НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Б.Дэндэвсамба: Төсвөөс хараат бус хөгжих боломж бий

ner.mn     Нийтлэгч
9 сарын өмнө /2018-04-16 12:30:31 GMT +8 / | 11527 удаа уншсан

З.Урансүх

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамбыг сар шинийн дараахан нийслэлд ажлаар ирээд байхад нь “VIPERSON”-доо урьж ярилцсан юм.

-Холоос ирсэн хүнээс сонин сонс гэдэг дээ. Өмнийн цэнхэр говиор өвөлжилт хэр байна даа?
-Ханбогд сумын нутаг хэдийгээр Монгол орны хамгийн дулаан цэг боловч энэ өвөл харьцангуй хүйтэн өвөл болсон. Өнгөрсөн жил Ханбогд төдийгүй Өмнөговь аймгийн нийт нутгийн 80 орчим хувь нь гантай, түүнийхээ 90 хувь нь хүндэвтэр гэж Хөдөө аж ахуйн яамны гангийн судалгаагаар гарсан. Нэгэнт зуншлага муу, өвөл нь хүйтэн, дээрээс нь хаваржилт хүндрэх төлөвтэй байсан учраас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх дээр анхаарал тавьж, аймаг, уул уурхайн компаниудтай хамтран орон нутаг бүхий л бололцоогоо дайчилж ажилласны хүчинд энэ өвлийг давлаа. Хэдийгээр урь орж байгаа ч хаврын улирал урт, нар, ногоо дэлгэрэх хугацаа болоогүй учраас бид нар өвс тэжээлийн нөөц, ялангуяа мал төллөх үеэр илүү их ач холбогдол өгч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүний төлөө бэлтгэлээ хангаад л ажиллаж байна.
-Ханбогд онцлог олонтой. Дэлхийн хэмжээний төсөл тэнд хэрэгжиж байна. Ингэхэд хамтын ажиллагаа ямар байдаг юм бэ. Үнэндээ говьд ч, хангайд ч уул уурхайн компаниуд болон орон нутгийн хамтын ажиллагаа муу гэх хурцхан шүүмжлэл өрнөдөг нь нууц биш?
-Хүний хүсэл хязгааргүй. Тиймээс бид нар хамтын ажиллагааг өнөөдрөөс маргааш, маргаашаас нөгөөдөр илүү сайн болгохыг хүсч ажиллаж байгаа. Мэдээж дэлхий хэмжээнд ч Монгол Улсын хэмжээнд ч  эдийн засгийн гол салбарын нэг уул уурхай, уул уурхайг хөгжүүлж ажиллана гэж бодлого явж байгаа учраас бид байгаль орчинд ээлтэй, иргэдийнхээ эрүүл аюулгүй, амьдрах орчинг хөндөөгүй уул уурхайг дэмжих бодлого барьж ажилладаг. Хоёрдугаарт, бидний хамтын ажиллагааны гол асуудал чухал. Уул уурхай маань өөрөө шинэ салбар. Тэр нь уламжлалт мал аж ахуйтайгаа маш сайхан зэрэгцэж орших ёстой. Тэнд бидний хамтын ажиллагааны гол цэг байх ёстой. 
Гуравдугаарт, бид орон нутгийн хөгжил дээр хамтрах ёстой. Гэхдээ хөгжлийн төлөө хамтарч ажиллана гэдгийг би хандив авах, уурхайгаар бүтээн байгуулалт хийлгэх явдал гэж боддоггүй. Илүү өргөн хүрээнд харах ёстой.
-Тухайлбал?
-Жишээ нь тухайн уул уурхай Ханбогдод үйл ажиллагаа явуулж байгаа юм бол хамтын ажиллагааныхаа үр дүнд тулгуурлаад, орон нутгийнхаа ажлын байрыг түлхүү нэмэгдүүлэх ёстой. Түүний тулд Өмнөговь аймаг ч тэр, Ханбогд сум ч тэр, уул уурхайн компаниуд тэдгээрийн туслан гүйцэтгэгдийн нийт ажилчдын 50-аас доошгүй хувь нь орон нутгийнхан байгаач ээ гэх шаардлагыг тавьдаг. Уул уурхайд маш их ханган нийлүүлэлт хийдэг. Магадгүй тэр тендер шударга явдаг гэдэгт би итгэж байна. Гэхдээ тэр тендерийг илүү шударга байлгахын тулд, тэр шударга тендерт нь орон нутгийн хамрах хүрээг нэмэгдүүлэх нь чухал. Орон нутагт нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг, ялангуая импортыг орлосон бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Асуудлыг, ганц сум, уурхайгаар бодож болохгүй. Монгол Улсын том бодлоготой уялдаж ажиллах ёстой. Тэр утгаараа, импортыг орлосон, Ханбогд суманд, Өмнөговь аймагт нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг ханган  нийлүүлэлтэнд түлхүү авах тал дээр анхаарлаа хандуулахыг шаарддаг. Нэгэнт өөрөө Оюу Толгойн уурхайг онцолж асуусан учраас онцолж яръя. Өнөөдөр Оюу Толгойн уурхай дээр 11 мянга орчим хүн ажиллаж байна. Үндсэндээ Өмнөговь аймгийн 3000 орчим, Ханбогд сумын 1200 орчим хүн ажилладаг гэсэн үг. Ханбогд, Өмнөговийн 3000 орчим хүн гэрээсээ, аймгаасаа, сумаасаа ажилдаа явдаг бол бусад 7000 хүн Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж, уурхай дээр байрладаг. Энэ бол буруу жишиг. Сумаа, аймгаа хөгжүүлье гэвэл Өмнөговьд суурьшлыг нэмэгдүүлэх ёстой. Тэгэхийн тулд уурхайн ажилчдыг Ханбогдод үе шаттайгаар гарч амьдрах, тэр нь болж байвал гэр бүлээрээ амьдрах орчинг бий болгох нь бидний ойрын зорилго. Гэр бүлд ээлтэй ажлын байр бий  болгосноор ирээдүйд үүсч болох сөрөг байдлыг багасгана. Хамгийн хурц ажиглагддаг зүйл нь гэр бүл салалт... Цаашлаад өрх толгойлсон хүүхдүүд бий болохоос болгоомжлох хэрэгтэй. Хүүхдийн сурлагын асуудал доголдож байна. Энэ бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гэр бүлд ээлтэй ажлын байрыг бий болгоё, та бүхэн Ханбогдод ирж амьдраач ээ гээд байгаа юм. Чи уурхайчин бол чиний эхнэр, нөхөр сайн багш, эмч байж болно. Тэгвэл тэр чадварлаг боловсон хүчин Ханбогд, Өмнөговьд хэрэгтэй байна. Уурхайчны гэр бүл Ханбогдод ирж ажиллаж амьдарснаар нийгмийн дэд бүтэц хөгжинө. Чадварлаг боловсон хүчинтэй болно. Цаашлаад эрүүл мэнд, боловсролын салбар хөгжинө. Суманд ч аймагт ч хөдөө орон нутагт эрүүл, мэнд, боловсролын салбар сайн байж байж л тэнд аав, ээж, эмээ, өвөөг эмчлүүлж, хүүхдээ авч ирж боловсрол эзэмшүүлж, амьдруулна. Бидний хамтын ажиллагааны үндсэн гурван зарчим ердөө л ийм байна. Энэ гурван зарчим хэрэгжсэнээр төвөөс хөдөө рүү чиглэх урсгал нэмэгдэнэ. Ингэснээр нийслэл хотын маань сөрөг үр дагавар болох түгжрэл, утааны асуудалд бага ч болов эергээр нөлөөлнө. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн том бааз суурийг үүсгэж байгаа Оюутолгойн уурхайн Ханбогдод байгаа л юм бол тэнд байгаа орон нутгийн удирдлагууд тэр хэмжээний том сэтгэж, ажиллах ёстой. Жижигхэн хэмжээний, манай сум гэх “би”-гийн үзлээсээ салах ёстой.
-Уурхайг дагаад хөндөгддөг асуудал нь байгаль орчны доройтол, нөхөн сэргээлт, бэлчээрийн даац... Малчдын зүгээс шүүмжлэл гарч байгаа нь мэдээж. Ялангуяа говийн бүсэд усны асуудал илүү хурц хөнддөг байж таарна?

-Байгаль орчны доройтлын асуудал ярихаар зөвхөн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа уурхай төдийхөнтэй холбож ярьж болохгүй л дээ. Цаана нь  экспорт, импортын тээврүүд, эрэл хайгуул ч багтана. Дээр нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, мал сүргийн бүтэц, тоо толгой гээд олон хүчин зүйл бий. Мэдээж хамгийн хэцүү нь ус. Ялангуяа говийн ус нүдэнд харагддаггүй ус... Говийн ус хэдэн мянган метрийн гүнд байдаг. Тэр усны түвшинг хэвээрээ байгаа эсэхийг бид мэдэх боломжгүй. Гагцхүү усны салбарынхаа эрдэмтдийн санал дүгнэлтэнд тулгуурлаж, бусдад итгэж усаа ашиглуулж байна гэсэн үг. Бидний итгэл үнэмшил хэцүү байгаа биз. Мэдээж эрдэмтэн судлаачдадаа итгэхгүй байх аргагүй. Гэлээ гээд байж байгаа гэсэн гээд 100 хувь итгээд асуудал биш ээ гээд сууж байж бас болохгүй. Тийм учраас бид, усан дээр маш анхааралтай хандах ёстой. Сая Өмнөговь аймагт Ерөнхийлөгч ирж, иргэдтэй уулзлаа. Тэр үед би хоёр сэдвийг хөндөж саналаа хэлсэн.
-Ямар сэдвийг хөндөв?
-Нэгд, нүүрс тээврийн замтай холбоотой байгаль орчны асуудал. Хуучин уртын урт рейсээр яваад 150 км  дараалал үүсгэж, түүнийгээ тойроод байгаль, газар шороо, малын бэлчээрийг хомсдуулж, айлын өвөлжөө, бууц, хаа хамаагүй газраар зам гаргаад, тэр хэрээр хог шороо үүсгээд явсан нөхцөл байдлыг ахиад битгий үүсгээч ээ гэсэн. Тэр их эрсдэлээс зайлсхийхийн тулд, цаашлаад Монгол Улсынхаа эдийн засагт гол ачаа үүрдэг нүүрснийи экспортоо бодоод хатуухан хэлчихэд, Цагаан хадыгаа золиослож болох юм. Тэрнийхээ үр дүнд, Өмнөговийн ялангуяа Ханбогд, Цогт-Цэций, Баян-Овоог дамнасан байгалиа орчны доройтлыг аварч үлдэх юм гэдэг байдлаар асуудал хөндсөн. Бас, одоо тун удахгүй далд уурхай ашиглалтанд орно. Тэр хэрээр ашигт малтмалын тоо хэмжээ нэмэгдэнэ, баяжуулах үйлдвэр нэлээн өндөр хүчин чадлаар ажиллана. Үүнийг дагаад  усны хэрэглээ огцом өснө. Тиймээс гадаргын ус, Хэрлэн говь мэтийн төслүүдээ шуурхайлаач. Вакум саванд байгаа усаа бид харахгүй байна. Гэхдээ багасаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүрэх юм уу, үгүй юм уу. Тэгээд дээрээс нь хөрсний ус, дээд, дунд давхаргын ус байхгүй болбол яах вэ. Хуурайшиж, цөлжөөд малын бэлчээргүй болбол яах юм бэ. Олон олон хүчин зүйлээс болоод гадаргын ус эрс багасаж байна, сүүлийн жилүүдэд... Ийм л хоёр санал тавьсан.
-Уул уурхай нөхөгддөггүй баялаг гэдэг утгаараа тодорхой хугацааны дараа дуусна. Бид уул уурхайд түшиглэсэн эдийн засагт найдаад амьдраад байж болохгүй. Гэтэл улс орон даяараа л тэгж амьдарч байна. Тэгэхээр Өмнөговь, тэр дундаа Ханбогд сум, мал аж ахуй дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Би Ханбогдыг Монголын хамгийн олон тэмээтэй сум гэж сонссон. Энэ тохиолдолд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, борлуулах, санхүүгийн хувьд хөл дээрээ босох боломж хэр юм бэ. Энэ талаар та нарын бодлого, бодлыг сонирхоё?
-Орон нутгийн удирдлагын хувьд миний нэг бодол байдаг юм. Бид нар иргэддээ хэлдэг, өөрсдийнхөө хэрэгжүүлж буй бодлогодоо барьдаг нэг зарчим байдаг. Бид зөвхөн уурхайгаа шүтэж амьдарч болохгүй ээ. Бид хөгжлөө төсвөөс хараат бус байдлаар босгож, өөрсдийгөө дайчилж ажилах ёстой. Уурхайг ухаад л  дуусна. 100 жил юм уу 90, 110 жилийн дараа дуусна. Уурхайн ар дээр Ханбогдын амьдрал тогтвортой байж, хөгжсөн түвшингөөсөө цааш явах ёстой. Үүний тулд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар юу байсан юм бэ гэдгийг бодох учиртай. Мэдээж, бэлчээрийн мал аж ахуй. Хойшид яах юм бэ. Уурхайн ар дээр бас энэ л авч явна. Миний олж харж байгаагаар... Яагаад гэж үү? Өглөө ингээ саагаад явуулчихдаг. Орой ирэхдээ ахиад саах сүүтэй болчихоод ирдэг. Шавхагддаг биш, нөхөгддөг баялаг байхгүй юу. Нэг тэмээ өөрөө нэг үйлдвэр... Өөрөө ноосоо, сүүгээ, махаа тэр ч бүү хэл өөрийгөө үйлдвэрлэдэг. Ингэ ботголдог биз дээ. Уурхай бол эсрэгээрээ... Өнөөдөр авсан хөрс шорооны нүх маргааш, 100 жилийн дараа хонхойгоод л үлдэнэ. Тэнд ахиад баялаг ургахгүй. Магадгүй, дөрвөн жилийн хугацаатай сонгогддог сумын Засаг дарга 40, 50, 100 жилийн дараагийн асуудлыг ярихаар зарим хүнд тэнэг юм шиг харагдаж болно. Гэхдээ бид Уурхайн дараа бид яаж амьдрах юм бэ? Амьдрал үргэлжилж л таарна. Тийм учраас бид өөрсдөө үйлдвэртэй болох хэрэгтэй. Мал аж ахуйгаа цаг хугацаанд дагуулаад эрчимжүүлж, уламжлалт байдал, ашиг шимийг нь нэмэгдүүлэх арга зам хайх хэрэгтэй. Манай сум хамгийн олон тэмээтэй. Энэ жил 27 мянган тэмээ тоолууллаа. Мэдээж, тэмээнийхээ махыг уурхайд хонь, үхрийн мах шиг нийлүүлж чадахгүй. Тиймээс тэмээний амьдын үнэлэмжийг бодох ёстой. Тэмээний үр өгөөжөө өгөх хоёрхон зүйл нь ноос, сүү. Бид  ингэний сүүг ямар хэлбэрээр зөв зохимжтой боловсруулж болох талаар судалж байна. Миний харж байгаагаар ингэний хуурай сүүний үйлдвэр илүү үр дүнтэй юм шиг харагдаад байгаа юм. 13 литр шингэн сүүнээс нэг литр хуурай сүү гардаг. Нэг кг хуурай сүүний 98 хувь нь цэвэр уураг байдаг юм байна. Хоёрхон хувь нь бусад фегмент. Өөрөөр хэлбэл тамирчдын хувьд амин чухал бүтээгдэхүүн. Би гаднаас уургийг ямар үнээр авдгийг мэдэхгүй. Найрлага нь ямар байдгийг ч мэдэхгүй юм. Гэхдээ бидний хажууд ийм юм  байна гэдгийг олж хараад байна. Гагцхүү яаж хийх вэ гэдэг технологи, тоног төхөөрөмжийг олж авах ёстой. Сая хотод ирээд Витафит үйлдвэрийн захиралтай уулзаж, танилцлаа. Боломж бол байна. Хэцүү нь ингэний сүүг богино хугацаанд их хэмжээгээр бэлдэх нь одоохондоо хүндрэлтэй байна. Ний нуугүй хэлэхэд, залуус маань мал руу бус, уурхай руу хуйлраад байна. Товчхондоо мал маллагаа, үйлдвэрийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тал дээр жаахан бэрх байна. Нөгөөтэйгүүр Ханбогд сум маш сайн чанарын гавилууд хэвшлийн илүү нугаламтай хоньтой. Махны гарц сайтай гэсэн үг. Энэ хонин дээр ажиллуулахаар Хөдөө аж ахуйн ухааны доктор Цэенханд Лхагвасүрэн доктор мөн Өмнөговь аймгийн Үржил станцад ажиллаж байсан Л.Цэцэг-Өлзий, зоотехникч Лхагвасүрэнгээ оролцуулаад ажлын хэсэг байгуулчихсан. Шүлхий, гоц халдварт өвчин хаа сайгүй гарах болсон энэ үед бараг, үзэмчин гэж ярих нь дэмий юм байна. Гавилууд хониндоо судалгаа хийгээд, омгоор батлуулъя. Нэг ёсондоо гавилууд хониныхоо лоббиг сайн хийе. Хэмжилт, судалгааг хийгээд омог болгоод Өмнөговийн хэмжээнд сайжруулагчаар ашиглая гэж бодож байна. Сонирхуулахад, 11 дүгээр сард гавилууд хонин дээр жигнэлт хийхэд 53 килограммтай хурга байсан. Өнгөрсөн жил гавилууд хонины гулуузын жин 43 кг байсан... Боломж байхад  халдварт өвчний голомтот бүс нутаг руу явах шаардлага байхгүй биз дээ. Барга, үзэмчин рүү явдаг. Тэнд очоод нутагшина гэж айхтар юм байдаг. Тэгэхээр анх бий болгосон гавилуудаа л сайжруулчихъя. Яахав, манай аймаг үхэр цөөтэй. Харин Ханбогд сум аймагтаа үхэрээрээ нэгд ордог. 5000 гаруй үхэртэй. Гацуурт компанитай гэрээ байгуулаад нутгийн үхэр дээрээ францын ангус гэж  дэлхийн хамгийн сайн үхрийг сайжруулах чиглэлээр авсан. Махны гарц нь 60 хувь. Хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаагаар нэг тонн, 200 кг-тай бух байдаг юм. Малаа сайжруулах хэрэгтэй. Мэдээж хугацаа орно. Гэхдээ л үхэр, хонио сайжруулж, ингэнийхээ сүүг боловсруулж сурчих хэрэгтэй. Одоо хажууд байгаа уурхайн 11 мянган хүний улаан, цагаан хүнсэн дээр оролцох ёстой. Нөөцдөө тулгуурлаад тодорхой хэмжээнд оролцох л хэрэгтэй. Оролцохын тулд эрүүл хүнстэй байх хэрэгтэй. Эрүүл хүнстэй байхын тулд Ханбогд суманд Монгол Улсын хэмжээнд анх удаа сум дундын Малын эрүүл мэндийн төвийг барилаа. Монголдоо анхдагч. Хэдийгээр сум дундын гэж нэрлэж байгаа боловч бүсийн хэмжээний малын эрүүл мэндийн төв болно. Энд саасан сүү, идэх махны шинжилгээг хийнэ. Нядалгаанд орохоос өмнө мал амьд байхад нь эм, халдварт, гоц халдварт бусад ямар нэгэн өвчин байна уу, үгүй юу гээд бүх шинжилгээг хийнэ. Ард нь эмийн үлдэгдэлгүй, халдварт бус эрүүл малаар хүнсээ бэлдэх боломжтой. Тэгээд хүнсээ уурхайд өгнө. Энэний төлөө нэлээн зорьж байна. Би Булганы Хутаг Өндөр, Сэлэнгийн Ерөө, Цагаан нуур, Дорнодын Матадаар нэлээн явж, мал аж ахуйн судалгаа хийсэн. 2018 оны хоёрдугаар улирлаас бага хэмжээний мах нийлүүлээд үзье. Энэ сарын 21-нээс малын лабортори ашиглалтанд орчихно. Мал аж ахуйн салбар дээр хийж байгаа бидний ойрын ажил энэ. Монгол Улсын хэмжээнд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдаад, ирэх зургаан сарын нэгнээс хэрэгжээд эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй уялдаад зайлшгүй шаардлагатай юмаа бид хийчихлээ. Одоо хүнээ сургаад л цаашдаа хамтраад ажиллачихвал том боломж бий.
-Ханбогдоо хот болгоё гэдэг уриа бий байх аа. Тэгэхийн тулд Цагаан хадыг боомт болгож “задлах”, хөгжүүлэх хэрэгтэй биз?
-Ханбогдыг хот болгоё гэж лоозогноод өнгөрөхгүй. Хот болгохын тулд уурхайн 11 мянган ажилчнаа гаргах хэрэгтэй. Тиймээс өдгөө Ханбогдод тавтай морил гээд үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 18 мянган хүнтэй хот болохуйц дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн. 1.8 мегаваттын гурван зуухаар дулааныхаа хангамжийг шийдчихсэн явж байна. Өөрийн чинь хэлдгээр Цагаан хадны асуудал бий. Цагаан хад маань Монгол Улсын нүүрсний экспортын гол цэг.   Цагаан хадыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд Хятададаас орж ирсэн эх үүсвэрийг ашиглан, гэрэл цахилгааны асуудлыг шийдэхээр төлөвлөөд явж байна. 1992 онд байгуулагдсан боомт ш дээ уг нь... Өнөөдрийг хүртэл өөр өөрийн цахилгааны үүсвэрээр л ажиллаж байна. Нэгэнт эдийн засгийн тэр том урсгалыг дамжуулж л байгаа бол хөгжил байх ёстой. Амьдрал байгаа учраас хүмүүс оччихсон. Нэгэнт хүмүүс оччихсон юм чинь төр юм хийх ёстой.
-Юу?
-Хүмүүсийнхээ ажиллаж, амьдрах орчлонг бүрдүүлэх ёстой. Аймаг, сумынхаа хэмжээнд цахилгааныхаа эх үүсвэрийг хийчихье. Аймгийнхаа хэмжээнд төлөвлөлтийнх нь зураг төслийг хийж батлуулаад төлөвлөлттэй болгочихоё. Дараа нь Хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтттай Сангийн яаман дээр байгаа “Хөгжлийн хөтөч” төсөлд хамрагдая гээд л явж байна. Төсөлд хамрагдвал Цагаан хаданд нэлээн бүтээн байгуулалтын ажил хийгдчихнэ. Товчхондоо, боомтоо, цаана нь байгаа Хайрхан багаа цогцоор нь хөгжүүлээд, төлөвлөлттэй, усны эх үүсвэртэй, цахилгаантай болгоно. Бас дараа жил 50 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Тэгээд хилийн заставаа гэрэл цахилгаанаар хангачихна даа. Нэг үеэ бодвол Цагаан хадыг анхаарсан анхаарал аймаг, сум, яам олон улсын зүгээс ч сайжирч байгаа. Бүтэлтэй сайхан юм болох байх гээд хүлээж байна. Цагаан хадны асуудал яригдахаар нүүрс тээвэрлэлтийн горимын асуудал яалт ч үгйү хөндөгддөг. Их чухал шүү. Буруу шийдвэр гаргаад л уурхайн амнаас хил дамнаад гардаг горимоор явчих юм бол бишдэнэ. Бүтэн жил явж үзээд болохгүй гэдгийг харчихлаа. Цагаан хадан дээр дамжин хийхээр нэмүү өртөг шингэчихэж байгаа юм. Тэндээс манай улсын байгуулсан төрийн бусынхан, Оюутолгойтой хамтарсан Говийн хөгжлийн сан гэж байдаг ш дээ. Тэрний жижигрүүлсэн хэлбэр шиг зарчмаар явбал хөгжилд нь ташуур өгөх том боломж болно. Шууд явбал Цагаанхад хэзээ ч хөгжихгүй. Хог шороо, нөхөн сэргээлт байхгүй болно.
-Монголд үлдэх үлдэцгүй л гэсэн үг юм даа?
-Байхгүй. Чи жолооч гэхэд уурхайн аманд дээрээс нүүрсээ ачуулаад л гарлаа. Хятадад очлоо, нүүрсээ буулгалаа. Хятадаас түлшээ авлаа. Хятадад хоолоо идлээ. Өөрөөр хэлбэл Монголоос хямдхан нүүрс гараад дээрээс нь Хятадад нэмүү өртөг шингээд явчихна л гэсэн үг. Шинэ горимоор буюу Засгийн газрын 326 дугаар тогтоол хэрэгжээд явах юм бол чи нүүрсээ уурхайгаас ачиж гараад, Цагаан хадан дээр буулгаад буцаад уурхай орно. Шатахуунаа Монголоос, хоолоо ч Монголоосоо иднэ. Ийм давуу талтай. Дээр нь чиний буулгасан нүүрсийг өөр хэн нэгэн  ачаад Хятад руу гаргахын тулд хүмүүсийн нийгмийн даатгал, ажилчдын цалин тэр бүх юм хийгдэнэ. Эдийн засгийн хувьд ашигтай. Монголд нэмүү өртөг шингэж байгаа юм бол Монголдоо татвараа төлнө. Тэр татвар Монголын төсвийг бүрдүүлнэ. Тэр нь Монголын Засгийн газар, эдийн засагт л ташуур болж ирнэ.
-Өмнийн говьд уул уурхайгаас дутахгүй аялал жуулчлал хөгжих боломжтой гэж ярьдаг. Ялангуяа хил орчмын аялал жуулчлал?
-Энэ тухай их л олон жил ярьж байна даа. Нэг л явж өгөхгүй юм. Би аймагт, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга байхад үед гэхээр 2015 онд анх удаа Хөх хотод Монгол, Хятадын экспо болсон юм. Тэнд Баяннуур аймгийн аялал жуулчлалын дарга бид нар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлье гээд харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж Монголд бий гэвэл бий. Аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газар, тэмээний баяр, наадам, цагаан сар дээрээс нь түүх дурсгалын газар, архелоги палентлогийн олдворууд хангалттай байна. Шар Цавын үлэг гүрвэлийн мөр, Монголд л ганцхан байгаа Цайны замын түүхэн дурсгалууд, Баян цав, Хэрмэн цав, Хонгорын элс, Сангийн далай, Дэмчогийн хийд... Хятад талд нь хэрэглээ байна  уу гэвэл байгаа. 1.3 тэрбум хүнтэй Хятад орон, хятад хүн, орон яг байгаль дээр тогтсон тогтоц, уламжлалт Монголын ёс заншил, хятадтай холбоотой юмыг сонирхоно ш дээ. Цайны зам, дэлхийн хэмжээнд байхгүй архелоги, палентлогийг сонирхоно шүү. Дээр нь Оюутолгой гэж ямархан агуу эрдэнэс байдгийг үзүүлдэг цамхаг харуул хийгээд сонирхуулсан ч болохгүй гэх газаргүй. Энэ чиглэлээр гэрээг хийгээд явж үзээгүй биш, үзсээн. Визний асуудал, энэ тэр бичиг цаасны асуудал дээр очоод гацчихдаг юм. Уг нь бол цэгцлэх боломжтой л харагддаг юм. Ер нь тэгээд америк хүний өгсөн доллар мөнгө, хятад хүний өгсөн юань мөнгө биш гэж харж болохгүй л дээ. Өмнөговьд 1000 америк жуулчин авсан нь чухал уу, 100 мянган хятад жуулчин авсан нь чухал уу... Мэдээж жуулчны визэн дээр анхаарч, хатуу хяналт тавих хэрэгтэй. Жуулчны клмпаниуд нь оруулж ирсэн жуулчдаа зөрчилгүй гаргаад, хяналт тавиад байхад явах л асуудал. Ямартай ч энэ онд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч, Баяннуурынхныг аялал жуулчлалын дарга,удирдлагаа дагуулаад хүрээд ир. Бодитоор үз. Тэгээд дараа нь ярилцая гэсэн саналыг хамгийн сүүлд тавьсан. Болохгүй бол дахиж худлаа яриад юугаа хийхэв... Нэлээн олон жил яриад цөхөрсөн хүний үг л дээ. Дашрамд сонирхуулахад манай сум аймгийнхаа төсөвт 40 гаран тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Монгол Улсын төсөв гурван шаттай. Бид тэр дагуу 40 гаран тэрбумыг аймгийнхаа төсөвт өгдөг. Аймгийн нийт төсвийн 26-гаас дээш хувь гэсэн үг. Улсын төсөвт 7 тэрбумыг, орон нутгийн төсөвт 1.2-1.3 тэрбумыг өгдөг. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын төлөвлөгөөгөө 120-оос дээш хувиар биелүүлдэг. Нэгэнт төсвөө биелүүлчихэж байгаа юм чинь бүтээн байгуулалтын ажилд нэлээн анхаардаг. Орон нутгийн сангийн тухайн хуулиар саналаа өгөөд ажлаа хийдэг юм. Тэр дагуу 2017 онд 9.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хйисэн. Зарим аймаг, сумд тоо андуурч байгаа гэж бодох байх л даа. Бид 640, 240 хүүхдийн сургуулийн цогцолбор барьж байна. Ний нуугүй хэлэхэд улсын төсвөөр баригддаг юманд нэг алдаа байдаг юм.
-Ямар?
-Төсөвт суулгаад эмнэлгийн зориулалттай байшин барьчихдаг. Тоног төхөөрөмж нь үлдчихдэг. Сангийн яам, Эрүүл мэндийн сайдын багцад нь суудаггүй. Тэгээд яахав хоосон байшин... Эмч нар яах юм бэ. Сумын даргаасаа хандив гуйгаад даралтын аппарат, чагнуураас аваад хогийн шүүр нэхээд гүйгээд байдаг. Энэ нь буруу гэдгийг харуулж, зөв жишиг тогтоохыг бид зорьж байна. Оюутолгой Өмнөговийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан “Говийн Оюу сан” санхүүжилт хийж байгаа. Ирэх найман сарын нэгэнд ашиглалтанд орно. Монгол Улсын сургуулийн стандарт ямар байдаг тэр дагуу тохижуулж байгаа. Тохижуулж, тоног төхөөрөмжөө суурилуулчихлаа. Одоо хүний нөөцөө судалж байна. Хэдэн багш байх ёстой юм бэ. Энэ сургууль ямар стандартаар явах юм бэ... Мэдээж Монгол Улсад мөрдөгдөж байгаа боловсролын стандартаар явна. Гэхдээ аль нь давуу талтай байх юм бэ гээд бодох зүйл бас байна аа. Өнөөдөр Оюутолгойд дэлхийн 40 хэдэн орны хүн ажиллаж байна. Бид Ханбогдоо уурхай дагасан дагуул хот болгохын тулд олон улсын жишиг, стандарт, хэл яриа, харилцаа хандлага ямар байх ёстойг ч анзаарч судалж байна. Сургууль, тоног төхөөрөмж, хүний нөөцөө бүрдүүлчихлээ. Сайн ажиллуулахын тулд сайн сурагч төгсгөхийн тулд  сайн менежментийн багийг дээр нь давхар тавьж байгаа. Сая хотод ирж, “Шинэ эрин” сургуультай санал солилцсон. Улсын төсвийн хөрөнгөөр, хувьсах зардлаар олон улсын стандартын сургалт явуулж чадаж байгаа Монголын ганц сургууль нь  “Шинэ эрин” юм байна. Олонлог, энэ тэр бусад нь сургалт сайтай ч өндөр төлбөртэй. Их сургууль шиг... Тэгсэн мөртлөө зарим сургуульд нь 1-5 анги байхгүй.  1-5 анги хүртлээ энгийн сургуульд явсан хүүхдүүдийн хамгийн шилдгийг нь түүгээд авчихдаг юм байна. Тэгээд өөрийгөө манайх сайн сургууль гээд байдаг. Зүй нь  сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах боловсрол гэж тасралтгүй явах ёстой биз дээ. Бид хөзөр тоглохдоо дан хатан, ноён, тамгийг нь түүгээд атгачихвал хожиж л таарна биз дээ. Тэр чинь л надад буруу зарчим шиг харагдаад байгаа юм. 200 хүүхдийн цэцэрлэгт явлаа, анги дэвшлээ нэгдүгээр ангид орлоо. Тавдугаар ангид орлоо. Тэгж байж л жигдхэн сайн боловсролтой сурагчид бий болно биз. Манай сум 1500 орчим сургуулийн насны хүүхэдтэй. Магадгүй жаран чавганц уралдаад гэдэг шиг 300 нь шигшиж авчихаад, үлдсэнийг нь зам заяагаа өөрөө ол гэж болохгүй биз дээ. Эцэст нь сонирхуулахад, 350 хүний суудалтай соёлын өргөөтэй болсон. Ирэх таван сарын 13-нд нээлтээ хийнэ. УДАТ-ынхантай холбогдож, гэрээ хийгээд нээлтээрээ “Саран Хөхөө”-г тавих гэж байгаа шүү. Монголын анхны дуулалт жүжиг “Саран Хөхөө” хамгийн анх Ханбогдод тоглогдож байсан түүхтэй. Тэр ч утгаараа соёлын өргөөгөө “Үлэмжийн чанар” гэж нэрлэсэн.
-Таньтай ярилцахад сайхан байлаа. Дандаа л болохгүй бүтэхгүй гэх зүйл дуулсаар байгаад залхчихсан байдаг юм байна шүү. Болно, бүтнэ, болгоно бүтээнэ гэхийг сонсох урамтай байлаа?
-Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Тэгээд ч Ханбогд сум хөгжих гэж л байгаа юм бол гадаад харилцаагаа хөгжүүлж өргөжүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар дээр бид НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Элчин сайд, Эрүүл мэндийн яам болон бусад газартай холбогдоод ажиллаж байгаа. Өмнөговийн бүсийн оношлогооны төв Ханбогд сумын бүсийн эмнэлгийг улсын хэмжээнд хөдөөгийн жишиг эмнэлэг болгох зорилго байна. Манай Эрүүл мэндийн яам, Ханбогдын эмнэлэгт 100 төгрөгийн төсөв хэрэгтэй байна гээд явуулахаар, өнгөрсөн жил 70 байсан юм байна гээд 70-ыг л өгчихдөг. Тэр нь бензиндээ ч  хүрдэггүй, дуудлагандаа ч явж чадахгүйд хүрнэ. Тиймээс бид сумандаа төсөл хэрэгжүүлж, хүнээ чадавхжуулж, сургаж, тогтвортой ажилладаг болгохоор хичээж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд уурхайн хамтын ажиллагааны хүрээнд таван сая долларын төсөл яригдаж байгаа. Том боломж. Энд нэг юм хэлчихэд, бид шаардлагатай юмаа шуурхай өгч ажиллахгүй бол тэр улсууд мөнгөө өгөх гээд байхад бид юмаа хийхгүй суугаад байж таарахгүй. Манай зарим байгууллагууд тиймэрхүү чиг хандлага гаргаад байдаг шүү. Авах хүн бөхгөр, өгөх хүн гэдгэр гэж ардын үг бий. Эсрэгээрээ болчихоод байгаа юм. Хурдан ажиллаж, төслийг хэрэгжүүлэх л хэрэгтэй. НҮБ-ын суурин төлөөлөгчидтэй уулзаж, нэлээн тодорхой ярилцсан. Төсөл хөтөлбөр хэрэгжчихлээ Эмнэлэг байртай, тоног төхрөөмжтэй, эмчтэй болчихлоо. Одоо эмнэлэг өөрөө өөрийгөө авч явах хэрэгтэй биз. Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаал байдаг. 2017 онд ...Нэгдүгээр шатны эмнэлгүүдийн төлбөртэй үйлчилгээ явуулах жишиг журам” батлагдсан. Тэрийг ашиглаад хурлаараа батлуулаад уурхайнхаа эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэгийн тодорхой хувийг сумандаа хийе гэж байна. 11 мянган хүнээ гурав хуваагаад аль боломжтойгоороо Өмнөговьд, Улаанбаатар хотод, Ханбогдодоо шинжилгээнд хамрагдчихна. Хуулийнхаа дагуу төлбөртэй үйлчилгээ юм чинь компаниуд нь төлбөрөө хийчихнэ. Сумын эмнэлэг нь чадавхжаад адаглаад дуудлагандаа бензингүйдэхгүй баймаар байна ш дээ. Өнгөрсөн жил гэхэд л сумын эмнэлэг 42 сая төгрөгийн өртэй гарч байна ш дээ. Дуудлаганд 80 мянган км явж байна, жилд. Гэтэл Эрүүл мэндийн яамны баталсан бензиний төсөв долоон мянган км.  Чамайг аврах уу эсвэл өрөнд орох уу... Эмч явж таарна. Заримдаа ч бензинээ хийчихвэл дудлаганд яваад өгье л гэдэг. Тиймээс нэгэнт болохгүй, хүрэхгүй төсөвтэй Эрүүл мэндийн яам руу явж байхаар эндээ бид олох, болгох ёстой. Энийгээ би төсвөөс хараат бус хөгжинө гэж яриад байгаа юм. Гарц бол бий...
-Цаг зав гаран ярилцсанд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.