НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

101 өдрийн өнгө 1001 шөнийн үлгэрээс хол байх уу?

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
16 өдрийн өмнө /2018-02-09 11:22:14 GMT +8 / | 3712 удаа уншсан

1.

У.Хүрэлсүх эрч хүчтэй ажиллах итгэлийн очийг зон олонд төрүүлж гарч ирснээс хойш 100 гаруй өдөр болжээ. Өөрөө ч ийм итгэл өвөрлөж 101 гаруй өдрийг өнгөрөөж яваа байх. Тэрбээр жанжин Сүхбаатар шиг золбоолог үг, өгүүлбэр хэлж гарч ирсэн. 101 хоногийн өмнө шийдэмгий, ширүүн байгаагаараа тэрхүү домогт хүнийг санагдуулж байлаа. Одоо тэр эрч нь саарч уу, сармагжиж уу гэдэг жирийн иргэд бидний хувьд хийсэн ажлаас нь дутуугүй сонин фактор болж байгаа билээ. Хүний гадаад имиж, дотоод ертөнц хоёр ямар нэг нарийн сэжмээр холбогддог. Нүдэнд дулаанхан хүн нүгэлтэй хүйтэн явдалтай байх нь туйлын ховор тохиолдол. Бурхан хүнийг гаднаас нь эхэлж бүтээдэг гэсэн эртний үг ч бий. Тиймээс Хүрэлсүхэд эрчтэй, эрэмгээрээ бүрэн эрхийнхээ хугацааг гүйцэлдүүлээсэй гэсэн хүлээлт бий.
Ер нь бол Хүрэлсүхэд шийдэмгий, зоригтой, ялимгүй хөөргөн имиж зохино л доо. Бас дээр нь цэцэн цэлмэгээс гадна хурц содон ухаантай, ажлыг гялалзуулдаг имижтэй байвал зүгээр л дээ. Ийм имиж зохино. Үнэн бодит дүр нь ийм байвал бүр ч сайн. Одоогоор ийм байгаа. Ер нь Монголын нийгмийн буулга хатуу учир цаашаа хэн болох нь тодорхойгүй. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэсэн үг ч ор үндэсгүй болов уу. Гэхдээ энэ үг Манжийн дарлалын үе, Их хэлмэгдлийн үетэй уялдаж амилсан үг байх. Тийм ч байх болтугай. Ер нь бол манай нийгэм, бидэнд одоо давамгайлан үйлчилж байгаа зарчим Хүрэлсүхээс хамааралгүйгээр хачин өөдгүй амьтан болгож түүнийг хувиргаж чадна. Яагаад гэвэл бид ядуу, ядарсан. Шударга бусад идэгдсэн, шуналд автсан. Бид хэт улс төржсөн. Бидний хийдэг үндсэн ажил нь улс төр болох шахсан. Зарим талаараа болчихсон. Их багагүй. Ийм ажил, мэргэжилтэй шилдэг боловсон хүчний бүхэл бүтэн арми, бүр нийгмийн давхарга буй болсон.
Үүний хар шуурганд манай олон сайхан улс төрчид хэмх цохиулж хүний адаг, хөхүүрийн бөглөөс болж яваа. Ийм учраас Хүрэлсүхийг байтугай Алмаазсүхийн ч ирийг эмтлэх хүч бидний сүүлийн 20 жил олж авсан хэвшмэл зан үйлд бий. Эцэстээ энэ шуурганд автах эсэх нь Хүрэлсүхийн болон түүний командын аль зэрэг шандастай “деформацлах”-аас хамаарах эд. Арван хэдэн сайд нэгдмэл байгаад зөв бодлого явуулбал овоо л “деформацлах” байх. Тэр нь өнөөдөртөө өргөн эсэргүүцэлтэй тулгаравч эцэстээ өнөө ард түмэн болсон бидэндээ хэрэгтэй л дээ.
Хүрэлсүхийн зон олны итгэл, сэтгэлийг цуглуулсан голч сүлд үг бий. Тэр нь: “Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй” гэж. Энэ бол эрх зүйт төрийн том уриалга. 
Энэ нь ёс ёмбогор төр төмбөгөр байлгаач гэсэн хэрэг. Харин өөрөө үүнийг уриалчихаад буруу буулганд дарамтлуулаад, хов жив, үзэл суртал, өнгө мөнгөөр ажлаа явуулахгүй үлгэрлэх хэрэгтэй. Хүрэлсүх болон түүний кабинет хууль бус юм хийхгүй байгаасай, байнга нотолж байж энэ уриалга биеллээ олж эерэг үр дүн өгнө.
Манай улс орны байдал маш хүнд байгаа. Эдийн засгийн том дарамт. Үүнээс үүдэлтэй нийгмийн амьдралын түмэн зовлон. Түмэн зовлонг ядаж түмэн хоногт шийдэх байх л даа. Тиймээс түмэн проблем, зовлон далайд живж үл болно. Маш олон параметр дээр зэрэг гишгиж хөгжлийн механизмыг урагшлуулж, хүндэрлээс гарах хэрэгтэй болно. Тэгэхдээ түмэн параметр дээр зэрэг гишгэж хэн чадах билээ. Аливаа юманд физик боломж байдаг. Хүсэл мөрөөдөл бол хязгааргүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ утгаар дээрх санааг бичлээ.
Энгийн жишээ, дөнгөж сая Олон улсад нэр хүндтэй “Энхийн шагналыг” Б.Энхравдан эмч хүртлээ. Тэрбээр 62 мянган хүүхэд нялхаст мэс засал хийж, манай ирээдүй болсон багачуудын эрүүл энхийг хамгаалсан байна. Энэ бол Б.Энхравдан докторын насан туршдаа хийсэн ажил. Энэ хүний физик боломж. Нэг талаас нэг хүнд дааж давшгүй ачаа. Энхравдан доктор хэзээ нэг цагт анхны мэс ажлаа хийж л эхэлсэн байж таараа. Одоо 62 мянга.
Үүн лүгээ энэ Засгийн газар ирээдүйн түмэн сайн үйлийн эхлэлийг тавих мянган сайн үйлс бүтээх болтугай л гэсэн үг юм даа. Энэ бол өчүүхэн хүн миний борог бодол. Энэ Засгийн газар замдаа онхолдолгүй явбал мянга орчим хоногийн настай бүрэн эрхийн хугацаатай. Мянган асуудал дор хаяж шийдэж болох боломж. Иймд энэ Засгийн газар түмэн хоногийн настай юм шиг түмэн ажилд түүртэж аманд ч үгүй, хамарт үгүй болж болохгүй. Мянган асуудлыг л шийдэх хэрэгтэй. 10 алсын ажлыг эхлүүлж, 100 цэгцтэй ажлыг явуулж, 1000 ажлаа гүйцээх. Заавал 10, 100 гэж хэлж байгаа юм биш сэтгэжмж дүрслэлээр бичиж байгаа гэдгийг уншигч авгай бодолцоно биз ээ. 
Сүүлийн гурван хоног Засгийн газрын 100 өдрийн тайланг дүгнэж олон арван эерэг болоод сөрөг дүгнэлт хөвөрч байна. Дүгнэлтүүд хөвөрч байгаа нь энэ Засаг гараа хумхиад суугаагүйн нэг нотолгоо. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: “Өнөөдөр Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа тавилаа. Үүнээс гарсан онцлох шийдвэрийг дурдвал: 
1. ОУВС-тай ярилцсаны эцэст Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг цуцаллаа. Ингэснээр татварын хувь хэмжээ өмнөх шатлал руугаа орж, бүгд адилхан 10 хувиараа татвараа төлнө. 
2. Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ 
3. Тэтгэврийн насыг эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр гарах эрхийг нээсэн байна.
4. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно” гэж фейсбук хуудсандаа бичжээ. Хэрвээ энэ бүхэн биелэлээ олох боломжийг Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нээж чадсан юм бол бас ч гэж 100 хоногийг талаар өнгөрүүлээгүй байна гэсэн үг. Тэр тусмаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга ингэж бичиж байхыг бодоход хариуцлагатай мэдэгдэл. 
Ер нь сайндаа бид ОУВС-ын хяналтанд орсон юм биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Аргаа ядаад л орсон. Тэд өгсөн юм аа эргүүлж авахын тулд хянаж, хавчиж л таараа. Тэр бол хариуцлагтай улсын ажил. Иймд Валютын сан руу муу үг шидэх нь та бидний “өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана” гэдгийн үлгэр. Тэдний юмыг нь эргүүлж өгчихөөд яаж таахалзах нь та бидний жудаг, журмын асуудал. Манай улсын хамгийн сул тал бол эдийн засгийн хүндрэл. Эдийн засгийн хүндрэл нийгмийн дарамтыг дагуулдаг. Улс төрийн хямралыг өдөөдөг.
Энэ бүх дарамт хямралын эх нь, ээж нь, эмээ нь шат дараалан хүлээгдэж байгаа гадаад өр юм.
Миний ойлгосноор, манай авсан зээл. Бидний төлсөн, төлж байгаа, төлсөөр байх, төлөөд төлөх зээл ба түүний хүү нэг ийм юм байна.
1.    Евро бонд: 2012 онд 580 сая ам доллар, 5.75 хувийн хүүтэй. 5 жилийн хугацаатай.
2.    Чингис бонд: 2013 онд 1.5 тэрбум доллар
Үүнээс 
А. 500 сая доллар нь нь 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй. 
Б. 1 тэрбум доллар нь  10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй.
3. Самурай бонд: 2013 он 24.3 тэрбум иень 1.25 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай
4. Дим сам: 2015 он 1 тэрбум юань. 3 жилийн хугацаатай, 7.5 хувь хүүтэй. 
5. Мазаалай: 2016 он 500 сая ам доллар, 10.185 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай гэсэн дүр зураг гарч байна.
Монголчууд ярьдаг. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж. Энэ үгийг жишээ нь миний бие залуу зандан явахдаа их л хийсвэрээр хүлээн авдаг байлаа. Надад болоод манай үеийнхэнд агаарын ойлголт, уран дүрслэлийн ойлголт юм шиг санагдаж байв. Гэтэл тэр “Өргүй бол баян” гэдэг ямар үнэн үг вэ?
Одоо бол яс махандаа тултал мэдэрч байна. Өнөөдөр босгосон бүтээсэн бүхнийхээ үр шимийг энэ ИХ ӨРӨНД тавиад тууж байна. Юм олоод түүнээ хүнд өгөөд байхад энгийн бидний харьцаанд ч хүнд байдаг шүү дээ. Энэ бол мянга мянган багш, эмч нарын цалин пүнлүүг нэмэх, амьдралын чанарыг булааж авч байгаа юм. Зуу зуун цэцэрлэг, сургууль, орон сууц, тавдугаар цахилгаан станцыг босгох юмаа өгч байна гэсэн үг. Өгөхгүй өрөндөө баригдвал өтөнд идэгдэх болно. Өтөнд идэгдэхгүйн тулд өрөө төлөөхөөс өөр аргагүй.
Ургашаа харах, хөгжилд тэмүүлэх бололцоог тас хааж байгаа юм бол өрийн үлэмж их дарамт гэдгийг ард түмэн бид хатуу ойлгож байна.
Үүнээс гарч байж л нар өөд харна. Одоо бидний зарим нь аргаа барахдаа бурханаа зарна гэгчээр өр тавьсан этгээдүүдийн хатгаас, явуулгаар жагсаал цуглаан хүртэл хийж байна. Иймд Хүрэлсүхийн Засгийн газар өр зээлийн менежментийг маш сайн хийх хэрэгтэй байна. Хямралын эхийг, эмээг байранд нь тавих хэрэгтэй. Үлдсэн 1001 хоногт. Үүний тулд Засаг муу нэр хүлээж байсан ч ард түмэнтэйгээ хамтарч энэ хямралыг цааш нь харуулах нь нэн чухал зорилт, зорилго, зарчим, гавьяа...гарц, орц, олз, боломж, хөгжил, дэвшил болчихоод байна. 
Зүйрлэж хэлбэл, Монгол Улс маань 700 мянган төгрөгийн цалинтай атлаа 120 квадрат метр супер орон сууц сэтгэлийн хөдлөлөөр ипотекийн зээлээр аваад амьдарч суугаа гэр бүлтэй л төстэй юм байна даа. Юм л олбол ипотекдээ өгчихнө. Тэгэхээр энэ гэр бүлийн гишүүд бүгд 700 мянган төгрөг авдаг болох. Тэгээд цаашлаад дор бүрнээ 700 биш 1.4 сая төгрөгийн цалин орлоготой болох ийм зам буй. Ипотекийн муу зээлээ чанаржуулахын төлөө зүтгэх арга бий. Дээрхтэй уялдуулж хэлэхэд, АНУ, БНСУ-д Монгол хүн олноор ажиллах бололцоо нээгдэж буй нь Монголд орж ирэх валютын урсгалд нөлөөлнө. “Ипотекийн зээлээ” төлөхөд айл гэрт тус дэм болох тасалдан хоржигнох нэг горхи болох юм. Одоохондоо, одоохондоо шүү!!!
Яг нарийндаа тэдний ихэнх нь урд урдаас уламжлагдан тавигдсан улс орны “ипотекийн зээл”-ийг төлөх гээд аргаа бараад улс орноо орихоод гадагш яваа хүмүүс. Эх орноо хамгаалах гээд фронтод явдагтай л адилавтар юм уу даа, хаашаа юм?!
Ээж, аав, эхнэр, хүүхэд, орон гэрээ орхиод явж байхыг бодоход адил юм.
“Ипотекийн зээл”-ээ төлчихсөн байхад энэ хүмүүс эргэн ирж Монголдоо гол мөрөн үерлүүлэн урсгах болтугай гэж ерөөе. Түүнээс У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарыг өнөөдөр мянга хараагаад багш, эмч нарын амьдралын чанарыг сайжруулахгүй. Эд урдын муу үйлийн хорлолд шаварт суучихаад байгаа хүмүүс. Харин эднийг зөв юм хийх бололцоог олгох нь чухал.
Тэд сайд л болсон болохоос бидэн шиг л ажил хийж амьдрах гэж яваа хүмүүс байх. Түүнээс баахан мөнгө туучихаад АНУ юм уу, Баруун луу дүрвэж зугтаах гэсэн хүмүүс биш байх.
Тэднийг харин хууль бус юм гэгдэх хулгай, луйвар хийлгэхгүй байх, хяналт, хариуцлагатай ажиллуулах, өнгө мөнгөнд автуулахгүй байхыг хянаж, сэрэмжилэх нь л бидний үүрэг.
100 өдрийн хамгийн ололттой нэг бодит алхам бол Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн мөн болой.БНСУ-ын Засгийн газрын 500 сая долларын зээл. 0,2 хувийн хүүтэй. Эргэн төлөгдөх хугацаа 30 жилийн хугацаатай. Зээлийн үндсэн төлбөрөөс 10 жилийн дотор мултрах нөхцөлтэй зээл. Дээрх 2013, 2015, 2016 оны зээлүүдээс хамаагүй сонсголонтой сонсогдож байгаа биз?!
Энэ бол нэг алхам. Ийм алхамыг Б.Энхравдан эмч шиг олон удаа хийж байж бид энхжин амьдрах болно. Мөнхжин жаргах болно.

2.

Энэ Засгийн газрын сайн сайхан юм нь Ж.Эрдэнэбатын болон түүнээс өмнөх Засгийн газрын сайн үйлийн үр гэдгийг мартах аргагүй. Хүндрэл муу сул тал нь бас л урд үеийнхний хийсэн муу үйлийн үр цэцэглэн боловсорчихоод байгаа байдал. Сайн үйлс байна аа. 2012 оны Чингис бондын өрийг дарсан. Энэ амьсгаа авалт нь Монгол улс өрнөөсөө болоод том гүрнүүдийн “өрийн “автономит муж” улс болохгүй юм байна аа” гэсэн зарыг дэлхийн чихнээ тарааж чадлаа. Ард түмэн болсон Бид ч урамшлаа. Өрнөөс бид юм бүтээж байж гарна. Төлж байж гарна. Тэгж байж “өргүй бол баян” гэж өндөлзөнө. 
Иймээс шат болгондоо, хүн бүр тэр өр уран сэтгэмжийн өр биш, агаарын ойлголт биш түрүүвчийг чинь, төсвийг чинь шимж байгаа өр гэж байнга ухамсарлах. Шат шанадаа гэхээр,жишээ нь, Хотын мэр Су. Батболд нөхөр хий зардал гаргахгүй байх ёстой. Шалтгаангүй замын бордер сольдог урд мэрээсээ уламжилж ирсэн уламжлалыг огт умартах хэрэгтэй. Огт хүн явдаггүй шахам газар явган хүний өргөн дардан зам тавьдаг уламжлалыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэрбум тэрбумаар ганц сарын наст ургамал, цэцэг навч гудманд тарьдаг уламжлалыг давтахгүй байх хэрэгтэй. Шинэ мэр бол шинэ л мэр байх хэрэгтэй. 
Аймгийн дарга нар Говь-Алтай аймгийн төв рүү ордог шиг угталтын хаалга барьдаг уламжлалыг өвөлж аваад яах вэ?! Жил болгон шахуу дулааны шугам сольдог бизнесийг болих хэрэгтэй. Тавьж байхад нь хянах хэрэгтэй. Хуучин шугам, эсвэл чанаргүй шугам тавиулаад цоорсон хойно нь солих биш ажил гүйцэтгэлийн явцад хянах. Гэх мэт түмэн зөрчлийг хумьж өрнөөс гарна. Ганц жишээ дурдахад Германд 250 жил болсон усны шугам байдаг л юм билээ. Гэтэл манайд нэг хоёр жил болоод солиод байдаг. Засгийн газар 2018 оныг “Хариуцлага”-ын жил гэж зарлалаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: “Хэлнэ гэдэг бол хийхийн хагас” гэж нэгэнтээ хэлж байсан санагдана. Тэр сэтгэмжээр бол “Зарлана гэдэг засахын хагас байх болтугай” гэж ерөөе. Хариуцлагын 70 хувь нь хяналт юм шүү дээ. Хяналт гэдэг мөшгөж мөрдөөд л, тамалж зовоогоод л байхын нэр биш ажил зөв гүйцэтгэх механизмыг бодож олох. Түүнийг дадал болгох л юм даа.
Саяхан Твиттерт D.Enkhbold‏ @dorjgotovJ гэдэг хаягнаас: "Монголдоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн тогтолцоог бий болгомоор! Импортыг орлох үйлдвэрлэлийг ДЭМЖВЭЛ гадагшаа мөнгөө өгөхгүй!!” гэж бичжээ.
Энэ бол жирийн иргэд бидний ойлгодог болчихсон ойлголт, хүсэл эрмэлзлэл. 20-25 жилийн өмнө “Монголд цемент үйлдвэрлээд яах вэ? Гаднаас л хямд цемент авчихъя” гэдэг байлаа. Одоо дотооддоо гурван сая цемент үйлдэвлэдэг болж. “Монголчууд гутал хийгээд яадаг юм бэ гаднаас бөөнөөр нь оруулаад ирье” гэдэг байлаа. Одоо бол бид хийе, босгоё. Импорт орлуулья гэдэг болж. Памбагар цагаан эсгий гутлаа эдүүгээчлэн сайжруулаад хийе гэдэг болж. Энэ урам зоригийг сэрээх нь энэ Засгийн газрын гавьяа байх. 10-аад жилийн өмнө “Атрын III аян ч дээ” гэж байсан хүмүүс бий. Гэтэл болсон шүү. Гурил будаагаа, хүнс ногоогоо болгож л байна. 20-оод жилийн өмнө “Мянганы зам ч дээ” гэж байсан. Гэтэл болсон шүү. 27 жилийн өмнө гэрэлтэй аймгийн төв байдаггүй байлаа. Өнөөдөр гэрэлгүй сумын төвгүй болсон шүү.
Ер нь тухайн ард түмний давуу тал, үндэстнийхээ менталите́т хоёр дээрээ тулгуурлаж л эдийн засгаа хөгжүүлэх нь язгуур эрх ашиг. Ингэсэн улс орон хөгжинө. Ийм зам урт холыг туулна. Улс орон болгонд хөгжлийн нэгдсэн жор байдаггүй гэнэ лээ. Хөгжлийн жороо өөрийнхөө ард түмний давуу тал, үндэстнийхээ менталите́т дээр тулгуурлаж найруулдаг юм гэсэн. Энэ бол манай Монголд уригдан ирж, бид лекцийг нь шүтэн сонссон, эдийн засагч Эрна́ндо де Со́тогийн үзэл санаа юм билээ. 
Ажил болгохгүй бол хий лекц сонсоод яана?! 
Амьдрал болгохгүй бол гэр бүл болоод яана?! 
Ийм л байна. Төр засаг минь.
Энэ харин миний үг боллоо шүү.
Хөгжлийн жороо зөв найруулах л энэ Засагт үлдлээ. Жор зөв найруулбал эм болно. Буруу найруулбал хор болно. Эм гашуун ч эрүүл мэндэд тустай. Хор амттай ч эд эрхтэнд халтай.
Иймд том үйлдвэрээ дагуулаад жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлнэ үү, жижиг дундаа хөгжүүлээд том үйлдвэрээ босгоно уу, хэлэхээс хийх рүү л явах хэрэгтэй. Бүх зөв юмыг зэрэг явуулах л хэрэгтэй байх даа.
Манай мах, ноос, ноолуур, арьс шир, нэхий гээд их юм байна даа. ОХУ-д,  оросуудад АНУ, Европ санкци тавьчихаад байхад л мах махан бүтээгдхүүн, ноос, ноолуур, арьс шир, савхи, нэхийн зах зээл рүү нь орчихож чадахгүй юм даа, бид. Бүхэл бүтэн дөрвөн жил боллоо. Цаана чинь Якутад л гэхэд -70 градус хүйтрээд байхад чинь. Тэр хүйтэн нь манайх руу орж ирж байна. Харин тэр хүйтэнд нь бид нимгэн нүцгэн жагсаж л байх шив дээ.
Нэг ийм жишээний.
1001 шөнийн үлгэр биш мянган жилийн баясгалангийн суурийг тавих 1000 өдөр Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг хүлээж байна гэж найднам. 
Төрийн гурван өндөрлөг одоо дотоод тэмцэл байдаг бол зогсоо. Хэн илүү вэ, хэн нь шударга вэ гэдэг уралдаанаасаа илүү хэдүүлээ юу хийх вэ гэдэг уралдуун руу ард түмнээ залбал ч учир байна аа байна. Заримдаа хоёр, заримдаа бүр гурван өөр юм яриад байгаа юм уу хаашаа юм, гэмээр юм сошиолоор болон бусад сувгаар явах юм. Нэгдэж ажиллах цаг. Дээр дооргүй цул хүчин Монголын хөгжлийг урагшлуулна. Өндөрлөгүүд маань байр байрандаа, суурь сууриндаа очлоо, одоо яах гээд байгаа юм?!
Ингэж гэмээ нь101 өдрийн өнгө 1001 шөнийн үлгэрээс хол байж, 1001 сайн үйлийн үр бүтнэ. Монголын ард түмэн бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэдгээс илүү өөр эрх мэдэл, ажил алба, хэргэм зиндаа одоохондоо шинээр зохиохгүй байх. Урьдын цагт хүчтэй Монгол гүрэн байсан бидний өвгөд дээдэс, эдүгээгийн бидэнд хөгжилтэй Монгол улс болох бололцоо нээлттэй хэвээр л байгаа.

3.

2017 оны хавар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг төлсөн. Чингис бондын эхний 500 сая ам.долларын өрийг дарлаа. 
Удахгүй ДИМСАМ-ын 160 саяыг төлөх болно. Энийг "Гэрэгэ" бондын үлдэгдлээс төлөөд үлдсэнээр нь 370.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авлаа. Энэ мэтчлэн Их өрийн мөнгийг өртөөлөн хөөсөөр...
Иймд "Өр зээлийн" менежментээр энэ засаг нэг хэсэг "занималдах" нь зайлшгүй боллоо. "Өргүй бол баян, өвчингүй бол жаргал" юутай үнэн үг вэ. 2020 он хүртэл амсхийлгүй явсугай.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.