НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ж.Шишмишиг: Нэмүү өртөг нь мөлжлөгийн суурь үндэс

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 жилийн өмнө /2018-08-18 20:53:35 GMT +8 / | 6868 удаа уншсан

ТОВЧ НАМТАР:

Хайртынхан овогт Жүгнээгийн Шишмишиг. 
1949 оны 05 сарын 01-ний өдөр Увс аймаг, Улаангом хотноо төрсөн. 
Үндэс, угсаа-Дүрвэд. 
Эхнэр: С.Наранчимэг, Төгөлдөр хуурч, багш. 3 хүүхэд, 2 ач, 2 зээтэй.
Албан тушаалын зэрэг дэв, цол: Хүмүүнлэгийн их сургуулийн харъяа Билиг дээд сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш, ХЗШУ-ны Магистр.
Монгол Улсаас БНАЛАУ, Бельгийн Вант улс, БНСУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан. Зөвлөх зэрэг олон зэрэг дэвийн алба хашсан, Хүндэт дипломатч, “Тэргүүн Итгэмжит” цолтой. 
Боловсрол /дээд/:  Дипломатч, Олон улсын эдийн засагч, Хуульч. Цэргийн тусгай мэргэжилтэй, багш.
Эзэмшсэн гадаад хэл: Англи, орос хэл.
Боловсрол, мэргэжил:  Нийслэлийн Ерөнхий боловсролын V дунд сургууль ,           
ЗХУ. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль Олон улсын эдийн засгийн харилцаа, Гадаад худалдааны эдийн засагч мэргэшлээр, ЗХУ, Цэргийн дипломатын академийн Дээд курс, МУИС. Хууль зүйн дээд сургууль /Эрх зүйч мэргэжилтэй, Хуульч цолтой/, МУҮИС-ийн Магистрантур. Эрх зүйн салбараар Шинжлэх ухааны магистр төгссөн.
Мэргэшлийн бэлтгэл:  Дэлхийн Банкны Олон улсын сургалт. АНУ. Вашингтон DC, Азийн хөгжлийн банкны мэргэшүүлэх курс, "Олон улсын иргэний ба худалдааны эрх зүй" курс, Япон. Осака. ДХБ-ны зохиосон сургалт Австри, Вена. Хууль сахиулах их сургуулийн Докторант-Үндэсний аюулгүй байдал судлаач.
Хөдөлмөр эрхлэлтийн байдал: Гадаад Худалдааны Яам. Автонефтьимпорт нэгдэлд, Агаарын тээвэр, ХАА-н техник, Автозамын техник, Япон, Герман хариуцсан мэргэжилтэн, Ардын армийн жанжин штабт  офицер, Гадаад явдлын яам. ХАШ ББХК-д Ерөнхий захирал, ШАНТ Хууль зүйн фирм-Захирал, Нотариатч, Худалдаа, үйлдвэрийн яам. Дэлхийн банкны төсөл хариуцсан мэргэжилтэн,  Гадаад харилцааны яам. ҮХЯ Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар Газар, Хэлтсийн дарга, ГХЯ, ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, Зөвлөх, Толуй-Сорхуг Трэйд ХХК Гүйцэтгэх захирал, Хүмүүнлэгийн Их сургуулийн харъяа БИЛИГ дээд сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш /ОУНЭЗ, ОУХЭЗ/, Монголын Хуульчдын холбооны гишүүн-“Хуульч”, Хууль зүйн Академи ТББ-ын ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй /UNDP/-гэрээт орчуулагч        
Шагнал: Төрөөс 3 одон, 9 медаль, 6 байгууллагын хүндэт тэмдэг буюу тэргүүний ажилтан хэмээн өргөмжлөгдөж байв.
 

-Миний энэ диктофон ажиллахгүй байна. Та боловсролтой хүний хувьд үүний учрыг олоод өгөөч. (инээв)
-Боловсрол гэдэг мэдлэг, дадлага, чадвар, дээр нь хандлага. Ийм эдгээрийг өөртөө нэгтгэж чадсан хүнийг боловсролтой гэнэ. (Шишмишиг ах диктафоныг эргүүлж тойруулж үзээд учрыг нь олов. Х.Б.) 
-Та манай сонин дээр эдийн засгийн чиглэлийн статья бичиж өгдөг байсан, өөр сонин хэвлэлтэй хамтарч ажиллаж байна уу? 
-“Open Door”-оос бусад Монгол, Орос, Солонгосын хэвлэл, сэтгүүлд Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр өгүүллэг бичиж байгаа. Танай “Нээлттэй хаалга” сонинд удахгүй бичсэн зүйлээ нийтлүүлнэ ээ. Зав гарахгүй байна шүү дээ.
-Та чинь жишвэл Богд хааны үеийн шиг төрийн таван яаманд бараг бүгдэд нь ажилласан хүн юм билээ? 
-За ямар таван яам билээ.
-Цэргийн яам, Гадаад яам, Дотоод яам...
-Би Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үйлдвэр худалдааны яам болон түүний бүтцийн байгууллагад ажиллаж байсан. Мэргэших, дадлага олох төрийн олон төрлийн ажил албан хаших их туршлагыг надад төлөвшүүлсэн юм.
-Хоёр зуун дамжин, хоёр Төрийн нүүр үзсэн, хүндтэй алба хашиж байсан хүний хувьд юун дээр эмзэглэж явдаг вэ?
-Би чинь Пионерийн, Эвлэлийн гишүүний тангаргаас эхлээд Цэргийн, Гадаад харилцааны болон Төрийн албаны, Хуульчийн тангараг /эмчийн тангарагаас бусад/ өргөсөн хүн. Эрх зүй, хууль ёсны талаас нь хэлээд байвал зохицтой, зохицгүй олон юм бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийн тангараг бий. Түүнд ... Ерөнхийлөгч Үндсэн хуулийг дээдлэнэ гэсэн буй. Монгол Улс Үндсэн хууль болон бусад хуультай орон. Тэхлээр энэ тангарагт бичсэнээс үзвэл бусад хууль төрийн тэргүүнд маань хамааралтай эсэх талаар асуудал гарах нь ээ дээ. Иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, бүгд л тэнгэрийн доор төрж хуулийн доор амьдрана гээд байгаа биздээ. Би энд Монгол Улсын бүх иргэн хуулийг нэг адил хууль дээдлэх, дагаж мөрдөх тухай төрт ёс журмыг хөндөж байгаа юм. Манайд Үндсэн хуулийн хариуцлага гэдэг юм үгүйлэгдээд байгаа биш байгаадаа. Хууль ёсны тухай хөндөж наад захын жишээ хэлэхэд, төрийн албаны, хууль журам, хугацааг мөрдөхгүй байна. Нэг нам нь гарч засгийн эрх барих болохоор л төрийн албан хаагчдаа өөрчлөөд, солиод байх юм. Тэгэхээр төр тогтворгүй байна шүү дээ. Төрийн албан хаагч аль нам ялав, хэн сайд дарга болов гэдгээс үл хамаарч тогтвортой албаа тогтвортой хашиж, сэтгэл хоёрдолгүй ажиллах ёстой. Хэзээ ч халагдаж солигдож мэдэх эрсдэлтэй учир хэн хуулийг дээдэлж, чин сэтгэлээсээ ажлаа хийх вэ? Хэн өөрийгөө төрийн дархлаатай гэж итгэл үнэмшилтэй байж чадах вэ? Үүнээсээ болоод “байгаа дээрээ” гэсэн сэтгэлгээ давамгайлаад их багагүй элдэв юманд өртөөд байна шүү дээ. Нөгөө талаар төрийн алба хаших хуулийн хугацаа нь дуусчихаад байхад л дээд газрын шийдвэргүй ажил хийгээд эрхийг нь өмчлөөд, эдлээд яваад байх жишээтэй. Хугацаа нь дуусчихаад байхад байж байж дахин хугацаагаа сунгуулж илүү цаг аваад байх жишээтэй. Замбараагүй, зарчимгүй юм зөндөө байна гээд шүүмжлээд байна шүү дээ. 
-Жишээ байна уу?
-Зөндөө, зөндөө. Одоо энэ Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байна. Ажил эрхлэх хугацаа нь хуучин хуулиар хугацаа нь дуусчихаад байхад л дахиад сонгогдоод шинэ хуулиар явж байх жишээтэй. Тэрийг нь цэц дээр аваачаад бужигнуулаад л... Ийм маягтай. Тэгээд дахиад томилогдчихсон. Цэцийн даргыг унагахад эс үйлдэл хэлбэрээр оролцож байх жишээний. Дээд шүүхийн найман гишүүн зэрэг гар өргөөд түүнийг санал болгож байх жишээтэй. Тэр найман нөхөр хот, нийслэлийн шүүхэд хамт ажиллаж байсан хүмүүс. Ингээд л найран дундаа гэдэг шиг явж байна. үүнээс доор ч юм алийг тэр гэх вэ. Энэ чинь хууль зүйн маягтай харагдаж байгаа боловч ийм маягаар төрийн  эрх мэдлийг авч болохгүй л дээ. Шүүх чинь гурван засаглалын нэг нь шүү дээ. Тэнд л ийм хариуцлагагүй хандахаар чинь яах билээ. Тэр Үндсэн хуулийн цэцэд ч тийм хүн нам хооронд хов зөөгөөд, төрийн албад хооронд хор найруулаад бүр түүнийхээ төлөө гавъяа цол хүртээд явдаг хүн байгаа тухай ард олон ярьцгааж, ХМХ-ээр шуугиж байхад Ерөнхийлөгч маань байж байг гээд Үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм шиг  ойлгогдоод байна. Энэ бол ЕТГ-ын даргын ажил л даа. Амарсанааг /ҮХЦ-ийн дарга/ “унагахад” тусалсан юм гээд хууль зөрчих ажлыг Ерөнхийлөгчийн нэрийг барьж үйлдэж байна шүү дээ. Цэцийнхээ даргыг хуйвалдааны замаар “хууль ёсоор хэмээн огцруулчиж” байх жишээтэй. Уул нь тэр хүн туслалцаа авч байснаа мартах учиргүй л юм сан. Янз бүрийн мэдээлэл элдэв юм байна уу, байна. Тэр мэдээлэл нь аюулгүй байдлын мэдээллийн санд нууц гээд хадгалагдаж байгаа  байх. Тэр мэдээлэл рүү нэвтрэх эрхгүй хүн ямар судалгаагаа, яаж хийх юм. Яаж дүгнэлт гаргах юм. Экспертүүдийн анализ, шинжилгээ, дүгнэлтийг үндэслэж л “төрийн гурван өндөрлөг” гэдэг (бид л тэгж ярьж заншаад байгаа болохоос хуулийн нэр томъёо биш л дээ) хүмүүсийн шийдвэр гарах ёстой байхгүй юу. Сонин сонин юм их байна. Энэ гурван хүнийг аюулгүйн зөвлөлийн гишүүн гэж байна. Гурван гишүүнтэй. Тэр зөвлөлийг төрийн байгууллага гээд нэрлэчихэж байна. Доор нь байгаа аппарат орно. Гэтэл төрийн ямар байгууллага юм.  Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд орсон ямар байгууллага юм. Улс төрийнх үү? Захиргааных уу? Гуравхан хүн л улс орны амьдралыг шийдвэрлээд байгаа юм шиг ойлгогдоод байна. Гэтэл тэд Шийдвэр гаргана гээд хуульчилчихсан. Төрийн байгууллага болох ҮАБЗ-ийн  шийдвэр нь Зөвлөмж гэсэн нэршилтэй.  Зөвлөмжийн эрх зүйн түвшний, хууль зүйн эрэмбийн чадвар, чадамж нь хэр юм, ямар статустай юм? Үүнийг миний хувьд хуульчлах ёстой гэж үздэг. Хар ухаанаар аваад үзвэл зөвлөмжийг биелүүлж ч болно, хэрэгжүүлэхгүй ч байж болно гэсэн диспозитив шинжтэй баримт бичиг харагдаад байгааг шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид анхаарах биз дээ. Ер нь бол Үндэсний аюулгүйн зөвлөлийн тухай хуулийг /1992 оны/ өөр хуультай нэгтгэлгүй хэвээр нь үлдээж, дээр дурдсан асуудлуудыг зайлшгүй тусгаад Үндсэн хуульчилсан хуулийн эрэмбэтэй болгон шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм хууль л хүчтэй Ерөнхийлөгчийг төлөвшүүлэх болно. Тэрээр хууль ёсыг чанд баримталдаг байвал ард түмний итгэлийг олох болно шүү дээ.
-Мэдэхгүй. Нээрээ бодох л юм байна. Хуулиараа яадаг юм бол? Үндсэн хуулинд үзэгдээгүй байх шүү?
-Улс төрийн шинжтэй байгууллага харагдаж байгаа. ҮАБЗ-ийн 3 гишүүний ард тэдний нам, намын үзэл санаа, хөтөлбөр далдуураа дагалдаж л байгаа шүү дээ. УИХ-ын дарга, Засгийн тэргүүн зэрэг чинь сонгуулийн үр дүнгээр томилогдоно. Ерөнхийлөгч Парламентэд суудалтай улс төрийн намаас дэвшиж сонгогдож, томилогдоно. Бүрэлдэхүүнээс нь харахад төрийн биш, улс төрийн байгууллага болчихоод байгаа юм. Шийдвэр гаргаж байгаа гурван этгээд гурвуулаа улс төрийн л шийдвэр гаргадаг хүмүүс. Ерөнхийлөгч бол намын гишүүн биш энээ тэрээ гэх байх. Гэхдээ хаанаас гарлаа, хэний дэмжлэгээр дэвшлээ гээд үзвэл тархин доторх юмыг нь аваад хаячих биш дээ. “Из песни слов не выкинешь!” гэж оросын хэлц үг байдаг даа. (Дуунаас үгийг нь авч хаялтай биш дээ! Х.Б.) гэдэг шиг л эд шүү дээ.
-Та гадаад харилцааны мэргэжилтэн хүн баруун, зүүнд нь ямар байдаг юм бол оо?
-Тэрнийг одоо судалж байна. Америк, Япон, Хятад, Оросод бүгдэд нь байгаа. Өөр өөр нэртэй. Манайх шиг ийм тодорхой бус зүйл байхгүй. Жишээ нь Үндсэн хуульд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг ийм байгууллага байна аа гэсэн тордорхойлсон заалт байхгүй. Зүгээр Ерөнхийлөгчид хамаатуулаад ҮАБЗ-ийн тэргүүн нь байна гээд заачихсан. Тэгэхээр яг таг Үндсэн хуулийн байгууллага болчихож байгаа нь тодорхой бус харагдаад   байхгүй юу. Тийм үү? Заавал Үндсэн хуульд оноосон нэр заах албагүй ч Үндсэн хуульчилсан бие даасан эрх зүйн акт гаргахад хангалттай. 
-Тэгсэн хэрнээ шийдвэр нь бол төрийн гурван өндөрлөг шийдсэн учраас хамгийн дээд шийдвэр гараад байх нь ээ? Логикоор бол.
-Харин тийм байхгүй юу. Бүгдийн дээр гарчихсан шийдвэр. Энийг манайхан Үндсэн хуульдаа юу гэж зохицуулсан гэхээр Үндсэн хуульдаа: “ҮАБЗ-ийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч байна” гэчихсэн байхгүй юу. Ерөнхийлөгчөө дагаад төрийн байгуулллага болж харагдаж байгаа юм. ҮАБЗ л гэж тийм юм байна аа гэж юм байхгүй л байгаа юм. Тэгсэн хэрнээ Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын хуулиа дагаад тэд чинь хамтын шийдвэр гаргадаг нэг их том эрхтэй субъектүүд болчихоод байгаа юм. Мөн үү. Гэтэл тэр эрх нь хаа байна? Үүрэг, хариуцлага байхгүй. Тэгээд үүрэгжээгүй байхад үүргийн цаана юу байх юм. Үүргийн цаана хариуцлага байх ёстой. Тэгэхээр Үндэсний аюулгүйн асуудал гурван этгээдэд хүлээсэн хамтын үүрэг ч хариуцлага ч байхгүй байгаа юм. Гаргасан хамтын нэгдмэл шийдвэрээ нэг гишүүн өөрчилсөн практик ч гарсан. Нэгдмэл шийдвэр нь буруу байвал яах вэ. Гурвуул огцорч хамтын хариуцлага хүлээх үү, үр дагавар нь болж төрийн институцүүдийн хямрал үүсэхгүй гэж үү. Тэгэхлээр энэ институцийн шийдвэр нь улс төрийн эрсдэлгүй, улс орны өмнө тодорхой, найдвартай, баталгаатай байх ёстой. Иймд түүнийг шударга, нэр төртэй, улс төрд нөлөөтэй бүрэлдэхүүнээр өргөтгөх шаардлагатай байгаа юм.
 

Нийгмийн амьдрал, эдийн засгийн амьдрал хоёр зохицохгүй болохоор эхлээд хямарна, тэгээд дэлбэрнэ, тэгээд хувьсгал гарна

 

-Тийм юм уу нээрэн?!
-Үүрэг байхгүй бол хариуцлага байх ёсгүй. Тэгэхдээ хариуцлага яригдаад ирэхээр энэ гурав шийдвэр гаргахдаа хамтын шийдвэр гаргах ёстой. Нэгдэж, зөвлөлдөж байж тэр нь гарна. Тэр шийдвэрийг зөвлөмж гэж нэрлээд байгаа юм. Чи тэгээд зөвлөмж гэж ямар хуулиараа юу байх тухай тунгааж үзсэн үү. Сонин. Шийдвэр заавал зөв гарах албагүй. Энэ гурвын шийдвэр буруу байлаа гэж бодьё л доо. Хамтын шийдвэр чинь хариуцлага, санкци байхгүй л байгаа байхгүй юу.
-Дээр хэлсэн Та төрийн байгууллагад ухамсарт амьдралынхаа ихэнхийг зориулжээ. Төр гэдэг Таны төсөөлдөг хэмжээнд байж чадаж байна уу?
-Төрийг улс төр судлал, философи, хууль эрх зүйн үүднээс тодорхойлж, тайлбарладаг. Улс гэж нэг ойлголт. Төр, нийгэм гэж тусдаа ухагдахуунууд байна. Энэ гурвыг ялгаж салган тодорхойлох ийм шаардлага байна аа. Улс төрийн болон эрх зүйн түвшинд улс төр хоёрыг нэг гэж ойлгоод байгаа юм. Эсвэл нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж ойлгодог тал байна. Ойлгохоос гадна тайлбарлаж байна. Монтевидео-гийн Олон улсын конвенциор “Улс” гэдэг юу юм бэ, ямар элементтэй байдаг юм бэ гээд тодорхойлчихсон. Тухайлбал, улс гэдэг газар нутагтай, тэнд оршин амьдардаг иргэдтэй, засаглал явуулдаг төртэй байх ёстой. Улс гэдэг ойлголтын хүрээн дотор төр гэдэг гараад ирж байгаа биз дээ. Тэр иргэд нь ард түмэн нь тэр төрөө байгуулах нь. Төр маань хууль тогтоодог, түүнээ хэрэгжүүлдэг, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлэгдэг ийм гурван засаглалын тогтолцоог бий болгожээ. Манайхан 1992 онд парламентын засаглалтай төрөө сонгож авсан. 
-Манайхан чинь холимог ч юм шиг гэдэг шүү дээ? Зарим нь.
-Манайд тогтсон Парламентын засаглалтай байх нь нь манай төрийн түүхэн практик, эрх зүйн үүднээс зөв. Ард түмэн парламентээ сонгож засаглалаа хэрэгжүүлж байгаа. 
-Ерөнхийлөгчийг ч сонгодог шүү дээ.
-Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдог ч гэсэн манай өнөөгиййн тогтолцоогоор бол гүйцэтгэх засаглалдаа харъяалагдах ийм институци. Өөрөөр хэлбэл парламентийн шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэх зарлиг гаргана. Парламентээс гаргасан хуулийн дагуу үйл ажиллагаагаа зална. Тэгэхээр бие даасан эсвэл холимог засаглалд багтах боломжгүй юм. 76 гишүүн эрийн сайндаа биш ард түмнээсээ сонгогдож, өөрийгөө сурталчлан “Би чадна” гэж амлаад төр барьж л байна гэсэн үг. 
-Гэхдээ зах дээр “Би чадна” гээд нөхдүүд байдаг. Байр засдаг, хашаа барьдаг, цонх суулгадаг. Тэгээд юм хийлгэе юу ч чаддаггүй. Манай гишүүд чинь бас тэр “Би чадна” шиг болчихоод байна уу даа гэж сонгогчид маань гомдоллоод байх шиг.
-Янз янз л байх. Хэн төрөө барьж байна вэ гэхээр УИХ буюу Монгол Улсын парламент төрөө барьж байна. Парламент маань хууль тогтоохоос гадна бодлого тодорхойлох гэсэн бас нэг том функцтэй. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, онцгой эрх аль аль нь энд багтахгүй. Энэ агуулгаараа холимог гэдэг ойлголт ч хүчин мөхөсдөж байгаа юм. Парламентийн гол хоёр функцийг хуваалцахгүйгээс гадна парламентийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч холилдож чадахгүй учир холимог байж чадахгүй. Олгосон эрхийнхээ хувьд парламентаас тогтоосон хуульд вето/ veto-хориг тавьдаг. Үүгээрээ парламентээс илүү эрх мэдэлтэй байж болох нөхцөл байдал харагдаж байгаа юм. 
-Ерөнхийлөгчийн засаглалтай орны Ерөнхийлөгчийн эрх нь манай Ерөнхийлөгчөөс ялгарах гол чанар нь юу байна. Энийг энгийн үгээр тайлбарлавал яах бол?
-Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд тэрээр Засгийн газраа өөрөө байгуулна. Түүнээ шууд удирдана. Зарим оронд шүүх засаглалаа томилж ч байна. Заримд нь үгүй. Жишээ нь, АНУ, ОХУ хоёрыг хооронд нь зүйрлэхэд маш төвөгтэй. Хоёулаа Ерөнхийлөгчийн засаглалтай ч огт өөр бүтэц, байгууламжтай. БНХАУ гэхэд бүр сонин. Тэнд Ерөнхийлөгчийн институци байхгүй. Гэвч засаглалыг авч яваа институци нь Ерөнхийлөгчийнхтэй дүйцээд байгаа юм.
-Манайд ирсэн Эрнандо де Сото гээд алдартай эдийн засагч хэлээд байгаа юм. “Улс орон болгон өөрийн гэсэн хөгжлийн замыг сонгох ёстой. Түүнээс нэгдмэл жор байдаггүй”. Бид тэгэхээр тэр өөрийн жор, хөгжлийн моделиэ олж чадах болов уу? Олсон уу ч гэдэг юм уу? Та эдийн засагч хүний хувьд юу хэлэх бол? 
-Швейцари гэхэд л долоон Ерөнхийлөгчтэй ч юм шиг харагддаг. Япон тэгэхэд шал өөр. Хаантай. Тэгсэн хэрнээ хүчтэй Ерөнхий сайдтай. Энэ бүхэн тухайн ард түмнийхээ менталитет, зан заншил элдэв юмтай бат холбогдож, түүн дээр үндэслэгдэж байж хөгжилд хүрдэг юм шиг. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд тохирч хөгжих ёстой. Энэ бол онолын үүднээс шүү дээ. Практик үүднээс бол одоо энэ улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хямрал зэрэг нь тохирохгүй байгааг л харуулаад байгаа юм. Бүр системийн хямрал ч гэж хэлмээр байгаа юм. Өөрийн онцлогт таарсан эдийн засгийг хөгжүүлэхгүй, тодорхойлохгүй бол энэ хямрал цааш үргэлжлэх л болно. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, манай улс капиталист орон гээд 2015 онд олон нийтэд хэлсэн. Гэтэл Үндсэн хуульд ийм үг байхгүй. Хүмүүнлэг нийгэм байгуулна гэж бий. Бид зах зээлийн эдийн засгаа бас олон янзаар ойлгоод байгаа юм. Зах зээлийн эдийн засаг чинь капитализм мөн юм уу?
-Тэр нь зөв биз дээ. Зах зээлийн эдийн засаг чинь капитализмын олон элементийг агуулсан байдаг юм биш үү? Зах зээлийн эдийн засаг чинь капитализм биш юм уу?
-Би тийм ч гэж хэлэхгүй. Үгүй ч гэж бас хэлэхгүй. Шинж чанар нь байгаа. Зах зээл гэдэг өөрөө юу юм бэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй юм. Зах зээлийн эдийн засагтай байна гэсэн үг тодорхойлолт Үндсэн хуульд бас байхгүй. 
-Тэгэхээр бид чинь Үндсэн хуулийнхаа гадуур нэр томьёогоор яваад байгаа юм байна. Тийм үү? Юун хөгжлийн модель манатай.
-Тэгэхээр эдийн засгаа нийгэмтэйгээ холбож үзэх ёстой юм. Эдийн засаг маань юун дээр тулгуурлаж хөгжих юм бэ? Эдийн засгийн хөгжил бол татвар төлөгчөөс эхэлнэ. Гэтэл татвар төлөгч маань хаанаас төрөх вэ? гэдэг асуудал. Жишээ нь Америкт тэд бидний байгуулж байгаа нийгэм маань капитализм биш ээ гэж байгаа байхгүй юу. Тэгвэл юу юм? Сонгодог ойлголтоороо капитализмын мөн чанар бол мөлжлөг дээр тогтож байдаг нийгэм. Эцсийн эцэс татвар дээр улс орон тогтоно. Манайхан “Хайр дээр амьдрал тогтоно” гэдэг шиг эд. Улс орны хэмжээнд татварын зөв тогтолцоо бол эдийн засгийн хөгжлийн боломжийг бий болгоно. Татварын гүйцэтгэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас эдийн засгийн хямрал үүсч байна. Эндээс төсвийн хямрал үүсч байна. Төсвийн хямралаас төрийн хямрал үүсч байна. Төсөв алдагдалтай байна гэдэг нь хямралын үндэс. 
-Татварын бааз суриа тэлж чадахгүй байна гэсэн үг үү?
-Зөв л дөө. Тэр бааз суурь чинь биднүүс, ард түмэн, эдийн засаг-эрх зүйн бүтцүүд юм. Бид юм гаргахгүй, бүтээхгүй бол тэр эдийн засгийн хямрал чинь улам гүнзгийрнэ. Иймээс ард түмэн ашиг орлоготой байх ёстой. Тэрийг нь төр дэмжиж байж төр хямралаасаа гарна. К.Маркс үнэн хэлсэн. Тэгэхээр нийгмийн амьдрал, эдийн засгийн амьдрал хоёр зохицохгүй болохоор эхлээд хямарна. Тэгээд дэлбэрнэ. Дэлбэрнэ гэдэг хувьсгал гарна гэсэн үг.
-Эхнэр нөхөр хоёр шиг л юм аа даа. Тэр хоёр хамтарч ашиг орлоготой байвал гэр орон нь сайн байна?
-Гэр бүл бол нийгмийн үндэс гэсэн агуулгаараа, эдийн засгийн талаасаа ч зөв л дөө. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлд : -төр улс орны эдийн засгийг зохицуулахыг заасан. Тэгэхээр эдийн засгийн хөгжилд төр хүссэн хүсээгүй оролцох нь жам. Хүн төрөх нь, үхэх нь үнэн гэсэн жам ёсны үнэн дээр татвар төлөх нь үнэн гэсэн улс төрийн эдийн засгийн ухааны аксиом бий болсон шүү дээ. Төр үйлдвэрлэгчээ, хэрэглэгчээ бодлогоор, хуулиараа хамгаалж байгаа нь энэ төрийн зохицуулалтыг хэлээд байгаа юм. Жишээ нь манайд гадны гутал дотоодынхоос хямд байна. Энд өртөгийн асуудал гарч ирнэ. Хил дээр татвар авч эхэлнэ. Гутал бол хүний анхдагч хэрэгцээ. Дулаацах, гуталгүй бол ажилдаа явж чадахгүй. Эхлээд компаниас хил дээр импортын, нэмэгдсэн өртгийн, онцгой татвар гээд төр хуулийн дагуу авчихна. Компани урьдчилан төлсөн татвар дээрээ ашиг, орлогоо нэмж шингээгээд хэрэглэгчиддээ бараа бүтээгдхүүн зарчихдаг. Бас орлогын татвараа компани төлөөд, ашгаа аваад үлдэж байгаа юм. Үүнээс үзвэл хэрэглэгч ард түмэн импортын татвар, тээвэр, даатгал, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байна. Хүмүүнлэг нийгэм юм бол хүүхдийн сүүнээс, чиний өмсөж буй хувцас, идэж буй талхнаас дор дор нь нэмэгдсэн өртөгийн татвар авах нь зөв үү? Нэмүү өртөг, нэмэгдсэн өртөг бол хоёр өөр ойлголт. Нэмэгдсэн гэдэг нь үйлдвэр явуулсан процесстой нь холбогдож гарч ирэх татвар. Татвар дээр нь татвар нэмсэн гэсэн үг. Хөдөлмөр шингэж байгаа юмыг өртөг гэдэг л дээ. Би юм идэж байхад яахаараа өртөг болдог юм. Өмсөхөөр яагаад өртөг болчихдог юм. Одоо өргөтгөнө гээд байгаа. Автомашинаас татвар авч байна. Тэндээс чинь агаар утаа гээд есөн шидийн татвар авч байгаа шүү дээ. Тансаг гээд байгаа юм. Хотын захаас явж байгаа хүн машин унаад ажилдаа ирэх чинь юуных нь тансаглал байх вэ? Америкт бол машин дотроо унтаад амьдраад оюутнууд чинь бүх л амьдралаа машин дотроо өнгөрөөдөг шүү дээ. Тэр чинь тансаглаж байгаа хэрэг үү. Нэмүү өртөг нь мөлжлөгийн суурь үндэс гэсэн үг. За нэг үндэсний үйлдвэрлэгч гэж гоё нэртэй нөхөр үйлдвэрлэл явуулжээ. Тэр өөрийн газар, барилга байшинтай. Суурь машинтай. Үл хөдлөх капитал эзэмшээд өөрөөсөө мөнгө гаргажээ. Компани гэдэг чинь хуулиндаа тусгайлсан хөрөнгөөр байнгын ажиллагаа явуулна гэж байгаа шүү дээ. Байнгын ажиллагаа явуулдаг нь хэн юм. Ажиллах хүч. Хүн. Тэр хүн маань ажиллаа. Тэр хүн хөдөлмөрөө шингээхийг өртөг гэж нэрлэнэ. Адам Смит, Давид Рикардо, Маркс нарын үеэс улбаатай С+V+m’  томъёон дахь V нь хүмүүсийн цалин хөлс. Тэр хүмүүсийн хөдөлмөрийн өртөгийн зардал л байхгүй юу. За тэгээд ажилтны энэ хөлснөөс ашиг орлогын татвар гээд нэг хэсгийг нь төр аваад явчихна. Энэ чинь татвараар мөлжиж л байгаа байхгүй юу. Дээрээс даатгал гэж нэрлээд авна. Ингээд “албан журмаар, хуулиар” авч байна шүү дээ. Аль хэдийнэ бий болсон үл хөдлөх хөрөнгийн капиталаас улс бас татвар авна. Тэр нь компанийн татвар нэрийн дор авч байна. Нэмэгдсэн өртөг гэдэг энэ хувьсах капитал дотор байгаа юмнаас л үүснэ. Нэг хэсгийг төр аваад нөгөө хэсгийг нь өнөө хөрөнгөтөн маань авдаг байхгүй юу. Компанийн эзэн, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулсан хүмүүс ногдол ашиг нэрээр авна. Энэ нь тэр хүмүүсийн кармаанд л орно гэсэн үг. Мөнгөө оруулсан юм чинь ашгаа авч байна гэдэг. Энэ хэсгийг чинь л мөлжлөг гэдэг. Ажилчин хүн эзнээ баяжуулчихаад зөвхөн цалингаараа амьдрах ёстой болж байгаа юм. Ингээд л баян ядуугийн ялгаа, ядуурал гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Өнөөдөр манайд ядуурлыг бууруулах гэдэг үг байхаас, устгах тухай бодлог бүү хэл үг үсэг ч алга. Тэгэхээр энэ Нэмүү өртөг байгаа болохоор тэр капитализм чинь байна аа л гэсэн үг. 
-Та ЗХУ-ын Гадаад яамны Олон улсын харилцааны дээд сургуулийг өнгөрсөн зууны далаад оны эхээр төгссөн. Тэр үед бас дарга даамлын хүүхдүүд явдаг сургууль байсан уу, эсвэл...
Нэг айлаас дээд зиндааны айлын хоёр гурван хүүхэд нь сурдаг явдал байсан нь үнэн. Тэд бүгд сургуулиа амжилттай төгсч эх орондоо ирж албаа хашсан. Үүнийг цус ойртлоо гээд л шүүмжлээд байсан. Харин одоо цус бүү хэл нус нь ойртоод байгаа бололтой дог. Намайг 1967 онд ЗХУ-ын Гадаад яамны Олон улсын харилцааны дээд сургуульд очиход 80 монгол оюутан байсан. 
-Тэр цагийн нэг сая хүн амтай Монгол улсаас 80 хүн сурна гэдэг том тоо...
-Тэр үед нам, засгаас гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого дэвшүүлж МАХН-ын УТТ-ны шийдвэр гарсан юм. Гадаад харилцаа маань дан ганц улс төрийн харилцаа биш эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл хүмүүнлэгийн үндсэн чиглэлүүдийн харилцаа өргөжиж байв. Энэ чиглэлээр бүх яамд,тусгай газрууд гадаад харилцааны өөрийн боловсон хүчнээ бэлтгэх зорилт тавьсан. Тэр үед манай оюутнууд Зөвлөлтийн зардлаар л сурч байсан. Иймээс зөвлөлтийн тал манай оюутнуудын сургалтын зардал хариуцаж байсан. Тэр үед 60 рублийн стипендтэй байсан. Ийм оюутны тэтгэмж авч байжээ. Тэр үед нэг кг төмс 10 копеек байсан юм. Тэрнийг чинь л цаана наана болгож хүргэнэ шүү дээ. Чанаж иднэ, шарж иднэ. Дээрээс нь талх нэмэгдэнэ.  
-Төмс чинь хүнсний ногоонд ордоггүй юм аа?
-Хүнсний ногоо ба төмс гэдэг л юм. Эдийн засгийн статистикийн мэдээнд тусгагддаг нэр томъёо юм уу даа.Төмсөөр чинь гахай тэжээнэ, спирт хүртэл хийнэ. Түүхий эд маягтай. (инээв.) Төмс одоо манай хүнсний үндсэн бүтээгдэхүүн болсноос гадна тансаглах идээний тоонд орж байна шүүдээ. Чипс, French fries /тусгай сортын-голланд төмсөөр хийдэг/, төмсний нухаш гээд олон төрлөөр зооглоод байгаа монголчууд маань өл залгах биш, өмдөндөө багтахгүй тарган болцгоож даяаршгааж байна даа.   
-Ийм элитийн гэх сургуульд Та яаж орж байв?
-Конкурсэнд сайн дүн авбал бас явна аа. Тэр цагт чинь бас бүх юм өнгө мөнгө байгаагүй юм. Одоогийн хүмүүс бас энийг тэр болгон ойлгодоггүй юм. (инээв.) Сургууль болгон дээр хувиар очдог. Тэгээд сурлагын дүнгээрээ мэргэжил, сургуулиа сонгодог. Ингээд конкурс өгөөд тэнцвэл цаашаа явна. Би тавдугаар 10 жилийг онц төгссөн юм. Бүр алтан медальтай төгссөн шүү. (инээв.) 10 жил улирал бүр дараалан онц сурна гэдэг хүүхдэд хүнд хөдөлмөр шүү дээ.
-Алтан медаль гоё сонсогдож байна.
-Зөвлөлтөөс орж ирсэн соёл. Тэр үед орос сургуулийн системд бол алтан медаль, мөнгөн медаль гэж байсан. Тэр бүү хэл Баатар цагаан хааны үед жижиг мөнгөн медаль гэж байсан юм билээ. Ийм Ерөнхий боловсролын системд сурагчийг урамшуулдаг нэг хэлбэр байж. Гэгээрлийн яамны сайдын тушаалаар олгодог байсан. “Онц сурлагын төлөө”-гэсэн бичигтэй. Зүүддэггүй нэг ийм медаль. Манай эхнэр бид хоёр хоюулаа алтан медальтай төгссөн байдаг юм.
-Нэгэн ярилцлагадаа ОХУ-ын Гадаад сайд С.Лавров дунд сургуулиа мөнгөн медальтай төгссөн гэж бахархалтай ярьж байсныг санаж байна.Алтан медальтай хүмүүс ханилан суух магадлал өндөр биз? (инээлдэв.) 

Төсөв алдагдалтай байна гэдэг нь хямралын үндэс

-Үгүй ээ, тийм юм байхгүй. (инээв.) Миний эхнэр С.Наранчимэг хөгжим бүжгийн дунд сургуулийг алтан медальтай төгссөн. Төгөлдөр хуурч хүн байна аа. Тэр үед Олон улсын харилцааны сургуульд ороход бас явдал байсаан. Би хувиар аваад яаман дээр иртэл миний хувиарыг өөр хүнд өгчихсөн байдаг. Аюулаас хамгаалахын сургуулийн хувиар анх авсан юм. Тэгэхээр нь: “Би хувиараа булаалгачихлаа. Би ийм байгууллагын нэр дээр явахгүй. Миний хувийн хэргийг аваад аль. Монголдоо философийн ангид суралцья” гэж аавдаа хэллээ. Аав маань жирийн эмч хүн тэр үеийн сайд дээр орсон. Сайд нь орлогч сайдтайгаа сууж байсан гэдэг. Тэгээд боловсон хүчний даргаа нь дуудтал өнөө хүн нь сайдаа үзээд бантахдаа: “Энэ хүнийг Олон улсын харилцааны сургуульд явуулах гэж байгаа юм” гэж худлаа залдаг байгаа. 
-Тэр үед чинь зүгээр нэг иргэнийг орж ирэхэд сайд, орлогч сайд хоёр зэрэг хүлээгээд авдаг бас л энгийн байж. Одоо чинь жирийн иргэн хоёр сайдтай бүү хэл нэг сайдтай уулзахад төвөгтэй шүү.
-Тэгж л таарсан хэрэг. Сүүлд сургуулиа төгсөөд иртэл Хувьсгалын музейн дарга болсон нэг залуу надад агсан тавьдаг юм. Гэтэл сайдаасаа айж бантангуудаа тэр залуугийн хувиарыг булааж аваад надад өгчихсөн байх жишээтэй. Тэр залуу: “Би ганц хоёр сайнтай байснаар далимдуулаад миний хувиарыг авчихсан” гэж байсан. Тэгээд Дээд боловсролын хороон дээр очтол алтан медальтай тул орос хэлний шалгалт аваад явах болсон. Эрхүүгийн орос хэлний бэлтгэлд орох уу, шууд явах уу гэхээр нь шууд явъяа гэсэн. Эрхүүгийн бэлтгэл төгсөхөд бас хувиарыг нь өөрчилчихдөг булхайтай юм байсан гэж сонссон учраас тэр. Уг нь бол хэлний бэлтгэлийг төгссөн бол цаашаа сайн сурахад дөхөмтэй байхгүй юу. Тэр нь надад хэрэгтэй байсан юм гэж боддог юм. Ер нь бол улс төрийн чиглэлтэй сургууль. Тиймээс овоо хэл ултайгаар эхнээс нь сайн судлаад явсан бол хэрэгтэй байсан. Суурь мэдлэгээ сайн авахад тустай байжээ. Жишээ нь ЗХУ-ын коммунист намын түүх гэж байгаа юм. Түүнийг эргээд харахад хэдийбээр түүх гэж байсан ч яг өнөөгийн сонгуулийн асуудал, бодлого, стартеги, тактикийн чанартай хичээл байсан байна лээ. Хэл ул төдийлэн сайн биш хүүхэд чинь ерөнхийд нь л тийм их, бага хурал болж. “Нэг алхам хойш, хоёр алхам урагш” гэхчилэн  өнгөц үзэх жишээтэй. Гэнэн цайлган хүүхэд гэнэн л дүгнэлт хийнэ шүү дээ. Хэл зүгшрээд хоёрдугаар курст ороход философи орж байгаа юм. Энд чинь агуулгыг нь баттай ноттой мэдрэхийн тулд хэл маш сайн байх хэрэгтэй. Ер нь аливаа гадаадын сургуульд сурахад хэлийг нь маш сайн мэдэхээс гадна мэдэрдэг байх хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байна даа.
-Тэр ч чухал юм. Одоо чинь CV дээрээ орос, англитай гэх бол энгийн үзэгдэл болж дээ.
-Бидний орос хэлний дүрэм бол мундаг байсан. Хэлний дадлага практик жаахан тааруу учир багш нар жаахан өөр өнцгөөс харах жишээтэй. Дарга нарын хүүхэд орос сургууль төгссөн учир халимаг, буриад нар шиг л ялгарах юмгүй байсан ч монгол сэтгэлгээ, монголоор сэтгэх нь учир дутагдалтай байв. Бид чинь Монголдоо зориулагдсан боловсон хүчин тул энэ бас чухал. Надтай Ж.Чойнхор, Л.Эрдэнэчулуун, Германд элчин сайд байсан Л.Удвал, Францад элчин сайд байсан Г.Луузан, Х.Бэхбат, Төрийн ёслолын албанд байсан Д.Батжаргал, Туркэд элчин сайд байсан П.Халиун гээд гадаад яамны угшилтай сүрхий хүмүүс байна. Дипломатын алба гэдэг нэгдүгээрт, мэргэжлийн алба, хоёрдугаарт карьерын алба юм. 
-Энэ алба чинь дээшээ шат алгасч дэвхэрч болдоггүй алба юм байна тийм үү? Одоо лифтээр явлаа гэдгийн эсрэг алба юм аа даа?
-Болох ч үгүй. Чадах ч үгүй шүү дээ. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг утгаараа бол ийм юм. Манайд бол систем нь их сонин. Мань мэт шиг хүнийг бол гадаад оронд дипломат ажилд татаж ажиллуулдаг л даа. Дипломат гэж үзэж цол зэргийг нь өгдөг. Манайд бол гадаад яамны байшинд ажилладаг л бол дипломат гэж үздэг. Энэ тухай дипломатч Д.Баярхүү хэвлэлд дурссан байна билээ. Одоо ч гэсэн ийм. Дипломат албаны хууль гэж байсаар байтал гаднаас орж ирсэн хүмүүст тэр цол хэргэмийг нь тэр болгон өгдөггүй. Энэ бол нэгд, ялгаварлан гадуурхаж байгаа юм. Хоёрт, хувь хүнийг хохироож байгаа юм. Хүн төвтэй нийгэмд хүний эрх ашгийг нэгд тавих ёстой шүү дээ. Гадаадад дипломат албанд зүтгээд ирэхэд нь ажилд авдаггүй ч юм уу? Шийтгэж байгаа юм уу, яаж байгаа юм? Албан тушаалтнуудын атаа жөтөө, амбицийн асуудал байдаг биздээ.
-Төр өөрийн бололцоогоо хязгаарлаж байна гэсэн үг үү?
-Тийм. Миний үндсэн мэргэжил бол олон улсын эдийн засагчийн мэргэжил. Гадаад худалдааны мэргэшилтэй. Ер нь бол худалдаа бол дэлхий дээр хамгийн ууган мэргэшил шүү дээ. Жишээ нь, Тайландад худалдаа хийдэггүй оронд элчин сайдын яамаа суулгадаггүй. Одоо АНУ, БНХАУ-ын хооронд одоо чинь худалдааны дайн болж байна шүүдээ. 
-Дундад зууны араб, персийн уран зохиолын дурсгал болсон “Мянга нэгэн шөнийн үлгэр” дээр гэхэд тэмээн жин, бараа таваар, худалдаачны тухай их гардаг шүү. Тэгэхээр хүн хоорондын харилцаа худалдаан дээр их суурилж байжээ. 
-
Тийм. Худалдааны гол юм чинь улс орон, хувь хүний хэрэгцээг хангах дээр үндэслэгдэнэ шүү дээ. Тэр хэрэгцээ чинь хязгааргүй шүү дээ. Орчин үед бол худалдаа улс орны хөгжлийн чухал хэрэгсэл болж байгаа юм. Худалдааны ачаар хүн машин унаж, онгоц хөлөглөх шаардлагатай болж байна. Компьютер эзэмшиж байна. Бүх хөгжилтэй холбоотой.
-Нэг үгээр худалдааны ачаар компьютер эзэмшээд кофе уугаад сууж байгаа юм аа даа.
-За тэр кофе зардаг бизнес, түнийг хэрэглэдэг соёл ороод ирлээ шүү дээ, юутай холих энэ тэр ч дүүрч. (инээв.) Ер нь худалдааны үндсэн дээр шинэ мэдлэгтэй, мэргэжилтэй болж байгаа юм. Нийгэмд соёл нэмж байгаа, нийгмийг хөгжүүлж байгаа чухал механизм бол худалдаа юм. Монгол Улс энэ дээр чухалчлан анхаарах хэрэгтэй. Гэтэл Монгол улсад худалдааны тухай хууль байхгүй байна шүү дээ. Тэгэхээр манай улс хөгжихийн төлөө юу хийж байна вэ гэдэг нь бас тодорхой харагдахгүй байна л даа. Махны экспортын төсөл гаргахад оролцож байлаа. Түүнээс хойш арав гаруй жил худалдааны хуульгүй бахь байдгаараа л байна шүү дээ. Гэтэл бидний амны уншлага болсон Өмнөд Солонгос худалдааны тухай асуудлаа Үндсэн хуульдаа заачихсан байна. Ингэж худалдааг өндөр хэмжээнд тавьж байгаа юм. Манайд ямар хэмжээнд тавьж байгаа нь миний энэ хэлсэн жишээнээс ойлгогдож байгаа байх. Энэ бол тодорхой хүмүүс, олигархуудын хувиа хичээсэн бодлого, ашиг сонирхолтой холбоотой л гэж би хэлмээр байна. Тухайлбал, нэгэн засгийн газрын үед импортын гаалийн татварыг тэглэж виски архи, тамхиа татваргүй оруулж хөрөнгөжиж аваад хуулиа сэргээж татваараа нэмж байх жишээтэй. Энэ чинь бодлого уу, дүйрлэг үү. Худалдаа явуулахад чинь дэлхийн жишигтэй, олон улсын гэрээгээр зохицуулдаг учир дэглэмтэй эд л дээ. Компани болгон худалдаа хийгээд байдаггүй. Үйлдвэрлэл нь нэг тусдаа, худалдаа нь нэг тусдаа байх жишээтэй. 
-Та төгсөж ирээд хаана худалдааны мэргэжилтэн болов?
-Гадаад худалдааны яамны “Авто нефтьимпорт” нэгдэлд. Одоогийн төрийн компани маягтай байгууллагууд байлаа. Хэлбэр нь бие даасан аж ахуйн нэгж маягтай боловч хэрэг дээрээ мөнгө санхүүг нь яамны сайд, оролгч сайд мэддэг тогтолцоотой байв. Миний хувьд онгоц, ХАА-н техник, замын машин механизм, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл гээд бүх л явдаг хөдөлдөг юмтай холбоотой юмыг оруулж ирдэг асуудлыг хаиуцдаг байв. Тэр үед хөрөнгөтөн орон гэж нэрлэдэг Баруун Герман, Японтой худалдаа хийхийг хэл усыг маань түшиглэсэн юм уу, надад хариуцуулж байсан. Ердийн худалдааны арга техник мэддэг хүн инженерийн мэдлэг олж авах алхам хийх боломж олдсон юм. 
-Онгоц худалдаж авахаас эрэг шураг худалдаж авах хүртэл?
-Онгоц худалдах гэснээс бид чинь онгоц худалдаж авахаас гадна онгоц зарж байсан хүмүүс шүү. (инээв.) 1950-иад оны үед Иргэний агаарын тээврийн байгууллага бий болж Зөвлөлтөөс ИЛ-14 онгоцууд бэлгэнд авсан байдаг юм. Эндээс таван онгоц буцааж ЗХУ-даа зарсан. Бэлгээр авсан юмыг буцаагаад тэр оронд нь зарахыг бодоход би бас гайгүй наймаачин байгаа биз дээ.(инээв.) 
-Оросууд түүнийг юунд ашигласан юм бол? Металын хаягдал уу?
-Үгүй ээ. Хойд туйл руугаа нисгэх болоод авсан. Тэр хооронд манайхан бас ашигладаг хүмүүс болж сэргэлэнтэх гээд зуд болоход нэгийг нь хөдөө өвс зөөгөөд гэмтээгээд хаячихсан. Харамсалтай нь нэг онгоцыг манайхан хойш явуулахаас өмнө гэмтээчихсэн. Одоо Буянт-Ухаа буудал дээр байгаадаа. Тэр нь одоо хөшөө болоод байж байгаа. Манайхны тооцоогүй авсан агуулаханд байсан баахан сэлбэгийг хамт авсанаар оросуудад ашигтай болсон. Манайхан бас хий муу санаа гаргаад наймаа хийж чаддаггүй юм. Энэ нь тэнд очоод гэмтчих вий гээд. Онгоц бол нэг талаасаа хүний амь нас тээж байдаг учир зөв ч гэсэн тэрийгээ хэлээд ашгаа олохоо мэдэхгүй. Тэд чинь өөрсдөө үзлэг шинжилгээ хийгээд мото-цагийн ресурсыг нь тогтоогоод болгочихно шүү дээ.
-Гадаад харилцаа, гадаад худалдаа хоёр нийлж салаад байх юм. Энд мартаагүй дээрээ асуухад Та энэ талын мэргэжил туршлагатай хүний хувьд санаагаа хэлээч?
-Гадаад худалдаа бие даасан том салбар. Гадаад худалдаанд чинь зээл тусламжийн асуудал хүртэл орно шүү дээ. Худалдаагаа оруулаад эдийн засгийн бодлого барьдаг байгууллага байх хэрэгтэй. Бид чинь ЗХУ-аас тухайн үед жилд 200 үр тарианы комбайн худалдаагаар, 200 комбайн зээлээр авдаг байлаа шүүдээ.
-Манайд чинь Гадаадтай Эдийн Засгаар Харилцах Улсын Хороо гэж хүртэл том байгууллага байсан даа. 1990 оноос өмнө манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай толгойлж байсан. Гадаад худалдааны яам ч байсан.
-Тэр бол яам биш. Улсын хороо. Яамнаас том байгууллага. Тэр байгууллага зээлээр авч байгаа бүх эдийн засгийн харилцааг хариуцаж байсан. Энэ чинь барилга байшин, үйлдвэр завод босгоно. Том обьектоор нь ярьдаг байгууллага. 
-Эрдэнэт үйлдвэр гэдэг ч юм уу?
-Тийм. Зөвхөн ганц трактор, комбайн биш. Зээл авахад чинь бас амаргүй шүү дээ. Чи бид хоёр бие биедээ мөнгө зээлэхэд л нилээн юм болно л доо. Зээлийн бодлого гэдэг чинь юмаар хангаж байгаа асуудал. Эргэж төлөх асуудал бас давхар явна.  Гэхдээ олон улсын эдийн засаг, гадаад худалдааны болон техникийн бодлого гэж байдаг. Тэр бодлого нь Гадаад явдлын яаманд байх ёстой. Бүтцийн хувьд бол хоёр тусдаа байх нь зөв гэж бодож байна. Одоо энэ мега төсөл энэ тэр гээд яриад байна даа. Тийм юмыг нь Гадаад яам мэдэж, бодож байх ёстой байхгүй юу. Төр өөрөө наймаа хийдэг функцтэй. 
-Жишээ нь, Чехийн Ерөнхийлөгч М.Земан ОХУ-д нэг удаагийн айлчлалаараа 6000 трактор нийлүүлэх гэрээ хийлээ гэдэг шиг улс хоорондын төрийн наймаа юм биз дээ. Земан өөрөө нийлүүлэхгүй компани нь нийлүүлнэ шүү дээ.
-Хариуцлагыг нь өөр субьект хариуцах ёстой байхгүй юу. Гадаад яам биш. Өнөөдөр аливаа хариуцлагыг өндөр хэмжээнд хүлээчихээд Гадаад хэргийн яам олон улсын шүүх дээр очоод бизнес, төлбөрийн асуудалд оролцож байх жишээтэй. Доод шатанд тэр харилцааны бодлогыг авч явж байсан бол тэр харилцаа чинь өөр доод түвшинд яригдана шүү дээ. Манайд ер нь Олон улсын хувийн эрх зүйн (Международное частное право- International Private Law) онол практикын асуудал улс орны хөгжлөөс хоцроод байгаа юм. Цөөн тооны хүмүүс энэ асуудлаар дөнгөж мэргэжиж, мэргэшиж эхлэв. Тусгай мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх шаардлага тулгамдсан асуудал болоод байна.
-За тийм байдаг байж. Эргээд түрүүн ярьж байсан яриандаа оръё. Тэгээд Та Гадаад худалдааны яамны харъяалалаасаа гараад ямар ажил эрхлэв? Богдын үеэс уламжлагдсан таван яам гэж яриагаа бид эхэлсэн. Та чинь Цэргийн яам-Батлан хамгаалах яаманд ажилж байсан шиг билээ. Тэр талаараа хөөрөлдвөл ямар уу?
-Үндсэн хуулинд байгаа. Иргэний журамт үүрэг бол хэрэгцээтэй үед цэргийн алба хаах. Тэр дагуу БХЯ-нд ажиллаа. Бас манайх чинь боловсон хүчнээ үнэлж чаддаг байсны нэг хэлбэр юм. Жагсаалын цэрэг арай болгоогүй. Гадаад харилцааны офицероор ажиллуулсан. 
-Цэргийн гурван жилд хурандаа болчихдог ёс байдаггүй байх. Та чинь бэлтгэл хурандаа хүн үү?
-Гурван жил гэж тэнд чинь би 10-аад жил ажилласан хүн шүү дээ. Цол гэдэг нэгд ажил үүрэгтэй холбоотой. Хоёрдугаарт, албан тушаалтай холбоотой ахиж байдаг эд. 
-Таны аав Жүгнээ гуайн тухай их сонссон. Увсын хуучны улсууд, энэ Тав, Долоон буудлын улсууд ярьдаг. Сайн эмч байсан гэж. Эмч эмчдээ орчин үеийн эмнэлэгийн ухааныг уламжлалт эмнэлэгтэй хослуулж чаддаг байсан гэж энэ талаар яриач?
-Аав маань 1916 онд Увс аймгийн Давст суманд төрсөн хүн.
-Цэдэнбал даргатай нас чацуу, нэг нутгийн хүн юм байна?
-Бие биенээ мэддэг. Ордог, гардаг айл аймаг өссөн хүмүүс. 
-Хожим уулзалдаж байсан болов уу?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ багын нөхөд уулзаж байсан байлгүй дээ, бодвол. Аав маань өөрөө өөрийгөө боловсруулж хүмүүжүүлсэн хүн болов уу гэж боддог юм. Анх Увс аймгийн төвд орос эмч нар ирж аптек байгуулжээ. Торгашин И.Ф. гэж орос. Эхнэр нь Нина. Энэ хүмүүсийн буянаар аав маань тэр аптект ажиллаж эхэлжээ. Ээж маань ч бас хөдөлмөрийн гараагаа энэ аптекаас эхэлж Эрүүл мэндийн анхны гавъяат ажилтан цол хүртсэн хүн. Аав, ээж маань бид бүгдийг дээд боловсролтой болгосон. Бид бүгдээрээ эдийн засагч, биологич, барилгын инженер, газар зүйч, монгол, орос хэлний багш, эмч, олон улсын эдийн засагч, хуульч гээд олон мэргэжил эзэмшиж бүгд төрийн улс төр, тусгай алба хашиж, үйлчилгээний салбарт хөдөлмөрлөсөн. Гавъяат хуульч, шинжлэх ухааны доктор, доктор /PhD/, шинжлэх ухааны магистр  гээд шинжлэх ухааны салбарт оюуны хүчээ сорьсон хүмүүс бий.
-Аавынхаа талаар дэлгэрэнгүй яриач?
-Аавыг маань 1930-аад оноос эхлэн олон түмэндээ бага эмч Жүгнээ, Латин үсгийн багш Жүгнээ, аптекийн Жүгнээ, их эмч Жүгнээ гэж авгайлж, хүндлүүлж ирсэн байдаг. Аав маань Ойрад угсааны Дөрвөд хүн. Эцэг эхээсээ арван хоёулаа.  Аав маань баргил, цангинасан хоолоотой хүн биш ч намуухан, эвлэгхэн дуулдаг хүн байж билээ. Аав маань тун энгүүн хүн байсан юм. Орилж хашгирахгүй, загнаж зандрахгүй, тэгсэн мөртлөө чимээ аниргүй хүн биш. Аавын минь энэ уужим урсгалаар асуудлыг зохицуулдаг арга барилыг өдгөө цагийн хэл яриагаар "менежмент"-ийг өдгөө цагийн хүмүүсд хэлж ярихсан гэж бодогддог юм. Монгол Улс уул уурхайгаар ч юм уу мөнгө олоод хөгжих байх л даа. Тэгэхдээ хөгжих ганц болзол бол цаг хугацаа. Бид цагийн үнэ цэнийг хором, агшим бүртээ мэдэрсэн цагтаа л жинхэнэ хөгжилд хүрэх байх. Аав минь цаг барина гэж жигтэйхэн. Энэ нь байн байн бугуйруугаа хараад байна гэсэн үг биш. Ажлаа цаг, минутаар төлөвлөдөг байсансан. Аав минь 1961 онд МУИС-ийн Анагаахын салбарыг дүүргэсэн. (өмнө нь улсын эм бэлтгэлийн газрын даргыг бас хашиж байсан). Социализмын хаалттай үед одоогийн Чингэлтэй дүүргийн таван буудалд цагаан сараар манайд ёстой л хүмүүс "арзаганаж" байж билээ. Тэр үед "Ардын засаг гэж юу байлаа" гэж кинон дээр гардаг шиг түргэн эмнэлэг гэж ч юу байлаа. Шөнө дөлөөр үүд хаалга нүдээд л... Үнэгүй эмч, эх баригчийн ажил хийж яваа нь тэр. Хичнээн л олон эх үрсэд буян хийв дээ, аав минь.  Аав хашаандаа олонг төрлийн жимс мод тарина. Хүүхдийн тоглоом гэж зөндөө...  Тэр бүү хэл 1960-аад оны дундуур маш том цэнгэлдэх хүрээлэн байгуулсныг одоо санах хүн цөөн биз дээ. Хотдоо л анхны хүүхдийн парк байсан юм даа.
-Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. 
-Танай сонины хамт олон уншигчдад ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.