НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Д.БАЯРСАЙХАН: “МОНГОЛ АРМЯНЫ УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА” НОМООР ДЭЛХИЙ НАМАЙГ ТАНЬДАГ

Ц.Түмэнбаяр     Нийтлэгч
11 сарын өмнө /2018-10-15 09:57:02 GMT +8 / | 28879 удаа уншсан

 

Ил-хаадын судлалаар дэлхийд танигдсан монгол эрдэмтэн бол Дашдондогийн Баярсайхан юм. Тэрээр гадаад хэлний сургалттай 23 дугаар сургуулийг 1981 онд төгсөж, Армян улсын Ереваны их сургуульд элсэн суралцсанаас эрдмийн замаа эхлэсэн энэ эрдэмтэн манай театрын нэрт судлаач Ж.Дашдондогийн охин билээ. 


Баярсайхан 1981-1983 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд, 1983-1991 онд МУЭ Хороонд эрдэм шинжилгээний ажилтан, 1991-2002 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн Банк, IBG корпорацид төслийн ажилтан, 2006-2007 онд Оксфордын St.Clare’s College, Монгол хөтөлбөрийн багш, 2005-2008 онд Оксфордын Queen’s College, Worcester College, Wolfson College, номын санд туслах, 2008 онд МУИС-ийн Монгол Судлалын Төвд эрдэм шинжилгээний ажилтан, 2009 оноос МУИС-д багшилж байна. 
1981 онд Армян улс, Ереваны Их Сургууль, бакалавр, 2003 онд Англи улс, Oксфордын Их Сургуульд Армян сурвалж судлал, магистр, 2008 онд Англи улс, Oксфордын Их Сургуульд “Монгол-Армяны Улс төрийн түүх /1220-1335/” сэдвээр судалгааны доктор /DPhil/ зэрэг хамгаалсан. 2010-2012 онд БНГУ-ын Герда Хенкел Сангийн шугамаар Бонны Их сургуульд докторын дараахи судалгааны "The Archival Documents of the Mongolian Administration (17th-19th centuries)” хөтөлбөрт хамрагдсан ажээ. Тэрээр Монголын эзэнт гүрний түүх, Ил-хаадын судлал, Кавказ, Дундад хийгээд Ойрх дорнодод өрнөсөн Монголын байлдан дагуулал ба түүний зарчим, Монголчуудаас тэдгээр нутагт явуулсан бодлого, эдийн засгийн хөшүүрэг, газар эзэмшлийн хэлбэр хийгээд хуваарилалт, Исламын болон Христийн шүтлэгт ард түмнийг хослон захирсан онцлог зэрэг сэдвийг судладаг. Өнгөрсөн хугацаанд Монгол болон англи хэлээр найман ном, Монгол, Их Британи, АНУ, Канад, Герман, Итали, Тайваны нэр хүндтэй сэтгүүл, эмхтгэлүүдэд 20-иод өгүүлэл хэвлүүлж, дотоод гадаадын 20-иод эрдэм шинжилгээний их бага хурлуудад илтгэл тавьж, Хятад, Япон, АНУ, Италид уригдан ажиллажээ.  Англи, орос, герман, армян, перс, араб хэлийг эрдэм шинжилгээний судалгаанд ашигладаг Баярсайхан 2016 онд Монгол улсын төрийн дээд шагнал Алтан Гадас одон, 2011 онд Jack Weatherford-ын тусгай шагнал хүртэж, Олон улсын хэд хэдэн төсөлд хамрагдан судлагааны ажлаа хийсэн байна. Шинжлэх ухааны аль ч салбарт эмэгтэй хүн эрчүүдээс хэдэн хувь илүү шалгуур давж байж амжилтанд хүрдэг гэдэг хэнд ч нууц биш. 
Иймд тэр том шалгуурыг давж, олон улсын хэмжээний амжилтанд хүрсэн эрдэмтэнтэй уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулья.

 

-Та бол социализмын “бүтээгдэхүүн”. Тэр үеийн хүмүүсээс ийм богино хугацаанд Монголын эртний түүх, тэр тусмаа Ил-хаадын судалгаагаар дорвитой амжилт олж, гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан хүн Монголд байхгүй. Чингэхээр энэ чиглэлд хэдийнээс эрдэм оюунаа зориулах болсон бэ?  
-Орос сургалттай 23-р сургуулийг 1975 онд төгссөн. Ээжээс минь өвлөгдөж ирсэн шиг байгаа юм, Арабын ертөнцийг их сонирхдог, Турк, Араб, Энэтхэгийн талаар мэдэхийг хүсдэг байлаа. Гэтэл тэр үед гадаадын сургуульд улсаас өгсөн хуваарийн дагуу сурдаг байсан болохоор Перс, Турк, Араб хэлний судалгааны анги ирэх болов уу гэж горьдож байлаа. Гэтэл ирдэг нь Хятад, Япон хэл судлал л байлаа. Тэр жил гайхамшигтай нь Армян хэлний хоёр хуваарь ирсэн. Тухайн үеийн ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай Армяны Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хамбарцумян гэдэг хүнтэй уулзсан юм байна. Тэд хоёулаа түүхчид байж таараад Армяны ШУА-ын Ерөнхийлөгч “Манай улсад Монголтой холбоотой маш олон баримт армян хэлээр байна. Түүнийг судлах монгол хүмүүсийг явуулаачээ” гэдэг санал тавьсан юм билээ. Тэгээд Батсүх гэдэг нэртэй эмэгтэйтэй хамт, нэг ёсондоо эрэгтэй нэртэй хоёр монгол эмэгтэй явлаа. Эхний жилд нь мэдээж хэлний бэлтгэл курс. Нийтдээ Армяны их сургуульд зургаан жил сурлаа. Армян хэлний анги гэж байхгүй. Харин Армян филологийн анги гэж байсан. Тэнд сурсан. Гэхдээ тэр сургууль надад тусгайлан хөтөлбөр гаргаж өгсөн. Тэр үед 2-4-р курсэд хөдөө явж үлгэр домог, аман түүх цуглуулдаг байсан юм. Намайг тэр дадлагад биш Ереванд Матенардараагийн судар бичгийн хүрээлэн лүү явуулсан. Тэнд жил бүр хоёр сар дадлага хийдэг байлаа. Армяны хотын төвд Матенадаран хэмээх судар бичгийн хүрээлэн нь тэр чигээрээ гар бичмэл хадгалдаг газар. Урт урт цагаан сахалтай, өндөр хамартай, өтгөн нүд хөмсөг болсон нас тогтчихсон эрдэмтдийн дунд л арвандолоо настай охин очиж байлаа. Нөгөөдүүл чинь өхөөрдөнө. "Армянаар ярих уу?" гэж асуудаг. “Ярина” гэхлээр нэгнийгээ дуудаад “Энийг хар даа, онин нүдтэй монгол хүүхэд ирчихээд армянаар ярьж байна” гээд үзүүлэн шиг сонирхоцгоодог байлаа. Би бүр сүүлдээ тэдний тэр байдлаас залхдаг байлаа. Сургууль төгссөнөөс хойш надад дахин Матенардараад очих боломж олдоогүй. Гэвч тэнд үзсэн харсан зүйл маань хожим миний эрдмийн ажилд маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Би сургуулиа төгсөж ирээд 1984 он хүртэл ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажиллаж байсан. 
-Хүрээлэнгээс яагаад гарсан юм бэ? Тэр үед Ширэндэв гуай буруудаж, түүний Ю.Цэдэнбал даргатай хамт авахуулсан гэрэл зураг, кино кадрыг хайчилж хүртэл түүхийн баримтыг устгаж байсан даа. Физикийн хүрээлэнгийн захирал байсан Б.Чадраабал гуайг хүртэл  “Гүрийг дагаад нисэх шахав, Ширийг дагаад үхэх шахав” гэдэг явган шог гарч байсан. Танд бас тиймэрхүү юм тохиолдсон юм биш биз?
-1983-84 онд ШУА-ын Ерөнхийлөгч Ширэндэв гуайг унагах айхтар ажил явагдаж, “Драмын театр Академик болж, Академи драм боллоо” гэдэг шог яриа ч бас гарч байсан шүү дээ. Тэр үед намайг “Ширэндэвийн ивээлийн хүн” гээд илүү үзээд эхлэсэн. Тэгээд би тэндээс гарсан. Гэхдээ л би ер нь их азтай хүн. “Сохорсон биш завшив” гэдэг шиг дандаа л аз тохиож байлаа. Тэр үед Ардын зураач Цүлтэм гуай Монголын урлагийн түүхэн цомгууд гаргах гээд бичгийн хэлтэй хүн хэрэгтэй болоод намайг ажилд авсан юм. “Монгол зураг”, “Монгол уран баримал”, “Гар урлал” цомгууд бүгдээрээ миний бүтээлцсэн номнууд, бас орчуулга дээр нь ажилласан. Орос хэлэнд орчуулах ажлыг би дангаараа хийсэн, франц, англи, испани хэлний орчуулагч нарыг хариуцаж байсан. Монголд тухайн хэлээр орчуулдаг, бичдэг хүмүүсийг эрж олж ажиллуулсан. Тэд Монголоос шууд нөгөө хөл рүү орчуулдаггүй. Харин оросоос нь тэдгээр хэл рүү орчуулдаг байсан. Тэгээд миний оросоор орчуулсныг гадаад хэл рүү хөрвүүлдэг байлаа. Би Цүлтэм гуайтай найман жил ажиллаж, таван ном гаргасан. Тэдгээр номыг Худалдаа аж үйлдвэрийн яамны шугамаар Японд хэвлүүлсэн юм. Номын зургийг Японы гэрэл зурагчин Сугияама ирж авсан. Одоо манайхны гэрэл зураг хэнээс ч дутахааргүй болчихжээ. Тэр үед японы гэрэл зурагчны арга технологи, аппарат, тоног хэрэгсэл нь цоо шинэ юм байлаа.Тэр хүнтэй мөн л найман жил хамт ажилласан даа. Тэр ажил маань надад хожим ном гаргахад маш их туршлага болсон. 

-1990-ээд оны үед Монголд ирж “Сувдан сондор” аяллаар маш олон зураг авч, Монголд ч, Японд ч Монголд авсан гэрэл зургаараа олон үзэсгэлэн гаргасан тэр Сугияма  мөн үү?
-Мөн мөн. 1990 оны эхээр 30 жил Урчуудын Эвлэлийн Хороог удирдаж явсан Цүлтэм гуайг маань энэ байгууллагад хэтэрхий удсан, хоцрогдсон гээд унагав аа. Намайг мөн л Цүлтэмийн хүн гэдгээр бас ад үзэж эхлэв. Тэр үед би МУИС-д англи хэлний гурван жилийн курст явдаг байлаа. Арван жилийн сургуулиасаа англи хэлний суурьтай байсан маань ч бас хэрэг боллоо. Японы бүтээмжийн байгууллагтай ажил төрлийн холбоотой Шүрчулууны толгойлсон “Монголын бүтээмжийн төв” гэдэг төрийн бус байгууллага байсан. Тэр байгууллагад Японы бүтээмжийн байгууллагын том том төлөөлөгчид зочноор ирсэн юм. Тэр хүмүүст үйлчилж яваад танил болоод, тэр хүмүүс Японд курст суралцахыг уриад, би тэнд очиж суралцах болсон юм. Хөдөө аж ахуйн банкны, Цахилгаан холбооны, Зам гүүрийн хувьчлалын төслүүд дээр орчуулагч улмаар координатор буюу зохицуулагчаар ч хэдэн жил ажиллаад өнөө англи хэлний мэдлэг маань улам сайжирсан.
-Мэргэжлээсээ тэс өөр ажил хийж явсан хүн яаж байгаад Ил-хаадын түүх рүүгээ орсон юм бэ? 
-Тэрнээс хойш миний амьдралд их олон юм тохиолдсон л доо. 1998 онд бөөрний дутагдалд ороод гурван жил хэвтэрт байлаа. Сайн хүмүүсийн буянаар Өвөрмонголд очиж эмчлүүлээд, дараа нь ах дүү нарынхаа тусламжаар хоёр ч гадаад улсад эмчлүүлж хөл дээрээ боссон. “Эрлэгийн хаалгыг татаад” л буцсан даа. Хөл гар бүх юм ажиллахаа больчихдог юм билээ. Тархи ч бас тэгдэг гэнэ. Ар гэр сайтай тулдаа л давж гарсан. Гэтэл намайг тахир татуугийн группэд оруулах гээд байдаг. Би тэрэнд дургүй. Группэд орно гэдэг над шиг дөч шүргэж яваа залуу хүнд даанч байж боломгүй явдал байсан юм. Тийм учраас би “Монголоос гарах хэрэгтэй юм байна” гэж бодсон. Гэрийнхэн хүртэл “Хөөрхий минь энэ муу амьтан үхээгүй, амьд байгаа нь их юм” гэж бодох жишээний. Тэгээд гадаадын их сургуулиудад Армян судлалаар докторт суралцах боломжийг хайж эхэлсэн. Америкийн долоо, Англид Оксфордын их сургуульд хүсэлт явуулсан. Оксфордын их сургууль хамгийн түрүүнд хариу ирүүлж зөвшөөрсөн. Гэвч төлбөр нь маш өндөр. Зөвхөн нэг жилийн сургалтын төлбөр 18 мянган паунд. Гэтэл мэдээж өөр олон зардал гарна. 
-Бараг суугаа шахам байж яаж тийм их зориг гаргаа вэ? Тийм өндөр төлбөртэй?
-Бакалавраас дээш сургалтад хүмүүс ихэнхдээ гадны тэтгэлгээр суралцдагийг мэдэж авсан. Ингээд тэтгэлэг хайж эхлэсэн. Гэтэл Нубар Пашагийн нэрэмжит тэтгэлэг гэж байсан. Энэ тэтгэлгийг авахад нэлээд өрсөлдөөнтэй. Докторын сургалт хамгийн бага нь дөрвөн жил, тэгээд зургаан жил, найман жил гэх мэт, хэр бэлтгэлтэйгээс шалтгаална. Сургуулиас захиа ирээд байдаг. Танилцуулах өдөрлөг болно, орох уу гэлээ, орно гэлээ. Тэр бүү хэл халбага сэрээ хэрэгтэй юу гэж хүртэл асуулт ирнэ. Авна л гэдэг. Тэгж байтал таны тэтгэлэг бүтлээ. 18 мянган пуанд. Нэг чемодан дүүрэн эм, нэгэнд нь ном. Алийг нь ч даахгүй, сул улбагар нөхөр Оксфордыг зорив. МИАТ-ийн нислэгт миний шавь залуу тааралдаад, тэр маань баярлаад шинэ газар очиж байгаа хүнд юу ч бол хэрэгтэй гээд намайг буухад онгоцонд өгдөг кофе, цөцгийн тос, жимсний чанамал, талх, нэг шил вино ч байх шиг баахан юм өглөө. Хоёр том чемодан, бас хажууд нь дахиад нэг тор ачаа. Өрнөдийн оронд бүх л юм нь хүний төлөө зориулагдсан байдаг болохоор ачаагаа зөөгөөд явах түрдэг тэрэгнээс эхлээд бүгд л байлаа. Анх Оксфордод  очоод өвчтэй гэж хэлэх арга байхгүй. Сурах л гэж ирсэн. Маш их хөдөлмөрлөж байсан. Хожим нь өөрийнхөө байрнаас 25 минут алхдаг байсан замыг анх нэг цаг гучин минут туулж байлаа. Хамаг хөлс цуваад, усан хулгана болно. Ганцаарчилсан сургалттай байсан болохоор багшийнхаа өмнө саунаас гарч ирсэн амьтан шиг сууж байлтай биш. Тийм учраас хөлсөө намжааж, амьсгаагаа дарахын тулд  хичээлээс 20 минутын өмнө очиж, номын санд амарч суудаг байлаа. Шатаар өгсөхөд хэцүү болохоор настай багш нарт зориулсан цахилгаан шатаар гардаг байв. Гурван сар л ийм байдлаар их ядарсан. 
-Хичээл нилээд хүнд байсан байж таарна. Ингэж ядарч очсон хүн яаж амжилттай сурсан бэ?
-Надаас барууны сургалтын зарчмыг мэдэх үү гэж асуусан. Мэдээж би мэдэхгүй. Тэгтэл эхлээд магистрын  сургалтанд нэг жилийн дотор сууж амжих уу? гэж асуусан. Би амжина гэж хэлсэн. Амжихаас өөр арга байхгүй. Миний тэтгэлэг дөрвөн жилийнх. Би “Армян сурвалж судлал” гэдэг сэдвээр сурч байсан. Дан армян түүх сурвалжийн орчуулга. V-XII зууны түүхий сурвалжийг нэг нэгдгүй судлах шаардлага байсан. Шалгалтан дээр ямарч сурвалж ирж болно. Англи руу хөрвүүлнэ. Дээр нь бас нэг бүлэг судалгааны ажил бичих ёстой. Тэр бол докторын диссертацийн нэг бүлэг болох ажил байлаа. Эхний өдөр зургаан цаг, маргааш нь зургаан цаг, 12 цагийн шалгалт өгнө. Урд нь бичсэн эссэ нэг бүлэг ажлаа урьдчилаад өгчихнө. Өөрийн багш шалгалт авдаггүй. 
-Багш нар нь хэр өндөр боловсролтой, хэдэн хэл мэддэг хүмүүс байдаг вэ?
-Грек, Перс ямарч хэлний багш шалгаж магадгүй. Оксфордын Их сургуулийн долоон хүний бүрэлдэхүүнтэй комисст шалгуулна. Миний орчуулгын ажлыг Сири хэлний багш шалгасан. Тэр сургуулийн онцлог байна. Армян хэлний багш Хибру хэл мэдэхгүй байж болохгүй. Хибру хэлний багш армян хэл мэдэхгүй байж болохгүй. 
-Шалгалтын дүн нь их удаж гардаг гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Манайх шиг тэр дороо дүн нь гардаггүй. Тэр олон багш нар үзнэ. Олон шалгуураар дүгнэнэ. 70-аас дээш оноо авч байж тэнцэнэ. Тийм учраас сарын дараа л дүн нь гарна. Авсан оноогоороо бас зэрэглэнэ. Би 80-аас дээш оноо авсан. Багш намайг сайн давсан гэж хэлж байсан. Оксфордод зөвхөн шалгалт авдаг тусгай сургууль байдаг. Намайг 12 цагийн шалгалт өгч байхад миний ард Клинтоны охин сууж байсан гэсэн. Тэр үед Клинтон Ерөнхийлөгч байсан. Тэнд хими, физик, математик бүхий л шалгалтыг нэг тодорхой өдөр бүгд өгдөг. Миний ард өмнө ямарч сургуульд ямарч мэргэжлээр хүн шалгалт өгч байж магадгүй. Зөвхөн тэр ширээн дээр миний код байна. Тэр кодоор намайг шалгах материал ирнэ. Би бол Дорно дахины судлалын чиглэлээр шалгалт өгч байгаа хүн. Шалгалтын дүн гарахыг сар хүлээх их хэцүү. Дуусч өгөхгүй. 
-Ах дүүс, ар гэрийнхний чинь тус дэм хэр байсан бэ?
-Тэр үед манай Батсайхан эгч надад их тус болсон. Хүргэн ах Францын элчин сайд байсан болохоор би эгчтэйгээ дандаа утсаар ярьдаг. Ойрхон юм чинь. “Миний бие их өвдөж байна. Хамаг гар хөл, яс бүх юм янгинаж байна. Хичээл нь их хүнд юм. Өглөө зургаад босно. Шөнийн нэг хоёр цаг хүргэж байна гэх мэтээр ярина. Орчуулгаа хийх гэж зовж байна гэдэг байлаа. Гэтэл эгч минь их зоригжуулж байлаа. Амьд байгаадаа баярла гэдэг байлаа. Ээж минь тэнд байсан. Хагас сайн болонгуут л ээждээ очмоор санагдаад, хүргэн ахаасаа виз гуйгаад л... Монголчууд Франц руу визтэй явдаг, Европынхон визгүй. Хоёроос гурван сар болоод Франц явдаг. Ээждээ очиж эрхэлчихээд л ирэхэд их сайхан урамтай. Ээж минь “Чи минь овоош дээ, өвдөөгүй байна” гэж урам өгөөд л... Лондон орж үзээгүй байж Парис л яваад байдаг. Эхний жилийг эгч, ээжийнхээ хүчээр л давсан. Зундаа Парист очиж амраад... намар докторын оюутан болоод орж ирлээ.
-Манайхан доктортоо сурч байгаад төгсөхийнхөө хэрд сэдвээ сонгодог шүү дээ. Тэнд доктор хамгаалах сэдвийг сургуулиас өгөх үү? Эсвэл өөрөө сонгох уу? 
-Докторт эхэлж орохдоо л сэдвээ сонгоод очдог. Би “Ил хаадын судлалаар” докторын дипломын ажлаа хийхээр болсон. Перс судлалын багш нар суучихаад чи Ил хаадын судлалаар юу шинээр гаргаж ирэх юм. Чамтай чамгүй, өчнөөн эрдэмтэн Ил хаадыг нэвт шувт судлачихсан. Хамгийн түрүүнд Франц, Герман, одоо англичууд судлаад дууссан гэсэн. Тэгэхээр нь би “Уучлаарай танайхан Ил хаадын судлалыг перс, араб эх сурвалжууд л гэж ярьдаг болохоос армян сурвалжийн тухай ердөө ярьдаггүй. Би тэр судлалд чинь армян сурвалжуудыг оруулж ирье гэж том толгой гаргаад дуугарчихлаа. Кавказад Их Армян гэж байсан, нөгөөдөх нь Газрын дундад тэнгисийн эргээр байсан Киликийн армянууд гэж байсан. Тэд хоёулаа Монголын буюу Ил хаадуудын эрхшээлд байсан юм. Тэгсэн чинь тэгвэл өөр хэрэг. Бид нар үнэхээр армян сурвалжийн талаар мэдэхгүй. Армянчуудын монголчуудын талаар, персийн талаар, Анатолид байсан Сельжук туркуудын талаар бичсэн түүхийг мэдэхгүй шүү дээ,  энэ чинь сайхан сэдэв байна гээд л дэмжсэн. 
-Академик бичлэгийг тусгай курсээр сурдаг биз дээ?
-Тийм. Оксфордын их сургуулийн нэг сайхан нь өөрийн харьяанд янз бүрийн курс хичээллүүлдэг. Нэмэлт төлбөр төлөхгүй. Би академик стандарт бичлэгийн курсэд суралцлаа. Византын түүхийг сонирхож үзлээ. Араб, перс хэлний курст явлаа. Докторын ажил хамгаалахад хэрэг болох бүхий л хэрэгтэй гэсэн курсуудад нэмэлтээр явж байлаа. Тэгэхээр ажлаа маш зөв зохицуулахгүй бол болохгүй. Номын санд л өнөөдөр гурван ном унших ёстой гэх зорилго тавьдаг. Эхний гурван жилд байнга уншсан. Уншсан бүгд л гайхамшигтай, тэндээс маш их суралцсан. Олон хүний олон сайн юмыг уншиж дундаас нь өөрийнхөө арга, барилтай болох ёстой юм байна гэдгийгээ ойлгосон. 
-Тэнд тэр их ажлын хажуугаар номоо гаргасан гэдэг байхаа?
-Төгссөний дараа хийсэн ажлаараа номоо гаргасан. Тэнэгийн дотор уужуухан гэдэг надад байдаг. "Brill Leiden Publishing House" гэдэг хэвлэлийн газраас Оксфордын их сургуулийн номын санд байсан миний ажлыг үзсэн юм билээ. Брилл гэдэг нь 1630-аад оноос эрдмийн ажил хэвлэдэг том газар. Миний диссертаци бол “Монгол Армяны улс төрийн харилцаа” /1220-1335/ буюу англиар “The Mongols and the Armenians” /1220-1335/ гэсэн гарчигтай англи хэл дээр бичсэн бүтээл. Энэ бүтээлээр л дэлхий намайг таньдаг болсон. Үүний ачаар энд тэнд лекц уншаач гэж урьдаг, хичээл заадаг. Үүнээс хойш олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд ч өгүүллүүдээ англи хэлээр хэвлүүлж байна. 
-Та монгол дээрх энэ номноосоо өмнө яагаад монгол хэлээр бүтээлээ хэвлүүлдэггүй байсан юм бэ?
-Миний нэг зорилго бол Монголд намайг хүлээн зөвшөөрөх эсэх нь тусдаа асуудал. Гагцхүү монгол эрдэмтнийг дэлхий хүлээн зөвшөөрөх хэмжээнд бүтээлээ туурвих юмсан гэж боддог. Ингэхийн тулд гадаад хэлээр өгүүллээ бичиж, гадаадын сэтгүүлүүдэд хэвлүүлэх хэрэгтэй. 
-Монголоор ярихаар ойлгодоггүй, бас монголоор ярьж чаддаггүй мөртлөө монголч эрдэмтэн хэмээгдсэн хүмүүс зөндөө байдаг. Тэднийг монгол судлаач гэж хэлэхэд хэцүү биз дээ?
-Гадаадад тийм эрдэмтэд олон байдаг. Гэхдээ тэднийг монгол хэл мэдэхгүй, монголч эрдэмтэн биш гэж дүгнэж болохгүй. Жишээ нь, багадаа айхтар халуурч өвдсөнөөс улбаалаад дүлийрчихсэн, ердөө аравхан хувийн сонсголтой болчихсон, гэхдээ хүний амны хөдөлгөөнийг уншдаг тийм монгол судлаач залуутай тааралдаж байсан. Тэр миний орос хэлийг амны хөдөлгөөнөөр уншиж чадна. Харин английг шууд уншиж чадахгүй байсан. Учир нь миний орос хэл унаган, англи хэл бол биш. Тэр залуу монгол бичиг дээрх материалыг шууд уншчихдаг. Гэтэл түүнийг монгол хэл мэдэхгүй, тийм учраас Монгол судлаач биш гэж хэлж болохгүй. Тэрэн шиг монголоор уншдаггүй ярьдаггүй мөртлөө Монголыг насаараа судалсан олон хүнтэй тааралдаж байсан. 
-Та гадаадын томоохон хэмжээний ямар номонд бүтээлээ оруулсан бэ?
-Гадаадын том том эрдэмтдийн хамтын бүтээлд нэг бүлэг оруулах нь миний нөгөө зорилго. Гурван том бүтээлд миний өгүүллүүд нэг нэг бүлэг болж орсон байгаа. Энэ бол дэлхийд монгол эртэмтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг жишээ. Гадаадын том эрдэмтдийн бүтээл дунд надад нэг бүлэг оногдоно гэдэг их аз юм шүү дээ.  Гадаадын нэр хүндтэй сургуулиудын сэтгүүлүүдэд өгүүллээ өгч байна. Энэ жил таван өгүүллийн захиалгатай сууж байна. Гурвыг нь явуулчихлаа. Гадаадын хэвлэл чинь их удна. Засна. Тодруулна. Элдвийн юм бий. Нэг жишээ хэлэхэд өгүүллийг хэвлэхдээ асуулт бүхий хүснэгтийг бөглөдөг. Шинэлэг үү, академик бичлэгийн стандарт хангасан уу гэх мэт. Саяхан надад нэг шүүмж ирсэн. Таны энэ бүтээлд Д.Баярсайхан гэдэг хүний “Монгол Армяны улс төрийн харилцаа”-ны талаар хийсэн дэлгэрэнгүй судалгаа байдаг. Тэр бүтээл ном зүйд чинь ороогүй байна гэж шүүмжилсэн байсан. Тэнд ямар хүн шалгаруулж байгааг би мэдэхгүй, Миний бүтээл гэдгийг тэр хүн мэдэхгүй. Тийм болохоор иймэрхүү маягийн шүүмж ирэх нь хариуцлагатай байхыг сургаж байгаа юм. Хүн өөрийн гэсэн зорилгоосоо няцахгүй зүтгэвэл хүрдэг л юм байна. 
-Ил-хаадын энэ судалгааг нэн шинэ судалгаа гэж үзэж болох уу?
-Ер нь болно. Бид өөрсдөө монгол талаасаа судалсан нь ховор. Ил хаадын бичсэн хэдэн захидлыг хэлний талаас нь судалсан судалгаа бий. Улс төрийн түүх, хаадын талаас судласан нь бараг байхгүй. Тийм учраас би ирсэнийхээ дараа 2014 онд “Ил хаадын судлал: шинэ хандлага” гэдэг олон улсын хурал зохион байгуулсан. 18 их сургуулийн Ил хаадын түүх судалдаг эрдэмтэн багш нарыг уриад хурал хийж, баримтат кино бүтээгээд, тавьсан бүх илтгэлүүдийг монгол хэлэнд орчуулж судалгааны ном гаргасан. Тэр номыг гаргах гэтэл нэг юм дутсан. Тийм учраас “Ил хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл бичиж гаргасан. Тэр номыг уншиж байж, нөгөө судлагааны номыг уншихгүй бол ойлгоход хэцүү. Мөн ямар эрдэмтэд ирсэн юм бэ, хурал ямар төвшинд болсон бэ гэдгийг баталгаажуулахын тулд баримтат кино хийсэн. Манай их сургуульд энэ киноны эрх байгаа. Тийм учраас Ил хаадын судлалыг Монгол талаасаа нэн шинэ гэж үзэж болно.
-Ил-хаадын түүх судлаачдын залгамж халааг Монголд хэрхэн бэлтгэж байна, та энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Одоо бидэнд араб, перс, хербу буюу еврэй, сири, грек хэлтэй хүн хэрэгтэй. Ийм хэлүүдэд л оюутнуудаа сурахыг урьж байна. Сири хэлийг нэг оюутан сурч байгаа. Армян хэлээр хоёр оюутан сургаж эхэлсэн. Үүнийг цааш нь түгээж хөгжүүлэх байх. Ил хаадын судлалд олон хэлтэй шижигнэсэн сайхан арван залуу ороод ирэхэд зах зухаас нь үзнэ гэсэн үг. Яагаад гэвэл олон улсын төвшинд арван гаруй хэлээр биччихсэн Монголын түүхийн сурвалж байгаа шүү дээ. Тиймээс бичигдсэн бүх л хэлээр нь эх сурвалжуудтай танилцах хэрэгтэй. Гэтэл нэг хүн сайндаа л хоёроос гурван хэлийг өндөр төвшинд эзэмшинэ. Оксфордод намайг очиход “Та сурвалжийн хоёр хэлтэй, судалгааны хоёр хэлтэй, сонгодог хоёр хэл мэдэх шаардлагатай. Тэр дотор монгол, англи хэл чинь орохгүй гэсэн. Тэгэхээр би найман хэлтэй болж байж шалгуулах эрхтэй болж байна гэсэн үг. Тэрийг давсан л даа. Унаган орос хэлтэй, герман, сонгодог хоёр хэл дээр армян, латин хэл үзэж байсан. Тэрнийг тооцсон бичиг байдаг. Сурвалжийн хоёр хэл дээр орчин үеийн армян, перс, жаахан араб хэлтэй гэж танилцуулаад тэнцсэн. 
-Олон улсын монгол судлал орчин үед өргөн хүрээтэй хөгжиж байна гэж үзэж болох уу, Социализмын үед улс төрийн тогтолцооноосоо шалтгаалан дорно өрнөөрөө хуваагдаж, хүйтэн дайны уур амьсгалтай байсан үед дэлхийн олон улсын эрдэмтэд хамтран судлагаа хийж чадахгүй байсан гэдэгтэй санал нийлэх үү?
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Олон улсын Монгол судлал явж л байгаа. Харин биднийг тийш нь оруулж байна уу, үгүй юу гэдэгт асуудал байгаа юм. Бид нар тэнд нь орох ёстой. Манайхан өөрсдөө монгол хэлээрээ ном бичээд л нэг нэгнийгээ агуу гээд л хөөргөдөөд л байдаг. Үнэндээ бид нар өөрснийхөө чансааг олон улсын эрдэмтдийн дунд таниулж өгч чадахгүй байгаа. Нэгдүгээрт гологдож байна. Хоёрдугаарт, өөрсдөө хичээхгүй байна. Дан монгол хэлээрээ бичээд байхаар дэлхийд маш цөөхөн хүн уншиж байна. Манай Монголоос гэхэд гурван сая хүнтэй гэж байгаа боловч тэр хүмүүсээс сайндаа 300 нь л уншина. Тийм учраас магистр, докторантууд, зарим эрдэмтэн судлаачдад гадаад хэлээр бичээ, тэгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө, тэдний дунд орж ирэх хэрэгтэй гэж хэлдэг. Жишээ нь Гадаад улсад Монголын элчин сайдын яам зохион байгуулсан ч гэх юм уу, дан монгол хэлтэй монголч эрдэмтдийн хуралд илтгэл тавьсан гэж хэлдэг. Дан монгол хэлээрээ илтгэл тавиад, тэгээд монголоор хэвлэгдэхээр хэдэн хүн тэр бүтээлийг унших вэ. Монгол судлал бол олон шинжлэх ухааны огтолцоон дээр байгаа. Сэлжүк, Армян, Визант, Мамлюк судлалтай холбогдуулж байж Монголын түүхийн бүрэн судалгаа болно. Манайхан хялбар юм хөөх их дуртай. Гадаадын монгол хэлтэй эрдэмтэдтэй харилцчихаад би дэлхийн Монгол судлаачдад танигдчихлаа гэж бодож болохгүй. Монголд ирээгүй хэрнээ, Монголыг насаараа судалсан дэлхийд нэртэй эрдэмтэд өчнөөн байна, тэдэнд танигдаж, тэд монгол эрдэмтний бүтээлээс эшлэг л дээ. Монголд соён гэгээрүүлэх ажлаа хийх нь нэг хэрэг. Олон улсад бол бас өөр хэрэг. 
-Монголд шинжлэх ухааны бусад салбарууд жишээ нь хими, физик, мэдээллийн техноллоги, математикийн эрдэмтэд дэлхийд нилээд нэртэй байдаг шүү дээ. Монголоос дэлхийд нэрд гарч чадлаа харуулсан ямар эрдэмтэн байна вэ?
-Тэр ч байж магадгүй, энэ ч байж магадгүй гээд ганц хоёр хүний нэр хэлэх бол утгагүй. Манайх бол гадагшаа юм бичихгүй байна гэдэг л танигдахгүй байна гэсэн үг гэдгийгээ л давтаж хэлнэ. Жишээ нь антропологоор нилээн олон юм бичээд гадныханд танигдчихсан Мөнх-Эрдэнэ гэдэг залуу эрдэмтэн байна. Гадаад хэлээр диссертациа хамгаалаад, ном болгох гээд явж байгаа эрдэмтэд байна шүү дээ. Саяхан Японд Буддын түүхээр доктор хамгаалсан залуу байна. Тэрнийгээ дэмжих хэрэгтэй шүү дээ. Хинди, Пали, Санскирит, зэрэг сурвалжийн хэлтэй, сайн англи, хятад хэлтэй залуу байна шүү дээ. Тийм хүмүүсээ л зорилгот групп болгож дэмжих хэрэгтэй байгаа юм даа. Бүр социализмын Ширэндэв гуайн үед юм даа, яг тэр бодлогоор гадаадад оюутан бэлтгэхээр явуулж байсан шүү дээ. Тэр бодлого руугаа л буцаж орж ирэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр үед Араб, Перс, Хятад зэрэг олон хэл сургахаар олон хүүхэд явуулсан. Монголыг дан ганц монгол хэлээр судалж барахгүй. Дэлхийг эрхшээж байсан улс шүү дээ. Монголын түүх бол дэлхийн түүх, дэлхийн түүх бол Монголын түүх байсан хүн төрөлхтний бүхэл бүтэн үе байна. Эрхшээлд байсан улс болгон өөрийн хэл бичгээрээ монголын түүхийг өөрснийхөө үзлээр бичиж үлдээсэн. Тэр бүү хэл гадаадын улсуудын түүхэнд “Монголын үе” гэсэн тодотголтой тодорхой үеийг хамарсан түүх бичлэг байдаг. 
-Одоо багшлахаас өөр ямар ажил хийж байна вэ? 
-Их сургуульд би өөрийн гэсэн нэрийн хичээлүүдтэй болсон. Магистр, докторын сургалтанд академик бичлэг, диссертаци бичлэгийн арга зүй, ур чадварын хичээл ордог. Түүнээс гадна бид “Адмон” хэвлэлийн газрын Монголчууд гэдэг цувралаар Дэлхийг эрхшээсэн Монголчуудын тухай зурагт түүхийг хэвлэж гаргасан. Түүнийг англи руу орчуулах ажлыг шавь нартайгаа хийх гэж байна. Бас оюутнуудаа Армян судлал руу оруулах гэж янз бүрийн материал уншуулж байна. Тэр сурвалжуудыг монгол болгох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэнд ямарч санхүүжилт байхгүй. 3-4 сурвалж бичгийг армян хэлээс нь орчуулж байна. Армяны нэг түүхч байлаа гэхэд насаараа бичсэн бүтээлд нь Монголчуудын тухай нэг хэсэг л байгаа шүү дээ. Гэх мэт хэд хэдэн түүхчийн бүтээлээс зөвхөн монголын тухай бичсэн хэсгийг авч орчуулах юм. Тэд Монголчуудыг яаж дүрсэлсэн юм. 1236 онд Армяны нутагт нэвтэрч орсон Молор гэдэг ноёнд баригдаж хоригдоод монгол хэл сураад, тэр ноёны бичиг цаасны ажлыг эрхэлж, орчуулга хийж, дараа нь өөрөө жилийн дараа зугтаад, армянчуудын түүхийг бичсэн Киракос гэж түүхчийн ажил байгаа юм. 70-аад монгол үгийн цэс гаргаад тэрнийгээ армянаараа тайлбарласан байдаг. Мөрөн гэдэг бол ус гол гэсэн үг юм. Илбэ гэдэг нь хар зүгийн “сатана” байгаа юм гэх жишээтэй. Манай нэг оюутан бакалаврын ажлаа хамгаалахдаа Вартан гэдэг түүхчийн монголчуудын тухай бичсэн түүхээр хамгаалсан. Хийх ажил их байна. 
-Аливаа байлдан дагуулалтад ялагчийн болон ялагдагчийн бичсэн түүхүүд байдаг. Туйлын үнэн түүх гэж байдаггүй гэж ярьдаг. Мэдээжийн хэрэг аль нь ч байсан өөрсдийгөө зөвтгөсөн, хоорондоо зөрөөтэй. Ялангуяа Ил-хаадын үеийн түүх бол ихэнхдээ ялагдагчдын үлдээсэн түүх гэдэг. Ийм түүхийн эх сурвалжийн аль нь үнэнд илүү ойрхон бэ? 
-Зөвхөн Ил хаад ч биш Монголчуудын эрхшээлд байсан улсууд бол бичгийн соёлтой байсан учраас эртнээс түүхээ бичиж үлдээдэг уламжлалтай байжээ. Тиймээс энд монголчуудын түүх өөрсдийнх нь түүхтэй хамт бичигдэж байгаа юм. Ялагдагч мэдээжийн хэрэг ялагчийн түүхийг сайнаар бичих нь ховор. Гэхдээ дандаа харлуулаад байсан уу гэвэл үгүй. Дундын байдлаар бичсэн түүх байдаг. Армяных бол тийм түүхэд орно. Ил хаадын эрхшээлд байсан улсын хувьд тэдний захиргаанд ороод, сайдынх нь албан тушаалыг хашиж явсан бичиг соёлтой хүмүүс голдуу түүхээ бичсэн байдаг. Тэгэхээр монголчуудыг их ойроос таньж бичсэн байж таарна. Мэргэжлийн хүмүүсийн хувьд эх сурвалжид итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал байдаг. Тэр сурвалж ямар үед, ямар нөхцөлд бичигдсэн. Яагаад энэ хааныг магтах, муулах болов гэдэг улс төрийн шалтгаантай. Жишээ нь, Чойбалсангийн үе, Сталины үед баахан хүнийг Японы тагнуул байсан гээд биччихсэн, зарим нь тагнуулаа хүлээн зөвшөөрчихсөн бичиг баримт архивт байгаа шүү дээ. Гэтэл тэрэнд бид итгэл үзүүлэх үү үгүй юу гэдэг маш чухал асуудал шүү дээ. Дандаа хүчирхийлүүлж, дарамтлуулж мэдүүлэг өгсөн, хийгээгүй хэргээ хүлээсэн, зохиомол хэргүүдээр хэлмэгдүүлсэн явдал байгаа шүү дээ. Түүнтэй л адил шүү дээ. Тухайн цаг үеийн олон улсын байдал, нутаг орны нөхцөл, нийгэм, улс төрийн байдал зэргийг харгалзан үзэж байж эх сурвалжийг дүгнэнэ. Жишээ нь миний судалж байгаа тиүүхэд Христ шашинтан ислам шашинтан хоорондоо тэмцэлдэж байсан. Тэр үед монголчууд ухаантай байсан нь мэдэгдэж байгаа юм. Татвар хураагчаар Исламын шашинтай хүмүүс рүү христ, христийн шүтлэгтэй хүмүүс рүү ислам шашинтанг явуулдаг байсан жишээтэй. Мэдээжийн хэрэг татварыг хайр найргүй хурааж, хааны санг зузаатгана.
-Одоогийн тажикууд Ил хаадын үед ямар улс байсан бэ?
-Тэр үед персүүдийг тажикууд гэж нэрлэж байсан. Одоогийн Тажикстаны тажикууд чинь перс гаралтай. Сурвалжид тажикууд ирээд биднийг цөлмөөд явлаа гэж бичиж үлдээсэн байгаа юм. Тэр тажик нь үнэхээр монгол юм уу, тажик уу, иран уу? Сурвалжийг ойлгохын тулд “мөр хоорондох” утгыг ойлгох гэж чухал ажил явагдана. Бухарыг байлдан дагуулаад, Үргенчийг байлдан дагуулсан үед хоёр сая хүний толгойгоор уул босгов гэж бичсэн байна. Гэтэл Үргэнч хотын кадастрын судалгаагаар тэнд байсан өрхийн тоо 500 хүрэхгүй. Нэг айл таван хүн байж гэж бодоход яаж ч бодсон хоёр сая хүрэхгүй. Энэ түүхч бол их цочирдсон, үнэхээр монголын байлдан дагуулалт ийм аймаар байсан гэж нүдээрээ үзээгүй учраас 200-г хоёр сая болгоод бичих бол энүүхэнд. Үргэнч хотын хүн амын ихэнх нь маш сайхан урчууд байсан. Нэг айлд дор хаяхад хоёр урлаач байна. Монголчууд тэднийг ашиглахгүйгээр толгой дараалан хядах тэнэг хүмүүс үү? гээд бодохоор тэр түүхчийн бичсэнд итгэх аргагүй. Одоо ч гэсэн. Сонгуулийн материал дээр 50 жилийн дараа судалгаа хийхэд, сонгогчийг мөнгөөр худалдаад авчихсныг батлах баримт байхгүй болохоор баримтад шал худлаа л юм гарч ирнэ. Эртний түүхийг авч үзэхдээ энэ ямар төрд зориулж бичсэн түүхч вэ гэдгийг харгалзаж үзэх учиртай. Хэнийг магтан дуулаад байна вэ, энд юу алга болов, аллага хядлага нь хаачив, гэтэл хядлагагүй байлдан дагуулалт гэж хүн төрөлхтний түүхэнд байхгүй. Монголчууд хүйс тэмтэрч л байсан. Гэхдээ хаана хэзээ, ямар нөхцөлд гэдгийг заавал давхар үзэх ёстой. Янз янзын шалтгаан байна. Тэгж байж л үнэнд ойртоно.
-Аливаа юм хоёр талтай гэдэг. Монголын түүхийн олон эх сурвалжууд ил болсноор нэг талаасаас одоогийн залуус Монгол угсаатан хаадын түүхээрээ бахархаж, эх орноо эх түүхээ хайрлах хүмүүжилтэй болж байна. Монгол гэж цээжээ дэлдэх нь ч ихсэж байна. Даяаршлын энэ үед хүн төрөлхтөн нэг нийгмийн тогтолцоо, шинжлэх ухааны ололт амжилтаар ижилсэж байгаа энэ нөхцөлд үндэсний энэ үзэл хэр зохимжтой вэ?
-Даяаршил өрнөж байх тусам бид өөрсдийнхөө түүхийг тод гаргаж ирэх ёстой. Даяаршил хүчээ авах тусам бид үндэстэн ястнуудын олон өнгө дотроос монгол хэл соёл, түүхээ өөрийн гарт оруулж судалж, хадгалж, авч үлдэж, түүгээрээ ялгарч үндэсний онцлогоо хадгалж үлдэнэ. Ингэж л зөв даяаршина.Түүнээс биш бид үндэсний үзлийг хэт дэвэргэх юм уу, панмонголизмыг гаргаж ирэх гэж байгаа явдал огт биш. Чингис хаан гэхэд л нүүдэлчин монголчуудын өөрийн гэсэн сургалт, амьдралын туршлага, гүн ухааны үр шимээр л гарч ирсэн хүн. Улс төрийн хамгийн эхний тулгамдсан асуудал бол эдийн засаг байдаг. Эдийн засгаар биеэ дааж чадаагүй хүн ч байж улс ч байж бусдын боол л болдог. Аль ч цаг үед. Зүрчидийн Алтан улсын үеэс л Торгоны замыг яаж эзэлж авах вэ гэдгээс эхлээд л толгойгоо ажиллуулж эхэлсэн. Ингэхэд овгийн ахлагч овгоо аваад л яваад байж болохгүй юм байна. Нэг хэл соёлтой улсууд нэгдэх ёстой юм гэдгийг мэдсэн. Тэгээд л овгийн зохион байгуулалтыг эвдсэн. Гэхдээ тэр бол феодалын нийгэм биш, цэрэг-иргэний нийгэм байгуулсан, иргэн бол цэрэг, цэрэг бол иргэн. Энэ бол хүн төрөлхтөнд цоо шинэ улс төрийн тогтолцоо байсан. Хааны хүү л бүх эрх мэдлийг авах ёстой гээгүй. Харцын хүүхэд ч байсан зоригтой, самбаатай, үнэнч, чадалтай, дайчин байхад улс төрийг удирдах албанд байж болно гэж үзсэн. Тийм учраас есөн өрлөг жанжин болоод бусад хүмүүст итгэл үзүүлж байсан. Тэр нь Их Монгол улсыг байгуулсан гэж үздэг. Их Монгол улс байгуулахад урвасан шарвасан нь өчнөөн байсан. Тэдэнд төрийн төмөр нүүрийг харуулж чадсан. Тиймдээ л тархай бутархай монголчуудыг нэгтгэж чадсан гэж боддог. 
-Танд баяраллаа. Таны эрдмийн ажилд улам их амжилт хүсье. Дэлхийд танигдах олон эрдэмтдийг төрүүлэх болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.