НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

БУРУУТАН ТОДРУУЛАХ ИХ АЯН ДАЙН

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
2 жилийн өмнө /2018-03-20 19:12:44 GMT +8 / | 7696 удаа уншсан

1.

   Сүүлийн үед хэвлэл, сошиалоор буруутан хайх цоо шинэ аян ид өрнөж байна. Энэ бол Монгол оронд урь орж, мөс гэссэний шинж. Тас хөлдүү байсан газар дэлхий маань уяран зөөлөн эебээргүү болсны дохио. Улс төрийн хаврын синдромын урьдчилгаа. Арга ч байж уу, бид бүтэн жил бэлддэг цагаан сараа тэмдэглэсэн. Бултаараа золгоод авсан улс чинь одоо яах вэ. Тахиа жилийн оны шилдэг элдэгээ тодруулаад авсан. Залгуулаад гуравдугаар сарын 5-наас эхлээд 8, 9, 10, 11-нийг шувтартал Мартаа маш өргөн дэлгэр сайхан тэмдэглэцгээлээ. Бүр найманд нь Пүрэв гариг таарч албан ёсоор тусгайлан амарцгаасан. Азны Коля. Бямба, Ням таарсан бол балрахгүй юу. Нэр нөлөө, үр өгөөжөөсөө болдог юм уу яадаг юм, хүүхнүүдийн зарим нь 99 сарнай авснаа сошиалоор зарласан. Зарим нь есөн сарнай, зарим нь гурван сарнай авчээ. Зарим нь ганц сохор сарнай ч авч. Энэ нь цэцэг тарьдаг хөрш орнууддаа бизнес дэмжилгээгээ сайхан өгчихлөө гэсэн үг.  Болоо болоо.

Харин баяруудын дараа нэг том асуулт үлдсэн.

Одоо яах ч билээ дээ, юу ч хийх билээ дээ?! Энэ асуулт газар гэссэнтэй холбогдож хүн бүрийн нервийг хөдөлгөнө.

“Яах вэ?”.

“Яахаа мэдэхгүй байсан ч яах вэ?”

“Юу хийх вэ?”.

“Юу хийхээ мэдэхгүй байсан ч юу хийх вэ?”

Оросын алдаршсан зохиолч Н. Чернышевскийн хувьсгальт, утопи маягийн “Что делать?” гэж роман бий. 1867 онд хэвлэгдсэн. Дэлхий хувьсгалжиж эхэлж байсан үе цаг учраас гол арав гаруй хэл дээр тэр номыг хэвлэсэн байдаг. Тэр дундаа бүр монгол, фин, тажик хэл дээр ч хоцроод яах вэ гээд хожмоо хэвлэсэн. Манай үеийнхэн, монголчууд бид уг номыг “Яах вэ?” гэж орчуулуулж байгаад уншицгаасан. Уншаагүй нь ч Л.Толстойн “Дайн ба энх” шиг юм уу, Т. Драйзерийн “Санхүүч”-ийн хэмжээнд сонсож дуулсан байгаа. Арга ядахад 1960-аад онд намын эсэргүү гэгдэж байсан Д. Төмөр-Очир гуайн орчуулсан Эмиль Золягийн “Мөнгө” роман шиг нь мэднэ дээ.

Бид социализмын 70 жилд дан ганц улс төржсөн юм биш ээ. Капитализмын 28 жилд ч үргэлжлүүлэн тасралтгүй улс төржиж байгаа улс даа.

За ингээд яах вэ? Юу хийх вэ?

Сурцаараа өнөө Эрдэнэтийнхээ хоёр талд гарч байгаад баруунтан, зүүнтнээ  үзнэ дээ.

2.

Эрдэнэт, таван хошуу мал хоёр бол 1990-ээд оны хямрал, шилжилтийг давахад Монголчуудад гол түшэц болсон буянтай хоёр.

Иймээс Эрдэнэт гэдэг сэдэв монгол хүн бүрийг сэрсхийлгэдэг.

Пүрэвдорж гэдэг хариуцлагатан, би Эрдэнэтэд хайртай, түүнийг аврах ёстой ч гэх шиг мэдэгдэж байх юм. Эрдэнэт бол монголчуудын амин чухал сэдэв мөн үү гэвэл мөн. Гэхдээ Эрдэнэт чинь хайр зарлаад байх хүүхэн биш биз дээ.

“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч 

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ 

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө 

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг..” гэж Ц. Цэдэнжав гуайн сайхан шүлэг бий.

Энэ бол болж байна аа. Эстетик, этик талаасаа ч тэр.

“Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө

Чамдаа хайртай гэж би Эрдэнэтдээ хэлдэг” гэвэл ХХI зуунд ямар сонсодох вэ.

Иймээс Эрдэнэтийг тойрч шудрага ёсны уралдаан зөвхөн өнөөдөр ч биш сүүлийн 20 гаруй жил манай улс төрд явлаа. Явалт бол сайхаан. Эхлээд нэг их эдийн засгийн ч юм шиг, шудрага ёсны ч юм шиг проблем хэлэлцэж эхэлдэг. Төгсгөл нь ойлгомжтой. Ердөө л хэн нэгнийг, эсвэл аль нэг намыг улс төрийн намагт живүүлдэг зам нь жам болчихоод байгаа. Эрдэнэтийг аль нэг нам нь өрсөлдөгчөө зууралдуулаад илүү шавардаж чадна нөгөөхь нь нилээн хэдэн функтээр санал илүү авдаг.

Үүний тулд малчин, тариачин, шаварчин, өрлөгчин, даалуучин, хөзөрчин, homeless, гомосекс юу байдаг юм нийгэмд хэн амьдарч байна бүгдийг ширхэгчлэн оролцуулахыг зорьдог. “Homeless” гэж америкт гэр оронгүй хүнийг хэлдэг юм билээ. Манайд бол ийм лесс-үүд элбэг дэлбэг бий.

Ингэж байж бүх нийтийн буруутанг тодруулна. Тэр буруутан нь баруунтан, зүүнтэн хоёрын аль нэг байна. Энэ бол манайд уламжлагдан ирсэн тэмцлийн очны эртнээс соелын менталите́тийн алтан улбаа. Алтан аргамжаа гэдэг шиг.

Нэг онцлогтой. Тэр нь зүүн баруун хоёрын дундаж байж болохгүй. Заавал нэг бол зүүнтэн, нөгөө бол баруунтан.Тэр хоёрын дунд алтан дундаж байвал буруутан тодрохгүй. Тийм учраас зүүнтэн, эсвэл баруунтан.

Эрдэнэтэд эвэртэн туурайтан байсан хүн гавьяа байгуулсан ч гай тарьсан ч нүдээ чичлүүлж, чихээ халууцуулж явах хувь тавилантай. Нөгөө ертөнцөд очоод ч нэмэргүй. Бид ийм л нэхэл хатуутай улс даа. Өнгөрсөн түүх, өнөөдөр өдөр, ирээдүй цагтай цөмтэй нь зарга хийж явдаг, чадварлаг ард түмэн.

Нэгэн жишээ.

Ш.Отгонбилэг талийгаач зууны манлай луйварчин болтлоо цоллуулсан. Монгол улс  эрх зүйт төртэй болохын тулд л ардчилал, ил тод байдал, нээлттэй нийгэм гэж сүүлийн гучин жил бужигналаа шүү дээ. Гэтэл “нотлогдоогүй бол гэм буруутан биш” гэдэг зарчим энэ бүгдийн амин сүнс. Тэр нь мөрдөгдөхгүй болохоор цусаа хийж ардчилал гэж ам ангаадаг байна гэмээр. 1993 онд Эрдэнэт үйлдвэрийн орос талын дарга Р.Арустамовтой ярилцлага хийж байж билээ. Тэрбээр, Отгонбилэг үнэхээр Эрдэнэтийн маш хүнд үеийг чадварлаг авч гарсан гэж хоёргүй утгаар хэлж байсан. Гэтэл түүнийг муу хүн байсан тухай одоо болтол ам уралдан ярьсаар... “Манлай луйварчин” цолоо хүртчихээд дараа нь Отгонбилэг агсан УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болчихоод зуд зурхантай газар Монголын төлөө гэж том хэлдэггүй юм аа гэхэд ажлын төлөө явж байгаад амиа өгсөн. Нэгэнт өнгөрсөн хүнийг өнөөдөр ч бид элдэвээр хэлэлцсээр байна.

Өөр нэг жишээ. Д.Дорлигжав байна. Эрдэнэтэд учрах хичнээн зуун саяын зайлшгүй хохирлыг 10 сая ч гэл үү, нэг сая ч гэл үү долларын зуучлалын хөлсөөр аргалсны төлөө амны унгшлага болж арайтай л шоронд орох алдсан. Энийг зүйрлэж хэлбэл, миний ойлгосноор ОХУ-д төлөх 70 жилийн түүхтэй Их өрийг 250 сая доллараар цагаашруулахад зуучлагч Чехийн компани замаас нь хэдэн саыг завшсан гэж баахан шуугисан даа. Ер нь Чех ч байна уу, Чаад ч байна уу хүн Монголын өрийг төлөх гээд санаа оноо тавиад цаад эзэнтэй нь тохирох ажил хийлээ гэхэд зүгээр байх уу. Үүнтэй л агаар нэг юм, Дорлигжавын хувьд болсон юм шиг байгаа юм. Ийм бол Дорлигжавын гай биш гавьяа шүү дээ, уг нь. Саяхнаас эхлээд Х.Наранхүүг Жастын Ш.Батхүүд 20 сая долларын зээлийн баталгаа гаргаж өгсөн гээд шуугилдаж байна. Тэр нь аль 2005, эсвэл 2006 онд юм шиг байгаа юм. Муу хэлэгдээд луу данстай яваа Батхүү чинь цагтаа Эрдэнэт, Төмөр зам энэ тэнд бензин шатахуун, дизель түлш нийлүүлж явсан их эр л дээ. Ажил хийж явсан эр. Энд тэнд баахан шатахуун түгээх станц өрчихсөн мандуулж байсныг бид бэлхнээ мэднэ. Москвад манийн үед статистикийн ч байна уу, санхүүгийн сургуульд сурч байхын зүс мэдэх юм.Томоотой, тохьтой, гэмгүй царайтай хүн шүү дээ, харах царайны. Сэхээтэн хүн Хөвсгөлын тайгад төөрчихсөн явж байсан ч сэхээтэн нь харагддаг гэдэг шиг царайтай нөхөр. Тэрбээр Х.Наранхүүгээс батлуулж авсан  20 саяа тухайн үедээ барагдуулсан байна. Тэгээд одоо үүнийг шуугиад, хамж шимээд байх ямар проблем байна?!  Будах гэж л будаад байх шиг. Бид чинь одоо ч төрийн ажлыг хувийн хэвшлээр хийлгэе гэж их тунхагладаг. Тэр л зарчмаар явсан байна. Монгол орныг хүндрэлтэй байх үед Эрдэнэт улсын татвараа урьчилж төллөө, багш, эмч нарынхаа цалинг тавилаа гээд л шуугиад байдаг байсан. Татвараа урьчилж төлдөг ёс Дэлхийн ямарч хөгжингүй оронд байдаггүй зарчим байх. Дээрээс нь л төсөв бүрдүүлэх үүрэгтэй сайд дарга нар  “Баларлаа, одоо тэдийг төсөвт төвлүүрэл!” гэдэг байсан байхгүй юу. Эрдэнэт, Төмөр зам эд нар иймэрхүү шалтгаанаар хэзээ ч эргэлтийн том хөрөнгөтэй байгаагүй юм гэнэ лээ. Одоо ч тийм байгаа, аягүй бол. Тиймээс л дараа төлбөрийн болзолтойгоор бусдаас эд бараа, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт авдаг. Манай бүх том компани эргэлтийн хөрөнгөө зээлэх, бусдаар ажлаа гүйцэтгүүлэх, бараа материал, тоног төхөөрөмж авч л яваа. Том копани гэлтгүй жижиг дэлгүүр ч Сүү компаниас сүүг нь авч борлуулаад дараа нь төлбөрийг нь хийж байгаа. Талх, ундаа, мах гурил, архи дарс ч ийм зарчмаар явах нь түгээмэл үзэгдэл. Түүнтэй яг ижил. Томчуул далайц нь том болохоос зарчим нэг. МАК зээл авлаа л гээд шуугидаг. Полимет авлаа гэдэг. Далайц их бол авахаас өөр яах юм?! Зээл авч байгаа хүн муу хүн биш сайн хүн. Яагаад гэвэл өөрийн бололцооноос илүү ажил хийж байгаа хүн. Зээлээ зувчуулж байгаа хүн бол харин адгийн хүн. Энэ зарчмыг л одоо бид ялгаж салгаж ойлгоё.

3.

За одоо ёстой гоё. Баяр, Сугар, Ганзориг гээд шинэ мангаанууд гарч ирлээ. Баяр гэдэг бол баяртай ч биш хүн биш байх. Гунигтай ч нэгэн биш байх. Бас ч гэж хийсэн юмтай нөхөр. Баярыг будна гэдэг бол цаад цохилуураараа Ардын намыг цохиж буй хэрэг. Ардын нам “баа баа” гэдгийг үзүүлэх нь дээ. Ардчилсан нам нь тэгвэл “гоо гоо” болох нь л дээ. Тэгвэл О. Баасанхүүгийн нам яах юм бол гээд яриа сунжирна. Аргаа ядаад Ч. Ганзориг мэдэгдэл гаргажээ. Гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон тухай. Дуурайлгаад зурчихсан бол мэдэгдэл гаргахаас яах юм бэ.Таны гарын үсгийг хүн дуурайлган зураад мөнгө авчихсан бол Уншигч Та гэмтэн биш хохирогч биз дээ? Энэ чинь таниас хамааралгүй үйлдэгдсэн хэрэг. Эхнэрийг чинь хэн нэгэн: “Хөөрхөн хүүхэн шүү” гэж хэлсэн байя гэж бодьё. Таны уур хэдий хүрч байсан ч энэ таниас хамаарах уу даа. Ийм л юм Монголын нийгмийн хаврын хавсрагатай уралдан цогиж явна. Хавсрага тавиад, салхи хуйсагнаад ирэхээр гудамжинд хэвтдэг өнөө юу арчсан нь цаас амь орон нисээд ам арчдаг шиг л юм болж байх шиг.

Эцэстээ Ш.Батхүү би дуурайлгасан нь үнээн гэж байгаа бол ямар проблем байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын гарын үсгийг Жаст группын зүгээс үйлдэн Стандарт банкинд явуулж байсан үнэн бол ямар проблем байна?

Тэр чигээрээ энэ чинь хувь хүний үйлдэл бус уу. Хууль уншаад л гүйцээ. Одоо гарын үсэг нь үнэн, худал гээд баахан шуугих юм. Хуурамч байгаа бол бүр сайн л биз! Сугар, Ганзориг нар ийм эрсдэлтэй бизнест гарын үсэг зураагүй нь сайн л байна шүү дээ. Сайн байна гэж магтан сайшаая. Ер нь нөхцөл байдлаас үүсээд баталгааг гаргаж болно шүү дээ. Дэлхийн бизнесийн явдал ийм л байдгаас хойш. Баталгаа гаргасан гаргаагүй дээ агуулга нь байгаа юм биш. Батхүүгийн бизнес нурсанд л агуулга нь байгаа юм.

Үүнийг олон түмнээрээ Эрдэнэтийнхэн гарын үсэг зурсан л байж таараа гээд хэлцэх нь хэнд, юунд тустай юм бэ? Гарын үсэг үнэн бол Монголчууд бидний нийтлэг зовлон болох гээд байна. Худал бол Батхүүгийн зовлон болох гээд байна. Ийм л юм.

Эрдэнэт 50 сая ч байна уу? 100 сая ч байна уу доллар Батхүүгийн төлөх гэж яараад байх шаардлага байна уу? Батхүү залилан мэхэлсэн бол энэ бол нэг хүний асуудал болоод явна. Дээр нь ийм хуурамч юманд зээл өгсөн Стандарт банкны эрсдэл. Энэний цаана Ардын намынхан 100 сая доллар тавиад туучихсан гэж шуугилдаад 2020 онд ялах нь л дээ. Детский саад.

“Одоо 213 сая доллар Стандарт банкнаас Эрдэнэтэд орсон байна. Яг Батхүүгийн авсан зээл” гээд миний “хайрт твиттерээр” шуугиад байна.

Банк бол зээл авсан хүндээ л зээлээ өгдөг. Өөр учир байхгүй. Эрдэнэтэд Стандарт, Занданшат банкнаас бүү хэл Хаан, Заан банкнаас ч мөнгө орж болно шүү дээ. Агуулга нь юуны төлбөр юм бэ гэдгийг хараад л бол оо. Шуугиад бай шаардлага байхгүй. Энэ чинь Бурхан байгаа байхгүйг нотлохоос тэрбум дахин, их наяаад дахин хялбар эд.

Эхнэртээ хэлж үзээгүй үгээ твиттерт хайртай гэж бичих ч хаашаа юм? Инээдэм, ханиадам. Ямар Пүрэвдорж биш.

Ингээд цааш нь үргэлжлүүлбэл Эмиль Золягийн “Мөнгө” роман шиг урт юм болох учраас ингээд зогсооё.

Эцэст нь ингэж л улс төр хийхээ зогсооё. Детский саад.

“МАН-хан Эрдэнтийг тавиад туучихжээ” ч гэх шиг. Хэдэн тэрбум долларын үнэтэй Эрдэнэт Батхүүгийн өрөнд тавиад туугдлаа юу. Детский саад. Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх түмэн шалтгаан бий юм билээ. Төлүүлж яах гээд байгаа юм. Монголчуудыг хохироогоод “МАН-хан Эрдэнэтийг тавиад туучихжээ” гэх гээд байгаа юм уу?! Дет.саад. Буруутан тогтоох л гээд байгаа болохоос улс орны эрх ашиг бодох гэж байна уу?! Дет. саад аа!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.