НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

МОНГОЛ УЛС АЗИЙН САНХҮҮГИЙН САЛБАРЫН ГУРВАН ШАГНАЛ ХҮРТЭВ

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2018-02-02 10:37:06 GMT +8 / | 1255 удаа уншсан

Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset”сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг-Конг-д болов.
Үүнд Монгол улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны 3 дугаар сард гаргасан Хуралдай бонд нь "Finance Asia" сэтгүүлийн  "2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг хүртлээ.
Монгол улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйг олон улс, хөрөнгө оруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Монгол улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Монгол улсын засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл бүрдэж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ: “Монголын эдийн засаг дэлхийн эдийн засагтай улам бүр интеграцилагдаж байна. Алдаа оноотой ч бид урагшилсаар байна. Өнгөрсөн 2017 он бол Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хувьд хүндхэн сорилтой нүүр тулсан жил байлаа. Бид хүндрэлийг хамтдаа амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтийг сэргээж, санхүүжилтийн өртгийг тал хувиар бууруулж, хөрөнгө оруулалтын бааз суурийг бэхжүүлж чадлаа” хэмээн онцолсон юм.

“Finance Asia” сэтгүүлийн шагнал нь хөрөнгө оруулагчдын хувьд дараачийн бизнесийн хамтын ажиллагааг нь чиглүүлэгч луужин болдог учраас тус шагналын эздийг тодруулах ёслол ихээхэн хүлээлт өндөртэй байдаг. Гадаад зах зээлээс босгосон бондынхоо чансаагаар БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсуудтай зэрэгцэн Монгол улсын Хуралдай бонд “Шилдэг хэлцэл”-ээр тодорлоо. 2017 оны хавар гаргасан Хуралдай бонд нь Монголын эдийн засаг хамгийн хүнд нөхцөлтэй, олон улсад рейтинг нь унасан, өрийн дарамттай, хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн доогуур байх үед амжилттай босгогдсон бонд гэдгээрээ ийнхүү олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн тэргүүлэгч 19 улсын гишүүнчлэл бүхий Парисын клубын шинжээчдийн дүгнэлтээр дампуурал зарлахын ирмэг дэхь Монгол улс олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжгүй гэж үзэж байсан тэр эгзэгтэй цаг үед Хуралдай бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж гарч чадсан нь ийнхүү олон улсын санхүүгийн зах зээлд бүтэн жилийн турш ам дамжин яригдсан сэдэв болж байгаа юм.

   “Finance Asia”  сэтгүүлээс Монгол Улсын Засгийн газрыг “Азийн шилдэг хөрөнгө татагч” –аар тодруулсан нь гадаад зах зээлд манай Засгийн газрын рейтинг өсч, эдийн засаг сайжирч байгааг олон улсад албан ёсоор зарлаж байгаагийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлж байна. 2016 оны 3 дугаар сард гаргаж байсан Мазаалай бондтой харьцуулахад бондын хүү 2 дахин буурсан бол харин хөрөнгө оруулагчдын Монголын бондыг худалдан авах эрэлт хүсэлт бараг 8 дахин нэмэгдсэн байгаа нь Монгол улсын эдийн засаг богино хугацаанд сэргэснийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал Мазаалай бонд 10,875% хүүтэй, Хуралдай бонд 8,75% хүүтэй гарч байсан бол хамгийн сүүлд өнгөрсөн 10-р сард гаргасан Гэрэгэ бонд 5,625% хүүтэй гарсан. Хүү буурахын хэрээр хөрөнгө оруулагчдын худалдан авах эрэлт ихэсч, Гэрэгэ бондыг гаргах үед Мазаалай бондыг худалдан авах захиалгаас 7,3 дахин их саналыг хөрөнгө оруулагчид гаргасан байна.

Ийнхүү Монгол улс “Finance Asia” сэтгүүлийн нэр хүндтэй 2 шагнал, Asset сэтгүүлийн “Засгийн газрын шилдэг хэлцэл” шагналуудыг анх удаа нэгэн зэрэг гардан авлаа. Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, эдийн засгаа сэргээх бодлогын шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Чойжилсүрэн шагнал гардан авсныхаа дараагаар “Finance Asia”сэтгүүлд ярилцлага өглөө. Монгол улсын эдийн засгийн онцлог, хямралыг сөрөх бодлого, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн сайжирч байгааг ярилцлагад түлхүү онцоллоо. “Finance Asia”, “The Asset” сэтгүүлүүд нь Англи, Хятад хэл дээр хэвлэгддэг, Европ, Америк тивд ч олон сая уншигчтай, Азийн санхүү эдийн засгийн мэдээллийн хамгийн хүчирхэг сувгууд юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.