НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Н.Эрдэнэхүү: БОЛОМЖ БҮХЭН БАЙГАА, БИД ЗӨВ ХАНДЛАГАТАЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
2 сарын өмнө /2018-11-17 20:55:19 GMT +8 / | 1900 удаа уншсан

 

Манай “VIPerson” булангийн энэ удаагийн зочноор ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд захирал, дэд профессор, доктор (Ph.D) Норинпилийн Эрдэнэхүүг урьсан юм. Аливаа асуудлыг углуургаар нь шийдэх нь бидний ажлын алсын ирээдүйн үр дүнд нөлөөлдөг. Ингэж гэмээ нь бидэнд хүссэн үр дүнгээ бий болгох бүх нөхцөл бүрддэг. Гагцхүү оюун санаагаа тогтоон төвлөрүүлж, тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэсэн санааг профессорын ярианаас ойлгосон юм. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, алс ирээдүйн зорилгоо биелүүлэх өнөөдрийн боломжийн талаар профессорын үзэл бодол, ажлын үр дүнгийн талаар ярилцлаа. 
 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг гаргаж, ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт танай хамт олонд БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа  олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулсан. Магадлан итгэмжлэл олгосон ABET байгууллагын талаар танилцуулна уу? Ямар үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хэр танигдсан байгууллага вэ?
-ABET гэдэг байгууллага маань “Accreditation Board of Engineering and Technology” буюу “Инженер технологийн хөтөлбөрийн магадлан итэмжлэлийн зөвлөл” гэсэн олон улсын байгууллага. Байгуулагдсан түүхийг сөхвөл 1932 онд анх байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Гол чиг үүрэг нь олон улсын түвшинд сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зорилготой. Байгууллагыг үүсгэн байгуулсан гишүүнчлэл гэсэн үүднээс харвал инженер технологийн чиглэлийн дэлхийн томоохон компаниудын төлөөллөөс бүрдэж бий болсон. Техник, технологи, инженерийн салбарынхны сайн мэддэг IEEE буюу “Цахилгаан холбоо, электроникийн инженерүүдийн олон улсын холбоо” гэхэд л гол бүрдүүлэгч байгууллага нь юм. Шинжээчид нь олон улсын нэр хүнд бүхий их сургуулиудын профессор багш нар байдаг. ABET дотроо байгалийн ухаан, компьютер, инженер, инженер технологийн гэсэн 4 зөвлөлтэй. Дэлхийн инженер, технологийн чиглэлийн боловсролын  хөтөлбөрүүдийн хувьд төгсөгч нь ямар мэдлэг, чадвар, хандлагатай байх вэ гэсэн стандартчлалыг гаргадаг “Олон улсын инженерүүдийн нийгэмлэг”-ийн хувьд ч ABET голлох үүрэгтэй оролцдог. Энэ байгууллага өөртөө дэлхийн улс орнуудын гол магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг нэгтгээд гишүүнчлэл бий болгодог. Жишээ нь инженерийн чиглэлээр гэхэд дэлхийн 24 орон энэ байгууллагад нэгдсэн байна. Тэгэхээр энэ 24 орны нэг нэг магадлан итгэмжлэлийн байгууллага олон улсын инженерийн нийгэмлэгэд гишүүнчлэлтэй болоод инженерийн чиглэлээр төгсөгчид ямар мэдлэг, чадвар, хандлага өгөх вэ гэдэг стандартад нь нийцүүлэн магадлангийн шаардлагаа гаргадаг гэсэн үг. Энэ 24 улсын хувьд жишээ нь ABET гэдэг байгууллагаар магадлагдсан байхад Солонгосын ABEK гэдэг байгууллага хүлээн зөвшөөрөхөөр харилцан тохиролцсон гэрээ хийсэн гэсэн үг юм. 
-ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ямар ямар мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд ABET-аар магадлан итгэмжлүүлсэн бэ? Магадлан итгэмжлэх процесс нь хэр удаан явагдсан бол? 
-Эндээс манай мэргэжилтнүүд ямар саад бэрхшээлийг туулсан дүр зураг харагдах бол байх. Анх Л.Гантөмөр сайдын үед олон улсын түвшинд сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлнэ гэсэн Боловсролын яамны тушаал шийдвэр гарч тэр тушаалд Монголын их дээд сургуулийн 5 хөтөлбөр багтсан байдаг. ШУТИС-ийн хувьд цахилгаан холбоо, геодези гэсэн хөтөлбөрүүд орсон. Геодези хөтөлбөр тухайн үед ASIIN гээд Германы магадлан итгэмжлэх байгууллагаар орох болсон. Бидний хувьд цахилгаан холбооны хөтөлбөрийг 2011 оноос эхлээд ABET-аар магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэл хангаж байсан тул шийдвэр гаргах үед ч ABET-аар магадлан хийлгэнэ гэдгээ мэдэгдсэн. Яг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэв. ABET-аар магадлан итгэмжүүлэх хүсэлтэй байгууллагууд өөрийн үнэлгээний урьдчилсан тайлангаа жил бүрийн 10 дугаар сарын 31-ний дотор илгээх ёстой. Үүний дагуу бид материалаа илгээж албан ёсоор магадлан итгэмжлэх боломжтой хөтөлбөр байна гэсэн хариуг 2016 оны нэгдүгээр сард хүлээн авсан. Үүнээс хойш яг нэг жилийн хугацаанд бид сүүлийн жилүүдэд сургууль дээрээ хэрэгжүүлж байгаа үр дүнд суурилсан боловсролын зарчмыг хэрэгжүүлсэн. Энэ явцад хичээлийг хэрхэн зааж, ямар үр дүн гарч байна, хэрхэн сайжруулах тогтолцоог бий болгож чадсан бэ гэдэг тал дээр анхааран, процессын хувьд ажиглалт, хяналт, сайжруулалтыг хийсэн.  Ингээд бидний хувьд магадлан итгэмжлэлд зориулсан хугацаа гурван жил болсон доо.
-Нийгмийн зүгээс их сургуулийн бүтээгдэхүүн бол төгсөгч мэргэжилтэн нь хэр зэрэг хэрэгцээтэй байна вэ, аль зэрэг "борлогдож" байна вэ гэдгийг хардаг. Гэтэл их сургуулийн бүтээгдэхүүн бол миний бодлоор сургалтын хөтөлбөр юм шиг байгаа юм. Хэрэглэгчдэд буюу элсэгч, оюутнуудад сайн хөтөлбөр санал болгож байж тэр нь эрэлт хэрэгцээтэй байдаг. Их сургууль гурван жил нэг хөтөлбөрийг сайжруулна гэдэг бол мэдээж их зүйл хийгдсэн байгаа. Ер нь танайх “Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” мэргэжлүүдээр хэдэн оноос эхлэн элсэлт авав? Сургалтын хөтөлбөрийг агуулгын хувьд олон улсын их дээд сургуулийн хөтөлбөртэй харьцуулахад хэр их дүйцэж байна?
-“Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” хөтөлбөрөөр 1967 онд хамгийн анхны элсэлт авч, 1971 онд төгсгөсөн. Одоогоор 50 орчим удаагийн төгсөлт хийсэн байна гэсэн үг. Социализмын үед улс орны хэрэгцээ шаардлагаас хамаараад хаана ямар мэргэжилтэн хэрэгтэй байна гэдэгтэй уялдан сургалтын агуулга, бэлтгэж байгаа мэргэжилтний чадварыг тодорхойлж явдаг байсан. 1990 оноос хойш олон улсын жишигт илүү ойртоод, ШУТИС өөрчлөлт хийж ирсэн. 2014 онд Боловсролын Сайдын тушаалаар (А/174) “Бакалаврын хөтөлбөрт тавигдах” нийтлэг шаардлага батлагдаж бид энэхүү шаардлагын дагуу шинэчлэн боловсруулсан. 2014 оноос бас нэг чухал зүйл хийсэн нь ШУТИС-д CDIO хэрэгжүүлэх шийдвэр гаргасан явдал юм. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд ШУТИС-ийн 3 хөтөлбөрт CDIO загвар нэвтрүүлэхэд манай “Цахилгаан холбоо” хөтөлбөр орсон. 2014 оноос CDIO хэрэгжүүлж эхэлсэн. 2015 оноос олон улсын магадлан хийж эхэлсэн. ABET-ийн магадлангийн шаардлагуудыг CDIO хангаж байв. Энэ бүгдээс харахад бид сургалтын хөтөлбөртөө маш сайн өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсан байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа биз. CDIO хэрэгжүүлж байна гээд хөтөлбөрт хийсэн нэг гол өөрчлөлт бол оюутанд онолын мэдлэгээ хэрэглээ болгох чадвар олгохын тулд төслийн хичээлүүдийг хөтөлбөрт суулгаж өгсөн явдал юм. Хуучин 2014 оноос өмнө төслийн хичээлүүд “дадлага”, “дипломийн төсөл” гэсэн 2-хон хувилбартай байсан. 2014 оноос эхлэн I, II, III, IV курс гээд хичээлийн жил бүрт оюутан төслийн ажил гүйцэтгэх боллоо. Оюутнууд төсөл гүйцэтгэх явцдаа ур чадвар нь ихээхэн өссөн. Олон улсын магадлангийн шалгуурыг судлахад бидний хийсэн ажил шалгуурыг магтсан. Энэ нь магадлан амжилттай болох уг суурийг бий болгосон нэг чухал хүчин зүйл. CDIO 12 стандарт нь олон улсын инженер технологийн мэргэжилтэн бэлтгэхэд тавигддаг шаардлагуудыг биелүүлж чадаж байв. Өнгөрсөн оны хавар бид шинэчилсэн хоёр хөтөлбөрөөрөө анхны төгсөлтөө хийлээ. 2014 онд элссэн хүүхдүүд маань төгссөн гэсэн үг. Диплом гүйцэтгэж байгаа гүйцэтгэл, дүнгийн үзүүлэлт, ажил олгогчдоос болон оюутнуудаас авсан санал асуулгаас дүгнэхэд энэ хүүхдүүд маань өмнөх оюутнуудтай харьцуулбал мэдлэг, мэдлэгийг хэрэглээ болгох чадвар, хөрвөх чадвар нь илүү байна гэж дүгнэж болохоор байсан. Бид оюутанд хичээл болгоноор дамжуулан зөвхөн онолын мэдлэг төдийгүй харилцаа, багаар ажиллах, ёс суртахууны, бичгийн зэрэг чадвар эзэмшүүлэх зорилготой агуулгыг хөтөлбөрт оруулсан. Хүүхдүүдэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан. Анхны төгссөн хүүхдүүдтэйгээ анги удирдсан багшаар нь дамжаад холбогдоход ажилгүй хүүхэд алга байсан нь багш бидэнд нь урам зориг өгсөн. Багш хүн оюутан нь сайн явж байвал учиргүй баярладаг юм шүү дээ. Та ч багш хүн үүнийг юу эс андах вэ дээ. Тийм биз. 
-Тэгэлгүй яахав. Хэлээд юу гэхэв. (инээлдэв)
-Төгсөгчид маань гадаадад үргэлжлүүлэн сурах нь сураад, ажилд орох нь ороод явж. Одоо бол хүүхдүүдийг ажилд авахдаа мэргэжилдээ хэр байна гэхээс гадна багаар ажиллах чадвартай юу? бичгийн чадвартай юу? гэж асуудаг. Бид бол хөрвөх чадвартай оюутан бэлтгэх тал дээр ахиц дэвшил гаргаж байна гэж харж байна. Тэгэхээр бид CDIO хэрэгжүүлснээрээ магадлангийн суурийг маш сайн тавьж өгсөн байна. Бид CDIO хэрэгжүүлэх, ABET магадлан итгэмжлүүлэх гэсэн ажлыг зэрэг хийснээрээ хөтөлбөр дээрээ томоохон ахиц дэвшил гаргаж чадсан гэж хэлмээр байна.
-ABET-ийн үндсэн гол байгууллага АНУ-ын Балтимор мужид байрлаж байна. CDIO бол MIT-ээс үндэстэй. Тэгэхээр бидэнд CDIO-гийн талаар мэдээлэл өгнө үү?
-2000 онд MIT буюу Массачусетсийн ТИС-ийн профессор Эдвард Кроули CDIO-г анх санаачлан гаргасан. MIT-ийн талаар бол бид мэднэ. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг сургууль. Маш олон СтартАпп компаниудыг гаргасан. Оюутнууд бүтээгч байх ёстой гэдэг тал дээр голлож ажилладаг сургууль. Энэ хүн, Эдвард Кроули 2000 оны үед юу харсан бэ гэхээр ерөөсөө дэлхийн хэмжээнд инженерүүдийг онолоор их цэнэглээд байна. Эргээд практик хэрэглээ тал дээр ажилладаг хүн улам багасаад байна гэдгийг харжээ. Нөгөөтэйгүүр орчин үеийн инженер хүн хувь хүн талаасаа бас нийгэмших талаасаа бага хөгжөөд байна гэдгийг олж харсан байна. Хүн бол мэдлэгтэй байх ёстой нь ойлгомжтой. Хувь хүн талаасаа хөгжсөн байх, дээр нь нийгэмших, харилцааны ур чадвартай байх ёстой, бас юм бүтээдэг байх ёстой гэсэн 4 зарчмыг гаргаж ирсэн байна. CDIO гэдэг нь Conceive Design Implement Operate буюу оюутанд сэтгэх-зохиох-бүтээх-хэрэглэх гэсэн багц үзэл баримтлалын дагуу бодит систем, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн бий болгох түвшний инженер, технологийн боловсрол олгох явдал юм. Энэ 4 зарчим нь CDIO-д тусахаараа юу харагдаж байна гэхээр орчин үед онолын биш бүтээдэг инженерүүдийг бий болгоё л гэсэн зүйл харагдаж байна. Оюутанд өгч байгаа мэдлэг ур чадварыг ийм чиглэл хандлагатай болговол зүйтэй байна гээд 12 стандарт гаргаад сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь загварчлаад өгсөн.  Энэ зарчмыг 2001 оноос хойш хамгийн түрүүнд шүүрч авсан сургуулиуд бол Европийн их дээд сургуулиуд, ялангуяа Шведийн их дээд сургуулиуд юм. CDIO бол АНУ гаралтай, Европд түгсэн. Азийн хувьд Сингапур бол гол тоглогч нь болоод байна. За бас нэмээд Солонгос, Вьетнам, Хятад, Япон зэрэг орнуудын их дээд сургуулиудыг нэрлэж болох юм. CDIO стандартыг нээлттэй стандарт маягаар хөгжүүлсэн байдаг. CDIO бол 12 стандарттай сургалтын үйл ажиллагааг бүгдийг нь сайхан загварчлаад өгчихсөн. Нөгөө талд ABET-ийн магадлангийн шаардлагыг харахаар бид 9-12 суралцахуйн үр дүн  оюутанд өгөх зорилго тавих ёстой байдаг. Ингээд суралцахуйн үр дүн гэдэг CDIO,  ABET дээр харьцуулаад харахаар нэг л зүйл байна. Дээр нь CDIO-ийн 12 стандарт дээр багтсан бүх зүйлийг магадлангийн шалгуутай харьцуулахад бараг л нэг нэгээрээ таардаг. Цаанаа зорилго нь нэг хоёр зүйл байна гэсэн үг. Бас нэг зүйл нэмээд хэлэхэд ЮНЕСКО-оос боловсролыг насан туршийн байх ёстой гээд боловсролын 4 тулгуурт зарчмыг гаргаж ирсэн байдаг. 4 тулгуурт зарчимдаа хүн бол мэдэхийн тулд, оршин байхын тулд, нийгэмшихийн тулд, бүтээгч байхын тулд суралцах ёстой гэсэн зарчмыг багтаасан байдаг. CDIO-гийн зорилго ч үүнтэй таардаг.
-Их сургуулийн профессор яг нийгэмд шаардлагатай, бидний тэр болгон ярьж, ач холбогдол өгдөггүй, өгсөн ч ажил хэрэг болгож чаддаггүй зүйлийн талаар ач холбогдол өгөөд ярьж байгаа нь их сайхан санагдаж байна. Хүнийг хүн болгож төлөвшүүлэх, нийгэмд оршин байх, зөв байх хандлагыг төлөвшүүлэх бол хүнд онолын мэдлэг өгөхөөс илүүтэй дутуугүй чухал. Бид ингэж чадсанаараа, оюутанд ёс зүй, харилцаа, этикийн мэдлэг чадвар өгснөөрөө төгсөгчид маань 100 хувь ажлын байртай болж чадаж байна гэсэн Таны хандлага их сонирхолтой байна. Энэ хандлагыг мэдээж нэг хүн яриад үр дүнд хүрэхгүй. Таны ярьж байгаа энэ хандлага МХТС-ийн бүх багш нарын хандлага болж чадаж байгаа болохоор энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. CDIO-ийн сургалтад сууж байгаа багш нарын хандлага өөр болж байгаа нь хэрхэн ажиглагддаг вэ. Энэ талаар...
-Дэлхийн хэмжээнд дээд боловсрол маань өөрөө үр дүнд суурилсан боловсрол руу чиглээд өнөөдрийн түвшинд хүрсэн байна. Багш нар маань үр дүнд суурилсан боловсрол гэдэг зүйлийг ойлгож хүлээж авахаас эхлэх ёстой. Бид сургалтын үйл ажиллагааг бүтээгдэхүүн гаргаж байна гэж хардаг. Ерөнхий боловсролын сургууль төгссөн тодорхой мэдлэг чадвартай хүн их сургуулийн процессыг дүүргээд, тодорхой мэдлэг чадвараа олж аваад ажлын байранд шилждэг. Дээд сургууль гэдэг бол хүний насан туршдаа суралцах сургалтын үйл ажиллагааны 4-өөс 5 жилийн үйл ажиллагааг хариуцаж байгаа газар. Бид үүргээ гүйцэтгэхийн тулд яг ямар зарчим барьж байсан бэ гэхээр ихэвчлэн “оролт” гэсэн хэлбэрт л төвлөрөөд байж. Өөрөөр хэлбэл бидэнд байгаа сургалтын орчиндоо, багш нараараа, сургалтын хөтөлбөрийн дагуух сургалтыг явуулах гэдэгтээ анхаараад байж. “Гаралт” буюу бидний бэлтгэж байгаа мэргэжилтэн “хаана юу хийж байна”, “мэдлэг чадвар, хандлагын хувьд хэн болж төгссөн байна” гэдэг дээр дүн шинжилгээ хийж, цаашид бид юугаа сайжруулах вэ гэдэг тал дээр бага анхаараад байсан. Нэг ёсондоо конвероор л гаргаад байсан гэсэн үг. Гэтэл олон улсад ямар системд аль эрт орсон бэ гэхээр ер нь бид ямар бүтээгдэхүүн гаргаж байна, бидний гаргаж буй бүтээгдэхүүний гол үнэлгээ нь юугаар тодорхойлогдох вэ гэхээр “мэдлэг, чадвар, хандлага” гэж дүгнэж байна. Бид бас үүнийг л харах ёстой. 2014 оны хөтөлбөрийн өөрчлөлт бол ерөнхийдөө яг үүнд чиглэж хийгдсэн. 4 жилийн хугацаанд сайжруулах процесс тасралтгүй хийгдэж байна. Цаашдаа ч олон жил хийгдэх ёстой. CDIO гэдэг стандартыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн гучаад хөтөлбөр дээр ажиллаж байна. Энэ сургалтын стандартын гол цөм нь юу вэ гэхээр багш та хичээл болгон дээрээ оюутанд өгөх мэдлэг, чадвар, хандлагаа тодорхолдог байх ёстой. Тодорхойлж гаргаж ирсэн мэдлэг, чадвар хандлагаа ямар арга барилаар оюутанд хүргэх вэ гэдэг. Нөгөө талаас зөвхөн багш заах асуудал яриад байхгүй, оюутан өөрөө яаж суралцвал, хамтран бий болгосон мэдлэг чадвар, хандлагыг үнэлэх үнэлгээний систем хэрхэн бий болгох вэ гэдэг асуудлыг хөндөнө. Энэ нь “constructive environment”  буюу үр дүнгээ гарга, үр дүнгээ гаргахын тулд сургалтын үйл ажиллагааг зөв төлөвлө, үнэлгээ бол оюутан дээр үр дүн хэрхэн илэрч байгааг үнэлэх ёстой гэсэн зарчмаар ажиллах ёстой. Энэ харилцан уялдаатай гурван үйл ажиллагааг багш болгонд ойлгуулахын тулд ажилласан. Багш болгон маань хичээлээрээ оюутанд юу өгөх вэ, ямар заах арга хэрэглэх ёстой вэ гэдгийг олоод харчихсан байх ёстой. Ерөнхийдөө дүр зургийг нь тодорхойлвол олон улсын үр дүнд суурилсан боловсролын зарчим руу хандаж чадсан байна. Магадлан ч гэсэн зөв тогтолцоо бүрдэж чадсан байна уу гэсэн үнэлгээг л хийж байгаа зүйл шүү дээ.
-Бид хоёрын ярилцлагаас мэргэжлийн бус хүн бол ШУТИС-ийн утасгүй холбоо, цахилгаан холбоо мэргэжлүүд нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн юм байна. Диплом нь дэлхийн 20 гаруй улс оронд ажил эрхлэх боломж олгох юм байна гэсэн мэдээлэл авах байх. Хэрэглэгчийн үүднээс сонирхвол ABET-аар магадлан итгэмжлүүлсэн гэсэн тэмдэг тэмдэглэгээ их сургуулийн диплом дээр хийгддэг юм болов уу?  
-Дипломын хавсралт дээр мэдээж тэмдэг, тэмдэглэгээ хийгдэнэ. Сургуулийн вэб хуудсан дээр жишээбэл ямар лого байрлуулах, цаанаа ABET-ийн өөрийнх нь вэб дээр тухайн хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээллийг хэрхэн байрлуулах талаар дүрэм журамтай байдаг юм.
-Монгол Улсын тэргүүлэх их сургуулиуд болох МУИС, ШУТИС, АШУИС, МУБИС, ХААИС гээд бүх сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургууль болох зорилт тавьсан байгаа. Харамсалтай нь хөтөлбөр магадлуулах процесс их бага байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх талаар ярьж байгаа бол бид “2+2” хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлсэн, хамгийн наад зах нь англи хэл дээр сургалт явуулдаг байх ёстой.Бүгд судалгааны их сургууль болох шаардлага бидэнд байна уу?
-Монголын их дээд сургуулиуд 2012 оноос эхлэн шинэчлэл хийж эхэлсэн. Олон улсын ранкинг тогтоодог байгууллагаар чансаа тогтоолгох асуудал яригдаж байна. Өнөөдөр бид судалгаа гэдэг зүйлд анхаарал хандуулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Олон улсын түвшинд сургалтын түвшингээ магадлан итгэмжлүүлж, сургалт хэвийн гэсэн үнэлгээ авч байгаа тохиолдолд бид цаашид судалгааны их сургууль болох үндэс суурь тавигдаж байнаа л гэсэн үг. Өнөөдөр боловсрол бол зөвхөн тухайн улс орны асуудал биш. Даяаршлалын асуудал болж байна. Цаашид бид дэлхийн боловсролыг Монголд олгодог сургууль байх ёстой. Дэлхийн боловсрол Монголд байна гэдгийг хэн батлах вэ? гэдгийг харин олон улсын магадлан итгэмжлэх байгууллага хийнэ. Цаашид бид эдийн засаг талаасаа ч, дотоодын магадлан итгэмжлэх байгууллагыг илүү бэхжүүлж, чанартай болгох талаас нь харах хэрэгтэй. Манай магадлангийн байгууллага олон улсын түвшинд хүрч ажиллах шаардлагатай байна. Түрүүний таны хэлснээр англи хэл дээр сургалт явуулах асуудал бол маш чухал. Хэрэв ингэж чадвал урд хөршид байгаа Өвөрмонголын болоод бусад ойр зэргэлдээ улсуудын оюутнуудыг сургах боломж бидэнд байна. Англи хэл голлох юм бол гадаад оюутны тоо илүү нэмэгдэнэ. Боловрол маань бизнес болно. 
-Та ярилцлагынхаа төгсгөлд ШУТИС-ийн МХТС-ийн талаар товч танилцуулна уу?
-Манай сургууль таван салбартай, таван салбарт 12 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Бакалаврын чиглэлээр гэхэд мэдээллийн технологи, компьютерийн ухаан, програм хангамж, цахилгаан холбоо, утасгүй холбоо, сүлжээний технологи, системийн аюулгүй байдал электроникийн чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна. ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их сургууль, БНСУ-ын Soon Chun Hyang их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манайхыг төгсвөл сэтгэл зовохгүй мэдлэгтэй байх, толгой өвдөхгүйгээр ажилтай болох хандлага аль эрт бий болсон. 
-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхний сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн ажилд улам их амжилт хүсье. Таньд бас баярлалаа. 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.