НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

БҮГД НАЙРАМДАХ БЯСЛАГНЫ МОНГОЛ УЛС буюу Cheese Republic Mongolia

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 жилийн өмнө /2018-11-02 23:01:38 GMT +8 / | 4015 удаа уншсан

1.

Таван жилийн өмнө “Монгол энергетик” гэж өгүүлэлээ “Үндэсний шуудан” сонин дээр бичсэн билээ. Тэр өгүүлэл маань Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит шагналын богино жагсаалтанд ч бичигдсэн юм. Цахилгаан экспортлох тухай юм. Уг нь хамгийн маанаг хүний логикоор цахилгаан экспорт бол монголчуудын хувьд нефть, газ экспортлохоос илүү өртөг шингэсэн бизнес болох юм. Энгийн эд л дээ. Гэвч бид далай их нүүрстэй байж цахилгаан экспортлох нь байтугай ипортлогч орон байсаар. БНХАУ бол ийм том бизнесийг 5, 10 жилийнхээ төлөвлөгөө, ХКН-ынхаа зорилго, зорилттой уялдуулж хийдэг юм гэнэ лээ. Иймээс ийм бизнесийг ОХУ, БНХАУ хоёр шиг стартегийн хэмжээнд урьдчилан хэлцэж тохирч хийдэг эд ажгуу. Өнгөрсөн хугацаанд урд хөрштэй ярьж тохирох нь бүү хэл Тавдугаар станц аа хаа барих аа тогтоогүй бидэнд бол энэ бизнес хонгилын үзүүрт ч харагдахгүй байгаа бизнес. Тэгээд бодохоор буух бууриа олохгүй байгаа экспортын цахилгаан станц маань энэ маягаараа нэг жаранг ч үдэж мэднэ.

2.

Манайхан том сэтгэлгээ, лужир санаагаа нэг хязгаараас нөгөө хязгаарт сунгахдаа онцгой. Тэнгэр заяатай, хөх толботой болоод ч тэгдэг юм уу, бүү мэд. “Жижиг, дунд үйлдвэргүй бол хөгждөггүй юм байна” гэж нэг хэсэг шуугисан. Тэгснээ больчихоод “Дунд үйлдвэр цөөн хүн амтай оронд тохирохгүй. Юухнаар юуг ч хийдэг өрхийн үйлдвэр л улс орныг авч явах юм байна” гэдэг ч юм уу. Бүр болиод “Том үйлдвэрээ л дагаж жижиг, дунд үйлдвэр хөгждөг юм байна. Иймээс том үйлдвэрээсээ хөгжлөө эхэлье” гэсэн мэргэн яриа ардын толгой эргүүлэнхэн, угаанхан тэнэнэ. Яг нарийндаа аль аль нь хэрэгтэй. Том үйлдвэрүүд хөгжихөөр л дунд үйлдвэрээ хөгжүүлье гэж болохгүй. Тэгвэл 100 жилийг хий алдана. “Дунд үйлдвэрээ дагуулаад жижгээ хөгжүүлнэ дээ” гэвэл 10 жил алдах жишээний юм шиг. Иймээс жижиг, дунд, том гурвын педаль дээр нөөц бололцоондоо тааруулаад зэрэг гишгэж урагшилна. Өөр зам байдаггүй юм байна. Хөгжсөн орнуудад 10 хүн ажилладаг жижиг өрхийн үйлдвэрлэл ч байна. 100 хүн ажилладаг дунд нь ч байна. 1000 хүн ажилладаг том нь ч байна. Тулгамдсан хэрэгцээнийхээ хэрээр хөлөө жийдэг хэрэг. Австрид 11 хүн ажилладаг дарсны үйлдвэрийг хараад “Ийм амархан эд үү” гэж дуу алдмаар болж билээ. Тэр бол нарийндаа “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэдгийн үлгэр ажгуу. 100 гаруй жилийн хөдөлмөр, технологи шингэсэн гэр бүлийн өвөрмөц вино үйлдвэрлэл юм билээ. Харахад амархан ч хазахад хол оо.

3.

2018 оны 10 дугаар сарын 15-нд Монголд нэг гайхамшигт үйл явдал боллоо. Фейсбүүкд сонорт сайхан мэдээ нэгээр нэмэгдлээ.
“Сүлдээ заллаа. Cheese Republic Mongolia брэнд мэндэлснийг тунхаглая” гэж нэгэн золбоотой залуу зарлалаа. Энэ тунхаглалыг хийсэн хүн бол сүүлийн арван жил бяслагийн технологийг нутагшуулсан Энхээ гэдэг залуу юм байна гэж нэрийг нь дам сургаар ойлголоо. Тэрбээр бяслагаа танилцуулснаар өөрийнхөө алдар нэрийг хэлсэнгүй. Ажил хэрэгч хүн гэдэг л ийм хүн байдаг байх. Монголчууд бие биеээ дэмжихэд бэлэн гэдэг нь харагдлаа. Энхээгийн яриаг дэмжиж гурав хоногийн дараа гэхэд 5300 гаруй хүн “талархалаа” илэрхийлж, 2800 гаруй хүн хуваалцсан байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зурагтаар сэтгүүлч А.Бүрэнбаатарт ярилцлага өгсөн. Төрийн тэргүүн ХАА-н бүтээгдэхүүнээ бүрэн дүүрэн ашиглахыг анхааруулсан. Арилжааны банкуудаар урт хугацааны санхүүжилттэй бизнес хөтөлбөрүүдийг дэмжих нь тэр болгон бололцоогүй. Иймээс хөгжлийн банкаар бодлогын чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хөдөлгөх хэрэгтэй байгаа юм. 
Ойрноос цахим ертөнцөөр УИХ-ын гишүүн М.Билэгт МАА-н бүтээгдэхүүнээ экспортлохыг чухалчлан ярьж байна. Мал маань зарим эх сурвалжаар 84 саяд хүрсэн гэх. Арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гэхээс бид сүү, сүүн бүтээгдэхүүнээ ховор ярих юм. Социализмын үед зуны дэлгэр цагт тал хээрийн бүсэд ямааг өдөрт хоёр саадаг байлаа. Үнээг мөн адил. Хонийг нэг саана. Энэ байдал давтагдвал 84 сая малаас далай их сүү гарах буй заа. Энэ их сүүг шингээх нэг гарц бол орчин үеийн технологоор бяслаг хийх. Гар аргаар байна уу, үйлдвэрлэлийн аргаар байна уу бяслаг л хийх. Дэлхийд түгсэн бяслагийг хоёр гурван сараас хоёр гурван жил хийдэг учир сүү муудах зовлонгүй байдаг байна. Бяслаганд орсон сүү бол гашлахын нигуураас ангижирна гэсэн үг.  Өнөөдөр сааль сүүний ажил байхгүйтэй адил болжээ. Мал нь эхлээр голдуу явдаг болсон. Cheese Republic Mongolia-гийн Энхээгийн ярианаас 20000 малтай газраас нэг тонн сүү олвол дээдийн заяа гэж ойлголоо. Тэрбээр Сэлэнгийн Амарбаясгалант хийдийн хавиас болон Баян-Өлгий, Төв аймгийн Жаргалантын сүүгээр бяслаг хийдэг гэнэ. 20-иод төрлийн бяслаг хийх аргад сурсан байна. Бид ямаагаа социализмын үеийнх шиг саагаад бяслаг хийдэг болбол ноолуураасаа илүү ашиг олох нь тодорхой юм байна. Саяхныг болтол (1990-ээд он) Хиагт, Эрээнээс сүү зөөж байсан малчин Монгол шүү дээ, бид. Нэг бодлын ичмээр ч юм шиг, нөгөө бодлын гайхмаар ч юм шиг.

4.

Энэ бүтээлч ажил хэрэгч эр хэн бэ? Миний мэдсэнээр зөвхөн “Энхээ”. Энх “...” хэн бүү мэд. Энхбат юм уу, Энхболд юм уу, Энхжаргал ч юм уу бүү мэд. Энхээ нь Энхээ. Нэр нь “Энх”-тэй нь лав. Гарцаагүй ганц үнэн бол ажил хэрэгч монгол эр.
Миний хайж олсон нь: Фейсбүүк дээр ингэж бичжээ.
Narana Janchiv нийтлэл хуваалцжээ.
10-р сарын 15-нд 16:36 цагт • 
“Энэ хүн нэлээн шаргуу хөдөлмөрлөдөг хүн юм уу даа? Жуулчдад өөрийн гараар хоолоо хийж өгдөг юм байна. “Silk road” гэдэг chain restaurant чинь мань эрийнх. Бас “Koyote” гэдэг хотхон ч түүнийх. Ингэхээр хоолны буяныг зөв шингээсэн хүн юм биш үү гэж хүндэлж эхэлж байгаа юм” гэсэн халуун дулаан сэтгэгдлийг үзээд өөрийн эрхгүй бахархал төрлөө.

5.

Жинхэнэ бяслаг гэж юу вэ?
Манай монголчуудынхаар бол сүүгээ ээдүүлээд л, шахаад л бяслаг. Тэр маань хатаж хатуурхаараа хад чулуу шиг хатуу болдог. Нэг бол муудаж гэмтэх нь амархан. Харин жинхэнэ бяслаг хийнэ гэдэг бол бактер “маллах”, бактерийг залах ухаан юм байна гэж Cheese Republic Mongolia-ийн Энхээгийн ярианаас ойлголоо. Бактер нь хүнд ашигтай бактер, зөв бактер байж таараа. Биологийн хичээл орж байгаа биш бактерээ ингээд орхьё. Дэлхийг ноёлсон бяслаг бол бизнес, хүнсний бүтээгдэхүүн, бүр эцэстээ урлаг болтлоо хөгжсөн эд байна. Манайхан ийм бяслагийг саяхнаас мэдэж эхэлсэн. Ямар сайндаа 1990-ээд онд зурагтаар гарсан орчуулгын нэг кинон дээр: “Бяслаг аа зоогоо барихгүй юу?” гэж хэлдэг. Уг нь “Сээр (ноёнтоон), зоогоо барихгүй юу” гэсэн санаа юм билээ. Гэтэл орос хэлэнд “бяслаг” гэдгийг “сыр” гэдэг. Англиар ноёнтон гэдгийг “sir” гэдэг аж. Оросууд “sir” гэдгийг уран зохиолын орчуулгандаа зарим үед “господин” гэлгүй “сэр” гэж хэрэглэдэг. Үүнийг нь бид бантагнуулж ингэж орчуулжээ. Бидний “сыр”,“сэр”, “cheese”-ний мэдлэг нэг иймэрхүү байсанг нуугаад яах вэ. Уг нь жинхэнэ бяслаг бол чухамхүү өөр юм. Аппетит төрүүлж, хүний бие организмд 98-99 хувь нь шингэдэг бүтээгдхүүн гэнэ. Бараг л эм болж шингэдэг юм байх. A, D, E, B1, B2, B12, PP, C витамины үүр уурхай юм гэнэ лээ. 

6.

Cheese Republic Mongolia брэндийн эмблем-лого-сүлд нь маш өвөрмөц.
БНМАУ-ын 1940-1960 оны хооронд бидний Монголчуудын сүлдийг ашигласан. Тэр сүлд Морь унасан хүнтэй, үхэр, хонь, ямаа, тэмээтэй сүрхий сүлд байсан гэдгийг уншигч түмэн маань санаж байгаа. Яг тэр. Гэхдээ ТЭМЭЭНИЙ ОРОНД САРЛАГ оржээ. Cheese Republic Mongolia-ийн энэ сүлдийг хэрэглэж байх үед ЗХУ, түүний удирдагч И.Сталин 200 сая малтай болох захиалгыг БНМАУ-д өгч байсан үе. Орхигдсон сүү, сүүн бүтээгдэхүүнээ сэргээх цаг болжээ. Монголчууд зуны гурван сард мах, махан бүтээгдэхүүн иддэггүй байсан ариун уламжлалтай ард түмэн. Төрийн тэргүүн маань Хөгжлийн банкиар хөтлүүлж ХАА-н бүтээгдэхүүнээ хөгжил дэвшилд гаргая хэмээн хоёргүй нэг утгаар хэлсэн. Өнөөдөр "Ноолуур хөтөлбөр" амжилттай хэрэгжиж байна. “Ноос бол алт” гэж аль маршал Чойбалсаны үед амны уншлага болж байлаа. Одоо үүнийгээ сэргээхэд юу нь болохгүй гэж. С.Баяр жишээ нь "Атрын III аян"-ыг эхлүүлсэн. 1990-ээд онд Хятад ясны гурил, төмсөөр хооллохдоо тулсан газар тариалан, төмс хүнсний ногоо маань сэргээд хичнээн аятайхан болов. Одоо “Цагаан” хувьсгал- “Цагаан идээний хувьсгал” гэвэл ямар байна. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд удаа дараа уриалсан. Цагаан идээгээ эргээд хэрэглэе. Бид юм хийж байж л хөгжилд хөтөлнө. Бяслаг хийгээд сурчихвал бяц авах юм биш үү. 

Cheese Republic Mongolia урагш аа!

Б.Аминжаргал гэдэг эмэгтэй “Манай улсад нийт 8 бяслагны үйлдвэр бий. Ихэнх нь Франц технологид суурилсан байдаг ч одоо хүртэл яг санаанд хүрэхгүй, сүүний тослог тэнцэхгүй байх гэх мэт шалтгаанаар олон сул талтайгаар үйлдвэрлэгдэж байлаа. Харин Голланд технологийг Монголдоо нутагшуулж хийсэн бяслаг үнэхээр гадны Моцарелла, Чэдар, Эдамнаас ялгагдахгүй болсон байна. Мөн Уулынх, хөндийнх гээд үндэсний амттай хүртэл бий гэнэ. Цаашдын зорилго нь бүтээгдэхүүний төрлийн тоо хэмжээг 200 болгон өсгөхөд чиглэж байгаа юм байна” гэж тэмдэглэжээ. Бяслаг гэдэг зүйлийг гурав хоног судлахад Францад 1200 төрлийн бяслаг байдаг гэнэ. Тэгэхээр энэ үйлдвэрлэл ямар өндөр, өргөн хөгжсөнийг илтгэнэ.
Бүр "Аливаа амттан бяслаггүй байх аваас нүдгүй, үзэсгэлэнт бүсгүйтээ адилхан" хэмээн Францын амттан судлаач, зохиолч Бриллиант Саверик гэдэг хүн хэлсэн байдаг гэж сонслоо. Тэгвэл тэр амттаны нүдийг хийж суръя л даа Монголчууд аа.
Саяханыг болтол сүү гаднаас авч байлаа. Одоо ч авдаг юм билээ. Зах хязгаар нутгаар. Маруужинг бол заалттай авдаг. Эрээнээр, Хиагтаар оруулж ирнэ. 84 сая малтай байж яагаад бяслаг хийдэггүй юм. Дэлхийн чих үнэмшихгүй байх. Бяслаг 2-3 сараас  2.5- 3.0 жилд хийдэг. Хүнсээ экспортлоход хугацаа их чухал юм байна. Иймээс Европын бяслаг удах тусмаа сайжирдаг нь удаан хугацаанд борлуулагдах нигууртай аж. Технологийн заль эндээ байна. Жишээ нь, вино, коньяк ч гэсэн удах тусмаа үнэд ордог. Гэтэл манай айраг гурав хоноод хахардаг. Сүү хоноод гашилдаг. Иймд урт хугацаанд тэсвэрлэдэг хүнсний зүйл бүтээх нь Цагаан идээний хувьсгалын бас нэг түлхүүр бололтой. Яагаад жишээ нь айргыг дарах тусам вино шиг болж болохгүй гэж???

7.

Бяслаг бол МЭӨ 8000 жилийн түүхтэй хүнсний бүтээгдэхүүн болой.
Франц, Герман томоохон экспортлогч юм шиг харагдаж байгаа ч Ирланд, Шинэ Зеланд, Нидерланд, Австрали зэрэг орнууд л бяслагны үйлдвэрлэлээ экспортод хандуулж чаддаг гэж байгаа. Яагаад гэвэл бусад орны дотоодын хэрэгцээ өндөр байдаг учраас тэр. Иймээс Монгол бяслаг дэлхийд хүлээгдэж байгаа нь гарцаагүй. 

Cheese Republic Mongolia-ийн Энхээ хэлээд байгаа нь бас учиртай. Ганцхан би үүнийг хийх биш бүгдээрээ, хамтаараа, хоршиж хийе гээд байгаа нь учиртай. 84 сая малтай гурван сая гаруй хүн анхаарлаа хандуулах учиртай бизнес. Энэ хөдөлмөр сэтгэл, технологи сахилга бат маш их шаардсан бизнес. Урд хөршийн Мао даргын үед 1958 оноос БНХАУ-д өрх бүхэн шахуу ган хайлуулах их тэмцэлд ган үйлдвэрлэлээрээ Их британийг 15 жилд ардаа орхино гэсэн нь өнөөдөр ямар ч гэсэн биелэлээ олжээ. Өнөөгийн Хятад ган хайлуулалтаараа юун Их Британи. 832 сая тонныг жилд (2017) хайлуулж байна. Дэлхийн бүх орны гангын үйлдвэр нийлээд нийлээд, нэмэрлээд нэмэрлээд энэ үзүүлэлтэнд хүрэхгүй. АНУ+Япон+Энэтхэг+ОХУ+Өмнөд Солонгос+Герман+Турк+Бразил гээд ч барахгүй. 60 жилийн өмнө онигоо болж байсан Хятадын ган хайлш ийм болжээ. Онигоо домог болно гэдэг энэ буй заа. Манай бяслаг ч 60 жилийн дараа ийм болох ч юм бил үү, хэн мэдлээ. Чөтгөр хэрхэн жомбогонохыг хэн урьдчилан таах билээ.
Тэгэхээр “Санаж явахад бүтнэ. Сажилж явахад хүрнэ” гэдэг ямар ортой үг вэ. Хамгийн энгийн жишээ, 2014 оноос хойш Европын холбоо нь ОХУ-д хориг тавьснаар бяслаг, брынзын асуудал хүндэрсэн. Орос хүн бүр жилд зургаан кг бяслаг хэрэглэдэг гэвэл хажууд маань уг нь маш том хэрэглээ байгаа юм. 
Грек хүн жилд 31 кг бяслаг иддэг байна. Тэгвэл Франц хүн 26 кг, Герман хүн 23 кг, Швейцарь, Нидерланд, Итали, Финн хүн  21 кг хэрэглэдэг гэж байгаа. Тэгээд Турк хүн 19.5, Америк хүн 15 кг, Австрали, Аргентин 12 кг гээд явж өгдөг юм байна. 
Энхээгийн ярианаас үзэхэд манай бяслаг бол онцгой содон байх үндэстэй гэнэ. Дээр хэлсэнчлэн таван хошуу малтай БНМАУ-ын сүлд нь И.Сталин манай улсыг 200 сая малтай бол гэж үүрэг даалгавар өгөх үед хэрэглэж байсан сүлд. Тэгвэл ОХУ бол ЗХУ-ын үргэлжлэл гэж өөрийгөө үздэг. 
Иймээс Сталиний үүрэг бол үе дамжин өвлөгдсөн үүрэг байж таараа. Дэлхийн II дайны үед ЗХУ манай малын мах бүү хэл зээрийн махыг хэл амгүй тусламжаар авдаг байсан. Одоо олигтойхон авахгүй байгаа нь бас сонин. Манай мал 200 сая хүрч Сталины захиалга даалгаварыг харайхан бүрэн биелүүлээгүй байна. Гэвч 84 саяд хүрч Сталины захиалгын 42 хувийг биелүүллээ. Цаашид бэлчээрийн даац физик утгаараа дийлэхээ байлаа. Иймд ОХУ захиалгат малаа эхнээс нь авах нь олон улсын гэрээ үүргийн хэлэлцээрт нийцэх юм, уг нь.
За ингээд бяслагнаас мах руу орох нь ээ. Инновацийн дүрэм байдаг гэнэ. Innovation гэдэг нь "Think big, Start small. Scale Fast” гэж. Нээрэн Монгол бяслагны хувьд, Cheese Republic Mongolia-ийн "Далайцтай сэтгэ, Даруйхнаар эхэл, Данхайтал нь тэл" гэж зорих нэг момент юм биш үү?!
Томчуудыг нь больё гэхэд бид эндээс хүн ам ойролцоо Ирланд (4,6 орчим сая), Шинэ Зеланд (4,8 орчим сая), Дани (5,7 орчим сая) гурвыг л нүдлээд авах хэрэгтэй. Бид Шинэ Зеландад ингэдэг, тэгдэг гэж ярьдаг. 40 сая буюу манайхаас хоёр дахин цөөн толгой малтай байвч 632.000.000 доллар зөвхөн бяслагнаас босгож байна. 
Бид бяслагаараа энэ хавьд очвол ямаа гэдэг амьтан жинхэнэ утгаараа хаданд гарах нь. Үхэр гэдэг амьтан үүлэнд гарах нь. Сарлаг нь сарьдагт гарах нь. Хонь нь хол явах нь.
Саальчид маань үнээ, ямаа, хонь, сарлагийнхаа дэлэнтэй зууралдаад авбал юу байх вэ дээ. Хүрэхгүй газар үгүй, орхгүй орлого үгүй гэдэг л болно вий.

8.

“Хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн Дорнын их яруу найрагч Явуухулан 40 жилийн өмнө тунхагласан байдаг. Өнөөдөр Cheese Republic Mongolia: “Бяслаг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж тунхаглав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.