НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Цэцгийн диваажин

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 жилийн өмнө /2018-10-15 10:23:51 GMT +8 / | 2416 удаа уншсан

Дэлхийд алдартай Кёкенхоф

Кёкенхоф... Энэ нь европын Лиссе хэмээх жижигхэн хотод байдаг, дэлхийд алдартай цэцэгсийн хүрээлэн. Тус цэцэрлэгт хүрээлэн жил бүр гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-н хүртэл зочдоо хүлээн авдаг. “Европын цэцэрлэг ” хэмээн нэрд гарсан Кёкенхофт ирсэн зочид үзэсгэлэнт алтанзул тэргүүтэй сарнай, сараана, хэлгий, цахирмаа гээд олон цэцгийн дунд зугаалан байгалийн сайхныг мэдрэн баясдаг. Эдгээрийн дундаас онцгой ялгаран харагддаг алтанзул цэцгийг Кёкенхофын нэрийн хуудас ч гэх нь бий. Мөн Кёкенхофын орчин тойрон, дэлгүүр хоршоогоор явбал европын эртний алдарт Нидерланд улсын тухай ихийг мэдэж болно гэж жуулчин гийчдийн ярьдаг нь санамсаргүй зүйл биш юм. 

Алтанзул, салхин тээрэм, модон шаахай


Кёкенхофт жил бүр 7 сая гаруй цэцгийн үр суулгаж, Алсмерт өдөр бүр 20 сая цэцэг худалддаг гэж бичдэг. Амстердамаас 13 км-ын зайтай орших Алсмер хотхонд цэцгийн дуудлага худалдаа болдогоороо нэрд гарсан.  Жишээ нь, Алсмерт жилийн өмнө 7 сая гаруй баглаа цэцэг хагас өдрийн дотор зарж олныг гайхашруулжээ. Алтанзул цэцгийг XVI одоогийн Туркээс Нидерландад авчирсан гэдэг. Энэ цэцгийг Османы эзэнт гүрний үед анх тарьж ургуулж байжээ. Ургамал судлаач домогт Карл Клузиус алтанзул цэцгийн тухай анхны том номоо 1592 онд бичиж гаргасан нь тэр даруйдаа алдаршиж, улмаар урилгагүй зочид түүний цэцэрлэгт байнга орж цэцгийг нь хулгайлдаг байсан гэдэг. XVII зууны дунд үеэс эхлэн одоо хүртэл энэ гоёмсог цэцэгт зориулан баяр наадам зохион, зураг зурж иржээ. 
“Голланд цэцэгс” нэртэй дэлгүүр ч бий. Гадаадын жуулчин гийчид “Голландад очихын тулд Нидерландаас виз авах хэрэгтэй” гэж тоглож хэлдэг. Энэ нь Нидерландыг олон орны хүмүүс Голланд гэж хэлдгээс үүдсэн наргиан юм. Үнэндээ Голланд нь Нидерландын вант улсын 12 мужийн нэг, тус мужийг умард, өмнөд гэж хуваадаг. Голландын умард хэсэг нь XVI зууны үед, өмнөд хэсэг нь нэлээн хожуу XVIII зууны сүүлээр бий болжээ. XVI-XVIII зуунд Голланд муж нь эрчимтэй хөгжиж, Нидерландтай худалдааны харилцаагаа өргөжүүлж ирсэн улс орнуудын дунд ихэд алдаршжээ. Албан ёсны бус эх сурвалжаас  үзэхэд, чухам тэр үеэс гадаадынхан Нидерландыг “голланд” хэмээн нэрлэж эхэлсэн түүхтэй гэнэ. 
Үүнээс гадна Нидерландыг албан ёсны, албаны ёсны бус хоёр нийслэлтэй гэж тоглоом шоглоомоор ярих нь буй. Нидерландын умард хэсэгт оршдог Амстердам тус орны албан ёсны нийслэл хот нь. Энд үндсэн хуульдаа үнэнч эзэн хаан тангарагаа өргөдөг. Гадаадынхан тус орны өмнөд хэсэгт оршдог Гаага хотыг албан ёсны бус нийслэл гэж наргиан болгон ярьдаг. Энд хатан хааны ордон байрладаг. Мөн Засгийн газар, парламентын ордон, гадаадын элчин сайдын яамд, Олон улсын хэд хэдэн шүүх байдаг. Кёкенхоф цэцэрлэгт хүрээлэн Амстердам, Гаага хоёрын дунд оршдог Лессе хотод 1949 онд байгуулагдсан түүхтэй. Кёкенхофт жуулчин гийчдийн сонирхлыг татдаг 1892 онд барьсан салхин тээрэм байдаг. 
Жуулчид энэ тээрмийн дэргэд зургаа татуулах нь олонтаа. Ер нь салхин тээрэм Нидерландын нэгэн бэлгэдэл болсоор олон зуун жилийг өртөөлөн иржээ. Нидерландууд эрт нэгэн үе намаг шавартай газрыг далангаар хааж, дараа нь усыг соруулж хатаах замаар шинэ газар нутгийг бий болгож байсан түүхтэй. Намаг шаврын усыг соруулж хатаахдаа салхин тээрэм ашиглаж ирсэн гэдэг. 
Тус орны хүмүүс газар мэдэхгүй гаднынханд салхин тээрмээр баримжаалан зам зааж өгдөг гэнэ. Нидерландад 1100 орчим салхин тээрэм байдгаас 19 тээрмийг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан байна. Кёкенхоф цэцэрлэгт хүрээлэнд ирсэн хэн боловч кломпен гэж  нутгийн хүмүүсийн нэрлэдэг голландын уламжлалт модон шаахайг худалдан авч болно. 
Энэ шаахай нь жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлсэд ордог. Уг модон шаахай 800-гаад жилийн өмнө Нидерландад бий болжээ. Энэ нь Нидерландын чийглэг зөөлөн цаг агаартай холбоотой аж. Тариачид, загасчид зун хөлөө норгохгүй, өвлийн цагт даарахгүйн тулд улиангарын модоор шаахай хийн өмсдөг байж. Эдүгээ энэ нь Нидерландын нэгэн бэлгэдэл болсон байна. 

Сонирхолтой баримтууд

-Нидерланд газрын тос, хүлэр зэрэг байгалийн нөөцөөр арвин баялаг, өндөр хөгжилтэй орон, Европын Холбоог үндэслэгч зургаан гишүүний нэг 

-Нидерланд хөдөө аж ахуйн салбарын орлогоороо дэлхийд гуравдугаар байранд АНУ, Францын дараа ордог 

-Голландууд байр, газрын татвараас гадна жил бүр үерийн эсрэг байгууламж барихыг дэмжин татвар төлдөг.

-Нидерланд дэлхийн хамгийн өндөр хүмүүстэй орны тоонд ордог. Эрэгтэй хүний дундаж өндөр нь 184 см, эмэгтэй нь 170 см байдаг.

-Нидерландуудын өндөр байдаг шалтгаан нь ДНК-тай нь холбоотойгоос гадна хүнс, санхүүгийн хувьд азтай байдагт оршдог гэж  тоглон ярьдаг. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг. 

- Нидерландад 18 сая гаруй дугуй байдаг, 16,8 сая хүн амтай газар шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр германы цэргүүд партизаны хөдөлгөөн, тагнуулын үйл ажиллагаанаас сэрэмжлэн эндэхийн хүмүүсийн бүх дугуйг хураан авсныг одоо хүртэл мартдаггүй. Тэгээд ч германы жуулчдад “Манай дугуйг эргүүлж өг” гэж наргиан болгон хэлдэг.

-Жин ундааг анх Женевер гэсэн нэрээр зохион бүтээсэн. XVI зууны сүүлээр эмийн зориулалтаар өргөн хэрэглэж байсан.

-Нидерландын далайчид анх Австрали, Шинэ Зеланд хоёрыг XVII зуунд нээсэн. Тухайн үед Австралийг “Шинэ Голланд” хэмээн нэрлэдэг байжээ. Шинэ Зеландыг болохоор Зеланд мужийн нэрээр нэрлэсэн гэдэг. Харин Тасманыг судлаач Абель Тасманы нэрээр нэрлэсэн байна.

-Нидерландчууд англиар маш сайн ярьдгаас гадна хөрш орнуудынхаа хэлээр чөлөөтэй ярьдаг.

-Нийслэл Амстердам нь 1281 гүүртэй, тэдгээр нь хотыг 164 сувгаар холбодог.

-Нидерланд айл цонхоо хөшгөөр хаадаггүй. Энэ заншил хэзээ яагаад бий болсныг тодорхой хэлж чаддаггүй.

-Нидерландын сүлжээ дэлгүүрүүдийн бүх касс нь зэрэг ажиллахгүй нэг дор 4 хүн дугаарлан зогсоход хүрвэл дэлгүүрээс сонгосон барааныхаа үнийг төлөлгүй авч болно гэсэн журмыг баримталдаг. 

-Амстердам хот олон арван музейтэй гэдгээрээ алдартай. Бас эндэхийн “Улаан дэнлүүний гудамж” жуулчдын сонирхлыг татдаг.

-Тус оронд зун бүр хэдэн мянган эцэг эх, хүүхэд багачууд оролцсон дөрвөн өдрийн аян зохиодог. Энэ үйл явдалд оролцогчид эрч хүчтэй байхын тулд гаатай тал нимбэг иддэг.

 -Дөрөвдүгээр сарын 30-ыг Хатан хааны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ нь Нидерландын гол баярын нэгд ордог. Улбар шар өнгийг хатан хааны гэр бүлийн өнгө гэдэг. Хатан хааны өдрөөр улбар шар өнгийн цэцэг зарж, хотын гудамж талбайг улбар шар өнгийн дэнлүү, тууз, далбаагаар чимдэг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.