НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ИОХАН ГАЛЬТУНГ: ОРОС АМЕРИК: ЯЛАГДАНА ГЭХЭД ДЭНДҮҮ ХҮЧИРХЭГ ЯЛАХАД ХҮЧ ДУТУУ

Г.Төртогтох     Нийтлэгч
2 жилийн өмнө /2018-10-15 10:03:12 GMT +8 / | 2017 удаа уншсан

НОРВЕГИЙН МАТЕМАТИКЧ, СОЦИОЛОГЧ, ЗӨРЧЛИЙН АНАЛИЗ БА ЗОХИЦУУЛАХ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН, "ТРАНССЭНД-ЭНХТАЙВАН, ХӨГЖИЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ СҮЛЖЭЭ"-Г ҮНДЭСЛЭГЧ ИОХАН ГАЛЬТУНГ "ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ" УГ СУРВАЛЖ, ХЭТИЙН ТӨЛӨВИЙН ТАЛААР АЛЕКСАНДР СОЛОВЬЕВТ ӨГСӨН  ЯРИЛЦЛАГЫГ ДОР НИЙТЭЛЖ БАЙНА. ИОХАН ГАЛЬТУНГИЙН "КАПИТАЛИЗМЫН АЛЬТЕРНАТИВЫГ БИД ОЛОХ БОЛНО" ГЭСЭН СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГЫГ МАНАЙ СОНИН УРЬД НЬ НИЙТЭЛЖ БАЙСАН БИЛЭЭ.

-НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө хүлээн зөвшөөрсөн ч гэлээ  “Шинэ  хүйтэн дайн“ гэдэг нэр томъёо нь Одд Арне Вестадын оновчтой илэрхийлснээр “нэр томъёоны залхуурал“-ын илэрхийлэл гэлтэй.  Улстөрчид шинэ бодит байдлын тодорхойлолтыг олж чадахгүй, хуучин нэр томъёоны ард нуугдахаа илүүд үзэж буй нь орчин үеийн айд /категория/ нийцүүлэн сэтгэх чадваргүйг харуулж байна. Дэлхий  ертөнц үнэхээр шинэ, зөв тодорхойлолт өгөх хэрэгтэй болсон  шинэ бодит байдалд амьдарч байна уу?
-“Шинэ хүйтэн дайн“ гэдэг  бүрэн тохирсон тодорхойлолт... Гэвч надад “Хоёр дахь хүйтэн дайн“ гэх нь илүү таалагдаж байна. “Хүйтэн дайн“ гэж бидний нэрлээд байгаа мөргөлдөөний уг үндсийг хайхад хүрвэл бүр эрт дээр үе, манай эриний 395 он руу очих хэрэгтэй болно. Энэ мөргөлдөөн арван зургаан зууныг дамжин үргэлжилж, цаг үеэс цаг үед “халуун“ болж ирсэн /Тевтонские рыцари, Наполеон, Гитлер/  байх юм. Гэхдээ илт дайсагнал нь  сайн харилцаатай үеүүдээр байнга  солигдож байсан байна. Шууд одоо гэхэд л маш нааштай эргэлтийн жишээ байна. Тухайлбал, Пап Франциска ба Патриарх Кирилл нар манай эриний 395 оны асуудал руу  эргэн ирж буй явдал. Энд би 1054 онд Аугаа Схизмээр /сүмийн хагарал/  гүнзгийрсэн Рим  Баруун болон Зүүн  гэж задран  салсныг хэлж байна. Хоёр сүмийг төлөөлөн Их хэргийн өмнө гарч ирэгсэд Католик ба Үнэн алдартнуудад ялгаатайгаасаа нийтлэг зүйл нь илүү их болохыг тунхаглаж, тасарч салсан уг үндэс рүүгээ хандлаа.  Үнэн чанартаа бол тэд нэгэн адил зүйлийг  л төлөөлж байгаа юм. Пап Франциск, магадгүй, орчин үеийн илүү их гэгээрсэн гурван улстөрчийн нэг мөн. /Миний бодлоор, нөгөө хоёр нь Азид Махатхир Мохамад, Африкт Нельсон Мандела/ Үүний зэрэгцээ, иймэрхүү асуудалд шашин үнэхээр чухал юм бол Владимир Путин гүнзгий шүтлэгтэй хүн болохоор маш чухал гэсэн үг. Харин барууны лидеруудын олонхи нь  ийм биш. /дашрамд хэлэхэд Си Зи Пин өөрийнхөөрөө бас шүтлэгтэн/ 
-Та яагаад “Хоёр дахь хүйтэн дайн“-ы уг үндсийг  чухамхүү Римийн импер Баруун ба  Зүүн  гэж тасран салснаас харж байгаа юм бэ. Глобаль сөргөлдөөний олон жишээг түүхээс олж болно. Тухайлбал 1618-1648 оны гучин жилийн дайн, эсвэл дэлхийн нэгдүгээр дайн гэж Черчилль нэрлэсэн 1756-1763 оны долоон жилийн дайн ... Ингэж  эртний  түүх рүү аялах хэрэг юун?
-Би чухамхүү энэ үйл явдлыг сонгож байгаа юм. Учир нь түүхэн нөлөөг мөшгин харж, гол шугамыг тэр үеэс эхлүүлэн  дэлхийн хоёрдугаар дайн хүртэл улс төрийн бүх түүхээр дамжуулан татаж болно. Ийм хагарлын саяхны жишээ бол НАТО ба Варшавын гэрээ... Варшавын гэрээний байгууллага одоо оршин тогтнохоо больж, харин НАТО үлдсэн. АНУ өөрийгөө ялагчаар зарласан. АНУ-ын нүдээр бол дэлхий дахин босоо чиглэлээр зохион байгуулагдсан бөгөөд энэ бол  Иерархия. Энд тэгш байдлын тухай санахын ч хэрэггүй. Харин Орос, жишээ нь, ингэж үзэхгүй байна. Таны ярьж байгаа тэр дайнуудыг юуны өмнө барууныхан өөрсдөө сэдэж, өөр хоорондоо явуулж ирсэн. /хэдийгээр долоон жилийн дайн хэд хэдэн тивд явагдсан ч/ Бид мэдээж, эдгээрээс чухал сургамж авч болох ч энэ  үйл явдал  тэдгээрийн өмнө байсан хийгээд тэдний араас болсон явдлуудаас огт өөр хүрээнийх. 
-Дэлхий ертөнц маань үр дагавар нь янз бүрийн идэвхижилт бүхий мөргөлдөөн болоод байгаа  гүн гүнзгий, өргөн далайцтай сөргөлдөөний үеийг туулж байна гэдэгтэй бид  санал нийлэх юм бол энэ сөргөлдөөний мөн чанар юу вэ? 
-Энхтайвнаар зэрэгцэн оршиход, олон туйлт бүс нутгийн үзэл хэрэг дээрээ дэлхийн дийлэнх хэсгийн гол шинж болж байна. Зөвхөн АНУ, Израиль хоёр л ялахыг, эргэн тойрноо эрхшээлдээ оруулахыг эрмэлзэж байна. Миний бодлоор, хамгийн аюултай нь христ ертөнцийн хагарал бөгөөд үүнээс үүдсэн эдийн засаг, улс төр, цэргийн гүнзгий үр дагавар мөн. Бидний дээр өгүүлсэн түүхийн “аялал“ нь Франциск ба Крилл зөв ажиллаж, харин Брандт /Баруун Германы канцлер байсан/ ба Брежнев /ЗХУ-ын удирдагч байсан/ нар тийм биш байсныг ойлгоход тусалж байгаа юм. 
-Болж байгаа үйл явдлын тухай Орост нэлээд дэлгэрсэн ойлголт гэвэл, 20 дугаар зууны хүйтэн дайны төгсгөлийг АНУ-д өөрийн ялалт гэж хүлээж авсны улмаас тэд дур зоргоороо авирлахаас хариуцлагагүй байдал руу уналаа. Орос /улс төрийн хувьд, Хятад эдийн засгийн хувьд/ шинээр өндийн боссоны дараа барууныхан глобаль манлайллаа зүгээр нэг алдаад зогсохгүй глобаль хэт давуу байдлаа алдаж буйгаа мэдэрч, эргүүлж авахын тулд бүх хүчээрээ эсэргүүцэн тэмцэж байна. Тийм үү?
-Санал нэг байна. Энэ бол үнэмлэхүй боломжтой зүйл. Магадгүй, үүн дээр янз бүрийн газар орон дахь зөрчилдөөний бусад голомтыг нэмэх хэрэгтэй. 
-Энэ сөргөлдөөн цаашид яаж хөгжих бол?
-Бодит дайн дэгдээх хүртэл довтлохыг хүсэгчид баруунд  бий. Тэд үүнийгээ Оросын эсрэг урьдчилсан анхааруулга гэж нэрлэж байгаа юм. Олон хүн, барууны ашиг сонирхолд үйлчилсэн, дуулгавартай Оросыг өөрөөр хэлбэл Путины биш Ельцины Оросыг харахыг хүсч байна. Орос хэзээ ч барууныг өдөөн хатгаж, дайрч довтолж байгаагүй баримт үгүйсгэгдээд байна. Наполеоны болон Гитлерийн цэргийг хөөн цохисныг энд авч үзэхгүй. Тэр бол огт өөр түүх. Орос бол  түрэмгийлэгч гэж олон хүн зүгээр л итгээд  байгаа юм. Энхтайвнаар, адил тэгш хамтран орших тухай Путины шаардлага  барууны хатуу шугам баримтлагч талынхны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл. Тэдний ойлголтоор бүтцийн хувьд биш юм гэхэд ялгуулсан дайны үр дүнгээр баруун заавал давуу байх ёстой. Гэхдээ цэргийн шинжээчид, жишээ нь хойд Солонгос, түүнд халдах юм бол хариу өгөх ноцтой арга хэрэгсэл бий гэдгээ урьдчилан анхааруулж байна. Бүр Хойд Солонгост тийм зүйл байгаа бол Орост байх нь мэдээж юм. Хэдийгээр олон хүн ямар ч дайныг хүсэхгүй байгаа боловч Орос тэдэнд хэтэрхий том, сонирхолгүй санагдаж байгаа. 
-Зүүний намууд Европт яагаад ялагдал хүлээгээд зогсохгүй, бааз сууриа алдаж маргинал байдал руу орчихлоо. Баруун дахь зүүнийхний гол асуудал нь тэдэнд санал өгөгчид интернационалчид байхаа больж, хөдөлмөрчдийн эв нэгдлийн үзэл санааг хуваалцахаа байсанд байх шиг...  Гэтэл энэ үзэл санаа марксизмын үндэс  биз дээ. Ер нь ангиудад юу болоод байна вэ. Тэд нийгмийн бүтцийн үндэс хэвээр үлдэж байна уу, хэрэв тийм бол яаж?
-19- 20 дугаар зуунуудад  хувийн болон нийтийн, зах зээл болон төлөвлөгөөт байдал хоорондоо зөрчилдэг тухай давамгайлж байсан үзлийг тойрон нийгмийн сэтгэлгээ бүрэлдсэн юм. Үзэл санааны энэ зөрчилдөөн зүүнийхнээс баруун ялгаатай болохыг тодорхойлж байв. Дараа нь харин энэ зөрчил шийдвэрлэгдсэн. Хүн төрөлхтний  болон байгалийн үндсэн, суурь хэрэгцээнд тулгуурласан шинэ асуудал олон янзаар, харилцан ашигтайгаар хамтран амьдрах асуудал бий болсон юм. Үүний учир утгыг хараахан бүрэн ойлгоогүй байгаа. Гэхдээ, чухамхүү эдгээр нь “шинэ барууны“, “шинэ зүүний“ талынхныг тодорхойлж чадна.
-Хэрэв Лениний “Империализм бол капитализмын дээд шат“ гэдэг сонгодог бүтээлийг  эргэн санавал, энэ бүтээл өнөөдрийн нөхцөл байдлыг зураглахад тохирох болов уу?
-Мэдээж хэрэг, АНУ  бас Европын Холбоо, /гэхдээ нэлээд бага түвшинд/  Оросыг “даяаршил“ гэж өнөөдөр  нэрлэгдээд байгаа өөрсдийн  империализмынхаа  дагуул улс байхыг хүсэж байна.
-Ялагдсан талын оролцоо ямар байна вэ. Өөрөөр хэлбэл, ярилцлагын өмнө таны хөндсөн эртний адилтгасан үйл явдал руу эргэхэд “ялагдагчын уй гашуу“ ямар вэ?
-АНУ ба Орос ялагдана гэхэд дэндүү хүчтэй, ялна гэхэд хангалттай хүчирхэг биш байна. Баруун, колончлолоос салсантайгаа эвлэрсэн шигээ энэ байдалд дасах хэрэгтэй. Гэвч баруун өөрийн хүчтэй капитализмдаа дулдуйдан Орост нэвтрэх оролдлогоо үргэлжүүлсээр байна. Бүхэл цогц учир шалтгааны улмаас  /АНУ-д ганц дампуурал хангалттай/ АНУ өөрийн гэртээ, хойд америктаа буцах хэрэг гарна. Харин миний бодлоор Орос түрэмгийлэлд биш  барууныханы атаархлын шалтгаан болсон өөрийн асар том газар нутгаа хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ гэдэг бол өөр асуудал.
-Та үндсэндээ, өөрсдийн амиа бодож, өөрсдийн дотоод асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг энэ  хоёр оронд санал болгож байна уу. Ингэх нь тэдний хувьд ч, бусад улсуудын хувьд ч сайн гэж бодож байгаа юм уу. Тэгэхээр глобаль асуудлаар хэн ажиллах болж байна?
-Бүр ч тийм биш ээ. Тэд хоёр талд, өөрсдийн дотоод асуудалд ч, бас өөр хоорондын харилцаанд ч анхаарах ёстой. Хэрэв баруун, хүйтэн дайн гэж бидний нэрлээд буй 1949-1989 онуудын үеэс болон түүний дараа ч ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөөгүй үлдсэн бол зүүн хамгийн эмгэнэлтэй байдлаар өөрчлөгдсөн. Варшавын гэрээ нуран унаж, харин НАТО үлдсэн. Гэвч өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байна. Энэ бол зүгээр л Орос, Хятад, хэдхэн исламч улс төдий биш. ШХАБ-д Энэтхэг, Пакистан орлоо. Дэлхийн ихэнх хэсэгт одоо Баруун нь Зүүний эсрэг, НАТО Варшавын гэрээний эсрэг, АНУ СССР-ын эсрэг  сөрөн зогссон хуучин схемийн гадна амьдарч байна. Хүйтэн дайны үеийн энэ хэмжүүр ач холбогдлоо эрчимтэй алдсаар байгаа. Үүний оронд олон туйлт ертөнц хэдийнээ бий болсон бөгөөд зөвхөн АНУ, Израйль гэсэн хоёрхон орон хуучнаараа, түрэмгийлэгч хэвээрээ үлдэж, байнга дайны байдалд оршиж байна. Үүнээс гадна терроризм байгаа бөгөөд бид терроризмын систем бүрэлдэх босгон дээр амьдарч байна. Гэвч өнөө хүртэл олон туйлт ертөнцийн дийлэнх хэсгийн хувьд идэвхгүй байдал  байгаа ч, энхтайвнаар зэрэгцэн орших нь илүү буянтай хэрэг. Улс орон бүр одоохондоо глобаль асуудлын өөрийн хэсгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хэрэв энэ нь нэг хэсэг бүс нутгийг хамрах юм бол АНУ урьдын адилаар глобаль түвшний удирдлагад, адаглаад л санхүүгийн салбарт нь ноёрхохыг оролдоно. Улс орнууд үүний хариуд өөрийн валют, санхүүгийн сагсыг байгуулж эхэлнэ. Америк доллар хэдийд  ч унаж магадгүй магадгүй. Харин рубль бол үгүй. 
-Генри Киссенжерийг оролцуулаад зарим шинжээчид өнөөдөр хүний гарын бүтээл болох улс төрийн сөрөн зогсолтонд төдийгүй хүнлэг чанар, ёс суртахуунаас ангид бөгөөд шийдвэр гаргахад  нэн чухал, гярхай  олж харах, өргөн агуулгаар сэтгэх чадваргүй хиймэл оюун ухааны өсөн нэмэгдэж буй хүчин чадалд санаа зовниж байна. Энэ болгоомжлол үндэстэй юу. Технологийн хөгжил хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлөх вэ? Үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал, хэрэв ийм юм ерөөсөө байгаа бол, бидэнд юу авчрах вэ?
-Энэ болгоомжлолыг би бүрэн хуваалцаж байна. Гэрт маань робот орж ирж, харин би түүнтэй харьцах ямар ч боломжгүй байгаа аймшиг надад хааяа зүүдлэгддэг. Манай амьдралын архитектурыг хамгаалахад бид илүү их анхаарах хэрэгтэй. Биднийг устгахаас нь өмнө роботуудыг устгах арга хайх хэрэгтэй гэж би боддог. Хиймэл оюун ухаанаас бидний гол ялгаа, гол найдвар бол бид шинэ санаа, үзлийг боловсруулах, нээлт гаргаж, шинэ маргаан мэтгэлцээн үйлдвэрлэх чадвартайд орших бөгөөд роботод ийм чадвар байхгүй.
-Саяхан Владимир Путин, "Орос байхгүй дэлхий ямар хэрэгтэй юм бэ..." гэж хэлсэн. Хэрэв асуудлыг өргөнөөр харвал дэлхийд Орос ямар хэрэгтэй юм бэ? 
-Путины зөв биш. Дэлхий Оросгүйгээр маш сайхан амьдарч чадна. Орос дэлхий дахинд тийм ч их зүйл өгөхгүй. Ийм том, олон янз төрхтэй орон бусад ертөнцгүйгээр маш сайхан амьдарч чадна. Яг АНУ шиг. Гэвч АНУ хардан сэрдэх эмгэг болон, бид дэлхийг удирдах ёстой гэсэн нарциссит /өөрийгөө хэт хайрлах, бусдыг үл өрөвдөх үзэл/ үзэл санаанд хөтлөгдсөн улс. Харин, Орос  гаднаас хэн нэгэн түүнийг  удирдахыг үл хүснэ. Орос энэ асар том газар орноо удирдах өөрийн сайн, муу, аймшигтай ямар ч байлаа, туршлагаа бусадтай нээлттэй хуваалцах юм бол дэлхий дахинд  ихийг өгч чадна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.