НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЖАСТЫН БАТХҮҮ ЮУ ГЭЧИХЭВ ЭЭ?

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
2 жилийн өмнө /2018-05-04 18:26:59 GMT +8 / | 4846 удаа уншсан

1.
Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэг олныг шуугиулсаар бас ч гэж нилээдгүй цаг хугацааг үдэж байна. Форматын хувьд маш сайн нэвтрүүлэг болдог. Сошиал ертөнцөөр “Өнөөдөр орой “Цензургүй яриа”-гаар тэр ярих нь ээ” гээд уг нэвтрүүлэг шуугиж эхэлдэг. Нэвтрүүлэг эхлээгүй байхад шүү. Д.Энхбатын хөтөлж байсан “Форум” нэвтрүүлэг л 2004, 2005 онд ингэж шуугиулж байсан. Тэр бол том бага бүрэлдхүүнээр ажиллаж хийж байсан нэвтрүүлэг. Нээлттэй нийгэмийн дэмжлэгээр явсан. Энэ нэвтрүүлгийн редактораар нь гэхэд нэрт сэтгүүлч Ц.Ганболд ажиллаж байсныг санаж байна. Уг нэвтрүүлэг улс төр, эдийн засаг, нийгмийн том том асуудлыг хөндөж тавьдаг байлаа. Нийгэм, эдийн засгийн асуудал үзэгч олонд сонирхолтой сэдэв болж хүрэхэд их төвөгтэй. Гэвч нэвтрүүлгийн формат, тухайн нэвтрүүлгийг бүтээгчдийн ур чадвараас хамаарч нийгмийн сонорт  хөвөрсөн сэдэв адал явдалт киноноос илүүтэй хүрэх нь буй. Мөнхбаясгалан бол асуудлын цөм рүү орох гэж эрмэлздэг нь гадаадын том том хөтлөгчдийг өөрийн эрхгүй санагдуулдаг юм.

2.
Мөнхбаясгалан ийм нэг ноцтой сэдэв хөндсөн нь нийгмийн хий хөөрлийг гольдролд нь оруулахад их тусаа үзүүллээ.
Эрдэнэт гэхээр Монгол хүн бүрийн зүрхэнд хүртэл нэг юм хэлдэг. Энэ нь олон жил монголын эдийн засагт энэ үйлдвэр саалийн үнээ болж ирсэнтэй холбоотой. Саалийн үнээндээ малчин ард ямар их ач холбогдол өгдөг билээ. Яг л тэр зарчмаар Эрдэнэтийн асуудал Монголын улс төрийг хөтлөх нь ч бий. Тэр тусмаа ганц саалийн үнээтэй бол тэр нь тухайн малчин ардын амь зуулга болдог.
1990 оны нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөнд Монгол Улс орсноор Монголчуудын ахуй амьдрал цочмог доройтсон. Энэ үед Эрдэнэт Монгол орныг чирж явсан нь чухам үнэн юм. Иймээс таргийн ганц үнээ нь бидний тархины бор хальсанд гүн суужээ. Таргийн таван үнээтэй болсон ч манай үеийнхэнд Эрдэнэт том сэдэв, том дохио болсоор байх вий. Хүн өлмөн зөлмөн байсан үеэ тансаг палхагар үеэсээ хэд дахин илүү санадаг. Амьтнаас ялгарах гол ялгаа нь хүний ой санамж учраас тэр байх л даа.

3.
“Төрийн санамж байхгүй боллоо” гэж их ярьдаг, хэлдэг. Үнэхээр төр маань олон юман дээр санамжгүй болжээ. Энэ нь төрийн уламжлалт бодлого замдаа завхардгийг хэлээд байгаа хэрэг. Уламжлалт бодлого, хүнээр, хамт олноор, баримт бичгээр дамжиж л үргэлжлэнэ. Манайд сар сайд хийсэн, хоёр сар дарга хийсэн хүмүүс хичнээн олон байна вэ?! Түүн шиг төрийн уламжлалт бодлого завхарч байгаа. Ганц жишээ хэлэхэд, боловсрол бол бүх нийтийн үйлс. Гэтэл бүхнийг хамардаг энэ үйлсийг хариуцдаг яам нь хоёр жил хүрэхгүй хугацаанд гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж байна. 

Иймд Монголд аливаа нийтийг хамарсан бодлогыг амь бөхтэй барьж үлдэх нь өнөө цагийн оройд нь хүршгүй жаргал шиг хол байх шиг. Гэвч ёроолд нь хүршгүй зовлон болоод байгаа билээ. Жаст группын Ш.Батхүү цагтаа Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн амьдралд гавьяа байгуулж явсан цөөн хэдэн бизнесмэний нэг. 
Мөнхбаясгалан, Батхүү нарын “Цензургүй яриа”-г хэд хэд үзлээ. Манайд бизнес хийж байгаа хүний дархлаа ямар сул болохыг яс махан дээрээ мэдэрсэн юм шиг боллоо. Манайд зөв бодол ямар амархан буруу болдгийг сонслоо. Манайд зөв хүн ямар амархан буруу үйлдэл рүү явдгийг харлаа.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг Батхүүгээс болоод тавиад туучихсан мэт пиар яваад удлаа. Яг нарийндаа энэ нь манайхны өнөө л ажлын хариуцлагагүй, уламжлалт бодлогоо барьдаггүйтэй шууд холбогдоно. Батхүү “Стандарт” банкнаас зээл авдаг. Тэр зээлээ зэсийн баяжмал зараад төлдөг байжээ. Зээл өгдөг “Стандарт” банк нь ч зэс борлуулалтын олсон ашгиас нь хүртдэг ийм гэрээтэй байж. Манай бараг бүх үйлдвэр, аж ахуйн газар эргэлтийн хөрөнгө дутмагаас зээл авах, тэр зээлээ олсон ашгаасаа төлөх явдал түгээмэл. Энэ бол манайд бүү хэл дэлхийд түгээмэл ойлголт. Ингэж л манай гаригийн санхүүгийн ертөнц бүтээгдсэн байна. 1990-ээд оны эхээр бүхэл бүтэн Монгол Улс хандивлагч орнуудаас 33 сая доллар амлуулаад Засгийн ноёд бөөн баяр болж байсан юм даг. Бид тийм л нимгэн байв.
2000-аад онд сая доллар шууд гаргачихдаг банк Монголд байгаагүй гэж ярьдаг. Ийм л үед Батхүү бужигнуулж, түжигнүүлж явжээ. Энэ бол уг нь Монгол хүний амжилт, дэвшил юм. Эрдэнэт, төмөр замд түлш нийлүүлдэг байж. Жаст групп гээд ШТС-ууд энд тэндгүй таардаг байсан даа. “Бензин нь хольцоо нь үгүй юм” гээд л ам дамжуулан ярьж ч байв. 
Гэтэл Эрдэнэтийн захирлаар Даваацэрэн ирснээс хойш Батхүү зэсийн баяжмал зарж борлуулахаа больжээ. Батхүүд Эрдэнэт өртэй явдаг, Эрдэнэтэд Батхүү ч өртэй явдаг гээд зохицуулж болох бизнесийн харилцаатай явж байж. Ингээд л энэ хүний бизнесийн урсгал буруу эргэх зам руугаа оржээ. 
Энэ хооронд “романтик” Батхүү орсуудын авсан Хадгаламж банкыг авсан байна. Тэр банк өр ширэндээ баригдсан байсныг “гэнэн” оросууд аваад эргүүлж Батхүүд зарж нэг юм амсхийжээ. Гэнэн оросууд ч юу байх вэ? Оросууд нэг хэсэг наашаа толгойгоо цухуйлгах гэж оролдоод биднээс уйдсан уу, яасан алга болцгоосон. Монголд 100 ШТС байрлуулья гэж хүртэл яригдаж байсныг уншигч авхай эрхбиш санаж байгаа биз. “Чингис хаан банкны Громов гээд дуусдаггүй мөнгөтэй орос Монголд ирээд Сансарын дэнж дээр байна” гээд л шуугицгааж байсан даа. Хадгаламж банкыг Оросын тэрбумтан В.Анисимовоос авсан гэдэг. Тэр үеийн 14 тэрбумын сох дутагдалтай банкыг оросууд аваад салахын түүс болж байж. Манайд бол бие биеэ хулхидаж юмаа шахах нь зан биш зуршил. Жирийн амьдралын хүрээнд бараан зах дээр 52 размер өмсдөг хүнд 48 размерийн цамцыг сайхан таарч байна гээд зарчих бол байдаг л үзэгдэл. Тэгээд “Зарагдсан барааг эргэж авахгүй” гэсэн бичиг лангуун дээрээ тавьчихна. Энэ бол үнэн. Доод түвшиндээ. Дээд түвшиндээ үүнээс бүр уран. 200 грамм алтны нөөцтэй газрыг 2 тонн алтны нөөцтэй гэж залахаас ч сийхгүй. 
Ингээд хулхидуулсан оросуудын банк “Хадгаламж”-ийг 2009 онд гуравдугаар сарын 31-нд Батхүү дөнгөж гартаа хийж автал Монголбанкны шалгалт орж ирээд акт элдэв юм тавьжээ. Бас элдэв аргаар үзүүлэлтийг нь бууруулжээ. “Банк болохоо байлаа” гэдэг дохио бол нийгэмд хамгийн аюултай дохио. Хүмүүсийг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болохыг харъя гэвэл ийм дохио өгөхөд Онцгой байдлын аюулын дохионоос илүү үйлчилнэ дээ. Яагаад юм бүү мэд!
Тэр банк болохоо байлаа гэхэд л хадгаламж эзэмшигчид мөнгөө татахад өнөө тансаг банк таван цагийн дотор дампуурч болно.

4.
Банк гэдэг маш эмзэг сэдэв. Социализмын үед би нэг кино үзсэн юм. Нэг баян залуу хөөрхөн хүүхэнтэй танилцаад хөл алдана. Тэгээд: “Банкинд 20 сая долларын хадгаламжтай” гэдгээ хэлдэг. Гэтэл хөөрхөн ч гэсэн хашир хүүхэн залуугаа шалгахаар шийдэж: “Би 20 сая доллар бэлнээрээ яаж харагддагийг зүгээр л үзмээр байна” гэдэг. Шинэхэн дурлалын халуунд шатаж яваа залуу уухайн тас зөвшөөрч хамгийн ойрхон банкны салбарт орж: “Би хорин сая доллараа одоо авмаар байна” гэдэг. Тэр салбарт 20 сая доллар тухайн үед байсангүй. Гэтэл өдрийн ундны цаг болоход 10 минут дутуу байхыг банкны гүйлгээ ухаантай залуу анзаардаг. Тэгээд банкир: “Таны мөнгийг тоолж өгөхөд дор хаяж 30-40 минут орно. Одоо цайны цаг болж байна. Та цайны цагийн дараа нэг ч минут хоцролгүй ирж авна уу” гэдэг. Ингээд цайны цагаар бусад салбар луугаа утасдаж бөөн бужигнаан болсны дараа 20-т, 50-тын дэвсгэр оролцуулсан долларан багана босгож амждаг. Ингээд банкныхны сэтгэл амарч байгаа дүр зураг гардаг. Мөнгөний эзэн залуу цайны цагийн дараа ирээд тэр долларан баганыг бүсгүйдээ үзүүлдэг. Тэгээд залуу: “Энэ долларыг буцаагаад хадгална уу, би зүгээр л мөнгө маань яаж хадгалагдаж байгааг үзэх гэсэн юм” гэдэг. 20 саяын долларан багана үзсэн бүсгүйн царай гэрэлтээд сүйд. “Банк гэдэг ийм л нарийн эд ажээ” гэж социализмын хүн би тэр цагт их л гайхаж байж билээ. Дашрамд хэлэхэд энийг би кино маягаар үз лүү, унш луу гэдгээ мартаж орхиж. Хувь хүний санамж гэдэг ийм богино. Харин төрийн санамж бол үе дамжсан урт байх ёстой.
Одоо ямар болсныг бүү мэд, дээхнээ манай банкныхан: “Манайд мөнгөний зузаатгал арай хийгдээгүй байна” гэх зэрэг бол энгийн үзэгдэл байсан шүү.

5.
Эргээд “Цензургүй яриа”, Батхүү хоёр луугаа орьё. Батхүү бас найдваргүй зээл нь 90-ээд тэрбум болсон “Монгол шуудан” банкыг авчээ. Ингээд Батхүү: “Бид энэ хоёр банкыг аваагүй байсан бол улс 300 орчим тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүрэх байсан” гэж байна. Бид олон банк, банк бус санхүүгийн байгууллага дампуурахыг харсан. Жагсаал цуглаан, өлсгөлөн бослого, уйлаан майлаан, нус нулимс л болдог. Иймэрхүү алдагдлыг улс үүрдэг хуулийн цоорхойтой байсан. Талыг нь өгнө, тэгэж байгаад талыг нь гэх маягаар аргалж ирсэн бэлэн түүх бий шүү дээ.
Энэ утгаараа “Хадгаламж”-ийн 2.2 сая хэрэглэгчийн эрх ашгийг Батхүү хамгаалж чадсан байдаг. Би дээр хэлсэн 1991 онд 33 сая долларыг хандивлагч орнуудаар амлуулаад Монгол Улсын Засгийн газар амсхийж байсан гэж. Гэтэл үүнээс 18 жилийн дараа Батхүү Оросуудын өвөрт орсон “Хадгаламж” банкыг 33 сая доллараар эргүүлэн худалдаж авч байсан нь монгол хүн энэ хугацаанд яаж өссөнийг харуулж байгаа юм.
Цензургүй яриа нэвтрүүлэгт Батхүү: “Банк дампуурна гэдэг бол хүн авья гэсэн мөнгийг нь өгч чадахгүй байхыг л хэлнэ” гэж маш оновчтой хэлжээ. Батхүү “Хадгаламж”, “Монгол шуудан”, “Олон овоот” гээд гуравт шатсан хүн байна. Батхүү бүгдийг аврах гээд бүгдэд ялагдсан дүр зураг харагддаг.
Батхүүгийн яриаг сонсоход тухайн үед төр засаг түүний проблем рүү “Энэ чинь Монгол бизнесмэн хүн шүү дээ. Юм хийдэг хүн шүү дээ” гэсэн сэтгэлээр өнгийж харсан бол маш их хохирлоос түүнийг болоод Монгол Улсаа зайлуулж болох байжээ гэж бодогдмоор.
Ингээд муу нэр, луу данстай болсон Батхүү “Хадгаламж”-ийг дампууруулахгүйн тулд банкнаас татгалзаж төрд шилжүүлжээ. Одоогийн Төрийн банк. Польшийн зохиолч Г.Лауб: “Баатарлаг хүн аюултай цаг үед л хэрэг болдог. Бусад үед өөрөө аюул болдог” гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа Батхүү үнэхээр аюултай цаг үед хэрэг болсон байна. Лаубын үгийн хоёр дахь санаанд тааруулж бичихэд Батхүү харин Эрдэнэтийн гэрээг хуурамчаар үйлдэж, эрх мэдэлтнүүдийн гарын үсгийг Батхүү дуурайлган “Стандарт” банкнаас зээл авч чадсан байна. 
Тэрбээр зөвхөн энэ үйлдэлдээ л ял шийтгэл хүлээхэд бэлэн байна гэжээ. Эрдэнэттэй холбоотэй энэ маргаан 2013 оноос хойш таван жилийн нүүр үзжээ. Би хуурамч гарын үсэг дуурайлган Стандартаас зээл авсан гэж Батхүү хүлээснээс хойш таван жил өнгөрчээ. Гэтэл Лондонгийн шүүх дээр жинхэнэ гэрээний эхийг нь аваачиж өгөхгүй явсаар "copy"-ыг нь барьж гүйсээр ялагдсан байна. Эрдэнэт 100 саяын төлбөрт унажээ. Батхүү: “Би буруу юм хийсэн үү, хийсэн. Тэрнээс болж Эрдэнэт унасан уу гэвэл тэр худлаа. Хоёрдугаарт, давж заалдах эрхээ санаатай унагасан гэж би ойлгож байгаа” гэж байна. Батхүү: “Шүүх дээр уначихсан ч гэсэн тэр баримт нь Монголд ирээд хөндлөнгийн шинжилгээ хийгээд үнэхээр биш гэвэл Эрдэнэт тэр өрийг төлөхгүй шүү дээ” гэж байна. Тэрбээр аргаа ядаад: “Ер нь бол Эрдэнэтийн 100 сая долларыг гадагш нь гаргаж хувааж идэх сонирхол байна уу даа гэсэн сэрдэх сэтгэл төрөөд байна” гэж байна. Эрдэнэтийн мөнгө бол ямар нэг утгаараа Монголын ард түмний мөнгө гэж томоор ярьдаггүй юм аа гэхэд Улсын мөнгө. Ард түмэнд наалдах мөнгө. Ийм учраас нэгэнт ойлгомжтой болсон Батхүүг яриад байлгүй Улс мөнгөө хамгаалах алхам хийх л ёстой байх даа. Манайд иймэрхүү практикаар төлбөрөөс мултарч байсан тохиолдол байдаг. Жишээ нь, Улаанбаатар Төмөр замтай холбоотой асуудал байдаг. Английн шүүхэд бүх  эх материалыг нь бүрдүүлж өгөөд энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Манай дотоодын асуудал гэдгээ нотлоод Лондонгийн шүүхэд хамааралгүй болсон байдаг. 30 сая долларын энэ асуудал эрүүгийн хэрэгт хамрагдах юм аа гээд манай улс ямар ч хохиролгүй гарсан байдаг. Энэ бүх үнэн зөв процессийг бүрдүүлж гавьяа байгуулсан хуулийн хэлтсийн дарга тэр “совесть чиста” орос бүсгүй, хуулийн ахлах зөвлөх Баясгалан нар саявтархан Алтан гадас одонгоор Ерөнхийлөгчөөс шагнуулсан гэж дууллаа.
Энэ хоёр хэрэг бол зоосны хоёр тал шиг хэрэг. Тэгэхээр хаана хариуцлага байна, тэнд шудрага үнэн байна. Тэгэхгүйгээр Эрдэнэтийн удирдлага байсан, байгаа хэн бүхнийг хамж шимээд Ертөнцийн чихнээ пи-ардах хэрэг байна уу?! Хэргээс олныг төөрөлдүүлэх гээд ч байгаа юм шиг. Төмөр замын асуудалтай жишиж үзээд л хэн хаана хариуцлага алдсныг олж болно. 100 саяыг төлөхгүй мултрах нь хамгийн чухал нь. Энэ бол Эрдэнэтийн юм. Улсын юм, монголчуудын юм. Тэр Алтан гадас одонгоор шагнуулдаг орос авгай шиг “совесть чиста” байцгаая л даа. Орос хүн эх орныхоо мөнгийг хамгаалж  чадаж байна. Бид бас чадах байлгүй. Ядаж Батхүү шиг хуурамч юм хийсэн ч гэсэн үнэн байцгаая л даа.
Ер нь хүмүүс Батхүүд ам сайтай байдаг юм билээ. "Цензургүй яриа"-гаар С.Баяр, Б.Жаргалсайхан нар ч хүндэтгэлтэй хандан ярьж байна лээ. Уг нь эр хүний хугархай хэрэгдээ, Батхүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.