НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монголын нийгмийн соёлын заншил

Кимура Аяако     Нийтлэгч
6 сарын өмнө /2018-02-12 23:53:54 GMT +8 / | 3550 удаа уншсан

Нийгэмд бол өөрийн гэсэн хүч бий. Монголын нийгэмд асар их хүч бий. Үүнийг мэдэрдэг. Гэхдээ нэгэн хуучин цаг үеийн хэв маяг, нэгэн хэвшлийн аргаар тэрхүү хүчийг улам баттай болгох уур амьсгалаа бий болгож яваа мэт санагддаг цаг ч бий. 
Ардчилал ч, ардчилсан хүн ч, нийгэм ч одоо хэр нь хуучин цаг үеийн заншлаар яваа мэт. Уламжлалаа хадгалаад явах ёстой гэсээр социализмын үед бий болсон заншлыг үндэснийхээ уламжлалт заншил гэж ойлгож яваа хүн ч олон. Хүн бүр өөр өөр. Хүн өөрчлөгдөх биш, нийгэм яваандаа өөрчлөгдөхийг олон хүн хүлээгээд байдаг мэт. Гэвч үндсэндээ хуучин аргаар л бол хүн ч нийгэм ч амар өөрчлөгдөхгүй байх.  
XX зууны коминтернийн цаг үеийн заншил одоо Монголын нийгмийн соёлын заншил болж яваа мэт. Ардын хувьсгал гарч, Улсын үндэс суурь бий болсон нь коминтернийн цаг үе. Коминтернийн цаг үе бол орчин үеийн Монгол Улсын суурь бий болсон цаг үе. Тиймээс хэдийгээр ардчилсан ч гэлээ Коминтернийн цаг үе Улс орны түүхэн замналын хамгийн чухал цаг үе хэвээрээ. Харин ардчиллаас хойш шинэ ардчилсан нийгэм бий болгоход Улс орны үндэс суурь бий болсон коминтернийн цаг үеийг улам чухалчлах болж, Монголын нийгэм улам тэр үеийнхжих болчихсон мэт санагддаг юм. 
Коминтернийн цаг үед бий болсон соёл урлагийн ухуулгын хэв маяг, арга одоо Монголын соёл урлагийн уламжлалт арга, заншил болсон мэт санагддаг. Ардчилснаас хойш ардчилсан нийгэмд шинээр бий болсон соёл ч урлаг ч коминтернийн цаг үед нэвтрэн орж ирсэн хэв маягийг дахин хэрэглэснээр бий болсон зүйл мэт санагдаад байдаг. Ардчилсан нийгэмд цаг үед таарсан зохистой шинэ нийгмийн соёлын хэв маяг шинээр хараахан орж ирээгүй. Ямар ч гэсэн шинэ хэв маягийг арай өөрөө бий болгоогүй, хуучин цаг үед бий болсон танил хэв маягийг дахин ашиглаад, өнөөгийн нийгэм дээр бүтээн бий болгож яваа мэт санагддаг. 
Ардчилсан нийгмийн хэв маягийг монгол ухаанаар өөрөө шинээр боловсруулан бий болгоё гэсэн хүн байлаа ч 1920-30-аад оны уламжлалт хэв маягийг хадгалан явсаар байж, цоо шинэ хэв маягаар цоо шинэ зүйл бүтээж явах боломж амар олдоогүй нийгэм болж байх шиг санагддаг юм. Хичнээн залуучууд гадаад оронд сурсан ч эх оронч сэтгэлгээгээрээ Монголын коминтернийн цаг үеийн заншлаа хүндэтгэн хадгалж явсаар байж хуучин хэв маяг юм уу шинэ хэв маяг юм уу сайн ялгагдах юмгүй болсон мэт санагдана. Энэ бол Монголын соёл урлагийг үгүйсгэх гэж байгаа үг огт биш. Шүүмжлэх гэж байгаа үг ч биш. Заншлаа хадгалах нь зүй ёсны хэрэг. Гэвч хааяа учиргүй сонин санагддаг юм. 
XX зууны Дэлхийн хоёр заагтай байсан цаг үед “Баруун” гэсэн оронд төрж өссөн, бас социализмын цаг үеийн Монголыг ч, ардчилсан цаг үеийн Монголыг ч мэддэг миний ойлголтоор бол ардчилсан нийгэмд хөл тавьсан ч, олон намын тогтолцоонд шилжсэн ч шинэ нийгэмд зохистой шинэ нийгмийн соёлын хэв маяг албан ёсоор одоо ч гарч ирээгүй, шинэ хэв маягаар шинэ соёл урлаг бий болгож шинэ хэв маягаа шинээр боловсруулах хөдөлгөөн ч, гаднаас авах санаа ч үгүй, уламжлалаа хадгалан явсаар, ардчилсан нийгэмд ч хуучин цаг үеийн нэг л хэвшилт хэв маягаар “шинэ бүтээл” гаргаад л яваа мэт харагдах юм.
Ардчилсан нийгэмд шилжээд 28 дахь жил болж байна. Гэхдээ ардчилсан нийгэм болсон ч социализмын цаг үеийн ухуулгын хэв маягийг дахин дахин хэрэглээд, үзэл суртлын ухуулга хийгээд л яваа мэт, үзэл суртлын ухуулга гэсэн ойлголт ч байхгүй болчихсон мэт дасчихсан бололтой. Энэ нь миний хувьд ардчилсан нийгмийн шинж төрх дээр тод анзаарагдах боллоо. 
Монголчууд бол харьцангуй чөлөөтэй. Тиймээс хүн бүр өөр өөр үзэлтэй. Commonsense бол нэг их чухал биш, нэг их хувь хүнд хамааралтай зүйл ч биш байж магадгүй. Гэсэн ч нийгмийнхээ эмх замбарааг зохицуулахад commonsense үйлчилдэг байх ёстой, тийм цаг үе гардаг. Тэрхүү commonsense-ийн хэв маяг хаанаас ч орж ирээгүй бол нийгэм өөрөө нийгмийнхээ соёлын хүрээнд боловсруулаад явдаг болно.   
Ноднин Монголын нийгэмд commonsense үйлчлэх болж байх мэт зүйл бий болсон. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдох мөчид надад тэгж л санагдсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тухай бол миний бие “Open door” сонины 2014 оны IX сарын 26-X.3-ны дугаарт нэгэнт бичсэн тул энд нуршихгүй. Харин тэр цагаас хойш гуравхан жилийн дараа У.Хүрэлсүх, Х.Баттулга гуай нар Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч боллоо. 
Хуучин цаг үед бол Улстөрч өөрийнхөө санал хүсэлтээр хариуцлага хүлээх тийм заншил байгаагүй гэж болно. Тийм боломж ч амар олддоггүй байсан байх.Харин ардчилсан нийгэмд бол өөрийнхөө санал хүсэлтээр хуриуцлага хүлээх боломжтой болсон, улстөрчийн хувьд бол ойрын ирээдүйд дахин гарч ирэхийн тулд аль болох эртхэн түвэггүйгээр хариуцлага хүлээх нь чухал болдог. Японд бол лав л тийм заншилтай. Ардчилсан нийгэмд нийгмийн соёлын хэв маяг гэсэн юм байдаг. Үүнд улстөрчийн хариуцлага хүлээх ёсны хэв маяг ч багтдаг. 
Гэвч соёл урлагийнхны тухайд бол, Монголд 1920-30-аад оны коминтернийн цаг үеийн хэв маягаас өөр “Ардчилсан нийгэмд зохистой соёл урлаг” -ийн шинэхэн “хэв маяг” нэвтрэн орж ирээгүй, бий болоогүй, бий болгох боломж ч бүрдээгүй, тэгж яваад байгаа нь тодхон харагддаг болсон юм. 
Ноднин намрын Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Дуурийн нээлтийн бүтээл “Айда” байлаа. Сайхан сонгодог бүтээл. Нээлтийн өдөр олон гадаадын хүн ч хүрэлцэн ирж үзсэн билээ. Тэнд байсан олон хүн Монголын сайхан сонгодог дуурийн бүтээлийг бишрэн баяр хүргэж сэтгэл хангалуун байлаа. Харин тэрхүү сайхан бүтээлийн тайзын хоёр талын цахилгаан самбар дээр монголоор дуурийн дууны үгийн орчуулга гарч байлаа. “Чи бол урвагч. Урвагч үхэх ёстой... 
Үнэндээ урваагүй тул үхэх ёсгүй” гэсэн үг гараад байсныг хараад их гайхлаа. Дэлхийн сонгодог бүтээлд орчуулга ингэж гаргах ёстой ёсгүй гэсэн тухай хэлэх гэж байгаа юм биш. Ямар ч гэсэн тухайн цаг үеийн Монголын нийгмийн бодит улстөрийн ертөнц дэх явдалтай яг таарсан үгс байсан учраас их гайхсан юм. Яг цаг үед таарсан, Монголын нийгмийн байдалтай зохилдсон ухуулга явж байх шиг санагдлаа. Бараг энэхүү орчуулгын үгийг гаргахын тулд тэрхүү бүтээлийг сонгосон мэт тийм буруу ойлголт төрүүлэх шахам сэтгэлгээнд хүргэх мэт, яг таарсан ухуулга сонин сэтгэгдэл төрүүлсэн билээ. Соёл урлаг улстөрийн ухуулгын зэмсэг болж байсан цаг үеэс салаагүйг мэдэрсэн. Харин тэнд байсан гадаадын хүмүүс бол Дэлхийн сайхан сонгодог бүтээлийг Монголын уран бүтээлч нар маш сайхан тавилаа гэснээс өөр юм бодолгүй явсан байх. Гэвч би бол Монголын соёл урлаг ухуулгын зэмсгийн хувьд одоо ч үйлчилж байгааг мэдэрсэн мэт үнэхээр сонин санагдсан билээ. 
Үүний зөв бурууг хэлэх гэж байгаа юм биш. Дэлхийн хаана ч байдаг л зүйл байж магадгүй. Гэвч дан ингэж байдаг юм бол соёл урлаг гэх болов уу. Юманд хэмжээ бий. Соёл урлаг бол дан ухуулгын зэмсгээр л бий болж байх зүйл арай биш. Ямар ч гэсэн Монголын урлаг бол ухуулгын зэмсэг болж байсан цаг үеийн уламжлалаа хадгалсаар яваа нь бол үнэн. Ардчилсан нийгэм болсон ч залууст зааж байгаа багш нарын ихэнх нь социалзмын үед ухуулгын зэмсгийн хувьд соёл урлагийн хэв маяг, арга зүйг сурч, заалгасан хүмүүс. Ихэнх нь социалзмын цаг үед оюутан байж, уран бүтээлээ хийж эхэлсэн учраас туршлагатай сайн багшаар заалгасан залуу уран бүтээлч нар ч ухуулгын зэмсгийн хэв маягийн уламжлалыг сурч залгамжлаад явна гэсэн утгатай болно. 
Ноднин Монголд үзсэн Монголын кинон дунд ч коминтернийн цаг үеийн бүтээлийг сэргээсэн мэт бүтээлүүд байлаа. “Зүрхний хилэн” гэдэг кино бол 1933 оны “Харанхуй засаг” мэт. Яг л коминтернийн цаг үеийн үгээгүйчүүдийн жүжгийн хэв маяг шиг харагдсан. Өнөөгийн залуу бүтээлч нар ч коминтернийн цаг үеийн хувьсгалт жүжгийн хэв маягийг хэрэглэн бүтээл хийж яваа мэт санагддаг юм. Манжийн дарлалд зовсон хөөрхий ардын байдлыг харуулсан хувьсгалт ухуулгын жүжиг мөн байсан билээ. 
Түүх эргэдэг гэдэг. Гэвч Монголын урлаг одоо ч коминтернийн цаг үеийн жүжгийн хэв маягийг хэрэглэн түүх эргүүлээд байх шиг. Энэ цаг үеийнхээс өөр хэв маяг байдаггүй мэт, шинэхэн хэв маяг хаанаас ч аваагүй, боловсруулаагүй, коминтернийн цаг үеийн хүрээнээс гарахгүй, гарах шинжгүй болсон мэт байдаг. Угаасаа гарах хэрэгцээ ч байдаггүй бололтой. Коминтернийн цаг үеийн урлагийн ухуулгын хэв маяг одоо Монголын урлагийн уламжлалт хэв маяг болж, ардчилсан нийгэмд шилжсэн ч урлагийг улстөрийн ухуулгын зэмсгээр бий болгох заншил хэвээрээ л үйлчилж байна. 
Ноднин намрын Монгол Улсын Драмын Эрдмийн театрын нээлтийн бүтээл бол Д.Нацагдоржийн залуу насны үеийг харуулсан “Жаргаагүй нар” жүжиг байлаа. Д.Нацагдорж ч коминтернийн цаг үеийн хүн. Драмын театр бол Д.Нацагдоржийн нэрэмжит театр учраас гайхах юмгүй ч өнөөгийн Монголын нийгмийн жүжиг ч кино ч коминтернийн цаг үе рүү эргээд орчихсон мэт, ардчилсан нийгэмд сууж байгаа мөртлөө коминтернийн цаг үеийн урлагийн ухуулгаар дүүрчихээд байх шиг нэн сонин санагдсан юм.
Монголын нийгэм XXI зуунд хөл тавиад удсан ч, дэлхий даяарчилсан ч, SNS-ээр Дэлхийтэй амархан холбогдох болсон ч Монголын соёл урлаг коминтерийн цаг үе дээр л байгаад байдаг. Монголын орчин үеийн жүжиг ч, кино ч, театр ч бий болсон нь коминтернийн цаг үе. Монгол Улс бий болсон нь ч коминтернийн цаг үе. Тийм учраас мэдээж уламжлалаа хадгалах нь зүйтэй, нэн чухал зүйл болно. Монголд орчин үеийн соёл урлаг коминтернийн цаг үед анх бий болсон тул өөр орны шинжтэй харьцуулах боломж ч үгүй билээ. 
“Modern” гэсэн англи үг бий. “Modern” гэсэн үгийг “Орчин үе” гэж орчуулдаг. Тийм боловч уг нь “Modern” гэсэн үг бол “Model” “Mode” гэсэн үгнээс бий болсон үг шүү гэж Японы эдийн засаг, нийгэм судлаач эрдэмтэн асан Нишибэ Сүсүмү багш байнга ярьдаг байлаа.
Монголд коминтернийн цаг үед соёл урлагийн “Model” орж ирээд “Mode” болжээ. Тэр цаг үеэс бий болсон соёл урлагийг “Монголын орчин үеийн соёл урлаг” гэдэг. Өөрөөр хэлбэл, Монголд одоо ч коминтернийн цаг үеийн хэв маягийг хэрэглэдэг нь орчин үеийн Монголын соёл урлагийн хэв маяг болоод байна гэсэн утгатай болох талтай байх.  
Сүүлийн үеийн Монголын кино, жүжиг гэвэл амиа хорлох, алах, алуулах, галзуурах, дарамтлуулах гэх мэтчилэн хүний зовлонг харуулсан муу ёрын бүтээл олон бий болжээ. Дарамтанд зовсон хөөрхий ард галзуурч үхдэг нь 1920-30-аад оны коминтернийн цаг үеийн хувьсгалт жүжгийн хэв маягийн онцлог. 1940-өөд онд орвол тэрхүү хөөрхий ард зориглон босч тэмцдэг болж, зовлонг давж гараад ялалт байгуулах байдлыг харуулсан бүтээлийн хэв маягаар солигддог. Социалзмын цаг үеийн Монголын хувьсгалт жүжигт бол цаг үеийн бодлогын өөрчлөлтийг дагаад бүтээлийн хэв маяг солигддог байлаа. Монголын урлаг тухайн цагийн бодлогоор орж ирсэн шинэхэн хэв маягийг хүлээн аваад шинэхэн бүтээл гаргаад явсан бололтой. Шинэ цаг үеийн эхний шатанд орвол хуучин жүжгийн найруулга ч төгсгөл нь ч солигдон өөрчилөгдөөд өөр бүтээл болдог байсан. Хэрвээ урлагаар “Коминтернийн цаг үе”-ийг өнөө цаг дээр сэргээх ухуулга явж байгаа юм бол удахгүй дараачийн шатан дээр “зовсон ард” зовлонгоо зоригтой давж гараад ялалт байгуулах тийм баатарлаг ардыг харуулсан жүжиг кино их гардаг болох байх. Гэвч 1920-30-аад оны “коминтернийн цаг үе”- ийг үргэлжлүүлсээр явах магадлал бий. Тэгвэл зовсон хөөрхий ардыг харуулсан бүтээлээр дүүрчих байх.
Ухуулга мөртлөө ухуулга гэсэн ойлголт ч байдаггүй, огт анзааралгүй яваа хүн ч олон. Дассан сурсан юм учраас анзааралгүй яваа тал бий. Түүх эргэдэг ч гэсэн хуучин цаг үеийнхээс ондоо шинэхэн хэв маяг олдоогүйгээс болдог тал ч бий. Өөрөө хариуцлага хүлээж чаддаг улстөрч гардаг болсон мэт, Монголын урлаг ч хуучин цаг үеийн заншилд дан баригдалгүй чөлөөтэй шинэ цаг үеийн шатанд орох боломж шинж төрх бий болгох цаг үе мөн ирэх цаг болсон мэт санагддаг юм.  
Монголын өнөөгийн нийгэм Монголын жүжиг киногоор бол 1920-1930-аад оны ертөнц дээр байна. Монголын нийгэм ямагт хувьсгалт уур амьсгалын дунд баатарлаг зоригоор энэ Дэлхий дээр тусгаар тогтнолоо баттай болгож яваа. Энэ бол шүүмжлэх юм огт биш, харин Монголын хувьд маш чухал маш зүйтэй зүйл. Гэвч одоо бол коминтернийн цаг биш. Тийм арга, заншлаар үргэлжлүүлээд байвал, мөнхөд коминтернийн цаг үе дээр л байгаад байх болно. Монголын соёл урлаг ардчилсан ч нэг л хэвшлийн мөнхийн хүрээнд байгаад л байж, хэзээ бие даасан шинэхэн өвөрмөц онцлогтой урлагтай болох цаг ирэх бол доо?             
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.