НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ДЭЛХИЙ 6 ДАХЬ ХЯМРАЛ РУУГАА ЯВЖ БАЙНА

Г.Төртогтох     Нийтлэгч
6 сарын өмнө /2018-02-09 11:50:00 GMT +8 / | 2782 удаа уншсан

 

“ӨНГӨТ ХУВЬСГАЛААР” 2005 ОНД ТҮЛХЭН УНАГААГДСАН, КИРГИЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АГСАН АСКАР АКАЕВ МОСКВАД, И.Р.ПРИГОЖИНЫ НЭРЭМЖИТ, НАРИЙН НИЙЛМЭЛ СИСТЕМИЙН МАТЕМАТИК СУДАЛГААНЫ ИНСТИТУТЭД ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮН АЖИЛТНААР АЖИЛЛАЖ БАЙГАА АЖ. ТЭРБЭЭР ЭНЭ ХУГАЦААНД МАНАЙ ГАРИГИЙН 2050 ОН ХҮРТЭЛХ ИРЭЭДҮЙН ЗАГВАРЧЛАЛЫГ ХИЙЖ АМЖЖЭЭ. ОЙРЫН ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙГ БОЛОН ЕВРОАЗИ, ОРОСЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ТУХАЙ ТЭРЭЭР “РУССКИЙ РЕПОРТЕР” СЭТГҮҮЛД ВЛАДИМИР ЕМЕЛЬЯПЕНКОТОЙ ЯРИЛЦЖЭЭ. НЭН ШИНЭХЭН ТҮҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ АГСАНЫ НҮДЭЭР ХЭРХЭН ХАРАГДАЖ БАЙНА ВЭ? ЭНЭ ТУХАЙ ДОР ТОВЧЛОН ТОЛИЛУУЛЖ БАЙНА.

ДЭЛХИЙ ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?

-Эдийн засгийн тав дахь хэвшлээс зургаа дахь руу шилжих үеийн хямралд явж байна. Зургаа дахь үе шинжлэх ухааны нийлбэр буюу уулзвар дээр төрөн гарч буй гений инженер, био, нано, когнитив технологи эсвэл NBIC-технологи руу явж байна.
-Энэ нь дэлхийн хөгжлийн математик загварчлалтай ямар холбоотой вэ?
 -2008 оны хямрал болоход бүгдээрээ эдийн засагчидад уурлаж, тэд хаана байв, яагаад урьдчилан хэлсэнгүй вэ гэцгээж байсныг санаж байна уу? Эрдэмтэд урьдчилан хэлж байсан. Гэвч тэднийг сонсоогүй юм. Уг нь байнга ийм байгаагүй л дээ. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал ямар аюулд хүргэж болох тухай математик загварчлалыг Зөвлөлтийн академич Никита Мосиеев болон Америк  Карл Саган нар хоорондоо холбоогүйгээр, тус тусдаа бүтээсэн билээ. Тэдний үгийг сонсч, цөмийн зэвсгийн тэнцвэртэй байдал болон үл дэлгэрүүлэх тухай гэрээг хийсэн. Эдгээр эрдэмтэд ирээдүйн хөгжлийн загвар бүтээхийн төлөөх уралдааныг эхлүүлсэн гэж болно. Шинэ эринд, хэн хөгжлийн эдийн засаг, улс төр, дэлхийн байгууламжийг алдаа мадаггүй урьдчилан төлөвлөж чадна тэр манлайд цоройн гарч чадна.
-Та эдийн засгийн шинэ хямралын давалгаа болно гэсэн. Хэзээ вэ? Энэ нь технологийн зургаа дахь хэвшилд шилжихтэй яаж холбогдох вэ?
-Шууд. Технологийн нэг хэвшил нөгөөд шилжих явц байнга ширүүн буюу дайн  хүйтэн дайнд хүргэж эсвэл зөөлөн, тухайлбал ажилгүйдэл, дампууралд хүргэх болон бусад  хямралыг дагуулдаг. Бүгд тэдгээрийг шийдвэрлэх аргаас одоо бол загварчлалын хувилбаруудаас шалтгаална. Нэгдүгээр хэвшлээс дараагийнхад шилжихэд ийм байсан. Энэ бол уурын хөдөлгүүрээс хоёр дахь хэвшил цахилгаанжилт руу эндээс гурав дахь буюу дотоод шаталтын хөдөлгүүр тэгээд дөрөв дэх атом руу шилжилт хийгдсэн. Манлайлагч орнуудын эдийн засаг урт давалгаагаар хөгжиж байна. Энэ хуулийг / урт давалгааны буюу орчилын онол / бүр ХХ зууны эхэнд Орос эрдэмтэн Николай Кондратьев нээсэн юм. Тэрвээр 45-50 жил тутамд зайлшгүй хямрал тохиолдох агаад энэ нь хөгжлийн шинэ загварын эрэл хайгуул юм гэдгийг үндэслэсэн билээ. Тэрээр 1929 оны аугаа уналтыг урьдчилан хэлсэн юм. Мэдээж хэрэг, түүнд өөр нэг аугаа эдийн засагч, Иозеф Шумпетерээс өөр хэн ч итгээгүй билээ. Тэрээр  бас эдийн засаг 30-40 жил тутамд инновацийн импульс авч тэр нь урт давалгааг бүрэлдүүлдэг гэсэн юм. Гэхдээ одоо үед хурдац явагдаж, Кондратьевийн урт давалгаа буюу орчил зургаа дахь технологийн  хэвшлийг хурдацтайгаар- 30 жилээр ойртуулж байна. АНУ, Япон, Герман NBIC-технологи, энэ хэвшлийг, нэг үгээр хэлбэл сүүлдэж аваад байна. NBIC- технологи гэдэг бол үүсмэл инноваци. Эрин зууныг эзэлсэн хэвээр үлдсэн  инноваци бол хөдөлгүүр ба  атом бөгөөд ийм инноваци  зуу-хоёр зуун жилд нэг удаа бий болдог юм. Үүсмэл инноваци дэлхийд "гал өрдөж" чадахгүй. Иймээс дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд цаашид буурна. 
-Ээлжит хямрал хэдийд вэ?
-Одоохондоо хоёр жижигхэн хямралыг амсаад байна. Орчил буюу 70-аад онд, атомын эрин холбоо харилцааны эринээр солигдох үед болсон шиг том хямрал, 2038-2040 онд болно. Түүний урьтал нь зууны дунд үеэс давамгайлагч эрчим хүч болсон хийн үнэ тэнгэрт хадна. 2040 оны дараа хий, термоядерын нэгдлийг хална. Одоогоор биднийг “эрин зуун”-ны биш хямрал зовоож байна. Хямрал, газар хөдлөлт адил, хоёр-гурван давалгааг туулдаг юм. Хоёр дахь давалгаа 2014 онд эцэстээ хүрсний дараа сэргэлт эхэлсэн. 2016-2017 онд хямралын гурав дахь давалгаа үл ажиглагдам байдлаар илрэх авч инфляци хөөрөх аюултай. Маш их мөнгө үйлдвэрлэлд биш, банк, санхүүгийн систем рүү орно. Ийм учраас өндөр инфляцийн үе дэх эдийн засгийн уналт эхэлнэ. Зөвхөн үүний дараа л манлайлагч буюу технологийн зургаа дахь хэвшлийг тэмтэрсэн орнууд 2017-2018 оноос амьсгаа авч эхлэх болно. Өсөлт эхэлнэ. Контратьевийн онолоор энэ нь 2040 он хүртэл үргэлжлэх юм.
-Та эдийн засгийн өсөлт 1.5-3.0 хувьд хүртэл удааширч, “хэрэглээний суурь хязгаарлалт” болно гэж төлгөчилж байна. Хүнийг хэрэглээнээс гаргахын тулд Дэлхийн хөгжлийг ингэж загварчилж болно гэж үү? 
-Хэрэглээнээс бол үгүй. Хэрэв тэсч үлдэхийг хүсвэл хэт хэрэглээнээс татгалзахаас аргагүй. Манай гариг дээр зөвхөн “алтан тэрбумтанууд л” амьдардаг биш шүү дээ. Дунд анги нь Күнз, Буддийн үнэт зүйлсийн талд үлдсэн Хятад, Энэтхэг аюултай үлгэрлэл үзүүлж, тэдний араас Орос, Бразил явж байна. Чухамхүү тэд тансаг хэрэглээний сүйрэм эрэлт хэрэгцээг бий болгож байна шүү дээ. Хэт хэрэглээтэй тэмцэх тэмцэлдээ хүн төрөлхтөн өөрийн Перл-Харборыг амсах цаг ирнэ гэж би бодож байна. Саяхан немцийн эрдэмтэн Эрнест Фон Вайцзеккерийн “хүчин зүйл-5” гэдэг ном орос хэл дээр орчуулагдаж гарсан. Энд тэрээр, хэрэв БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) АНУ-ын хэмжээнд хэрэглээд эхлэх юм бол, амьдрахын тулд Дэлхий шиг таван гариг шаардлагатай болно гэж тов тодорхой нотолсон байна лээ. 
-Эрдэмтэд технологийн хэвшлийн хөгжлийг загварчилахдаа зөвхөн урьдчилан дүгнэгчид төдийгүй, өдөөн хатгагчид байдаг юм биш үү? Устөрөгчийн бөмбөгийг бүтээсэн академч Сахаров өөрийн бүтээлээсээ айн балмагдаж, Оросын аугаа ардчилагч болсон. Хувь заяаны шоглоом юунд вэ гэвэл, та технологийн зургаа дахь хэвшлийг эерэг зүйл гэж урьдчилан дүгнэж байна, энэ хэвшлээс болж дэлхий хэт хэрэглээндээ хахаж цацах юм биш биз дээ. 
-Халаг гэж, дэлхий энэ чиглэлд явж байна. Атомыг чөлөөлөхөд яалаа? Дайн болсон, зорилго нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчирхэг зэвсэг бүтээх явдал болов. Зөвхөн тэр үед л академч Сахаров, Моисеев, америк Карл Саган мэтийн алдартнууд бүр бүс нутгийн хэмжээний атомын дайн гэхэд л дэлхийг үнсээр булна гэдгийг нотолсон бөгөөд, дэлхий бодолд орсон билээ. Одоо хэт их хэрэглээ дэлхийн био мандалд  дарамт учруулснаар хүн төрөлхтнийг устгаж болох тухай бодох цаг ирлээ. Атомын бөмбөг хэрэггүй. Бүр устгах төдий биш, газар дэлхийгээс хүмүүсийг зүй ёсоор хөөх үйл явц болно. Өөрийгөө цэвэрлэх явц.

ОРОС ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ? 


-Тогтвортой хөгжлийн тухайд Орос өөрийгөө тодорхойлох цаг иржээ. Хятад бүтээгдэхүүн, Энэтхэг үйлчилгээ үйлдвэрлэж байна. Харин Орос?
-Оросын хөгжлийн загвар БРИКС- группын хөгжилд дүн шинжилгээ хийхээс урган гарна. Хятад дэлхийн фабрик болсон, энэ байр сууриа цаашид бэхжүүлнэ. Энэтхэг мэдээллийн үйлчилгээг сонгов. Учир нь үйлдвэржилтээр Хятадыг давах боломжгүй нь харагдсан. Оросын хувьд өндөр технологи, шинжлэх ухаан шингэсэн эдийн засаг мөн. Хөгжиж буй манлайлагч  эдийн засгуудын дунд түүнтэй өрсөлдөгч байхгүй. Энэ бол зөвхөн бидний бодол биш. Голдман Саксаас хийсэн 2050 он хүртлэх хугацааны урьдчилсан дүгнэлтэд Оросыг загварчилсан байна. Эндээ, Орос энэ хугацаанд асар их нэмүү өртөг агуулсан өндөр технологи бүтээж, экспортлох замаар дэлхийн хамгийн хүчирхэг, том гүрнүүдийн нэг болохыг бодитойгоор үзүүлжээ. Одоохондоо энэ технологи зөвхөн батлан хамгаалахыг урагшлууж, иргэний салбарт өндөр технологийн бүрдэл дутмаг байгаа нь өөр хэрэг. 
-Технологийн зургаа дахь хэвшлийн бүтэцэд өөрийн байр суурийг хайх, эрин үеийн дуудлагад хариу өгөх чадвар Оросын хувиа хичээсэн, авилгажсан сэтгэлгээтэй элитүүдэд байна уу?
-Хэрэв хөрөнгөө хувийн бизнес рүү биш, тэд “ мөнгө хурдан олох” талд ажилладаг, харин улсын секторт оруулвал боломжтойг урьдчилсан  дүгнэлт харуулж байна. Бүр АНУ, Япон гэхэд л шинжлэх ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг эхлээд улсын сектороор, цэргийн байгууллагаар дамжуулан гаргаж ирсэн байдаг. Хувийнхаар ч бас дамжуулсан. Харин харамсалтай нь манайхан хэт их ашиг өгдөг байгалийн, өнөөх хараал идсэн  нөөц дээрээ суусаар байна. Бидний тооцоолсноор Орос улс бодиттой шинэчлэлийг 20-иод оноос л барьж авах нь. Одоо бүгд л 4-5 хувийн өсөлт хүсч байгаа ч тэр нь алга. Үсрэлт хийе гэвэл энэ нь загварчлалын бус,  харин улс төрийн эр зоригын асуудал болно. Ингэвэл Орос эрчимтэй урагшлах болно. Оросын чадавхи бол магистрал чадавхи юм. Газар зүйн хөршүүдийнхээ хувьд энэ бол гол чиргүүл нь гэсэн үг. Белорусс, Казахстан яагаад Оросоос амжилттай өндийв гэвэл тэднийг Оросын магистрал татаж гаргасан хэрэг. Минск нефтийн бүтээгдэхүүнийг хөнгөлттэй ба хямдруулсан үнээр авч бүтээгдэхүүнээ Оросод борлуулж байна. Астана нефтээр дутахгүй ч Оросын дэд бүтэцийг-төмөр зам, боомтуудыг хөнгөлттэйгээр ашиглаж байна. Казахстанд том усан онгоц байхгүй. Хэрэв Орос эдгээрийг дэлхийн жишиг үнэд шилжүүлвэл тэд яг Украйн шиг доош уруудах болно. 

ЕВРОАЗИ ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?

-Та бүс нутгийн ирээдүйн дүр төрхийг босгохдоо “одоо Евразийн нэгдлээс илүү зорилго байхгүй” гэж нотолж байна. Гэтэл энэ яагаад бэртэгчидийн ой ухаанд “ Эргээд СССР лүү ” гэсэнтэй адил бууж байна вэ? 
-Үүнтэй хэрхэвч санал нийлэхгүй. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл /ТУХН/ дотооддоо интеграцчилагдахыг ард түмэн хүсэхгүй байгаа юм биш, харин үндэстний элитүүд л хүсэхгүй байгаа юм. Надад нэг лидер нь “биднийг юу их баярлуулж байгааг мэдэж байна уу? Москвагийн хяналт байхгүй. Урьд нь төв хорооноос ирэх утасны дуудлагыг зүрх даран хүлээдэг байлаа шүү дээ” гэж ярьсан юм. Зөвлөлт тусгаар тогтнол гэдэг энэ дээ: том орлогч байснаас жижигхэн “өөрөө” байх илүү. Үндэстний элитүүд чөлөөлөгдсөн,тэд тусгаар тогтнол алдахаар айлгаж, ард түмнээ хяналтгүй мөлжиж байна. Тусгаар тогтнол хөдөлшгүй гэх авч, эдийн засгийн харилцаанд болохоор, “алив, Орос алив, алив” гэсэн бодлого явагдаж байгаа. Энэ бодлогыг элитүүд ард олны тархинд суулгаж байгаа юм. Ард түмний тухайд бол тэд хамтдаа байх даа илүү сайн амьдарч байсан гэдгийг ой ухааны гендээ ойлгож байдаг билээ. 
-СССР-ийн оронд Европын холбоо шиг байгууллага байгуулах боломжийг Орос болон ТУХН  унтаад өнгөрүүлчихсэн үү?
-Хэрхэвч тийм биш. Одоо боловсорч байна. Евразийн соёл иргэншил загварчлагдах боломжтой. Түүний цэцэглэхэд гурван зүйл хэрэгтэй: лидерийн өөртөө татах хүч-түүхэн нөхцлөөр энэ нь Орос; эдийн засгийн сонирхол-үүний тулд Орос өөрийн эдийн засгийг шинэчлэх хэрэгтэй; нийтлэг үзэл санаа. Энэ бол Льев Гумилевийн еврази үзэл: “ирээдүйн Орос орон евроазийн ард түмний нэгдэлд байна” гэсэн үг. Мэдээж хэрэг СССР маягийн биш, Евро холбоо (ЕХ) хэлбэртэй байна. Евразийн талаар академч Лихачев бүр хатуугаар “устаж алга болохгүйн тулд нэгдэх хэрэгтэй” гэж томъёолсон юм. Энэ бол үнэн үг. Дэлхийн хөгжлийн эрчимийг харвал ирээдүй глобаль бүс нутгийн тоглогчид - нэгдмэл байдлын талд байна. Эдийн засгийн хүсэл зориг энэ. ЕХ-ны үр ашгийг Европ анх ойлгосон бөгөөд АНУ, Японтой өрсөлдөж байна. 
-НАТО Афганистанаас цэргээ гаргасны дараа тэнд үндэстэн, ястны хуваагдал үүсч, хөршүүдэд нь “өнгөт хувьсгалын” хуй дэгдэж, хар тамхины худалдаа үлэмж нэмэгдэнэ гэсэн улс төрчдийн таамагтай шинжлэх ухааны прогноз хэр холбогдож байна вэ?
-1999-2000 онд, ерөнхийлөгч байх үедээ би дээрэмчдийн довтолгоонтой тулгарч байсан. Энэ бол сургуулилсан дайчид, аймшигтай хүч. Тэдэнтэй ганцаараа тэмцэх гэвэл бодиттой биш. Яагаад Евразийн холбоо хэрэгтэй вэ гэвэл АНУ-ын загварчилсан үзэл “том Ойрхи Дорнод” ба “Том Төв Ази”-ийн эсрэг зогсохын тулд юм. Бид бас Ойрхи Дорнод болон Дундад Азийн хямралын үе шатыг загварчилсан. Энэ үел явц бараг хоёр арван жил үргэжилнэ. Энэ нь технологийн зургаа дахь үе хэм хэмээр нэвтэрч байгаа манлайлагч орнууд АНУ, Герман, Японд Кондратьевийн урт давалгаатай зэрэгцэн явж байна. “Том Ойрх Дорнодын” орнуудад ардчилал болон авторитари хандлагаас ухрах, ХАОС үүсэх улс хуваагдах явц хүчтэй болж байна. Гэвч ХАОС удирдлагын арга болохын хувьд жолоодогдох боломжгүй тул янз бүрийн нөлөөлөлөөс үүдэн таашгүй өөрчлөлт гарч болох юм. Тухайлбал шинэ Халифат төрч болно. Тэдний төсөл “Том төв Азид”, зүрхэнд нь, Афганистанд хэрэгжиж болно. Үүний гол зорилго нь Хятадын эдийн засгийн түрэмгийлэлийг хязгаарлах, нефть-хийн баялагтай булангийн орнуудад Хятадын хүрэх замыг хаах, дараа нь Шинжан Уйгараар дамжуулан Хятадыг сулруулах явдал юм. Арга хэрэгсэл нь өнөөх л өнгөт хувьсгал, Исламийн дайчид мөн. Энэ прогнозыг бид бүр олон жилийн өмнө хийсэн юм.
-“Арабын хавар “-ыг Дундад Азид экспортлох боломжтой юу?
 -Өнөөдөр Азийн зарим лидерүүд АНУ-тай сээтэгнэж буйг хараад би тэдэнд “бэлэг барьж ирдэг Америкчуудаас айхтун”. Тэдний зарчим бол “ашиглалаа-хаялаа”. Бүх үед л ийм байсан. Египетийн ерөнхийлөгч Мубрак  АНУ-ын ямар сайн найз байлаа даа. Ерөнхийлөгч Обама анхныхаа айлчлалыг Кайрт хийгээд л. Одоо Мубрак хаана байна? Бас Пакистаны лидер Мушараф? Азид, хэн АНУ-д найдлага тавьж байсан, тэд хоосон хуурмагт итгэж байсан юм. Би ерөөс АНУ-ын эсрэг биш, гэвч Евразийн логик бол дундад азийн орнуудын төрт ёсыг нураалгахгүй, ХАОС байдалд оруулахгүй байхад орших бөгөөд энэ бол олон туйлт холбоонд, бүс нутгийн олон янзын нэгдлүүдтэй харилцаанд орох шилжилт мөн. 
-Евроази хаашаа явж байна вэ?
-Дэлхий хаашаа явж байна, тэр зүг рүү. Капиталист даяаршлаас хүн төрхтэй даяаршил руу, гэхдээ хүндрэлтэйгээр, хямрал, хувьсгал, дайныг туулан явж байна. Энэ санааг анх олон улсын валютын сангийн захирал байсан Доминик Стросс- Кан томьёолсон юм. Тэрээр, даяаршил одоохондоо "Алтан тэрбумтануудын" тусын тулд ажиллаж байгаа болохоор XXI зуунд дэлхийн тогтвортой хөгжил боломжгүй гэж мэдэгдсэн билээ. Тэрээр бас, дэлхийн валют заавал доллар байх албагүй харин иень, юань, рублийг тооцсон валют байх боломжтой гэх зэргээр ярьсан. Үүнийхээ төлөө тэр өндөр үнэ төлж, зайлуулагдсан билээ. Хэрэв дуугүй байсан бол Францын ерөнхийлөгч болчихсон байхсан. Гэхдээ тэр технологийн зургаа дахь хэвшлийн хөгжлийн салхийг зөв зүйтэй томьёолж “дэлхий социалист даяаршил руу явах хэрэгтэй” гэсэн юм. Дэлхийн санхүүгийн системийн шинэ загварыг их 20-ын хүрээнд хүлээн авах боломжтой. Тэхгүйгээр хямралаас тайван замаар гарах аргагүй юм. Их XX бол XXI зууны дэлхийн засгийн газрын урьдач мөн. Зөвхөн ид нар л газар дэлхийн нөөцийн хэрэглээнд эрэлт хэрэгцээг аядуу хэрэгжүүлэх чадвартай. Одоогийнхоороо үлдэхийн тулд дэлхий хаашаа явж байгааг хар даа. Евразийн тухайд гэвэл глобаль ертөнцөд гээгдчихгүйн тулд бүс нутгийн холбоо байж үлдэх нь чухал.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.