НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Саран: XXI ЗУУНЫ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД МАТЕРИАЛ СУДЛАЛ ГОЙД ЧУХАЛ БАЙНА

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
1 жилийн өмнө /2018-04-24 19:50:32 GMT +8 / | 19807 удаа уншсан

Доктор Галдансамбуугийн Саран. Энэ ажил хэрэгч эмэгтэй нэг дор чамгүй олон юманд сэтгэл чилээж явдаг нь түүний эрхэлж буй ажлаас харагдана. ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн багш, судлаач, инженер. Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш. Мөн силикатан материалын технологич инженер, материал  судлаач хүн юм. 2017 оноос эхлэн ШУТИС дэргэд “Материал судлалын төв”-ийг байгуулан олон улсын судалгаа хийж байна. Бид Г.Саран багштай ШУТИС-ийн Т-403 тоотод байрлах судалгааных нь лабораторид уулзаж ярилцсан юм. Зав зай муутай байдаг эрдэм судлалын хүн “Open door” сонины уншигч олонд анхаарал, цаг заваа зарцуулсанд талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье. 

-Хоёулаа яриагаа энгийн асуултаас эхэлье. Материал судлал гэхээр энгээр юу гэж ойлгодог вэ? Даавуу шуувууны чанар төдийгээр төсөөлөх хязгаарлагдмал ойлголт зарим нэгэнд нь байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ шинжлэх ухааны салбар хөгжил дэвшлийн гол цөм байдаг. Энэ тухай яриач.
-Бидний эдэлж, хэрэглэж буй бүх эд юмс ямар нэг материалаар бүтээгдсэн байдаг. Материал судлал нь дан практикаар хийгдэх ажил биш юм. Байгалийн болон техникийн шинжлэх ухааны олон салбарын оролцоо уулзвар дээр хөгждөг. Жишээ нь хүний хиймэл түнхний материал нь керамик болон металл хайлш байна. Үүнийг гарган авахад анагаах ухаан, материал судлал, физик, хими, металл судлалын салбарын эрдэмтэн хамтран ажилласан. Учир нь хиймэл түнх нь хүний биед зохицох чадвартай, хор нөлөөгүй, үрэлтэнд тэсвэртэй, бат бэх, дулаан тэсвэрлэлт сайтай материал байх шаардлагатай. 
-Саран багшаа, Таныг “материал судлаач” гэдгийг техник технологийн чиглэлийнхэн, энэ талын шинжлэх ухааны хүрээнийхэн андахгүй. Хаана төрсөн, аль нутаг усны уугуул вэ гэхээс илүүтэй таныг мэргэжлийн ийм түвшинд бойжуулж өгсөн он цагуудын дараалал их сонин санагдлаа? Материал судлаач хүн шинжлэх ухааны ямар зам туулсан нь уншигчдад төсөөлөл өгөх талаасаа ач холбогдолтой байх.
-Би ХБНГУ-ын Фрайберг хотын Уул Уурхайн Академийн “Керамик, шил, барилгын материалын институт”-ийг силикатан материалын технологич мэргэжлээр 1996 онд төгссөн. Төгсөх үедээ керамик, шил, хуванцар болон барилгын материалын чиглэлийн 4 хичээлээр нэгэн зэрэг улсын шалгалт өгч байлаа. Миний дипломын удирдагч доктор Х.Зайферт багш маань галд тэсвэртэй материалын чиглэлээр нэр хүндтэй судлаач байсан. Багш маань олон үйлдвэртэй хамтарсан төсөл хэрэгжүүлдэг байсан. Би багшийнхаа зөвлөснөөр 1996-1998 онд ХБНГУ-ын Керамикийн институт дээр эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Тэгээд Монголдоо ирсэн. Тухайн үед хоёр орны Засгийн газрын хамтарсан гэрээгээр тэтгэлэгт сургалтанд хамрагдаж байсан учраас сургуулиа амжилттай төгсөх боломж олдсон. “Юм үзэж, нүд тайлж”, техник технологийн оргилд хүрсэн харь нутгаас эрдэм өвөртлөх боломж олгосон Монгол түмэндээ талархаж явахаас яах вэ. Иймээс эх орондоо нэг ч гэсэн хэрэгтэй зүйл хийх юмсан гэдэг бодол үргэлж сэтгэлд минь хадаатай явдаг. Одоогийн оюутан залууст хандаж хэлэхэд энэ бол өсгөж хэлсэн үг биш шүү.
-Оюутан цагийн сургалт судалгаа, тэр техник технологийн оронд эрдэм шинжилгээний ажил хийж байсан нь одоо ч үр өгөөжөө өгч байгаа нь дамжиггүй.
-Миний дипломын ажил “Галд тэсвэртэй бетоны хөнгөн дүүргэгч материал гарган авах” судалгаа байсан. Энэ материал нь олон улсад хэрэглэж буй “Микросүвэрхэг дулаан тусгаарлагч” гэсэн цоо шинэ материалын эх үндэс нь болж өгсөн. Одоо Монгол орны ДЦС-ын тоног төхөөрөмжүүдийн дулаан тусгаарлах материалаар ашиглах боломжтой материал юм. Иймээс бид одоо энэ материалыг эх орны түүхий эд ашиглан гарган авахаар ажиллаж байна. Мөн герман багш нар маань эрдэм мэдлэгээс гадна маш олон юм зааж сургасан байдаг. Цаг барих, ажлын байраа зөв зохион байгуулах, багаар ажиллах ур чадвар, судалгаа шинжилгээний ажлаа үр дүнтэй гүйцэтгэх гээд хичээлээс гадуур өөрсдөө үлгэрчилэн заасан бүхэн нь ажил хөдөлмөр эрхлэхэд их хэрэг болж байна даа.
-Материал судлалын шинжлэх ухаан хаана ч, ямар ч судалгааны ажилд  дурдагдаж болохуйц шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудын нэг, магадгүй салбар дундын судалгааны ажилд ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой. Та өөрийн судалгааны ажил гүйцэтгэдэг талбарынхаа хөрвөх чадварыг илүү дэлгэрүүлэн дурдаач гэвэл?
-Хүний эргэн тойронд байгалиас болон зохиомлоор гарган авсан төрөл бүрийн материал оршиж байдаг. Сандал мод, төмөр, хуванцар гэх мэт материалаар хийгдсэн байдагтай адил барилгын хана нь керамик, тоосго эсвэл бетоноос тогтдог. Материал судлал нь түүхий эдийг судлах, материалын шинж чанарыг тодорхойлох, сайжруулах, шинэ материал гарган авах үйл ажиллагаа явуулдаг. Дулаан тусгаарлах материалд хөнгөн, сүвэрхэг шинж чанар хэрэгтэй бол керамик материал өндөр бат бэхтэй, химийн тэсвэрлэлт сайтай байх шаардлагатай. Аливаа дэвшилтэт технологийг материалгүйгээр нэвтрүүлэх боломжгүй. Нөгөө талаасаа дэвшилтэт технологи нь шинэ материалын хэрэгцээг бий болгодог. ХIX  зуунд аж үйлдвэр хөгжиж улмаар гангийн үйлдвэрлэл бий болсноор 1500ºС-аас дээш температурт ажилладаг галд тэсвэртэй материалын хэрэгцээ эрс өсжээ. Өөрөөр хэлбэл аливаа дэвшилтэт технологи ба материал нь салшгүй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд материал судлаач, химич, физикч болон барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэн судлаачид хамтран ажиллах нь хэвийн  үзэгдэл болсон. Судалгаа шинжилгээний ажил, түүний үр дүн нэг хүний юм уу, нэг салбарын ажил биш болсон гэсэн үг. Жишээ нь, С3-Carbon concrete буюу карбон бетоныг бий болгосон нь барилгын салбарт ялангуяа архитектурын салбарт маш хөнгөн, нимгэн ханатай бат бэх өндөртэй янз бүрийн хэлбэр дүрс бүхий дээвэр хийх зэрэг олон шинэ боломжийг бий болгож байна. 
-Энэ нь Монголд хийгдсэн ажил уу? Тодорхой жишээ хэлбэл уншигчдад ойлгомжтой байх болов уу?
-Энэ ажил нь олон улсад хийгдэж байгаа шинэ технологийн нэг жишээ юм. Үүний нэгэн адил Монгол эрдэмтэд мөн хамтран ажилласан түүх олон бий. Бидний хувьд гэхэд гэрийн зуухны дулаан барьдаг доторлогооны материал гарган аваад ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор (Ph.D) Б.Пунцагдулам болон дулааны инженер, ШУТИС-ийн ЭХС-ийн доктор (Ph.D), профессор Ж.Цэен-Ойдов багш нартай хамтран ажиллаж байсан. 
-Өнөө үед материал судлаач ажлын байрны хувьд “хэн” байх боломжтой вэ?  
-Өнө эртнээс олон улсад материал судлалын чиглэлээр их, дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэж, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсээр  ирсэн. Манай ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн химийн инженерчлэлийн салбар байна. Энд 2002 оноос эхлэн “Материал судлал, шинэ материалын химийн технологич” мэргэжлээр бакалаврын зэргээр элсэлт авч сургалт явуулан нийт 112 хүн төгссөн. Үүнээс гадна энэ чиглэлээр магистрын зэргийг 27, докторын зэргийг 4 хүн тус тус хамгаалаад байна. Эдгээр төгсөгчид маань өнөөдөр уулын баяжуулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, тэдгээрийн лабораториудад ажиллаж байна. Мөн мэргэжлийн хяналт, барилга хот байгуулалт газрын харилцааны албанд мэргэжилтэн, дээд шатны сургуульд багш, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан зэрэг улс ардын аж ахуйн бүхий л салбарт ажиллаж байна. БХБЯ-наас 21 аймагт барилгын материалын лаборатори байгуулахаар ажиллаж байгаа боловч ажиллах хүчээр дутмаг байгаа нь энэ мэргэжлийн хэрэгцээ өссөөр байгааг харуулж байна.
-Та  ШУТИС-ийн дэргэд  “Материал судлалын төв” байгуулан ажиллаж байгаа нь нилээн алсын хараатай ажил гэдэг нь тодорхой. Улс орны эдийн засагт импорт орлуулах бүтээгдэхүүний үүрэг маш чухал. Манайхан саяхныг хүртэл дотоодын цементийн хэрэгцээний ихэнх хувийг гаднаас авдаг байлаа. Цонхны шил, хоолны аяга, тавгаа хүртэл гаднаас авч байна. Уг нь ийм зүйлийг өөрсдөө хийчих боломж бий юу? Социализмын үед цонхны шил битгий  хэл лонхны шилээ хийгээд аяга тавгаа болгоод байсан гэдэг.
-Материал судлалын төвөө саяхан буюу 2017 оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь Монгол орны эрдэс түүхий эдийн нарийвчилсан судалгаа хийхэд оршино. Нөгөөтэйгүүр, олон улсад хэрэглэж буй дэвшилтэт материалын технологийг эх орондоо нэвтрүүлэх, шинэ материал гарган авах, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр чиглэгдэх ёстой. Багш хүний хувьд судалгааны ажилд их цаг гаргах нь хүндрэлтэй. Гэхдээ бакалавр, магистр, доктор оюутнуудаа судалгааны ажилд татан оролцуулснаар л боломж бий болно. Бий ч болж байгаа.
-Шинэ юм бүтээх ямагт хэцүү байдаг. Энд бие явж байхад санаа сэтгэл олон юман дээр байдаг байх даа?
-Ер нь их, дээд сургуулийн багш, судлаач хүн байнга шинийг эрэлхийлж байдаг. Эргэн тойрноосоо, бусад судлаачдаас байнга суралцаж байдаг. Машин барьж явсан ч, хоол хийж байсан ч тархиндаа шинэ санаагаа байнга боловсруулж, сайжруулахын төлөө байдаг. Заримдаа энэ байдлаасаа болоод гудамжинд хүн танихгүй өнгөрч гомдоох энүүхэнд шүү дээ. 
-Та бакалавр, магистр, доктор оюутнуудаа судалгааны ажилд татан оролцуулах талаар ярилаа. Манай дээд боловсролын салбарт хөгжих ёстой, өөрийн гэсэн сургалтын хэлбэрийн өнгө төрхөө бүрдүүлэх ёстой нэг зүйл бол судлаач оюутан. Магистр, доктор гэсэн нэрнээс илүүтэй хүчтэй судлаачийн нөмөр нөөлгөнд залуу судлаач бойжих асуудал чухал. Тийм сайн “инкубатор”-уудыг яаж олноор нь төрүүлэх вэ?
-Одоогийн байдлаар тус төв дээр 3 доктор, 8 магистр оюутан судалгаа шинжилгээний ажлаа гүйцэтгэж байна. Үүнээс гадна “Материал судлал, шинэ материалын технологи”, “Химийн технологи”-ийн мэргэжлийн бакалавр оюутнууд дипломын болон эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Нэг үеэ бодвол чамлахаар чанга атга гэдэг шиг л байна. Гэхдээ чанга атгаж байна гээд олзоо атгаад суугаад байх биш тасралтгүй хөдөлгөөнд байх нь чухал. Судалгааны ажил гүйцэтгэхэд хөрөнгө босгодог судлаач, олон улсын хамтрагч маш чухал. Манай төв БНСУ-ын “Материал судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. “Бохир усыг цэвэршүүлэх материал гарган авах судалгаа” сэдэвт төслийн ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлж байна. Зөвхөн судлаач оюутан төдийгүй химийн инженерчлэл, физик, математик, барилга, металлургын салбарын багш нар хамтран ажиллаж байна. Учир нь аливаа материалыг гарган авах процесс нь химийн процессууд, түүний шинж чанарыг судлах арга аргачилал нь физик аргууд байдаг. Үүний үр дүнг хэрэглэгчид нь аж үйлдвэрийн бүхий л салбарууд, аж ахуйн нэгжүүд болон хувь хүн болно. Энэхүү судалгааны ажлын хүрээнд олон улсад хэрэглэж буй дэвшилтэт технологи болох керамик мембраныг эх орны түүхий эд ашиглан гарган авах болно. Мөн байгалийн түүхий эд ашиглан адсорбент материал гарган авах чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
-Судалгааны ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гэж судлаачид ярьдаг боловч энэ нь тэр болгон гарт тэмтрэгдээд, нүдэнд үзэгдээд байдаггүй гэж олон нийт шүүмжилдэг. Миний хувьд  мэдээлэл түгээж, хэрэглээнд нэвтэрч чаддахгүй  байна гэж дүгнэдэг. Та бодит үр дүнгээ бидэнтэй хуваалцаач?
-За, жишээ нь, “Бохир ус цэвэршүүлэх материал гарган авах” судалгааны ажил байна. Энэ ажлыг байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх, дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн гаргах зэрэг дээр үндэслэн сонгосон. Монгол орон усны нөөц тэр дундаа цэвэр усны нөөц багатай, нийслэл Улаанбаатар хотод нийт аж үйлдвэрийн 70 гаруй хувь төвлөрсөн байдаг. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байгаагаас Туул гол руу бохирдолтой ус нийлүүлж байгаа зэргийг мөн харгалзан үзсэн болно. Энэ төсөл экологийн төдийгүй улс нийгмийн, үйлдвэр аж ахуйн, эдийн засгийн амин чухал ач холбогдолтой төсөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тус төслийн ажлын үр дүнгээр олон улсын хамтарсан патент авах, инновацийн бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болон илтгэл тавьж оролцох зорилтыг тавин ажиллаж байна. Мөн магистр оюутны дипломын ажлын хүрээнд “Комплант” ХХК-ны полистирол бетоны найрлагыг оновчтой болгох ажил эхлүүлсэн. Говь-Алтай аймгийн тоосгоны үйлдвэрийн тоосгоны шинж чанарыг сайжруулах судалгаа зэргийг гүйцэтгэсэн нь үйлдвэрүүдэд ач тусаа өгсөн. Ийм олон жишээ дурьдаж болох юм. Ер нь үйлдвэрлэлтэй холбоо тогтоож тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан ажил гүйцэтгэснээр их сургуулиуд санхүүгийн эх үүсвэртэй болдог. Хоёрт оюутнууд дадлагажиж сургалтын үр дүн өсдөг. Хамгийн том олз нь үйлдвэрлэл нь судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болох юм. 
-“Их сургуулийн багш” хүнд нийгэм хүндэтгэлтэй ханддаг. Энэ чинь эрдэм мэдлэг шүү, том ёс суртахуун шүү гэсэн утгаар эерэг ханддаг нь ажиглагддаг. Та өөрийнхөө ажлын байрны эерэг болон сөрөг өнцгийн талаар ярихгүй юу, мэдээж бодсноо хийх, мөрөөдлөө биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл байна биз?
-Монгол хүмүүс багш, шавийн холбоог маш хүндэтгэлтэй авч үздэг. Аливаа албан байгууллагад ороод багш байна гэхэд бүх хүн хүндэтгэлтэй ханддаг нь нэн сайхан. Энэ хүндэтгэлийг дааж явна гэдэг маш хүнд ачаа. Хүн ажлын байран дээрээ алдаа эндэгдэл гаргахад тэр байгууллага, хүн алдагдалд орно. Харин багш хүний нуруун дээр бүхэл бүтэн үеийг өсгөж бойжуулж хүн болгоод мэргэжил олгох үүрэг хариуцлага оногддог. Өөрөөр хэлбэл өөрийн болон гэр бүлийнхээ хойч ирээдүйг шавь нарынхаа гарт атгуулж байна гэсэн үг. Бид сайн сайхан ирээдүйг бүтээгчдийг төрүүлж байна. Ингэснээрээ бид бүхэл бүтэн системийг өөрчлөх боломжийг гартаа атгаж байна. Юу тарина түүнийгээ хураана гэдэг биз дээ.
-Танд нэг тийм амжилттай яваа хүний репутаци байдаг. Магадгүй ямар нэг зүйл эхэлвэл заавал амжилттай дуусгадаг ч гэдэг юм уу. Энэ бол таны Германд олж авсан мэдлэг, өөртөө итгэх итгэл, хүмүүжилтэй холбоотой байх. Танд мэргэжлийн түвшинд ямар нэгэн хүндрэлийг даван туулах, гарц олдохгүй ухрах үе байсан уу?
-Өндөр хөгжилтэй оронд сурч байгаад ирэхэд эхний үед хүнд байсан. Түүхий эдээ татахаас эхлээд бүтээгдэхүүн гарч дуустал бүх ажиллагаа автоматаар явагддаг үйлдвэрт заалгаж, дадлага хийж байгаад ирсэн шүү дээ. Гэтэл гар аргаар нүүрсээр шатаадаг тоосгоны үйлдвэр үзээд үнэхээр нэг сэтгэлээр унасан шүү. (инээв.) Харин энэ нь миний өөрийн буруу байсан гэдгийг эцэстээ ойлгосон. Гадаадад юу сурч үзсэнээ Монголдоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх нь гадаадад төгсөгчдийн үүрэг юм байна. Иймээс стандарт боловсруулах, олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүний тулд технологийн заавар боловсруулах, шинэ дэвшилтэт технологийн талаар олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах зэрэг олон  ажлыг зэрэг хийхийг зорьж ажиллаж байна даа. “Open door” сонинд олон нийтэд хандаж ярилцлага өгч байгаа нь ч хийх ёстой ажлын маань нэг хэсэг гэж бодож байна. (инээв.)
-Та түрүүнд үйлдвэрүүдтэй холбоо тогтоох хэрэгтэй гэсэн.  Ярилцлагаа, “Та өнөөдөр яг хэнийг хайж байна вэ?” гэсэн асуултаар өндөрлөе. 
-Инженер хүний хувьд сайн багш болно гэдэг хэцүүхэн даваа тул сайн багш болохын төлөө л зүтгэж байна даа. Материал судлалын чиглэлээр Монгол улсад хийх ажил маш их байна. Надад заримдаа том нуур, далайн эрэг дээр сууж байгаа хүн шиг бодогдох үе ч бий. Хэзээ нэг цагт материал судлалын ажил Монгол хүнд нуур далай шиг хол биш өдөр тутмын амьдралд нь оролцсон шинжлэх ухаан болно гэдэгт итгэж байна. Ийм цаг үе ирнэ. Улаанбаатарын хүн бүрийн шүдний өвчин болсон утаа байна. Энд ч гэсэн бид том хувь нэмэр оруулсан. Энэ бол ахуй амьдралд ойр жишээ. Бид ГОУХАН-ийн (Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг) (GIZ) “UDCP” хөтөлбөрийн хүрээнд гэрийн зуухыг шамотон тоосгоор доторлон гэрийн температурыг 8-12 цаг тогтмол барих боломжтойг тогтоосон. 200 гаруй өрх айл ийм зуух хэрэглэн нүүрсний хэмнэлт гаргахын зэрэгцээ тохилог дулаан орчинд амьдарч байна. Мөн ГОУХАН-ийн Эрчим хүчний хэмнэлтийн төслийн хүрээнд Ховд, Завхан аймагт дулаалга хийсэн сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэмнэлтийн судалгааг гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ “Хүний хөгжил сургалт, судалгааны төв”-тэй хамтран нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгааг гүйцэтгэсэн. Хүүхдүүд дулаан орчинд өсөж бойжсоноор эцэг эхийн сэтгэл ханамж өснө. Хүүхэд өвдсөнөөс болж гарах  эм, тарианд зарцуулах зардал мөнгө хэмнэгдэнэ. Ажлын цаг таслалтаас гарах цалингийн алдагдал, хүүхдийн хувцаст зарцуулах мөнгө зэрэг нь дулаалаагүй үетэй нь харьцуулахад 2-3 дахин буурсан үр дүн гарсан. Оны өмнө гэхэд ШУТИС-ийн ХШУС, ЭХС, БАС, ГУУС-ийн багш нарын баг “Барилгын эрчим хүчний аудит” цуврал 3 евростандартыг герман хэлнээс орчуулан, боловсруулж үндэсний стандарт болгон батлуулсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Ер нь хоёрдогч түүхий эд ашиглах, байгалийн түүхий эд хэмнэх, эрчим хүчийг үйлдвэрлэлийн үед болон ашиглалтын үед хэмнэх, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гаргах чиглэлээр эрдэмтэд, судлаачид болон үйлдвэрлэл хамтран ажиллах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна гэж би үздэг. Эдгээр чиглэлүүдээр  хамтран ажиллах, аливаад “герман” боловсролоор ханддаг, ажлын ард гардаг хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна. 
-Ярилцлага маань ингээд өндөрлөж байна. Таны сүүлийн өгүүлбэр маш их таалагдлаа. Таны хамтрагчид герман хүн шиг цаг нартай ажилдаа ханддаг, ажлын үр дүн, үр өгөөжид онцгой анхаардаг хүмүүс байгаасай гэж ерөөе.
-Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.