НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

МОНГОЛЧУУД БИД ТОГТВОРТОЙ ТАЙВАН БАЙДАЛ ЗҮҮДЛЭХЭЭ Ч БОЛЬЖЭЭ

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
11 сарын өмнө /2018-09-10 23:56:10 GMT +8 / | 1639 удаа уншсан

1.

“Есөн сарын нэгэн бол
Ерөөсөө бидний баяр даа” гэж дуулж хүүхдүүд сургуульдаа явдаг байлаа. Энэ бол тогтсон нийгмийн жаяг байжээ.
Одоо бол наймдугаар сарын дундаас эхлээд нийгэм даяараа сургууль цэцэрлэгийн хэрүүл. Өрх айлын доторх бага дайн, их тулаан. 1990-ээд оны хямралын үед хичнээн цэцэрлэг сургуулийг хувийн хэрэгцээнд өглөө. Авсан хүмүүс нь мэдэж л байгаа байх. Таг чиг. Шүүмжлээд л, өрдөөд л сууж байгаа. Тэр бүхэн өөр зориулалтаар ашиглагдаж ирсэн. Одоо бол хувийн өмч. Дээд санаа. 1990-2000 оны хооронд хүн амын өсөлт доод цэгтээ хүрсэн. Хүн төрөөгүйн учир цэцэрлэг, сургууль хэрүүлийн алим болдоггүй байж. Энэ бол 1990 оноос хойш үүссэн хямрал бол Монгол үндэстний нэг талын геноцид шүү. “Та нар надад нэг дүү төрүүлчихгүй яав аа?” гэсэн нэхэмжлэл одоо ч үргэлжилж байгаа. Эхнэрээ абортонд оочерлуулаад л, монгол эрчүүд. Айл өрх болгон 4-12, 16 хүүхэдтэй байсан ард түмэн шүү. Одоо шинээр сургууль цэцэрлэг барих их аянд Боловсрол хариуцсан сайдаасаа хот, дүүргийн дарга нар морджээ.
Сургууль цэцэрлэгээс огт хөндий мань мэтээс хүртэл тийм цэцэрлэгт таньдаг хүн байна уу, ийм сургуулийн захирлыг мэдэх үү гэж асуух юм. Аргаа л барсан хэрэг байх даа.
Саяхан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: “Манайд хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ” гэж мэдэгдлээ. Мэдээж хэрэг 20 жилийн хур проблемийг нүд ирмэхийн хооронд шийдчихгүй нь ойлгомжтой. Тодорхой цаг хугацаа боломж чөлөө хэрэгтэй. Хавар Ц.Цогзолмаа энэ жил нийслэлд 10 цэцэрлэг ашиглалтанд оруулна гэсэн. Энэ наймдугаар сарын байдлаар 9 цэцэрлэг шинээр нээлээ. Энэ эрчээрээ явбал одоо үлдсэн хугацаанд нэг байтугай цэцэрлэг нээх биз. 1990 онд Дөрвөн уулын дунд 600 гаруй мянган хүн амьдардаг байлаа. Одоо 1,2 сая. Зарим тоогоор 1,4 сая хүн орж гарч, оршин суудаг байнам. Энэ бол 1992 онд Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэнд өгсөн “...түр буюу байнга оршин суух газраа сонгох..” эрхтэй гэсэн зүйл заалтын үр дүн юм. Нарийндаа 1990 онд бий болсон нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөр бий болсон хямралын үр дүн. Иймээс гурван ээлжээр хичээллэдэг сургууль Улаанбаатар хотоор дүүрсэн хэрэг. Энэ жил гэхэд ийм 27 сургуульд өргөтгөл шинээр хийж байна. Нийслэл хотод маань ерөнхий боловсролын сургууль 1983 онд 87, 1990 онд 99 байсан бол 2018 онд 244 болоод ч нэмэр байхгүй байна. Ийм хүнд нөхцөлд Боловсролын салбар маань бойжиж байна.
Үе үеийн боловсролын салбар хариуцсан сайд байнгын нийгэм, улс төр, эдийн засгийн даралт шахалтанд орж ирсэн. Улс төрийн зодуурын хүн болж иржээ. 1996 оноос хойш ардын багш нар маань зохион байгуулалттай ажил хаяна, суулт хийнэ гэж айлган сүрдүүлж ирлээ. Тасралтгүй 22 жил. Үүнийг нь улс төрийн ашиг хонжоо хайгчид урсгалаар нь ашиглаж ирсэн. БСШУС-ын сайд энэ урсгалд автдаг учир 2016 оны сонгуулиас хойш гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж байна. Ийм ч учраас аливаа Засгийн газрын золиос бол гэгээрлийн асуудал хариуцсан сайд. Уул уурхай, Байгаль орчны сайд нар хичнээн их хохирол учруулсан ч тоох амьтан байхгүй байдаг. Өнөө л боловсролын сайд, эмнэлгийн сайдаа нүд үзүүрлэнэ. Цогзолмаа сүүлийн 26 жил хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд болон боловсролын салбарт ажилласан хүн. Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч даргын албыг хашиж ирсэн эмэгтэй юм. Тэрбээр боловсролын салбартай цаг үргэлж ханьсаж явсан хүн болохыг улс төрийн хүрээнийхэн болоод иргэд андахгүй билээ. 26 жил.
Ийм хүн БСШУСЯ-нд шинэчлэл хийх гээд баруун зүүнгүй балбуулж байна. АН 2012-2016 онд Төр засгийн эрх барихдаа хоёр Засгийн газрын нүүр үзсэн боловч энэ салбарын сайдаа сольж, холиогүй. Энэ бол дэвшил байлаа. Энэ салбар бол Монголын нийгмийн тал хувь. Энэ зөв гольдролдоо алхам алхамаар орвол Монгол алхам алхамаар хөгжих юм. 2012-2016 онд сайд байсан Л.Гантөмөр их ч юм хийсэн, их ч нүдүүлсэн. Энэ бол Боловсролын сайдын заагдсан хувь тавилан бололтой. Л.Гантөмөр бүр сүүлдээ Мүүн зүүнгүй нүдүүлсэн.
Өнөөдөр нүдэнд харагдах ажил хийгээд байгаа Ц.Цогзолмааг заагдсан хувь тавилангаар нь балбаж байна. Хэн ч очсон нэгэнт улс төрийн хүчтэй урсгалд орчихсон хэдэн багш нарын толгойлогчид маань хэнийг ч тайван тогтвортой ажил хийлгэхийг зүүдэнд нь ч үзүүлэхгүй байх ийм байдалтай. Гурван сая хүнд 100 дээд сургууль. Юу вэ энэ чинь? Хоёр сая хүнтэй байхдаа найман дээд сургуульдаа 19000 хүн сургаад, үлдснийг нь социалист орнуудад 10000-ийг нь сургадаг байв. Гурван сая хүн амтай ард түмэнд юун 200000 оюутан вэ?! Цаг нөхцөөх газар уу?
Үүний цаана оюутан сурагчид, эцэг эхчүүд л түм түмээрээ хохироод үлдэнэ. Одоо бүрэн эрхийн хугацаа нь жил гаруй үлдээд буй Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг нүдээ аниад тэсч үзэх хэрэгтэй байна. Бид энэ байтугайг тэвчсэн. Өмч хувьчлал, ядуурал, шударга бус байдал, зиндаархал. Улааныг ч үзлээ. Цагааныг ч үзлээ. Одоо энэ хоёрын дундаас гарах саарлыг нь үзэх дутуу байна. Одоогийн байдлаар жил гаруйн дараа энэ Засгийн газарт дүнгээ тавих эрх иргэд бидэнд бий.
Ийм учраас гурав дахь Засгийн газрын нүүрийг үзмээргүй байна.
Твиттерт судлаач эмэгтэй: “otgontugs banzragch‏ @ob2133  "Эмэгтэй гишүүд рүү илүү дайраад байна уу даа. Хийх гээд зүтгэж байгаа хүнийг жаахан харзнаж, үр дүнгийг нь харах нь зөв байх” гэж бичжээ.
Ц.Цогзолмаа хуралдсан бөөн проблемийг бөөнөөр нь шийдэх гэж байгаад л хамаг буруу байна. Энэ хавар энэ эмэгтэй 10 цэцэрлэг ашиглалтанд оруулна гэсэн. Есөн цэцэрлэг нээгдлээ. 2018 он дуусаагүй байна. 10-таа хүрэх болтугай юм байлгүй дээ. Яваад л байгаа юм. Бидэнд ертөнц дээр байдаггүй ид шидтэй мэргэн хүн биш прагматик хүн чухал. Уг нь манайд үйлчилж байгаа зарчим бол бөөн проблемийг байгаа дээрээ шийдэх биш байгаа дээрээ идэх гэсэн л асуудал байгаа шүү дээ. “Түвдэнгийн Бор болоод ч хэрэггүй, түшлэгтэй сандлаа л бод” гэж дурын долоон буудлын буурай хэлнэ шүү. Монгол улс ийм болсон. Өгөхөд нь өгөөд авахад нь аваад гэдэг шиг л юм даа, зайлуул. МАНАН ийм байсан гэдэг дараагийн МАНАН үргээгчид үүнээс дор байх болно. Энэ баталгаатай. Сургуулиа бариул! Цэцэрлэгээ бариул! Үлдсэн жил хагасын хугацаанд өөр шинэчлэл харагдахгүй байна. Эргээд Цогзолмаа, чи парламентэд ороод ирэх юм бол гүйцээ. Гэхдээ орсон өдрөөсөө шүү. Дундуур явахаар ард түмний төлөө юм хийж болдоггүй юм байна.
Цогзолмаа, би чамайг мэдэхгүй гэж худлаа яриад юу гэх вэ, мэддэг ч гэж худлаа яриад юу гэх вэ, дайраад гар! Өөр зам үгүй. Унасан ч, боссон ч хэлэх үгтэй бай. Хийх гээд байгаа юм чинь уг нь зөв. Түмэн хүнтэй армийн дотор түүнд таалагдаад үүнд таалагдана гэж юу байх вэ.

2.

“Одоогийн нийгэмд халаа солио байх ёстой. Тэгэхгүй бол баг хэзээ ч бүрдэж ажил хийлгэхгүй. Үр дүнтэй ажлыг ч гацаадаг, саатуулдаг, мушгидаг” гэж жирийн твиттерчний хэлсэн үг. Бид агуулга дээр биш хэлбэрдэлт дээр их ач холбогдол өгөх юм даа.
Цогзолмаа сайд нэг удаа Японы эзэн хааныг мартсан ч юм уу, үгүй ч юм уу?
Есдүгээр сарын нэгэн дөхсөн. Бөөн нервэн дунд яваа хүн. Энд ч өргөх бичиг, тэнд ч ажил хаялт. Ингэж явахдаа Бүгд найрамдах Япон улс гээд хэлчихсэн юм уу даа. Бүгд найрамдах-республик-res publica гэдэг бол латин үгний утгаараа бол “олон нийтийн хэрэг” гэсэн утга шүү дээ. Энэ нь улс орны хувьд парламентээр сонгогддог зарчим. Өнөөдөр хаанаа хаан гээд хүндэлж уламжлалаа барьдаг орон байна. Энэ бол япон.
Бид Монголчууд Азийн орныхон хэрнээ Азидаа анзаарга өгдөггүй хүмүүс. Энэ бол БНМАУ-ын гай байх. Япон, Солонгосыг нэг “ассоциацоор” далд ухамсартаа үздэг. Солонгос гэхэд БНАСАУ гэж байна. Ким Чин Ун удирдагчтай. Хамгийн их харилцаатай нөгөө нэг БНСУ гэж байна. Япон гэж байна. Уг нь бидний хэлдгээр Ёпон юм байгаа юм шүү дээ. Үүнийг л дэлхийд байхгүй алдаа гаргасан мэт шуугих юм. “Ёпон” гэж бич л дээ. Яагаад “Япон” гээд байгаа юм гэдэг шиг. Ёпоны Эзэн хаан ойлгож байгаа. Энэ бол Тайландын Ван биш. Тэр бол парламентээрээ сонгосон Ерөнхий сайдаа буцаадаг хүн. Япон бол парламентийн шийдвэрээ гүн хүндэтгэдэг орон.
Ёпоны эзэн хаан манай боловсрол эрхэлсэн сайдыг хэл хальтарсаны төлөө уучлах байх аа. Бөөн шуугиан. Цогзолмааг Японы шоронд хийх нь үү, яах нь уу? гэмээр л юм болох юм.
Бие биенээ барьж өгдөг монголчууд 1937 онд ч ийм байсан, одоо ч ийм байгаа. Цогзолмаагийн үүрэг энэ үлдсэн жил гаруйн хугацаандаа боловсролын системд зөв зам нээх. Өөр юу ч биш.
Тонга улсын нийслэлийг Катманду гэж андуурах юу ч биш. Хэл хальтарсан ч бай, хэргээр хэлсэн ч бай.
1998-1999 онд ОХУ-ын Ерөнхий сайд байсан Е.Примаков Япон явах замдаа Монголд саатан морилж, манай орныг японд ирсэн юм шиг андуурч л байсан. Бид хий шуугиад л өнгөрсөн шүү дээ.
Японы эзэн Хаан минь “Манай БСШУС-ын сайдын Японыг Бүгд найрамдах улс гэсний төлөө өршөө. Танай парламент хүчтэй шүү. Та нар олонхоороо шийддэг орон шүү. Манай сайд хэл хальтарч. Манайх улсын нэр байтугай хажуу хавирганыхаа нэрийг андуурах хэмжээний буцалсан, проблемтой, нервтэй улс” гэж л хэлье дээ.
Бидэнд нервээ дарах боломж өгөөч. Хаана л бол хаана жагсаал цуглаан, эсэргүүцэл. Ална хядна. Өнөө ардчиллын ид шид нь хаана байгаа юм?
Одоо харин “Английн Ерөнхий сайд”, “Их британы хатан хаан” гэж санаандгүй ч ярьж болохгүй юм байна шүү. Одоо харин “Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант Хатан хаан Елизавета II, эсвэл Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Тереза Мэй” гэж залхуурахгүй тодоор хэлж байх юм байна шүү. Тэгэхгүй бол алуулах нь? Шоронд орох нь, олон улсын гэмт хэрэгтэн болох нь, наад зах нь ажлаа өгөх нь! та минь?! 
Цогзолмаа минь унасан ч, боссон ч ажлаа хий! Боловсролын системд зөв алхам хий. Энэ л Таны улс орондоо хийх үйлс юм даа. Япон бол Үндсэн хуулийн засаглалтай хаантай улс. Парламент нь гол шийдвэрээ гаргадаг. Яг чухамдаа бол Бүгд найрамдах шүү дээ. Агуулга биш хэлбэр хөөсөн нийгмийн хөөс шүү дээ. Яг чухамдаа Японы Эзэн хаан Акихито уурлавал рыцарь шиг ажлаа өгнө биз! Манайхан ч сүүлийн гурван зуун жил Манжийн хаан ингэсэн гэж сүржигнэлээ. Орос мэргэжилтэн ингэсэн гэж сүржигнэлээ. Одоо Барууныхан ингэлээ гэж сүржигнэнэ. Хэзээ бид өөрсдийнхөөрөө сүржигнэх юм бол доо.
Өөр ч юу байх вэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.