаахын их сургууль, Новосибирск билүү Волгоградын анагаахын сургуулийн дараа ордог байсан. 
-Эрхүүгийн тэр амьдрал чинь бас их сонин юм байна. Уншигчид сонин байх болов уу гэдэг тэр үед тохиолдсон сонин түүх яриач?
-Санаанд тод үлдсэн юм гэвэл гуравдугаар курст байхдаа анх удаа компьютер хараад их гайхаж биширч байлаа. Орос оюутнууд компьютерийн курсэд хошуурцгаагаад л, харин би монголчуудаас ганцаараа компьютерийн курст сурсан юм. Ингэж интернеттэй анх холбогдож гайхширч байсан юм. Сургалт нь их үнэтэй л сургалт байсан юмдаг. Тэр курсэд сурсаныгаа би их олзуурхдаг юм. Ер нь олон улсын хэмжээнд ажиллах боломжийг тэр суурь маань тавьж өгсөн. Оросод оюутан байхдаа сурсан тэр л сургалт намайг бас том мөрөөдөлд хөтөлсөн гэж болно.
-Тэгээд төгсөж ирээд Эх нялхсын төвд ажилласан юм байна. Тэр үед бас л хүнд байсан байх даа?
-Тийм. Тэнд хүүхдийн сэхээн амьдруулах тасагт резидент, яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан. Би хүүхдийн яаралтай тусламжийн мэргэшсэн дипломыг авсан анхны хүн. 
-Тэр үед чинь хүүхдийн төрөлт багассан. Хүүхдийн өвчлөл харьцангуй бага байсан уу?
-Хүлээн авах тасагт ажиллаж байхад ачаалал их байсан шүү. Өвөл өвчлөл ихсэх үеэр жижүүрт хоноход хоногт 100 гаруй хүүхдэд үзлэг хийдэг, заримдаа тог тасардаг, халаалтгүй үе байлаа. Нэхий дээлээ өмсөөд дээр нь халаатаа өмсөж хүртэл ажиллана. Хүлээн авахын өрөө чинь мөсөн хонгил. Манай эмнэлэг чинь тэр үед Эх нялхсын эрдэм шинжилгээний төв нэртэй байсан. 
-Тэгээд дараа нь Монголдоо хаана ажиллав?
-2001 онд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байлаа. Тэр үед Нийслэлийн ЭМГ-н дарга байсан Ц.Ганхүү гэдэг эмэгтэй англи хэлний мэдлэгтэй залуу хүн авна гэж Малчинхүү багшид хэлсэн юм байж. Тэгээд Малчинхүү багш намайг жижүүрт гарч байхад ирээд “чи англи хэлтэй хүүхэд билүү?” гэж асуухад нь “тийм ээ” л гэчихсэн. Намайг Ганхүү дарга дээр очиж уулзаарай гэж хэлэхэд нь очиж уулзаад Сүхбаатар дүүргийн ЭМНэгдлийн Чимгээ дарга ажилд авч байсан. Тэр үед бас ч гэж арын хаалга, танил тал гэлгүй тийм залуу хүүхдэд итгэл хүлээлгэсэнд Ц.Ганхүү, Чимгээ дарга нарт баярлаж явдаг. 
-Алба ажил томрохын хэрээр юм хийх боломж бололцоо сайжирдаг байх. Та тэнд ямар онцлох юм хийв?
-Би тэгэхэд тэр болгон хүн хийж чадаад байдаггүй би өөрөө хийж чадах юмыг л эхэлж хийе гэж бодож зорьсон. Нэгдүгээрт англи хэлээ ашиглаад гадаадын байгууллагуудтай холбогдож эмнэлэгтээ эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтануудад хувцас хандиваар олох, Хоёрдугаарт, эмч сувилагчидаа англи хэлний мэдлэгтэй болгоё гэж зориод дээрх хоёр зорилтоо хэрэгжүүлсэн. Хоёр, гурван сарын дараа нилээн тусламж ирсэн дээ.
-Ямар тусламж байв?
-Хүүхдийн тоглоомоос авахуулаад л орлого багатай хүүхдүүдэд хувцас хунар, эмч сувилагчдад халад, малгай, резинэн бээлий, жижиг багаж хэрэгсэл, халууны шил, чагнуур, даралтын аппарат, ор дэрний цагаан хэрэгсэл, матраас гээд л. Тэр үед чинь бүх юм тэр болгон олддоггүй үед их л олз олсон юм шиг санагдаж байлаа. 
-Тэгээд яагаад эндээс явах болов?
-АНУ-д Охаёгийн Их сургуулийн Колумбус хотын хүүхдийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлж сурахаар явсан юм. Тэнд лекц семинартаа явахын зэрэгцээ эмнэлэг дээр ажиллаж практик тал руугаа их туршлага хуримтлуулсан. Нисдэг тэргээр дуудлагад явж, гал командын төв дээр хүртэл дадлага хийсэн. Тэнд л анх яаралтай тусламж гэж юу болохыг сурсан даа. 
-Америкт эмч, сувилагчийн мэргэжлээрээ ажилладаг хүмүүсээс энд эмнэлэгт ажиллахад манайхаас амар хялбар гэж ярьж байхыг сонссон. Учир нь юундаа байна?
-Харьцангуй ойлголт л доо. Ажлын ачааллын хувьд тэнд ажлын цаг нь их уян хатан байдаг. Эмч сувилагч нар нь анагаахын сургууль, коллеж, мэргэжил дээшлүүлэх курсэд багшилж, лекц уншиж, хичээл заадаг болохоор яг эмнэлэг дээр ажиллах цагаа өөрсдөө сонгож зохицуулдаг. Жишээ нь, нэг өдөр 4 цаг ажиллаад 4 цаг хичээл заах гэх мэт. Тэгэхээр тогтмол өдөрт найм, арван хоёр, хорин дөрвөн цагаар ажиллахгүй. Сонголтоор явдаг. Өдөрт дөрвөн цаг ажилж болно. Зарим сард өдөр ажиллахгүй шөнийн ээлжинд  оройн наймаас өглөөний найм хүртэл дөрвөн удаа гарна ч гэдэг юм уу. Өөрсдийн боломж бололцоонд тааруулж ажиллаж болдог. Энэ эрх чөлөө, сонголт нь зүдэргээ багатай байх боломжийг олгодог байх.
-Манайхны зарим нь, “Эрүүл мэндийн салбарыг хувьчлахгүй л бол мах ч биш булчирхай ч биш байдалтай байна” гэж нэг хэсэг нь ярьдаг. Нөгөө хэсэг нь, “Хувьчилбал эмзэг бүлгийнхэн, жирийн ард иргэд эмнэлэгийн үйлчилгээний гадна хаягдана” гэсэн хоёр юм мөргөлдөөд байх шиг. Энэ тал дээр таны бодол?
-Улс орнуудад эрүүл мэндийн холимог янз бүрийн систем байдаг. Америкт бол бараг 90 хувь нь зах зээлийн журмаар ажилладаг. Скандинавын орнуудад эрүүл мэндийн салбарыг төр нь дааж явдаг, улсын анхааралд байдаг. Манай орны хувьд 80-90 хувийг нь хувийн хэлбэрт оруулах нь өнөөгийн хувьд тохирохгүй байх гэж боддог. ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” гэх санаачилга бодлогыг улс орнууд хэрэгжүүлэхийг чиглэл болгон зөвлөж байгаа. Хэт их зах зээлийн орчинд энэ санаачилгыг тохируулахад манайх бэлэн биш. Эрүүл мэндийн үйлчилгээ чинь энэрэнгүй, хамтын үнэт зүйл дээр дээр тулгуурлах ёстой. Би хувьдаа Скандиновын орнуудын эрүүл мэндийн тогтолцоо бодлогыг хамгийн зөв, үр өгөөжтэй гэж хардаг. Тэр дундаа Голланд улсын тусламж үйлчилгээний чанар, эмчилгээ үйлчилгээний харилцан уялдаа, аюулгүй байдал, үйлчилгээг саадгүй цаг хугацаанд нь үзүүлдэг байдал, хүн бүрт тэгш байдлыг хангасан үйлчилгээ үзүүлдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. 
-Энд эхний ээлжинд юу хийх ёстой вэ?
-Эрүүл мэндийн тогтолцооны бүх шатанд үнэнч шударга, ёс зүйтэй ажиллах, хүн бүрт ялгаварлан гадуухалгүйгээр тэгш үйлчлэх хандлага хэрэгтэй байна. Мөн ЭМ-н даатгалын тогтолцоонд харилцан уялдаатай үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгцээ бий. Даатгалын байгууллага хүн бүрийн хүсэлт, үнэ, үйлчилгээний чанарт тулгуурлан гэрээ хийж, эрсдэлийг хуваалцах хувиарлалтыг зохицуулах, бага орлоготой иргэдэд улсаас нэмэлт даатгалын хөнгөлөлт үзүүлдэг байхаар хийх нь чухал. Мөн анхдагч болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг өргөжүүлэн чадавхижуулан хүртээмжийг нэмэх, ингэснээр гуравдагч шатлалын ачааллыг бууруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. Хамгийн гол хэлмээр байгаа зүйл бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын тусгай байгууллага туйлын хэрэгтэй байгаа гэж боддог. Голландад гэхэд л “ЭМ-н үйлчилгээний чанарын институт” гэж байдаг. Манайд ийм чанарын механизм байхгүйгээс тусламж үйлчилгээнээс гадна хуурамч эм, эмийн бодис оруулж ирэх явдал ч гарсаар байгаа нь нууц биш. 
-Эм гэснээс ноднин энэтхэг эмээр ханиадаа дарсан. Энэ жил бангладеш эмээр дарлаа. Ямар эм хаанаас юунаас ууж байгаагй мэдэхгүй дарж байна гэх яриа байдаг. 
-Эмийн бодлого бол манайд сайн байгаа. Цаасан дээрх бодлого бол сайн. Үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх нь чухал. Эмийн зохистой хэрэглээ манайд их асуудалтай. Эмийн зохицуулалт, төрийн худалдан авалт үнэхээр нэг монопольд орчихсон гэсэн хардлага ч байгаа. Ил харагдаж байгаа ч юм байна.
-Та Афганистан гэдэг ч юм уу алс зэлүүд, уул хаданд тосгонтой газар ажиллаж байж. Тэнд яаж  эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй хүрдэг вэ?
-Анхдагч шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгон ойртуулсан улс орны олон сайн жишээ бий. Манайхаар бол малчин өрхүүдийн зуслан дээр нь, хорооны иргэдийн гэрт нь очиж зарим анхан шатны үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Жишээ нь малчдын зусдаг газар сум багийн эмч нь зуны цагт гэр эмнэлэг дэлгээд тусламж үйлчилгээ үзүүлнэ гэх мэт. 
-Хаана ийм юм байх вэ?
-Ийм төрлийн анхан шатны эмнэлэг эрчимтэй өргөжүүлж байгаа улс орон байна. Үүнд өмнөд америкийн сайн жишээ, ойроос Казахстан, Узбекстанд байна. Өндөр уулархаг нутагт явуулын эрүүл мэндийн тусламжийг майхан эмнэлэг дэлгээд үзүүлж байна. Эмнэлэгийн тусламж хүргэх тусгай зориулалтын явуулын машин-эмнэлэг ч очиж байдаг. Одоо манай улс 69 машиныг яаралтай түргэн тусламж, явуулын үйлчлгээнд хэрэглэхээ болих цаг болсон, өвчтөнд ээлгүй их хатуу унаа. Цус алдсан, цус харвасан, тархи болон бусад төрлийн гэмтэлтэй өвчтөний авулгүй байдлыг хангахгүй байгаа хүнд бол бүр хүндрэл учруулна. Болж өгвөл вертолёт-нисдэг тэрэг эрүүл мэндийн гурав дахь шатлалын чанартай үйлчилгээндээ өргөн нэвтрүүлэх хэрэгтэй. 
-Та Афганистанд 2009 онд очоод хоёр жил болсон. Ер нь ямар газар вэ? Яггүй хэцүү биз? Буун дуу сонссон уу? Миний мэдэх л 1978 оноос хойш л дайн байлдаантай орон байлаа.
-Хөгжил буурай орон. Дайнаас өмнө эдийн засгийн хөгжил сайн байсан юм билээ. ТВ-гийн мэдээгээр гараад байдаг шиг байнга буун дуу гараад л дэлбэрэлт болоод байхгүй л дээ. Тэнд байхдаа 3-4 удаа дэлбэрэлт сонсож байсан. Би тэнд очиж ажиллах шийдвэрийг гаргахад надад тэнд ажилладаг НҮБ-н ажилтаны блог нөлөөлсөн, тэр хүн “Афганистанд бөмбөгдөлтөнд өртөх магадлал нь Америкт зам тээврийн осолд өртөхөөс хамаагүйы бага байдаг, өдөр бүр бөмбөгдөлт, байлдаан болоод байдаггүй” гэж бичсэн байсан л даа. 
-Нээрэн жимс, ногооны консерв элдэв юм экспортолдог байсан юм билээ. Одоо бол тэр нь хар тамхины тариан талбай болчихсон юм биш үү?
-Ер нь бол хар тамхины гол сүлжээний нэг орон болчихсон. Эх хүүхдийн эндэгдэл өндөртэй, нийгмийн суурь үйлчилгээ болох эрүүл мэнд боловсролын үйлчилгээ сул орон. Гэвч 1990-ээд оноос хойш НҮБ-ын болон бусад Олон улсын байгууллагын олон сая долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд нилээн ахиц дэвшил гарч байгаа. Афганд миний гол хийсэн гавьятай ажил гэвэл Кандагар, Бадакшан, Бамьян, Херат гэх мэт зургаан бүс нутагт хүүхдийн төрөх эмнэлэг, эхийн амрах байруудыг барьж байгуулах ажлын удирдлага, менежментийг нь хийж хэрэгжүүлсэн явдал даа. Үүний үр дүнд эх, нярайн эндэгдэл нилээн хувиар буурч байгаа мэдээг тэндхийн хамтран ажиллаж байсан хүмүүс мэдээлдэг юм. Тэрнийгээ би их л буянтай ажил хийсэн гэж боддог юм шүү дээ.
-Тэндэхийн монголчуудтай уулзаж байв уу?
-Бамьян мужид Монголын үр удмын нэг болох хазара монголчууд байдаг. Зүчийн удам гэдэг юм билээ. Тэнд очоод онгоцноос буухад намайг тосч авсан жолооч нь яг монгол хүн шиг царайтай байсан. Манай жүжигчин Н.Цэвээнравдан агсантай усны дусал шиг адилхан хүн ч харсан. Бамьян хойд талдаа Узбекүүдтэй хиллэдэг болохоор харьцангуй тайван. Кандагар бол Пакистантай хиллэдэг, 100 хувь талибануудын мэдэлд байдаг. Ер нь Афганистаны засаг захиргааны 60 хувь нь төрдөө захирагдаж 40 хувь нь талибанууд харьяалдаг захиргаатай. Менталити болон ахуйн төстэй тал ажиглагддаг. Намайг Бадакшанд байхад НҮБ-ын афган ажилтанууд Амударья мөрний эрэг хамт олноороо салхинд гарч, хорхог хийсэн юм. Хорхог нь халуун ногоо, помидор, өргөст хэмх ихээхэн хийдгээс биш яг адилхан. Түүхэнд Чингис хаан энэ мөрний эрэг дээр буудаллаад нэлээд хэдэн сар саатаж хүчээ сэлбэсэн түүхийг мэддэг юм билээ. Наргиан маягаар “Чингис хааны ач охиныг өвөөгийнх нь буудалж байсан Амударья мөрний эрэг дээр авчирлаа” гээд хүндэтгэлтэй дайлж байсан юм. 
-Манайд ЗХУ-ын зээл тусламжаар баригдсан хэдэн эмнэлэг, хуучны Чехсловакууд барьсан нэгдүгээр эмнэлэг байна. Эд нарын маань дотоод зохион байгуулалт орчин үеийн нөхцөлд тохирч байна уу? Нэг тасагт гэхэд нэг, хоёр 00-той. Хэдэн арван өвчтөнтэй байх жишээтэй. Эмч нар нь тусдаа “00” хэрэглэчихнэ. Өвчтөнгүүд 00-доо өглөөн цагаар оочерлоод хуучны Лениний мавзолейн оочер л ийм байлуу гэж санагдмаар. Гадаадын эмнэлэг чинь өрөө болгондоо шахуу 00-той. Зочид буудал шиг. Ер нь энэ эмнэлэгүүд чинь Монголын хүн ам нэг, хоёр сая байхын үед тохируулж барьсан. Одоо хүн ам маань 3,2 сая боллоо. Төв эмнэлэгүүдэд хоёр, гурван мянган хүн холхидог байх. Вокзал шиг л санагддаг юм. Уг нь нэгдүгээр эмнэлэг гэхэд л анх 280 ортой байхаар тооцож барьсан ч гэдэг бил үү?
-Оросуудын барьсан хуучин эмнэлэгүүд бол яг халдвар хамгаалалтын талаасаа сайн, зөв зохион байгуулалтаар баригдсан. Жишээ нь халдварт өвчний үндэсний төв гэхэд салхины эргэлт, зүг чигийг хүртэл тооцсон байдаг. Жишээ нь гахайн хавдар, тарваган тахал өвчтөний өрөөнүүд гэхэд гадагшаа шууд гардаг хаалгатай. Энэ мэтчилэн сайн талыг нь үгүйсгэж болохгүй. Гэхдээ орчин үед эмчилгээний техник технологи 1990 оноос хойш их өөрчлөгдсөн тул учир дутагдалтай болж ирж байгаа. Одоо хотын төвөөс эмнэлэгүүдийг нүүлгэж тусдаа Их сургууль түшиглэсэн эмнэлэг барих эхний алхам хийгдэж байгаа юм билээ. Японы тусламжаар Анагаахын шинжлэх ухааны Их сургууль ажлаа эхэлсэн байна. Хуучин эмнэлэгийн зохион байгуулалт шинэ технологид тохирохгүй болж эхэлж байгаа нь үнэн. Энэ чинь миний яриад байгаа хүртээмжийн асуудлын нэг хэсэг. Ариун цэврийн өрөө бол хүний хамгийн чухал хэрэгцээ. Тэр тусмаа өвчин зовлонтой хүнд. Энэ наад захын үйлчилгээ нь л гэхэд хүнд хүртээмжтэй, ээлтэй байх ёстой. Суух сандал хүрэлцээтэй байх хэрэгтэй. Уух ус ойрхон байх хэрэгтэй. Ханаа дагуулсан түшлэг бариул байх хэрэгтэй гэх мэт.
-Гадаадын эмнэлэгүүд чинь хүнд ээлтэй, хүртээмжтэй гэж жигтэйхэн. Манай баар ресторан шиг. Тэр эм тариа өгдөг, лавлагаа зөвлөлгөө өгдөг лангуу нь голдоо байрласан байх юм.
-Бүр зарим эмнэлэг нь бол гэрийн нөхцөл шиг байдаг. Манайд ядаж ээлтэй байх талыг нь эхэлж анхаарах хэрэгтэй.
-Тэр лүү л явах хэрэгтэй юм байна л даа. Тэгэхгүй бол манай мөнгөтэй хэсэг нь нэгд эмчилгээндээ итгэхгүй. Эсвэл эмнэлэгийн нөхцөлөө голоод бараг худалч хүнд тариа хийлгэх гэж гадагшаа яваад баахан хий зардал бий болгоод байна л даа. Зөвхөн мөнгөтэй хэсэг ч биш зарим нь хамаг юмаа тэнд сэгсрээд ирж байна. Уншигчдад сонин байх үүднээс аав, ээж, гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Би их өнөр өтгөн гэр бүлд өссөн. Аав ээж минь биднийг үнэнч шударга, хичээнгүй, зорилгодоо хүрэх махруу занд сургасан энгийн сайхан хүмүүс байсан. Аав маань санхүүгийн, ээж маань худалдааны мэргэжилтэй хүмүүс байлаа. Аав ээж хоёр минь бурхан болсон ч би хүмүүст “аав ээж байгаа, тэнгэрт байгаа” гэж хэлдэг юм. Эцэг эх минь биднийгээ тэнгэрээс тэтгэж явдаг гэдэгт бат итгэдэг. Миний ах эгч дүү нар бүгд л сайхан мэргэжил эзэмшиж бүгд мэргэжлээрээ ажиллан сайхан амьдарцгааж байна. Эмч, дипломатич, байгаль орчны, банк санхүүгийн гээд сайхан мэргэжилтэй хүмүүс бий. 
-Танд хамгийн мартагддаггүй сонссон онигоо ямар онигоо байна?
-Оросод оюутан байхад зөндөө л онигоо ярьдаг мэддэг байсан, одоо мартчихжээ. Сайн бодвол санах л байх. Санаанд орсон онигоо нь "Шинэхэн замын цагдаагийн цалинг өгтөл “Өө бас цалин өгдөг юмуу?” гэсэн гэнэ лээ. 
-Найз анд нөхдийнхөө талаар яриач. Тэр тусмаа дурсамжтай дурсгалтай үеээсээ байвал бүр сайн.
-Нэг найз эмчтэйгээ Онцгой Байдлын Газар сургалтанд бэлгийн хүчирхийллийн талаар хичээл зааж байхдаа “за одоо бүгдээрээ бэлгийн ажилдаа орцгооё” гэж хэлж бөөн онигоонд орж байсан нь санаанаас гардаггүй. (инээв) Бэлгийн хүчирхийллийн тухай ярьж байсан болохоор л тэгээд санаандгүй хэлчихсэн хэрэг л дээ. Тэр сургалтанд бас найз эмч маань онцгой байдлын үеийн сэтгэл зүйн хичээл зааж байхдаа “онцгой байдлын үед” гэж бичих байсан слайддаа “онцгүй байдлын үед” гээд биччихэж. Бас л бөөн инээдэм. Онцгой байдлын газрын формтой эрчүүд нирхийтэл инээлдээд шоолохоор бас л ичмээр, аймаар байсан шүү.  (инээв)
-Хамгийн хүндэлдэг зохиолч чинь юу вэ?
-Би багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Маш олон зохиолчдыг хүндэлдэг. Оросын Лев Толстой, Антон Чехов, Максим Горький, Владимир Набоков, яруу найрагч Анна Ахматова, Марина Цветаева унших дуртай. Мөн Агата Кристи, Эрнст Хэмингуэй, Марк Твен, Жейн Остин, Монголын зохиолчдоос Б.Явуухулан, Д.Намдаг, С.Эрдэнэ, С.Пүрэв, сүүлийн үеийн зохиолч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс, Батрэгзэдмаа нарыг хүндэлдэг.
-Хөгжим сонирхдог уу?
-Хөгжимд бас их дуртай. Багадаа ер нь дарга даамал хийж явсан, нийгмийн, урлаг спортын ажилд идэвхитэй оролцдог, бүжиглэдэг, хамтлагт хоолой салгаж, гитартай дуулдаг сурагч байсан, оюутан байхдаа ч урлагийн үзлэгт оролцдог, олон нийтийн ажилд идэвхитэй оюутан байлаа. Ямар ч төрлийн хөгжимд дуртай ч сонгодог симфони хөгжим илүү их сэтгэл хөдөлгөдөг. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.