НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Д.Дамба-Очир: Монгол Улсын "санхүүгийн гал тогоо" одоо мөнгөтэй болсон гэж нүүр бардам хэлж болно

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 жилийн өмнө /2018-06-25 18:39:34 GMT +8 / | 12475 удаа уншсан

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Дорждамбын Дамба-Очирыг манай сонины энэ удаагийн “VIPerson” зочноор урилаа. Өнөөдрийн парламентын онцлог бол МАН дангаараа 65 суудал авсан. Иймээс улс орны өмнө тулгарч байсан эдийн засгийн хямралыг бодлогын хүрээнд хэрхэн шийдэж байгаа талаар Д.Дамба-Очир гишүүнээс онцлон асуусан болно. Ингээд ярилцлагаа уншигч түмэндээ толилуулья.

-Та эдийн засгийн бодлогыг тодорхойлоход голлох үүрэг бүхий албыг хашиж байгаа хүн. Улс орны эдийн засаг, санхүү зээлийн байдал ямар байна. Энэ талаар тоймтой хариу авья гэж хүссэн юм. Эдийн засаг 2016 оны сонгуулиас хойш аль зэрэг урагшлав. Ялангуяа санхүүгийн зах зээлийн бодит байдалтай уялдуулж яривал уншигчдад сонин байх болов уу?
-Санхүүгийн зах зээлийн 95 орчим хувь нь банкинд ногддог. Тэр утгаараа банкаа эрүүлжүүлж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох нь нэн чухал. Тэгж чадаж гэмээ нь санхүүгийн зах зээл эрүүл байх энгийн логик харагдаж байгаа биз. Бас нийгэмд тогтвортой байдлыг хадгална. Нийгэмд тогтвортой байж ард иргэдийн амьдрал урагш ахих нөхцөл бүрэлдэнэ. Энэ үүднээс санхүүгийн зах зээлийг удирдах хуулиудыг боловсронгуй болгох тал дээр анхаарч байна. Улсын эдийн засгийн байдал 2016 оны байдлаас эрс сайжирсан. Бүр жилийн өмнөхөөс ч сайжирсан. Жилийн өмнө Монгол Улс дефолт зарлах уу, яах вэ. Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэсэн сандралын байдалтай байсан... Эдийн засаг дампуурах дээрээ тулж байсныг бид бүхэн мэдэж байгаа. Баримт, факттайгаа байсан эд. Энэ нөхцөл байдлыг бодвол хэд хэдэн оновчтой том арга хэмжээ авлаа. Үр дүнд нь эдийн засаг өөдлөх хандлага ажиглагдаж байна.
-Эдийн засаг өөдлөх хандлагын учир нөхцөл юу байна?
-Эдийн засгийн орчинд цэгцтэй, замбараатай бодлого явуулсан.  Энгийнээр тайлбарлавал, хариуцлагын тогтолцоог бий болгосон. ОУВС-ийн хөтөлбөрт цагаа олж хамрагдсан нь давхар хариуцлага, хяналтыг авчирсан. Валютын нөөц гэхэд гурван тэрбум гаруй ам.доллар боллоо. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ харьцангуй дээшилж байгаа учраас орж ирэх орлого ч ихэссэн. 2018 оны эхний байдлаар төсвийн орлого зарлагаа давж биелсэн нааштай мэдээтэй байгаа. Валютын ханшаа ч хянаж чадаж байна. Товчхондоо эдийн засаг өнгөрсөн жил 5.3 хувиар өссөн бол энэ оны сүүлч гэхэд найман хувиар өсөх хандлагатай байна. Бодитой тоо учраас элдэв будаг нялаад нэмэргүй юм  л даа. Өдгөө ийм төлөв байдлаа дунд, урт хугацаанд хадгалж авч явах хэрэгтэй. Эерэг үзүүлэлттээ манахын тулд замбараатай, цэгцтэй, хариуцлагатай байх нь чухал. Санхүүгийн сахилга батыг чанад сахина гэсэн үг. Энэ чигээрээ явбал ард иргэдийн халаасанд  очих мөнгө төгрөг нэмэгдэнэ. Шинээр ажлын байр бий болно. Эдийн засгийн сайжрал нь хагас жилийн дараа иргэдэд мэдэгдэхүйц мэдрэгддэг. Зургаан сараас хойш ажлын байр нэмэгдэнэ гээд ойлгочиход болно.  
-Санхүүгийн сахилга гэж их ярьж байна. Чухам ямар сахилгын арга хэмжээ авав? 
-Засгийн газар, Сангийн яам дотоодынхоо зах зээл дээр бонд босгодог байсныг хориглолоо. Зээлжих зэрэглэлийг сайжруулснаар аж ахуйн нэгж (ААН)-үүд зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн. Иргэд маань ч хэрэглээний зээл авах явдал нэмэгдэж байна. 
-Та Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн. Эдийн засаг, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог бодлогоор хангаж ажиллах үүрэгтэй. Яг ямар ямар бодлогын арга хэмжээ авсны үр дүнд дээрх эерэг үзүүлэлтийг авчрах механизм хөдөлсөн гэж онцлон нэрлэх вэ. Эдийн засгийн хувьд 2017 онд 5.6 хувийн өсөлттэй, энэ онд бүр найман хувь өсөх төлөвтэй байхад...  Урд нь хасах руу өнгийх гэж байсан ч үе бий шүү дээ?
-Төсвийн алдагдлыг эрс бууруулсан. Алдагдлыг найман хувь дээр барихаар баталсан. Хоёрдугаарт, төсвийг зөвхөн Сангийн яам УИХ-аар оруулж баталдаг болсон. Төсвийн хөрөнгийг өөр чиглэлээр концесс, Хөгжлийн банк, Монголбанкаар дамжуулж зэрэг зэрэг зарцуулдаг явдлыг зогсоосон. Ингэж зэрэг зэрэг тарааснаар хөрөнгө үрэн таран хийдэг нөхцөл байдал үүссэн байсан. Дээрээс нь бонд, зээл гээд гаднаас орж ирсэн мөнгийг нэг саванд оруулж өгснөөр зарцуулалтанд хяналт тавих боломжтой болсон.  Мөн Монголбанкны бодлогын хүү 15 хувьтай байсныг 10 хувь хүртэл бурууллаа. Энгийнээр, дотоодын банкууд иргэд, ААН-үүдэд өндөр хүүтэй зээл өгдөг байсныг хөнгөлсөн гэсэн үг. ААН-үүд банкнаас хямд зээл авч үйл ажиллагаагаа явуулснаар бизнес нь өргөжинө. Ажлын байр шинээр бий болно. Энэ нь цаад утгаараа ард иргэдэд, Монголын эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна. Бас Эдийн засгийн байнгын хорооноос шууд хориглосон нэг арга хэмжээ бий. Энэ нь арилжааны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг хориглосон. 
-ААН-үүдэд гэсэн үг үү?
-Төрд гэсэн үг. Төрд ямар зээл авахыг зөвшөөрч байна уу. 30 жилийн хугацаатай, жилийн 0.3 хувийн хүүтэй зээлийг авахыг зөвшөөрнө. Эхний 10 жил нь зээлийн төлбөр төлөх шаардлагагүй хөнгөлөлттэй зээлийг авч байна. 
-Гаднаас авах зээлийн нөхцөл гэсэн үг үү?
-Тийм. Мөн богино хугацаатай өндөр хүүтэй зээлийг урт хугацааны зээлээр сольж, зээлийн хүүгийн дарамтыг багасгаж байна. Монгол Улсын төсвийн хамгийн том зардлын дарамт нь төрийн албан хаагчдын цалин байдаг. Хоёрт нь тэтгэвэр, тэтгэмж. Гуравт нь, та бидний яриад байгаа зээлийн хүүгийн дарамт. Нийтдээ нэг их наяд гаруй төгрөг байдаг байсан бол дээрх арга хэмжээний дүнд нилээд буусан.
-Хэд орчмоор буусан бол?
-Төсвийн зээлийн хүүгийн дарамтыг 400-500 тэрбум төгрөгөөр сулласан гэсэн тооцоо байна.  Ингэснээр хөрөнгө оруулалт хийх, хөгжлийн өөр бусад зүйлд зарцуулах мөнгөний боломж бүрдэж байна гэсэн үг. Цаашилбал тэтгэвэр, цалин нэмэх боломж гарч ирнэ гэсэн үг. Мөн том төслүүдийг хөдөлгөж эхэлсэн. Шинээр ажлын байр бий болгох давхар зорилготой... Энэ хавраас 10-аад төсөл хэрэгжиж эхэлж байна. ДЦС-3, ДЦС-4, цэвэрлэх байгууламж, утааны болон орон сууцжуулах асуудал... Тавантолгойг хөдөлгөе гэсэн шийдвэр гарч байна. Газрын тосны үйлдвэр барих  санхүүжилт нь бэлэн болчихлоо. Бүгд ТЭЗҮ зураг төслөө хийгээд дуусч байгаа төслүүд. Төслүүд хэрэгжиж эхлэхийн хэрээр эдийн засаг тэлж томорно. Зөвхөн төсвийн мөнгө, хөнгөлөлттэй зээлээр бус өөр бусад хөрөнгө оруулалтаар эдийн засгаа дэмжиж өгч байна даа. Сонирхуулахад, өнгөрсөн жилтэй харьцуулахад хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Тэрбум шахуу ам.доллар нь Оюутолгойн бүтээн байгуулалтанд ноогдож байгаа. Монголын эдийн засаг сэргэж байгаа учраас Засгийн газарт нь итгэж хөрөнгө оруулалт орж ирэх төлөвтэй байна. Дээрээс нь Азийн хөгжлийн банк (АХБ), Дэлхийн банк, Япон болон БНСАУ-ын Засгийн газар, ОУВС зэргээс 30 жилийн хугацаатай урт хугацааны бага хүүтэй зээлүүд олгож байна. Валютын нөөцтэй байна гэдэг чинь импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй хангаж байгаа хэрэг л дээ. 
-2016 оноос өмнөх Засгийн газар дотоодын банкнаас дураараа зээл авлаа гэхчлэн шүүмжлэлд өртдөг байсан. Тэр байдлыг тас хорьсон гэсэн үг үү?
-Тэгсэн, байхгүй болсон. Тэр үед Засгийн газар нь 3-4 хувийн хүүтэй зээл банкинд байршуулчихаад тэр мөнгөө эргүүлж бонд нэрээр татаж авахдаа 16, 17 хувийн хүүтэй авдаг байж. Дундаас нь хүүн дээр тоглож мөнгө угааж, хождог байсан нь хаагдсан. Нөгөөтэйгүүр, төр нь мөнгөгүй мөртлөө арилжааны банкуудад мөнгөө байршуулсан байсныг Төрийн санд татаж авсан. Одоо Монголбанкин дээр Төрийн сангийн мөнгө байршиж байгаа. Монголбанк энэ мөнгөнд 5-6 хувийн хүү олгодог. Энэ мэтчлэн олон асуудлыг цэгцэлж, ард түмний нуруун дээр очдог байсан дарамтыг бага ч болов хөнгөллөө. Монгол Улсын санхүүгийн гал тогоо одоо мөнгөтэй болсон гэж нүүр бардам хэлж болно. 
-Цахим ертөнцөөр арилжааны банкуудад 500 гаруй тэрбум төгрөг байхгүй байна гэж шуугиад байна. Үнэн худал нь үл мэдэгдэх, буруу зөрүү яриа үүсч байна. Энд тодорхой тайлбар өгөөч? 
-Өнгөрсөн жил PW гадаадын аудитын компани ирж анх удаа аудит хийсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголбанк, манай банкуудад итгэдэггүй. Тиймээс гаднаас хөндлөнгийн аудит авчирлаа. Бүх банкинд аудит хийснээр зарим банкинд өөрийн хөрөнгө жаахан дутагдах явдал гарсаан гарсан.   
 

Санхүүгийн бүх мөнгөний 95 хувь нь банкинд эргэлдэж байхад бид банкаа цэгцлэхээс өөр юуг цэгцлэх юм бэ

 

-Өөрийн хөрөнгө дутагдана гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Энгийнээр тайлбарлахыг хичээе. Банк их хэмжээний хадгаламж цуглуулсан байхад өөрийнх нь хөрөнгө тэр хадгаламжийнхаа 12 хувьтай тэнцэх учиртай. Банкны эздийн хөрөнгө гэсэн үг л дээ. Ингэж байж л банк хариуцлагатай ажилладаг. Энэ утгаараа зарим томоохон банкны өөрийн хөрөнгө дутагдаж байгаа нь илэрсэн. Бид банкуудад анхааруулж байна... Хууль гаргана. Хууль гаргаж байж арилжааны банкыг хариуцлагатай болгоно. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаажуулна гэсэн үг. Гуравт нь, банкуудыг шахаж байна. Банкаа олигтой авч явж чадахгүй бол хувьд өгнө, хөрөнгийн бирж дээр гаргана гэхчлэн...  Бүр болохгүй бол төр хяналтандаа авч байгаад найдвартай гарт өгчихнө шүү гэсэн дохио. Урд нь банк дампуурах хэвийн үзэгдэл байсан. Одоо бол төр, хадгаламж эзэмшигчдийн ашиг сонирхлыг илүү хамгаалж байна гэсэн үг. Түүнээс биш зарим учрыг нь олоогүй хүмүүсийн яриад байгаа шиг төр, арилжааны банкинд мөнгө өгөх юм биш. 12 дугаар сарын 31-н хүртэл дутагдаж байгаа хөрөнгө мөнгөө гадна дотноос ол гэсэн хугацаатай үүрэг өгчихөөд ажиллаж байна. Банкаа сайжруулаа л гэж шахаж шаардаж байгаа хэрэг. Үүнийг арилжааны банкууд хийгээд явчих байх аа. Яагаад гэвэл нийт байж байгаа мөнгөний 1.9 хувьтай л тэнцэх мөнгө. 
-Банкуудад дутагдаж байгаа өөрийн хөрөнгийн хэмжээ нь нийт мөнгөний 1.9 хувьтай л тэнцэх хэмжээний гэсэн үг юм байна, тийм үү?
-Тийм. Тэр утгаараа арилжааны банкиуд хаанаас ч босгоод ирэх боломжтой мөнгө. 
-Тэгэхээр хадгаламж эзэмшигч иргэд айж сандарч шуугиад, буруу зөрүү ойлгож сандраад байх асуудал биш гэсэн хэрэг үү?
-Харин бүр эсэргээрээ найдвартай болно. Хууль гарснаараа арилжааны банкны эзэд өөрийн банкаа алдахгүйн тулд шаардлага, хариуцлагаа өндөржүүлнэ. Хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хуульчлагдан хамгаалагдана. Хуучин бол амаар анхааруулдаг маягтай байсан. Одоо бол хуульчлагдана. Зайлшгүй гарах ёстой хууль гэж би бодож байна. Санхүүгийн зах зээл дээр донсолгоо үүсгэж болохгүй. Эдийн засгийн байдал эмзэг, дөнгөж өсөж байгаа энэ үед ийм бужигнаан үүсгэхээс сэргийлж байна. 
-Та дээр яриандаа дурдсан. Манай санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар эзэлж байна гэж... Гэтэл хөгжилтэй орнуудад даатгал, үнэт цаасны арилжаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл нийлж, тулгын чулуу шиг явж байж санхүүгийн зах зээл нь бүрэн утгаараа ажилладаг гэнэ лээ. Манайд ганц хөлтэй сандал шиг л, банк уначих юм бол бүгд татагдан уначих гээд байгаа. Бусад нь энэ 28 жилд хөгжөөгүйгээс маш өрөөсгөл эдийн засаг байх шиг. Жишээ нь гадаадад банк нь хүч алдахад нөгөөдүүл нь дэмжээд авардаг юм гэнэ лээ?
-Их чухал процесс л доо. Эхлээд явж байна. Ойрын нэг жишээ дурдахад Тавантолгойн 10 хувийг иргэддээ 1072 хувьцаа болгоод тарааж байна. Тараасан хувьцаагаа бирж дээр гаргаж, биржээ дэмжиж өгье гэсэн санаа. Ер нь иргэд хувьцаа нь өсвөл зарж, буурвал худалдаж авдаг болох хэрэгтэй. Энэ нь иргэдэд байгаа хувьцааг амь оруулж, эдийн засагт мөнгө эргэлдэнэ. 
-Хөрөнгө мөнгө эдийн засгийн эргэлтэнд орох нь их л хойрог байх юм?  
-Гадаадад гарчихсан байгаа том том компаниуд болон Монголд хөрөнгө оруулсан гадаадын компаниуд сүүлийн үед Монголын хөрөнгийн бирж (МХБ) дээр гарч эхэлж байна. 
-Жишээлбэл, би Open door сонин, ner.mn сайт дээрээс “Erdene Resource Development” компани Монголын Хөрөнгийн биржид дөрвөн сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр үнэлэн олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд гаргах хувьцаанаасаа 101,100 ширхэгийг үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор аймгийн хоёр сумын иргэдэд нэр зааж эзэмшүүлэх бол үлдэх 3.89 сая ширхэг хувьцааг тогтоосон үнээр олон нийтэд санал болгох ажээ.” гэж уншлаа. Энэ салбарын хөгжлийн нааштай үр дүн мөн үү?
-Энийг бол бид дэмжиж, хууль эрх зүйн үүднээс нь хамгаалах хэрэгтэй.  Боломжийг нь ямар ч гэсэн гаргаж өгч байна. Оюутолгой ч МХБ дээр гарахад болохгүй юм байхгүй. МХБ-ийг хувьчилбал цаашдаа томроод явах нөхцөл бүрдэх юм болов уу гэж би хардаг. Бас нэг том асуудал бол үнэт цаасны зах зээл. Үнэт цаасны зах зээлийг сайжруулах, хөгжүүлэх талаар төсөл хэрэгжүүллээ. Энэ зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлогыг баталж өглөө. Та даатгал, үл хөдлөх хөрөнгийн талаар дурдлаа. Даатгалын хуулийг сайжруулах, ач холбогдлыг өргөх нь дараагийн алхам. Үл хөдлөх хөрөнгө, эдийн засаг нь унахаар дагаад уначихдаг хэврэг байж болохгүй. Бүх боломж, механизмуудыг хайж байна.  Бид эднийг зэрэг зэрэг хөгжүүлэхгүй бол ганц банкыг хараад, банкны салбарыг царай алдаад нөгөөдүүлээсээ тойрч гүйж боломгүй байна. Энэ дөрөв зэрэг хөгжвөл хүмүүс банкинд хадгаламж өгөхөөс өөрөөр мөнгөө өсгөх боломжтой болно. Иргэд даатгалд мөнгө хийх үү, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах уу, үнэт цаас авах уу гэдэг сонголтыг хэрэгжүүлэхэд хялбар байх ёстой. 
-Тэр нь хүмүүсийн ахуй амьдралд орчихсон байх ёстой гэдэг ч юм уу... Одоо бол энэ хөрөнгөө өсгөх боломж их хол срнсрглож байна шүү дээ?
-Сонголт байх боломж нь энэ 28 жилд олигтой бий болоогүйгээс ганцхан хадгаламж руу хийх л сонголт үлдээд байна л даа. 
-Жишээ нь хувьдаа тав, долоон сая төгрөгтэй багш, эмч, төрийн албан хаагч хүн зөндөө бий. Тэд бие дааж бизнес хийхэд хэцүү. Ганцхан “А” варианттай. Тэр нь банкинд хадгалуулах. Хүмүүсийн мөнгө банкны хүүгээс дутахгүй эргэлтэнд орсноор амьдралд нь нөлөөлнө биз. Таны бодол?
-Эергээр нөлөөлнө. Америк болон бусад хөгжилтэй оронд, гэрийн эзэгтэй гэртээ сууж байгаад үнэт цаасны худалдаанд оролцоод ашиг олж болдог. Товчхондоо таны яриад байгаа бүх сул илүүдэл мөнгө нь том жижиг гэлтгүй авдранд хэвтэлгүй эргэлтэнд орж байгаа юм. Ингэснээр эдийн засаг маш идэвхжинэ. Цаашлаад жирийн иргэд хувьцааг нь худалдаж авсан компанийн үйл ажиллагаа ямаршуу маягтай байна гэдгийг сонирхож эхэлнэ. Ингэснээр тухайн компани бүх нийтийн хараа хяналтанд орж хариуцлагажина. 
-Бас нөгөө талаараа хувьцаа эзэмшигчээсээ дэмжлэг авдаг байх. Жишээ нь, “Макдональдс”-ийн хувьцаа эзэмшигч бол тэр компанийхаа юмыг хэрэглэх, сурталчлахыг л бодох байх даа?
-Түүнээс гадна санхүүгийнх нь байдлыг дэмжихийг хичээнэ. Санхүүгийн зах зээл бүрэн хөгжсөн газар, бүх нийтийн хэвийн үзэгдэл болчихсон асуудал. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг ийм хэмжээнд аваачих ёстой. Захын нэг нөхөр тэндээс ашиг орлого олдог боломжтой байх ёстой. Тэгж байж л санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, эрчимжүүлнэ.
-“Зогсолтгүй эргэлддэг зоос банк” гэж хөөрхөн реклам санаанд орлоо. Банк нь байхгүй ч уриа нь үлдэж. Түүн шиг хүн бүхний сул мөнгө зогсолтгүй эргэлдэх нь байна. Тийм үү?
-Мөнгөө эргэлдүүлж байна. Мөнгө сул хэвтэхгүй эргэлдэж байна гэсэн үг. Энгийн иргэдэд хүртээмжтэй болсноор санхүүгийн зах зээл өргөжинө. 
-Манай Монголд энэ боломж нь хязгаарагдмал, хаалттай учраас нийгмийн иргэдэд орлого олох олон боломжгүйгээс ядууралтай байна гэж үзэх хүн байна. Олон нийтийн буюу Паблик компаниуд хөгжөөгүй. 1990-ээд оны хөрөнгө хувиарлалтан дээр суурилсан баян ядуугийн зөрчил гүнзгийрсээр... гэж үзэх хүн ч байна. Жишээ нь Австрали, Финлянд, Норвеги гэх мэт улсын иргэдийн 60, 70, 80 хувь нь хувьцаа эзэмшигч байдаг гэж сонссон?
-Ер нь бол ийм. Жишээ нь банкин дээр гэхэд маш олон хувьцаа эзэмшигч байх хэрэгтэй. Банк маш олон хүний хадгаламжийг өөртөө төвлөрүүлдэг. Тэр чинээгээрээ маш олон хүний өмнө үүрэг хүлээдэг байгууллага. Та бидний яриад байгаа паблик ч гэдэг юм уу, олон нийтийн ч гэдэг юм уу, компаниуд нь олон хүний хувьцаа эзэмшдэг. Олон нийтийн оролцоотой бирж дээр гарчихсан олон хүний хяналтан доор байдаг компаниуд. Олон нийтийн хяналтанд орно гэдэг тэр компанийн үйл ажиллагаа эрүүл явагдахын гол үндэс. Менежмент нь хүртэл тийм байх ёстой. Менежерээрээ  компаниа хөгжүүлэх чадвартай хүнийг тавина. Уул уурхайн компани, банкууд ч тэр. Гадаадад яг энэ замаар хөгжиж байгаа. Компанийн бүтэц нь зөв, эрүүл байх хэрэгтэй. Тэгээд ашиг орлогоосоо хөрөнгийн оролцоог нь хараад олон нийтэд хүртээдэг учир нийгмийн амьдралд, ядууралтай тэмцэх энэ тэрд цаад утгаараа маш их ач тустай.
-Компанийн засаглал нь эрүүл байх хэрэгтэй. Бүх юм нь нууц түгжээтэй биш?
-Нэг жишээ. 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг Макдональдс, Старбакс гээд том сүлжээнүүд ажрахгүй давсан. Тэр утгаараа Монгол олон нийтийн эзэмшдэг компани бий болгох асуудлыг шийдэж байж хөгжинө. Цаад утгаараа ядуурал, нийгмийн олон асуудлыг шийднэ.
-Бидний сайн мэдэх Оюутолгой компанийн Рио тинто компани ч гэсэн олон нийтийн компани гэдэг үнэн үү. Эзэмшигчид нь гол төлөв хөгжилтэй орны иргэд байдаг байх даа?
-Олон нийтийн компани... Хөрөнгийн бирж дээр гарах нь хэвийн үзэгдэл болчихсон шүү дээ. БНХАУ-ын төрийн зохицуулалттай том том компаниуд ч хөрөнгийн бирж дээр гарчихсан. Энэ чинь хэн нэгэн орж ирээд дураараа дургих боломжгүй гэдгийг харуулж байна. Бүх тайлан балансаа үнэнчээр тайлбарлах хэрэгтэй. Олон нийт түүнийг нь гарын арван хуруу шигээ мэдэж байдаг. Худлаа гаргавал хувьцаа унана. Тийм компанийн захиралд ганцхан үүрэг оногдож байгаа. Хувьцаагаа өсгөх л үүрэг. Хувьцаа эзэмшигчиддээ ашиг олж өгөх. Одоо МХБ дээр гарсан болон цаашид гарах компанийн бүх тайлан баланс нь ил шударга байх хэрэгтэй. Ингэж итгэл найдвар төрүүлж байж хувьцаагаа борлуулна. Мэдээж, үүнийг хатуу хянадаг механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хууль эрх зүйн актуудыг нарийн гаргах хэрэгтэй л дээ.
 

Төр нь цэгцтэй бодлоготой байвал жижиг эдийн засагтай манай улс дорхноо урагшилчна

 

-Сүүлийн 27-н жил МХБ бий болсноор манай үнэт цаасны зах зээл таны хэлсэн шиг хөгжиж чадсангүй. Хэдэн том компанийн хувьцааг нь олон нийт биш хэдхэн хүн атгачихсан дүр зураг харагддаг нь нууц биш. Бид таны яриад байгаа ярианы түвшинд очиход хэр зэрэг хугацаа зарцуулах бол... Дөнгөж эхэлж байгаа сэтгэгдэл төрөх юм. Ягаан, хөх тасалбарын хүртээмжгүй байсан хувь заяа одоо болтол олны дунд яригдаж байдаг?
-Энэ хугацаанд зөвхөн арилжааны банкыг дэмжсэн санхүүгийн зах зээлийг ямар нэг сонирхлоор ч юм уу бүрдүүлжээ. Одоо үл хөдлөх хөрөнгө, даатгал, үнэт цаасны салбарыг хөгжүүлэх боломжийг дэмжих хэрэгтэй. Сүүлийн 25-н жил ярьсан боловч нэг ч олигтой арга хэмжээ авсангүй. Яагаад авахгүй байна. Ямар лобби яваад байна. Санхүүгийн салбарыг цөөн тооны банкууд 95 хувийг нь бариад байна. Өдгөө бусад салбарыг нь хөгжүүлэх цаг нь нэгэнт болсон.
-Хөгжүүлэхийн тулд ямар дорвитой арга хэмжээ авна гэж та бодож, төлөвлөж байна вэ?
-Хуулинд өөрчлөлт оруулна. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компанийг МХБ гаргадаг болгоно. Ядаж 5-10 хувиа гарга л даа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хуулиудад өөрчлөлт оруулна. Үнэт цаасны бодлогыг явуулах дэс дараатай арга хэмжээ авах үүрэг даалгавар гаргаж байна. 
-Бидний хөндөөгүй нэг салбар бол даатгал. Бүгдийг хамруулж ярих аргагүй ч тоймлож ярьж болох байх. Даатгалын тухай ойлголт байна. Давхар даатгал гэж ярих авч бас юу болох талаар ойлголт сул?
-Давхар даатгал Монголд ашигтай. Монголд татвараа төлчихсөн байхад бусад газар дахин дахин татвар төлөх шаардлагагүй болно. Тэгснээр хөрөнгө оруулагчид Монголд дуртай орж ирнэ. Давхар даатгалаар эрүүл мэндийн болон бусад үйлчилгээгээр гадны  том том даатгалын компаниудад монголчууд хамрагдах боломжтой болно. Эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгийн даатгал гээд явна.
-Мал сүргийн давхар даатгал ч гэж ярьдаг.  Ган зуд болж байдаг манай орны хувьд маш чухал?
-Мал сүргийн даатгалаас гадна машин техникийн даатгал байж болно. Монголын жижиг даатгалын компанид хүмүүс итгэхгүй байгаа бол гадаадын хүчирхэг даатгалын компанид даатгуулж болно гэсэн үг. Иймээс гадны, давхар даатгалыг Монголд оруулж ирэх нь зүйтэй. Үүнээс гадна гадаадын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компаниуд Монголд байгаа үл хөдлөх хөрөнгийг орж ирж үнэлбэл олон улсын стандарт, гадаад дотоодод тэр компанийн талаарх итгэл үнэмшил өснө. Эд орж ирж гэмээ нь бидний яриад байгаа санхүүгийн зах зээлийн тэлэлт дорвитой болно гэж ойлгох хэрэгтэй.
-Та 2000-2005 онд Эрдэнэт үйлдвэрт, Худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. Оюутолгой бас гадны хөрөнгө оруулалттай компани. Хүмүүс Эрдэнэт шиг үр өгөөжөө монголчуудад өгөхгүй байна гэж ярьдаг. Та учир мэдэх хүний хувьд энэ хоёрыг харьцуулж хэлэх үү?
-Эрдэнэттэй харьцуулах юм бол Оюутолгойн хөрөнгө оруулалт их хэмжээтэй учраас ашиг нь удаж ирнэ. Хөрөнгө оруулалтаа нөхөх хэрэгтэй болно. Эрдэнэт хөрөнгө оруулалтаа аль хэдийн нөхчихсөн. 2002 онд бид Эрдэнэт үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр болгосон. Тухайн үед чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ энэ нь Монгол Улсад ашигтай шийдэл болсон. Монголын хууль дүрмээр НӨАТ, гааль, бусад бүх татвараа төлдөг болсон. Өмнө нь Монгол,  Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг байсан. Тэрүүгээр нь явахаар бүх татвараас чөлөөлөгдчихдөг байв. 49 хувь нь ОХУ-ын компанийг гадны хөрөнгө оруулалттай компани болгосон учраас ихээхэн хэмжээний татвар орж ирдэг болсон. Оюутолгойн хувьд ил далд уурхайд нь том тоног төхөөрөмжүүд тавигдсан байдаг. Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол өндөр байдаг. Энэ нь эргээд ашиг, цаашлаад татвар төлөхөд нь нөлөөлдөг. Яваандаа татвар өгөх нь нэмэгдэнэ. Гүний уурхай бүрэн ажилласнаар ашиг нь гурав дахин өсөх учиртай. Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлага байвал хийх хэрэгтэй. Би Оюутолгой бол гадны хөрөнгө оруулалтын бусдад харагдах толь болох учраас их ач холбогдолтой гэж боддог. Монголчууд гадны томоохон хөрөнгө оруулалтанд хэрхэн ханддагийг эндээс л дүгнэнэ. Иймээс гэрээг сайжруулна уу гэхээс цуцлах асуудал байж болохгүй. Одоо гүний уурхай руу 4.3 тэрбум доллар нэмж хийх ёстой. 2019 оны сүүл гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусах ёстой. Энд хөрөнгөө оруулсан хүмүүс энэ хөрөнгөө үүрээд гараад явахгүй. Иймд үйл ажиллагааг нь аль болох дэмжих хэрэгтэй.
-Оюутолгойд Монголын Засгийн газар, монголчууд хэрхэн хандахаас ирээдүйд гадаадын дорвитой хөрөнгө оруулалт орж ирэх, ирэхгүй нь шууд хамаарна гэж ойлгож болох уу?
-Шууд хамаарна. Зарим хөрөнгө оруулагч нар энэ байдлыг хараад хөрөнгө оруулалттаа зогсоочихоод харж байна. Оюутолгойн гэрээнд буулт хийсэн ч байдаг юм уу, тухайн хууль дүрмийг зөрчсөн байвал засаж залруулах ёстой. Оюутолгойн гэрээ байгуулагдснаас хойш 10 жил улс төржлөө. Одоо үүн дээр нэг мөр цэг тавиад цааш нь ажиллуулах хэрэгтэй. 
-Эдийн засаг санхүүгийн системд төрийн оролцоо их орсноос саад бэрхшээл учирч байна гэж ярьдагтай та  санал нийлэх үү?
-Хувийнхны хийж чадах ажлыг төр булааж авдгаа болих хэрэгтэй. Нүүрс ухахаар нь очоод төр ухчихдаг. Байшин барихаар нь давхиж очоод барьчихдаг. Давуу тал бий болгож төрийн мөнгөөр бариад байдаг. Ингэж төрийн нэрийн дор хөлжиж гүйдэг “юм”-ыг зогсоох хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн хийж, хөрөнгө оруулж чадах салбарт төр оролцох шаардлага огт байхгүй. Гагцхүү боломжийг нь нээж өгөх үүрэгтэй. Үүрэгтэй болохоос эрхтэй биш шүү. Дэд бүтэц бий болгох явдал бий. Зам барих, цахилгаан дулааныг нь хүргээд өгөх, хөгжлийн суурийг бий болгох хэрэгтэй. Алдагдалтай, тэгсэн атлаа хөгжил дэвшилд амин чухал ажлыг төр хариуцаж хийх болдог. Төрийн оролцоог бизнес эдийн засагт багасгах хэрэгтэй. Жил болгон төсвийн оролцоо их болоод байгааг багасгах нь чухал. Харин хувийн компаниудаа бодлогоор дэмжиж, бэхжүүлэх асуудлаа ярих ёстой. 
-Та хувийн бизнес хийж байсан хүн. Энэ талын зовлон жаргалыг бие сэтгэлээрээ мэдэх байх. Манайд хувийн компани ажиллахад хүндрэлтэй байдаг гэсэн яриа бий. Танд тийм хүндрэл байв уу?
-Төр дураараа аашилдаг. Төрд очсон хүмүүс хувиас юмыг нь булааж авдаг. ААН-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог. Хувийн секторт ажиллаж байхдаа анзаарч байсан. Лиценз, зөвшөөрөл гэдэг нэрэн дор төрийн асар их оролцоо байдаг. Ийм тохиолдолд төргүйгээр бизнес хийж болохгүй байна шүү дээ. Төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Гэхдээ хянаж байх хариуцлагатай салбар гэж бас бий.  Байшин барилга нь нураад, шугам хоолой нь хагараад уначихдаггүй байх хэрэгтэй. Би боддог юм... Би байнга УИХ-ын гишүүн хийхгүй нь ойлгомжтой. Нэг өдөр явна. Тиймээс бизнес хийж байгаа, зөв яваа ААН-үүд аясаараа явдаг, төрийн дарамтанд өртдөггүй байлгах механизмыг бүрдүүлэхийн төлөө бүх л хүчээрээ чармайн ажиллана. Надад маш муухай санагддаг нэг юм бол төрд ажилладаг хүн нэг ч бизнес эрхлээгүй байж 10 байшинтай, 7-8 машинтай, авгай хүүхдүүд нь гадна дотногүй тэнэдэг, 10 газартай байдаг. Шуудхан хэлчихэд,  төрийн албанд асар их хэмжээний хээл хахууль, дарамт байдгийг шийдэх нь эхний асуудал. Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй байгаа гол чөдөр тушаа энд байгаа юм. Би ийм юмыг хувийн компанид байхдаа мэдэрсэн. Төрөөс ном дүрмээрээ аяндаа гаргаад өгчих ёстой  шийдвэрийг гаргаад өгчихгүй, гарын үсэг зурахгүй гацаадаг. Хойноос нь царай алдаад л яваад байна. Царай алдаад л яваад байна. Ямар учиртай нь ойлгомжгүй. Дээр нь миний сэтгэл зовоодог нэг асуудал бол зарим шүүх, цагдаа, прокурорынхны асуудал. Одоо шүүх дээр хахууль авахгүй асуудал шийдэхгүй байна гэж байна шүү дээ...
-Энэ хариуцлагатай хүний яриа байх. Хэн гэдэг шүүгч вэ хэлээд аль гэдэг ярианд орох бий вий. Их хурлын гишүүд ч буруутан тодруулах шаантаганд орж байсан явдал саяхан гарсан?
-Шүүхийн систем нь шударга бус илжирчихсэн байвал Монгол Улсад ёс зүй, хөгжил цэцэглэлт гэж ярих хэрэггүй. Надтай гэмгүй байдаг, хамтарч ажилладаг олон хүний амнаас ийм зовлон бэрхшээлийг сонсоод л сууж байна. Бүгд л мэдэж байгаа. Буруутан хайгаад байлтгүй ил дол болсон эд.
-Та УИХ-ын гишүүний хувьд энэ илжирлийг ямар замаар багасгая гэсэн санаатай байдаг вэ?
-Төрийн албан хаагчдын хуулинд нь хариуцлага хүлээх тогтолцоог нь гүнзгийрүүлэх хэрэгтэй. Буруудсан бол шоронд явах хэрэгтэй. Болохгүй шүү гэсэн айдас эмээлт байх хэрэгтэй. Хариуцлага тооцохгүй учраас ингэж болдог юм гээд даварч байна. Нэг хариуцлага тооцох юм бол цэгцрээд ирнэ. Муу юм хийдэг хүмүүс чинь аймхай байдаг юм шүү дээ. Ямар сайндаа сайныг хийх зориг байхгүй атлаа мууг нь хийж байх вэ. Ажил амьдралтай нь ярих хэрэгтэй. Ажлаас нь хөөж гаргах хэрэгтэй. Хэдэн төгрөгөөр торгоод нэмэргүй. Гэтэл дээр нь өмгөөлдөг, өөгшүүлдэг хамгаалдаг, улаан цаймдаа гарчихсан систем амь бөхтэй тогтож байна. Би анх 2008 оноос л УИХ-д суусан. Надад маш олон юм амаргүй харагддаг. Хүний өөрийнгүй ийм байгаа. Шүүгч, өмгөөлөгч, прокурор, цагдаа цөм оролцоод мөнгө цохидог. Тэгээд хуулийн цоорхой гэж нэрлэдэг. Ийм зүйлийг л “А”, “Б”-гүй байхгүй болгох хэрэгтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Ж.Эрдэнэбулган танай сонинд, “Ёс зүйгүй хүн хуульчийн дипломтай байсан ч хуульч биш” гээд сүрхий ярилцлага өгсөн байна лээ. Хуульчийн диплом нь шударга байхаасаа шударга бус байхыг зөвшөөрсөн диплом шиг бодогдох явдал байна. Ингэж ажил мэргэжлээ гутааж болохгүй. 
-Шүүхийн системийн шинэчлэлээр шүүгч нар гурав, дөрөв, таван сая төгрөгийн цалинтай болсон гэдэг. Тэгээд ч шударга ёс оршихгүй байна.  Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Бүх шүүгч нар хээл хахууль авдаггүй байх. Тулхтай хүмүүс бий. Ахмад, дээр үеийн шүүгчид ёс зүй, шударга ёсыг шүтдэг байсан. Мөрдөхөөс гадна шүтдэг шүү. Сүүлийн үеийнхэнд цадигаа алдах явдал газар авчээ. Шүүх, шүүгчдийн үйл ажиллагаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр ажлын хэсэг ажиллаж байна. Жишээлэхэд өнөөдөр ямар байна вэ. Юмыг анхнаас нь луйвардах сонирхолтой нөхөр, шүүгч нарын дэмжлэгтэйгээр гурван шатны шүүхээр явуулдаг. 3, 4 жил яваад ирэхээр луйвардуулсан хүн сүүлдээ залхдаг. Зардал гараад л байдаг. Өнөө луйварчин энэ хугацаанд өмч хөрөнгөө ийш тийш нь шилжүүлнэ. Өмгөөлөгч, шүүгчээ ч солино. Хөндлөнгөөс харахад процедур нь яваад байгаа юм шиг боловч бүтдэггүй. Компанийнхаа байрлалыг солино. Өөр тийш нь зөөнө. Хамгийн сүүлд нь Дээд шүүхэд нь гурав дөрвөн шүүгчтэй ажиллаж байгаад шийдвэр гаргуулахыг оролддог. Ийм жишээ зөндөө шүү дээ. Энэ янзаараа удвал шударга бизнес Монголд явахаа болино. Жишээ нь Сингапурт төрийн албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлдэг хүн болохоос дарамталдаг хүн биш гэдэг нь шууд харагддаг. Тийм учраас тэнд гадаадынхан бизнес эрхэлж байна. Тэнд хулгай хийх, худлаа ярих, луйвар хийх боломжгүй байх механизм нь бүрэлдсэн.
-Хэсэг хугацаанд шалбаагт унах шиг боллоо. Сайн сайхан яриа руугаа оръё. Амжилттай болж байгаа, бүтэж байгаа юмаар ярилцлагаа өндөрлөвөл зүгээр ч юм болов уу гэж бодлоо. Тэгээд  болж бүтэхгүй юм нүүрлэсэн салбар, хувь хүмүүс байдаг  хэдий ч Монгол Улс урагшлах, хөгжих итгэл үнэмшил танд баттай байдаг биз дээ?
-Байлгүй яах вэ. Сайн нь муугаа давж байх ёстой. Тэр бол эрүүл нийгэм. Одоо бид 2017, 2018 онд олсон эдийн засгийн амжилтаа хадгалах хэрэгтэй. Дараагийн алхам томоохон бүтээн байгуулалтын ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэй. Хэрвээ энэ оны эцэст эдийн засгийн өсөлт найман хувьд хүрвэл энэ хамгийн сайн мэдээ болно. Тэр арга хэмжээний нэг нь банкыг дахин хөрөнгөжүүлэх асуудал. Товчхондоо банкинд төрөөс мөнгө өгөх биш тэдний хариуцлагыг чангатгана гэсэн үг. Өмнө нь мөнгө өгч байсан юм байна билээ. Одоо тийм юм байхгүй.  95 хувийн санхүүгийн бүх мөнгө банкуудаар явж байхад бид банкаа цэгцлэхээс өөр юугаа цэгцлэх юм бэ. Энгийн логик. Үүнийг шийдэхийн төлөө Эдийн засгийн байнгын хороо сүүлийн хоёр жил Монголбанк, Сангийн яамтай тулж ажиллалаа. Монголбанкны хууль, арилжааны банкны хуулийг бид их бэрхшээл дунд баталж гаргасан. Хадгаламжийн даатгалын хуулийг сайжруулсан. Хадгаламж эзэмшигч нар итгэлтэй, тайван байх нөхцлийг л бүрдүүлсэн. Одоо валютын тогтвортой байх хуулийг хийх хэрэгтэй. Дахин үнэлгээний хууль явж байна. Амаргүй асуудал... Гэхдээ хийх л хэрэгтэй. Дандаа зэс, нүүрсний үнэ өндөр байхгүй. Үнэ буурлаа гэхэд бусад орлогоороо Монгол Улс эдийн засгаа аваад явчих нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг жижиг эдийн засаг. Төр нь цэгцтэй бодлоготой байвал дорхноо урагшаа явчихна.  
-Сүүлийн үед монголчуудыг гадаад зээлийн асуудал түгшээдэг боллоо. Монгол Улс их өртэй гэнэ. Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл тэдэн долларын өртэй гээд хувааж үржүүлээд улс төржих явдал байна. Хуучин авсан зээлийг төлөхдөө шинээр зээл босгож байгаа. Хуучин шинэ зээлийн чанарын өөрчлөлт их бий биз?
-27 тэрбум ам.долларын гадаад зээлтэй. 7.5 хувь нь Засгийн газрын зээл. Монголбанкин дээр жаахан зээл яваа. Монголбанкны нөөцийг бодох юм бол тэр нь бас ч гэж  гайгүй. 
-Монголбанкны өр гэж?
-1.7 тэрбумын юаны спот хэлэлцээр. Өнгөрсөн дөрвөн жилд хийж байсан зээл. Бусад нь хувийн секторын зээлж авсан зээл. Ер нь өр, зээл хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ бүгд зээл шүү дээ. Зээлээр үйл ажиллагаагаа явуулж хөгждөг. Зээлээ төлж чадахгүй хугацаа өнгөрөөд хүнд байдалд орвол өр болдог.
-Тэгвэл 27 тэрбумаа зээл гэж ойлгох нь байна шүү дээ. Өр биш?
-Зээл. Гэхдээ Монгол Улсын зээл нэмэгдвэл бас сайны дохио биш. Бид богино хугацаатай өндөр хүүтэй зээл авахгүй байх нь нэн чухал. Жишээ нь Мазаалай бонд гээд 10.87 хувийн хүүтэй Европоос авсан зээлээ, 30 жилийн хугацаатай жилийн 1.3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх гэж оролдож байна. Манайд итгэх итгэл нь илүү болж байгаа учраас зээлийн хүү буурч байгаа. Сая зээл босгоход 5.6 хувийн хүүтэй зээл босгож байх жишээтэй. 
-10.87 хувийн хүүтэй зээлийг 5.6 хувийн хүүтэй зээлээр солино гэдэг их амжилт. Энэ чинь зээлийн хүүний дарамт бараг хоёр дахин бага болжээ гэж харагдаж байна?
-Энэ менежментийг Сангийн яам, Монголбанктай хамтран амжилттай хийж байна. Би сайд Ч. Хүрэлбаатар, Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэдний хамт олонд ний нуугүй хэлэхэд ийм менежмент хийж чадсанд талархаж явдаг. Ер нь манай эдийн засгийн байнгын хороотой ажил төрлөө тогтмол сайн уялдуулж явж чадаж байгаа.
-Банкнуудын үйл ажиллагаа нааштай болж байна. Шүүмжлэлийн бай болоод байсан Монгол Улсын Хөгжлийн банк энэ жил топ-100 ААН-ийн 35-т бичигдсэн байна лээ.
-Хөгжлийн банкин дээр байсан бүх өр авлагыг төсөвт нь татаж аваад цэгцэлсэн. Одоо ямар ч өргүй банк болсон. Энэ банкинд богино хугацаатай өндөр хүүтэй зээл олгохыг хориглочихсон. Хөгжлийн банк мөнгө босгож байгаа. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс яваад одоо тэр хөрөнгийн бирж, сангуудтай яг тэдний хэлээр яриад, тэдний дүрмээр оролцоод мөнгө босгох ёстой. Тэдний босгох мөнгө нь арилжааны банкууд санхүүжүүлж чадахгүй байгаа суурь хөгжилд хэрэгтэй төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Жишээ нь саяхан “Ноолуур” хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Бид дэлхийн ноолуурын зах зээлийн 40-өөд хувийг бүрдүүлдэг мөртлөө түүнийхээ өчүүхэн хэсгийг боловсруулдаг. Бидний тэр ноолуураар гадаадынхан бүтээгдэхүүн хийгээд хэд дахин өндөр үнээр дэлхийн зах зээл дээр гаргаж ашиг олж байна. Ямартай  ч монголчууд нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргах үүднээс “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Б.Батбаяр захиралтай Монгол Улсын Хөгжлийн банкны хамт олон үүргээ сайн биелүүлж байгаад би баяртай байгаа. Ерөнхийдөө эдийн засаг маань зөв голдиролдоо орж байгаа учраас маш олон эерэг үзүүлэлт ААН-үүд дээр бий болж байгаад урамтай байдаг. Үүний нэг нь л Хөгжлийн банк. Хөгжлийн банк нэг үеэ бодвол маш цэгцтэй болсон гэдгийг би мэдэж байна. Энэ банк Засгийн газрын мөнгө босгодог хэрэгсэл, хөшүүрэг нь байх ёстой. Ер нь эдийн засгийн салбарт амжилт олж байгаа, зөв замаар яваа бүх ААН-ийг алагчлахгүй дэмжих нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоны минь эцсийн зорилго гэж бодож явдаг даа. Ингээд өндөрлөх үү дээ, хоёулаа ярилцлага аа?!
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.