НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

УРГАШГҮЙ УДИРДАГЧИД УРУУДСАН УЛС ОРОН

Б.Энхмандах     Нийтлэгч
10 сарын өмнө /2018-12-07 17:57:47 GMT +8 / | 727 удаа уншсан

Биднийг ийм хувь заяа хүлээж байна гэж үү?

Монгол Улсын Шинэ буюу 1992 оны “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулах асуудал олон жил дамжин яригдаж, улс төрийн хэрүүл маргааны нэг болж байгаа. Өнөөдөр Монгол Улсад үйлчилж буй хууль, эрх зүйн цорын ганц бүрэн чадамжтай Парламент буюу УИХ уг нь энэхүү өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа билээ.
Үндсэн хуулийг шинэчлэх үйл явцтай зэрэгцээд энэ боломжийг өөрт ашигтайгаар эргүүлэх сонирхолтой улс төрийн хүч, улстөрчид идэвхижиж, өөр өөрийн гаргалгаагаар улс төр хийж эхэлсэн нь байна. Тухайлал, “Үндсэн хууль”-д бие даан, дангаар өөрчлөлт оруулах ямар ч эрх зүйн чадамжгүй МАХН-ын зүгээс өөрийн гэсэн Үндсэн хууль буюу “Шинэ Дээд Хууль” гэгчийг сөргүүлэн тавьж, “ард түмнээр хэлэлцүүлэх” ажлыг хот, хөдөөгүй, дур зоргоороо зохион байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ “хосгүй” санаачилга нь өөрөө хууль бус үйлдэл гэдгийг тус намынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. За энэ ч яахав улс төрийн оноо авах гэсэн Н.Энхбаярын “хувийн тоглолт” гэж бодъё.
Гэтэл Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ зарчмын буюу засаглалын тогтолцооны өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох тухай санаагаа албан болон албан бус аль нь үл мэдэгдэх байдлаар цухалзуулж, зарим овилгогүй улстөрчдийг ашиглан, эрх баригч намыг, олон түмнийг хямруулж, өөр хооронд нь хэмлэлдүүлж эхлээд байна. 
Ямар сайндаа л УИХ-ын гишүүн, Хууль зүйн Сайд асан, хуульч Х.Тэмүүжин: “Эцэстээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хоёрын хослол Монгол Улсын тусгаар тогтнолын гол хэсэг рүү дайрч эхэлсэн. ...Парламентыг тараана, өөр засаглалын хэлбэрт шилжинэ. Гудамжинд гараад эмх замбараагүй байдал үүсгэх замаар онц байдал зарлаж, Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоогоод тодорхой хугацаанд нэг удирдлага дор оруулах замын зураг явж байна. Энэ замын зураг руу яагаад Ерөнхий сайд тоосгыг нь өрөөд яваад байгаа юм бэ?” гэж бухимдангуй ярилцлага өгөхөв дээ. 
Энэ л цаг үед монголчууд бидний сүүлийн 28 жилд олсон гол ололт болсон ардчиллын зам тэр чигээрээ буруу байсан юм гэж үү? Монголын ардчиллын хөгжлийн цаашдын хувь заяанд Ерөнхийлөгчийн засаглал хэрхэн нөлөөлөх бол? Энэ нь Парламентат ёсноос илүү сайн уу? эсвэл муу байх болов уу?, Бидэнд алийг нь сонговол ашигтай вэ? гэсэн толгой эргүүлсэн олон асуултад Монголын нийгэм үнэн зөв хариултыг олохыг хичээж, бодож, тунгааж, оюун ухаанаа уралдуулж байна.
Улс орны ирээдүйн хувь заяанд онцгой нөлөөлж мэдэх улс төрийн ийм эгзэгтэй цаг үе, нөхцөл байдалд аливаа улс орны хөгжилд удирдагч хувь хүн, тэдгээрийн мэдлэг боловсрол, оюун ухааны цар хүрээ, сэтгэлгээний түвшин, хүмүүний зан суртахуун, төлөвшил, тэр байтугай хувь хүний зан чанар ямар чухал үүрэгтэй байдаг талаар Гурван өөр орны, Гурван өөр цаг үеийн, Гурван өөр удирдагчдын жишээн дээр тулгуурлан тайлбарлахыг оролдов.

НЭГЭН ТҮҮХ буюу Ард түмэн бол цагаан цаас

Биднийг хүүхэд байхад цэцэрлэгт маань Мао Зэдуны тухай дуу хүртэл заадаг байсан бөгөөд хожим хоёр орны харилцаа муудсанаар Урд их хөршийн их удирдагчийн талаар сайн үг сонсогдохоо больж билээ. Хожим эрдэм номын зах зухаас үзэж судлаад байхад тэр үед БНХАУ-д нэг хүнийг тахин шүтэж, Хятадын ард түмэн удирдагчийнхаа хэлсэн үг, дэвшүүлсэн “зорилт” бүхнийг сохороор дагаж, “хувьсгалч шинэчлэлт” хийснээр багагүй хохирол, гамшиг амссан болохыг олж мэдэж билээ. 
Мао 1949 онд Дундадын их гүрнийг байгуулж, марксизм-ленинизмийг боловсронгуй болгож, өөрийн “изм” буюу “Маоизм”-ыг бий болгосон том улс төрч гэдгийг хэн бүхэн мэднэ. Өнөөдөр ч түүний “Даяарчлагдсан Хятадын тухай” үзэл санаа нь хятад хүмүүсийн нэгдмэл үзэл болсоор байгаа билээ.  
Гэхдээ тэр “аугаа удирдагч” ерөөсөө хоёрхон зүйлд л итгэдэг байсан ажээ. Нэг нь Хувьсгал, нөгөө нь өөрийн зөв гэж үзэх үзэл. Мао Зэдун "Ард түмэн бол дуртай ханзаа бичиж болох цэвэр цагаан цаас” гэж хэлэх дуртай байсан гэдэг. Тиймээс тэрээр өөрийн санаа бодлоо, өөрийнх нь бодлоор “хувьсгал”-ыг ард түмэнд тулган хүлээлгэж байжээ. 
Түүний өөртөө хэт итгэх бардам зан нь “Их үсрэлтийн бодлого”, “Соёлын хувьсгал” зэрэг нийгэм, улс төрийн хөтөлбөрүүдэд нь биелэлээ олж, Хятадын соёл, нийгэм, эдийн засагт хохирол учруулж, нийтийг хамарсан өлсгөлөнг авчирч, үндэсний цөөнх 300 мянга гаруй Өвөрмонгол, нэг сая гаруй Төвд үндэстний аминд хүрсэн алан хядах бодлогыг хэрэгжүүлэх үндсийг тавьсан гэдэг. 1949-1975 онд Маогийн явуулсан бодлого, улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар нийт 50-70 сая хүн амь үрэгдсэн гэж Барууны судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид үздэг.
Мао Зэдун “Соёлын хувьсгал”-ыг өрнүүлж, олон сая гэм зэмгүй хүмүүсийг “сэхээтний төөрөгдөл” хэмээн хэлмэгдүүлж, цөлж, хорьж байсан байна. Тэрээр энэ бүхнийг их зальжин зохион байгуулж байжээ. 1956 онд Мао "Зуун цэцгийн компани“ гэгчээ тунхагласнаар хүмүүс үгээ чөлөөтэй хэлцгээж эхлэж, Маогийн төр барих хэмжээгүй эрх болон улс орны хоцрогдлыг ч шүүмжилцгээж эхлэв. Мао үүнийг нь отож байгаад 500 мянга гаруй шүүмжлэгчдийг “хувьсгалын эсэргүү”, “ардын дайсан” хэмээн сэтэрлэж, ажил мэргэжлээс нь хөөн зайлуулж, алс хөдөө цөлж, хөдөлмөрийн лагерт шилжүүлэн, зодуур нүдүүрийн амт үзүүлжээ. 1958 онд ХКН-ын удирдах ажилтнуудын өмнө хэлсэн үгэндээ тэрээр “Хаан Ши Хуанг Ти дөнгөж 460 эрдэмтнийг амьдаар булсан бол бид бүр 46 мянган эрдэмтнийг амьдаар нь булшиллаа. Бид тэр Хаанаас зуу дахин илүү гарч чадлаа“ хэмээн нүгэлт үйлсээрээ бардамнаж байжээ. 
Мао бол улс төрийн “уран сайханч” байсан гэдэг. Тэр улс ардын аж ахуй, үйлдвэрлэлийн тухай огтхон ч мэдлэггүй нэгэн байснаас түүний эдийн засгийн талаар авч явуулж буй зарим арга хэмжээ нь түүнийг сохроор бишрэн шүтэгчдийг хүртэл гайхашруулж орхидог байжээ. Тухайлбал, Мао гурав дахь буюу “Их үсрэлт” компанит ажлаа эхлүүлж, хэдхэн жилийн дотор Хятад орон АНУ болон Барууны аж үйлдвэржсэн орнуудыг гүйцэх зорилт тавьжээ. Тиймээс хот, тосгон, гацаа бүр, тэрч байтугай зарим айл өрх ган хайлуулах үйлдвэр, цех, зуух барьж байгуулан, айлын ширмэн тогоо, төмөр орноос эхлээд бүхнийг хураан авч хайлуулан ган хайлуулалтаар АНУ-ыг гүйцэж түрүүлэх бодлого хэрэгжүүлэхийг оролдож байсан бол ЗХУ-д үр тариа валютаар экспортолж байхад нутагт нь иргэд нь өлбөрч үхэж, өлсөхийн эрхэнд өвс шороо идэж байсан гэдэг.
“Их үсрэлт”-ийн бодлого нь заримдаа хошин шог шиг юм болж байжээ. Мао дарга нэг удаа “Болжмор бол бидний үр тариаг булаан идэж буй дайсан” гэж хэлснээр бүх Хятад орон даяар болжмор устгах “аян дайн”-д мордож, хот, хөдөөгүй хүмүүс бүгд гэрээс гарч саваа мод барьж, түмпэн, сав нүдэж, хашгиралдан, хөөрхий болжморуудыг газар буулгалгүй үргээснээр цаг хүрэхгүй хугацаанд бүх “дайснаасаа” салжээ. Гэтэл дараа жил нь тарьсан тариа, ногоо нь хорхой шавьжинд идэгдэж, ургац их хэмжээгээр алдаж, өлсгөлөн нүүрлэсэн гэдэг. Тэгээд ч зогсохгүйээ. “Газар тариалангийнхаа ургацыг нэмэгдүүлэхэд усжуулалт чухал” гэсэн удирдагчийнхаа чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд бүх айлынхаа тогооны хөөг цуглуулан, Дэлхийн дээвэр Гималайн нурууны салбар уулсуудын мөнх цаст оргилууд дээр цацаснаас мөнх цэвдэгүүд хайлж, Хөх болон Шар мөрнүүд нэгэн удаад аймшигтай ихээр үерлэж, голын сав газруудын тариалангийн талбайнуудыг нь сүйтгэчихсэн гэдэг. 
Мао дөрөв дэх компанит ажлаа аугаа их пролетарийн “Соёлын хувьсгал” гэж нэрлэжээ. Хөрөнгөтний соёлыг устгахыг уриалсны эхний золиос нь Бээжингийн их сургуулийн профессорууд байв. Хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн хэргээр зоригийг нь мохоож, албан тушаалаас нь зайлуулжээ. Мянга мянган сүм хийдийг нурааж, номын сангуудын номыг шатаажээ. Тэгээд алан хядах ажиллагаагаа эхлүүлжээ. Хөрөнгөтний эсэргүүцлийг орвонгоор зайлуулахыг залуучуудад Мао уриалав. Энэ удаа учир үл ойлгох сурагч, оюутан залуучуудыг алан хядлагын гүйцэтгэгчдээр сонгож, тэднийг “улаан хамгаалагчид” хэмээн нэрлэх болжээ. Маогийн гаргасан устгах хүмүүсийн жагсаалтын тэргүүн эгнээнд түүнийг шүүмжлэгчид, түүнтэй өрсөлдөгч намын нөхдийн нэрс байснаас гадна зарим хүүхэд, залуучуудын ойр дотны хүмүүс нь ч багтаж байлаа. “Соёлын хувьсгал”-ын он жилүүдэд Хятадын залуус улангассан алан хядагчид болж хувирч, хүүхдүүд эцэг эхээ дээрэлхэж, багш нараа харгислан алж байжээ. Орон сууцыг түйвээж, ном судрыг шатааж, хүмүүсийг дээрэмдэн, алж талж, түүхэн уран барилгын дурсгалын тал хувийг улайрсан охид, хөвгүүд нураан устгасан гэдэг.
Ард түмнийг “цэвэр цагаан цаас” мэт үзэж, тэднийг ашиглан өөрийн алдаатай санаа бодлыг нийгэмд тулган хүлээлгэдэг мунхаг удирдагчийн хөнөөлт үйлдлийн түүхэн сургамж, хор холбогдол энэ буюу... 

Аз болоход Монголын ард түмэн “цагаан цаас” биш юм даа

НЭГЭН ТҮҮХ буюу Популизм ба социализм
“Халтар царайт” киноноос өөрөөр бидний таньж мэдээгүй Венесуэл улс байгалийн арвин баялагтай, Латин Америкийн тэргүүний хөгжилтэй орнуудын нэг байсан нь саяхан. 
Уго Чавес 1998 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа иргэдийнхээ баян хоосны ялгааг арилгах, ядуурлыг бууруулахад бүх анхаарлаа чиглүүлэн ажиллаж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна гэж популист амлалт гаргасан байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, гадаадын хөрөнгө оруулалттай харилцаа холбоо, эрчим хүч, газрын тосны компаниудыг улс орноосоо хөөн гаргаж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний олон зуун хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийгэмчилсэн социалист өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Уго Чавесийн засаглалын эхэн үед нийгэмчилсэн хөрөнгийн гэнэтийн ашиг их, газрын тосны үнэ өндөр өсөлттэй байсан зэрэг гадаад, дотоод эерэг нөхцөл байдлаас шалтгаалан Их удирдагчийн зарим амлалт нь үр дүнгээ өгч, цалингийн доод хэмжээ өсөж, нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлснээр ядуурлын хувь хэмжээ ч багасжээ.
Гэсэн ч урт хугацаандаа хөрөнгө оруулалт нь хомсдож, үйлдвэрлэлүүд нь  зогсож, Засгийн газар өрөндөө баригдаж эхэлсэн байна. Зөвхөн газрын тосны экспортод “шүтэж”, үйлдвэрлэлийнхээ бусад салбарыг зогсоосноор хөрөнгө оруулалт татарч, гадаад валютын хомсдолд оржээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаснаар олон улсын зах зээлд түншгүй болж олон улсын тавцанд ганцаардах болсон байна. 
Зүүний үзэлт Уго Чавес 2013 онд таалал төгсөж, түүнийг Николас Мадуро залгамжилж, эхлүүлсэн социалист үйл хэргийг нь үргэлжлүүлсээр, харин Венесуэлд нийгэм, эдийн засгийн байдал улам дордсоор л байна. 2018 оны долдугаар сард хийсэн судалгаанаас харахад Венесуэлийн жилийн инфляцийн түвшин 83.000 хувьд хүрч, оны сүүлчээр инфляцийн түвшин нэг сая хувьд хүрнэ гэж судлаачид үзэж байна.
Эдийн засаг болон нийгмийн хямрал гүнзгийрэх тусам эрдэмтэн, эмч, багш, инженер, нарийн мэргэжлийн ажилтнууд зэрэг нийгмийн дунд давхаргынхан нь гадагш дүрвэн гарч, тус улс хүний нөөцийн өлсгөлөнд нэрвэгджээ. НҮБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд 2014 оноос хойш 32.4 сая хүн амтай Венесуэлийн 2.3 сая иргэн улсаа орхисон мэдээ байна. Ихэнх иргэд хөрш болох Колумб цаашлаад Эквадор, Перу, Чили, Бразил, АНУ руу дүрвэжээ. Ганцхан жишээ хэлэхэд, цагтаа Венесуэлийн “MIT” гэгдэж, Латин Америкийн улс орнуудын шилдэг инженер, техник, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг байсан Саймон Боливарын Их сургууль 2017 оны байдлаар нийт багш, профессоруудынхаа 16 гаруй хувийг өөр улс орон руу алджээ.
Венесуэлд ядуурал газар авч, хүн амын 90 хувь нь ядуу амьдарч байгаагаас 60 хувь нь идэх ч хоолгүй болжээ. Өнөөдөр Венесуэлийн зарим хот дэд бүтцийн доголдлын улмаас ус болон цахилгааны хомсдолтой тулгарч, өдөрт дунджаар арван удаа цахилгаан тасардаг байна. Венесуэл улсад эдийн засаг, нийгмийн хямралаас улбаалан гэмт хэрэг, хүчирхийлэл өргөн дэлгэрч, гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд Эл Сальвадорын дараа хоёрдугаарт орж байгаа гэнэ. Уго Чавесын популист социализмын санаа бодлоос үүдэлтэй энэ бүх хямралынхаа бурууг Николас Мадуро өнөөдөр АНУ тэргүүтэй Барууны орнуудын хориг буюу “эдийн засгийн дайн” руу чихэж байна. Дүгнэж хэлэхэд, Венесуэлийн ард түмэн нэг хүнд засаглалаа бүрэн даатгаснаар эрх баригчид байгалийн нөөцөө зөв зүйтэй ашиглан баялаг санг бүрэлдүүлж чадалгүй, хэт популист, социалист уриа лоозонгоор “хоол хийж”, нийгмийн халамжийг хавтгайруулан, гадаад дотоодын “хөрөнгөтөн”, “хөрөнгө оруулагч” дайснуудаар олон нийтийг айлган сүрдүүлэх замаар нэг хүний дарангуйлал тогтоход хүргэж, эцэст нь  ардчиллаа үгүй хийсэн байна.
Монголын ард түмнийг “Хүүхдийн мөнгө”, “Эхчүүдийн мөнгө”, “Оюутны мөнгө”, “Эх орны хишиг” зэрэг олон янзын бэлэн мөнгөөр угжиж, бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах эрх баригч намуудын улс төр, нийгмийн хамгааллын алдаатай бодлого үргэлжилж байгаа хэдий ч монголчууд хаа очиж, Парламентат ёсоо халж, хэн нэгэн удирдагчид итгэн ардчилсан засаглалаа дарангуйллаар сольж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, нийтлэх, шүүмжлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрх чөлөө гэх мэт ардчиллын суурь ололтуудаасаа ухрахгүй нь лавтай гэдгийг амьдралаас урган гарсан онигооноос, эрдэмтэй судлаачдын хийсэн судалгаанаас ч харж болно. 
Нэг “хөөрхөн” онигоо ч Урд Их хөршид маань гарсан байна лээ. Нэгэн өдөр Эрээн хотын тарган цатгалан, цэвэр цэмцгэр нохой, Замын-Үүдийн хагас өлсгөлөн, нооройсон нохой хоёр тааралджээ. Тэгээд ойр дотно танилцаж, харилцан туршлагаа солилцож, нутаг орноо сольж амьдрахаар тохиролцжээ. Тэд 7 хоногийн дараа эргэн уулзаж гэнээ. Эрээний нохой нилээд өлсөж ядарч, царай алдсан дүртэй эргэж ирсэн бол Замын-Үүдийн нохой харин нилээд өнгө засах маягтай болсон байна гэнэ. Тэгээд за одоо цаашдаа яахав? гэцгээж гэнэ. Эрээний нохой: “За даа. Танайд ч яс ч олдохгүй хэцүү газар юм аа. Танай “хүмүүс” чинь өөрсдөө идээд байгаа мөртлөө ядахдаа мөлжсөн хоосон яснаасаа хаяад ч өгчихгүй юм аа. Би ч буцах уу даа” гэжээ. Гэтэл Замын-Үүдийн нохой: “Танайд хоол хүнс элбэг дэлбэг нь ч сайхан л юм. Гэхдээ нэг том зовлон байнаа. Чөлөөтэй хуцаж болохгүй юм. Хуцахаар зэрэг хаанаас, хэн нь мэдэхгүй буудаж алчих гээд байх юм. Болъёо доо! Өлмөн зэлмэн ч гэсэн Монголдоо очиж, хэзээ ч хамаагүй, хэн рүү ч хамаагүй чөлөөтэй хуцаж байх минь дээр юм байна” гэсэн гэнээ.
Харин нэг жижиг судалгааны дүнг www.zaluu.com вэб сайтаас үзэж болно.  Ерөнхийлөгчийн засаглалыг та дэмжих үү? гэсэн санал асуулгад оролцогсдын 57.7 хувь нь “Монголд тохирохгүй” гэж хариулсан бол 38.6 нь “дэмжиж байна”, 3.7 хувь нь “Сайн мэдэхгүй байна” гэж хариулжээ. 

Ардчиллаа аварч үлдэх найдвар бидэнд байсаар байгаа шүү Монголчууд аа!

НЭГЭН ТҮҮХ буюу Их бүтээн байгуулалтын солиорол
Саяхан миний бие МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн даргын хувиар Ази, Номхон Далайн орнуудын Өргөн Нэвтрүүлэгийн Холбоо (ABU)-ны 55 дугаар Ерөнхий Чуулганд оролцох ажлаар Туркменстан  гэдэг “нэгэн сонин” улс оронд зорьчоод ирлээ. Түүх яривал, VII зууны Орхоны бичигт "Sekiz-Oghuz («найман огуз»), Dokuz-Oghuz («есөн огуз») гэж тэмдэглэгдсэн түрэг аймагт өнөөгийн Турк, Азербайжан, Туркменстан улсууд багтдаг ажээ. Түрэг улс мөхсний дараа Монгол орноос нүүсэн Түрэг угсааны «Огузууд» -ын нэг хэсэг нь IX зуунд Каспийн тэнгис Балхаш нуурын хооронд Арал тэнгисийн орчим суурьшсан гэж үздэг юм билээ. Тэд бол түркменүүд ажээ. Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 53 дугаар байранд ордог, 5.2 сая хүн амтай. Шатдаг хий, газрын тосны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байранд ордог,  жилд ДНБ нь 11 хувь хүртэл хурдацтай өсч байсан Туркмен улсыг хөгжиж байгаа орон гэсэн өөдрөг сэтгэгдэлтэйгээр энэ оронд би хөл тавьсан юм. Тиймээ. Туркменистан нүдэн дээр бол хөгжиж байна аа. Харин сайтар тунгаавал юу л бол...
ЗХУ задран унаснаас хойш бие даан тусгаар тогтнолоо зарласан “Стан” орнуудын нэг болох Туркменистан орны хөгжлийн зам биднээс тэс өөр, хүүхдүүдийн ярьдагаар “180 градус” эсрэг явж ирсэн, явж байгаа юм билээ.
Туркменистан улс Москвагаас 1990 онд салснаас хойш энэ орныг анхны Ерөнхийлөгч, ард түмэндээ 1993 оноос "Туркменчуудын эцэг" буюу “Түркмэнбаши” хэмээн алдаршсан нэгэн эрхэм завсаргүй удирдаж иржээ. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улсын Коммунист намын Төв Хорооны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга байсан түүнийг Сапармурат Ниязов гэх бөгөөд 2006 онд нас барах хүртлээ ганцаар захирагч, дарангуйлагч байсан бөгөөд 1996 оноос түүний төрсөн хот Красноводск-ийг хүртэл “Түркмэнбаши” гэж нэрлэх болсон бол өнөөдөр түүний алтан хөшөө Ашхабат хотын төвд сүндэрлэж байна. 
Сапармурат Ниязов Ерөнхийлөгч видео тоглоом, автомашинд хөгжим сонсох, дуурь, балет тоглох, эрэгтэй хүн үсээ урт ургуулахыг хориглож, хэвлэл, мэдээллийн бүх ажилтан, сэтгүүлчийг өөрөө томилдог байжээ.
Түүний үйл хэргийг үргэлжлүүлэгч нь 2007 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Гурбангулы Бердимухамедов. Тэрээр нэг хүнийг тахин шүтэх үзлийг дэвэргэж, түүний хамаатан садан болон хамтрагчид хязгааргүй эрх мэдэл эдлэж байна. Өнөөдөр Туркменстанд нийгмийн амьдралын бүхий л асуудлыг ганцхан Гурбангулы Бердимухамедов бүхэлд нь хянаж байна. Шинэ Ерөнхийлөгч 2008 онд дуурь, цирк тоглох хоригийг цуцалсан хэдий ч Ниязовын зохиосон шашны «Рухнама» номыг бүх нийтээр унших үзэл баримтлал болгож, хэвлэл мэдээлэлд тавьдаг хоригоороо дэлхийн тэргүүн эгнээнд орж, гадаадынхан чөлөөтэй нэвтрэх, иргэд нь гадаад улс руу чөлөөтэй явах эрхгүй хэвээр байна.
Хүний эрхийн "Human Rights Watch" байгууллага “Туркменстан улс нь дэлхийн хамгийн дарангуйлсан дэглэмтэй улсуудыг нэг. Энэ улсад бие даасан хяналт бараг хаалттай, хэвлэл мэдээлэл болон шашны эрх чөлөө чанга хяналттай, хүний эрхийг хамгаалагчид болон бусад сайн дурын идэвхтнүүдэд Засгийн газраас хяналт тавьж, аюул заналхийлэл учруулж байдаг” гэж дүгнэлт гаргасан байдаг.
Бердымухамедов Ерөнхийлөгчийн дуртай хийдэг зүйл бол Туркменистан орны хөгжлийг гайхуулах гайхамшигт Их бүтээн байгуулалтууд. Энэ тухай хэдэн жишээ хэлж болно. Нийслэл Ашхабад нь 900 мянган хүнтэй, 1950-иад онд газар хөдлөлтөд өртсөн, социализмын үеийн хэдэн барилгатай байсныг “Азийн Цагаан хот” болгох нүсэр том бүтээн байгуулалтыг 2011 оноос тэрээр эхлүүлсэн байна. Ерөнхийлөгчийн Өргөөнөөс эхлээд, Парламент, Засгийн газрын Ордон, Шүүх, Прокурор, Яам, агентлагууд, Их дээд сургуулиуд, орон сууцны хорооллуудыг нэгдсэн төлөвлөлттэйгээр зам, харгуй, цэцэрлэгт хүрээлэн, бүхий л дэд бүтцийн хамт цагаан гантигаар барьж байгуулаад үндсэндээ дууссан байна. Түүндээ 7-8 Их наяд америк доллартай тэнцэх хөрөнгийг зарцуулсан байх гэж бидний хөтөч залуу хэлж байна лээ. 
2017 онд Азийн Тулааны болон Танхимын спортын Их Наадмыг зохион байгуулахын тулд өөр хоорондоо цахилгаан галт тэрэгний замаар холбогдсон бүх төрлийн спортын уралдаан тэмцээн явуулах боломжтой 10 гаруй Цэнгэлдэх хүрээлэн, Ордон, бэлтгэлийн танхим, Зочид буудлууд бүхий “Олимпийн Цогцолбор хотхон”-ыг байгуулсан байна. 
Онгоц буух, хөөрөх 3800 метрийн урттай хос хоёр зурвастай, цагт 2000, жилд дунджаар 12-15 гаруй сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай зорчигч, VIP болон ачааны гурван танхимтай, олон улсын нислэгийн бүхий л стандартыг хангасан Олон улсын Нисэх онгоцны шинэ буудлыг хоёр тэрбум америк доллартай тэнцэх хөрөнгөөр Туркийн “Плимекс” компаниар бариулж, ашиглалтад оруулсан байна. Буудлын зорчигчдын танхимын үндсэний хээ угалз бүхий 705 кв.метр талбайтай таазны чимэглэл нь гэхэд Гиннесийн номонд бүртгэгджээ. Нэг талаасаа үнэхээр бахархмаар. Гэвч улс орон нь хаалттай орон учраас ОХУ, Турк хоёроос өөр орноос онгоц буух боломжгүй, хэдэн тэрбумаар бүтсэн Нисэх буудал нь эл хульхан...
“Галуу дуурайж хөлөө хөлдөөв” гэгчээр Дэлхийд алдартай Дубайг дуурайж, ганган тансаг 60 зочид буудал, худалдааны төв, шинэ нисэх буудал  бүхий  “Аваза” нэртэй “Үндэсний аялал, жуулчлалын Бүс”-ийг Каспийн тэнгисийн эрэг дээр Туркменбаши хотынхоо дэргэд барьж байгуулахаар олон зуун тэрбум америк доллартой тэнцэх хөрөнгийг зарцуулж эхлээд байгаа ч энэ том төслийг нь сонирхох гадаадын хөрөнгө оруулагч олдохгүй байгаа төдийгүй, гадаадынхан ирэхгүй, дотоодынхон нь үнийг нь дийлэхгүй тул зочид буудлууд нь зочдоо хүлээсээр...
Туркменистаны энэ “Их бүтээн байгуулалтууд” нь 2004 онд 70 тэрбум евро зарцуулж байж, Олимп зохион байгуулаад улс үндэснийхээ дампуурлыг зарласан Грек орны гашуун туршлагыг эрхгүй нэг санагдуулж, эзгүй, хөндий хоосон байгууламжууд болон харагдаж, мэдрэгдэх нь “эвгүй” юм билээ. 
Явган хүн ховорхон харагдах өргөн цэлгэр гудамж, талбайнууд, цагаан өнгө давамгайласан албаны голцуу автомашинууд, цөөн хэдэн гэрэл сүүмийх эзэнгүй шахам орон сууцны тансаг хорооллууд, үйлчлүүлэгчгүй шахам зочид буудлууд, шөнөжин алаглан асах гэрлэн чимэглэл энэ бүхэн “Аугаа их бүтээн байгуулалт”-ыг илтгэхээсээ илүүтэй нийгмийн баялгийг нэг хүний санаа зоргоор утга учиргүй, бодлогогүйгээр цацаж, үрэгдүүлэхийн тод илрэл, бодит жишээ болж харагдсныг тэмдэглэх нь шударга ёсонд нийцнэ. 
Бүтээн байгуулалтын ажлууд нь сонгуульд ялсан “намын бодлого” гэгчээр явагддаг, заримдаа нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдалтай, уван цуван хэрэгжиж, эсвэл бүр орхигддог Парламентын засаглалтай монголчууд бидний хувьд шинэ “Түркмэнбаши” Гурбангулы Бердымухамедовын Их бүтээн байгуулалтын гавъяаг магтан дуулмаар санагдавч, ард түмэн нь цалин хөлс багатай, худалдан авах чадвар муутай, хүнсний хомсдолтой, хамгийн гол нь үг хэлэх, дуугарах эрх чөлөөгүй, нүүрэнд нь чин сэтгэлийн инээмсэглэл үл тодрох, гөлгөр царайлсан ард түмэн байгаа нь нэн харамсалтай санагдсан. 
Ямар ч байсан монголчууд бид юм хийж чадахгүй байгаа өнөөгийн улс төрийн нам, улстөрчдийг өөрсдөө үнэлж, дүгнэж, чөлөөтэй шүүмжилж, тэрч байтугай сонгох сонгохгүйгээ бие даан шийдэж чаддаг улс. 
Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд монголчууд бид нэг удирдагчийн хий гэснийг үг дуугүй дагаж, хүлцэнгүй номхон дарлуулж суух улс нэгэнт биш болжээ...
Энэ бол миний ард түмний түүхэн ололт ажээ. 

Бидний хувь заяа ийм гэж үү?

НЭГЭН “УДИРТГАЛ” буюу Монголын эндэж мэдэх алхамууд
Олж уншваас Монгол Улсын Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийнхээ оюун бодлыг “сэрээх” үүднээс “Хүн ухаантай ч хэлэхээс нааш ойлгохгүй. Цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” хэмээн мунхаглан хэдэн санаа тэрлэв. Болгооно буй заа. Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг Монголчууд олон зүйлээр сайн мэднэ. 
Юуны өмнө 1990-иэд онд анх байгуулсан “Женко” хэмээх “сонирхолтой” гадаад нэртэй компаниар нь, хувьчилж авсан “Махимпекс”, зарж борлуулсан “АПУ” болон “Баянгол” зочид буудал, хувь эзэмшдэг банкуудаар нь түүнийг сүүхэйтэй бизнесмен гэж сайн мэднэ.
Бизнесмен хүний хувиар Монголд анх удаа Хөрөнгийн Бирж дээр хувьцаа гаргаж, IPO гарган хөрөнгө босгох арга зам байдгыг олон нийтэд ойлгуулж, "Цонжин болдог" дахь Чингис хааны морьт хөшөө болон Эрдэнэ суманд “XIII Зуун” цогцолборыг байгуулсан нь өнөөдөр гадаад, дотоодын аялагчид, жуулчдын нүдийг хужирлах бараг цорын ганц үзмэр болж буйг ч сайн мэднэ. Одоо цаашлаад 108 метр өндөр “Майдар бурхан”-ыг залах гэж байгааг нь ч мэдэж, дэмжиж байгаа. 
Монголын Ерөнхийлөгчийг самбо бөхийн Дэлхийн аварга тамирчин төдийгүй Олимп, Дэлхийн аварга, мөнгө, хүрэл медальтнууд зэрэг олон арван алдарт тамирчдыг төрүүлэн гаргахад сэтгэл, оюун, хүч, хөрөнгөө харамгүй зориулж, Монголын жудо бөхийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн гэдгийг монголчууд төдийгүй, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс эхлээд олон улсын хэмжээнд ч онцгой үнэлдэг. 
Таныг бас улс төрд хөл тавьж, УИХ-ын эрхэм гишүүнээр гурвантай сонгогдсон төдийгүй, улс орны хувь заяанд онц ач холбогдолтой хоёр ч салбарын, тухайлбал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайд болон Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Сайдын албыг хашиж, Зүүн Босоо тэнхлэгийн төмөр зам болон “Сайншандын аж үйлдвэрийн Парк”-ийн төслүүдийг “санаачлан” төрөөс багагүй хөрөнгө мөнгө зарцуулж байсны гадна Таван толгой-Гашуун Сухайтын төмөр замын шороон овоолгыг 290 тэрбум төгрөгөөр “байгуулсан” шаггүй улстөрч гэдгийг чинь ч монголчууд бас мэднэ. Тиймдээ ч гурван сая хүн амтай Монголын сонгогчдын олонх нь 2017 онд Таны “Монголыг ялуулах” төлөвлөгөөг дэмжсэн бизээ.
Гэтэл юу л болоод байна даа?...
Та 30 гэр бүлтэй “тэмцэж”, оффшор дахь хөрөнгийг эргүүлэн татаж, ард түмний зээлийг тэглэх тухай Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Энэ бол нийгмийн тэгш байдал, шударга ёс алдагдсан өнөө цагт жинхэнэ голыг нь олсон популист лоозун байсан учраас сонгогчид Танд нэг удаа итгэсэн. Таныг дэмжиж “Ард түмний Онц түр Зөвлөл” гэх мэт хувьсгалч байгууллагууд олноор “төрөн” гарах болсон. Гэтэл Та өөрөө тэр “30 гэр бүл”-ийнхээ нэг нь болж таарсан...
Ерөнхийлөгч болоод удалгүй 500 мянган залуучуудыг цэргийн албанд татаж төмөр замын бүтээн байгуулалтад татан оролцуулах тухай бүтэшгүй төлөвлөгөөгөө “мунхаг ард түмэндээ” танилцуулсан. Таны энэ төлөвлөгөөний талаар намын журмын нөхөр Э.Бат-Үүл чинь хүртэл “... Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Ерөнхийлөгч маань "цэргийн социализм" байгуулна гээд байгаа нь бүр гайхаш тасармаар юм.” хэмээн дууд алдахад хүрсэн. Хаанаас, хэнээс энэ санааг “олоод авчихав” даа. 
Төрийн тэргүүн маань өөрийнхөө харъяаллын нэгэн телевизээр “цензургүй” ярихдаа “өлсгөлөн зарлах”, “суулт хийхэд” хүрээд байгаагаа нилээд бухимдангуй мэдэгдсэн. Уг нь Төрийн тэргүүн хүн “цензургүй” ярьдаггүй л байхгүй юу! Яриа бүхэн нь цензуртэй байх учиртай цорын ганц хүн бол Улсын Ерөнхийлөгч. Тиймээс л “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг таныг ярсны маргаашнаас “Ардчиллын” гэх дөрвөн холбооныхон “хувьсгалчирхан” Ерөнхийлөгч Таны саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, УИХ-ын гишүүдийн тоотой тэнцүү хүн өлсгөлөн зарлахаа мэдэгдэнэ лээ. “Мухар үхэрт худаг бүү үзүүл” гэдэгсэн. 
Нийгмийн янз бүрийн давхаргыг хамарсан эх оронч, шударга ёсны төлөө ТББ, иргэний хөдөлгөөнүүд олноор үүсч байгаа нь нэг талаас улс орны хувь заяанд олон түмний оролцох оролцоо нэмэгдэж, улс төрийн идэвхи сэргэж байгааг илтгэх сайн талтай хэдий ч нөгөө талаас нийгэмд онцгой аюул авчирч болзошгүй. “Босоо Хөх монгол” гэх мэт үндсэрхэг, неонацист маягийн хөдөлгөөнүүд, захиалга, төлбөртэй жагсаал зохион байгуулагчид бий болж байгаа нь яг үнэндээ өнөөдөр Монголын нийгэмд аль жагсаал, аль үзэл бодол нь үнэн зөв бэ гэдгийг ялгаж салгахад бэрх байдлыг бий болгож байна. Эмх замбараагүй байдалд уриалан дуудах, хүчирхийллийг өөгшүүлэх нь хичнээн аюултайг бид монголчууд 10 жилийн өмнө зах зухаас нь мэдэрсэн. Египет, Ливийн “Арабын Хаврын хувьсгал”,  Украины “Улбар шар хувьсгал” гэх мэт улс үндэстнээ хямрал, сүйрлийн ирмэгт хүргэсэн хол ойрын хөршүүдийн гашуун түүх ч бий. Төрийн тэргүүн, Засгийн Тэргүүнээсээ эхлээд улс төрч бүр дотроо бодолтой, дороо суурьтайгаар асуудалд хандаж, хэлэх үг, хийх үйлдэл бүхэндээ анхаарч байхгүй бол Монгол өнөөх Ливи, Украйны араас орохгүй гэх газаргүй. Тэнд ч гэсэн ард түмнийг зохион байгуулалттайгаар өдөөн турхирч жагсаал цуглаан зохион байгуулж үймээн, самуун үүсгээд төрийг нь дампууруулсан түүхтэй.
Таны анхаарвал зохих өөр нэгэн асуудал бол зохион байгуулалттайгаар сошиалаар өрнүүлж буй “тэмцэлүүд” шүү. Олон нийтийг өдөөн турхирсан нэр хаягтай, хаяггүй сошиал тэмцлүүд нийгмийг буруу зүйл рүү залахгүй гэх газаргүй. Нэн ялангуяа нүүрээ нуусан этгээд хамгийн аюултай бас хортойг олон түмэндээ та үлгэрлэн ойлгуулбал сайнсан. Саявтархан Та УИХ-д өөрөө тарах шийдвэрийг зөвшилцөх саналаа УИХ-ын даргад санал болгосон. Энэ бол Таны бүрэн эрхийн асуудал байсан. Шүүмжлэл нь ч ортой. Гэвч УИХ тарах нь тийм зохистой шийдвэр мөн үү? УИХ тарах нь хэнд ашигтай вэ? гэдэг талаас нь та хэр бодож үзсэн бэ? Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн Тэргүүн, Монголын ард түмний Эв нэгдлийг илэрхийлэгч тул төрөө хагаран бутаргах санал өргөн барих нь хэр зохистой байв? 
Тэр үед таны “харъяалагдаж байсан” АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “УИХ тарах бол Үндсэн хуулийн хүрээнд өөрөө тарах ёстой. Түүнээс бус хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих Үндсэн хуулийн байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүдийн 3/2-ын гарын үсэг зурснаар хэлэлцээд,  УИХ-ыг тараагаад, парламентаа бэхжүүлээд, зөв хүмүүсээ сонгоно гэвэл бид тэр талд нь дэмжинэ.” хэмээн мэдэгдэж байсныг та санаж байгаа биз. Буурьтайхан бодож үзэх л асуудал шүү. 
Учирлал 1: Төрийн ордонд ужгирч бий болсон улстөрчдийн шударга ёсны болон ёс зүйн дампуурал нь төрийн, улс төрийн хямрал болон жилээс жилд даамжирсаар байгаа нь нууц бишээ. Үүнд Монгол Улсын иргэд бухимдан, заримдаа хилгэнэн уурсаж байгаа нь ч үнэн. Би ч тэдний нэг. Энэ тогтолцооны шинжтэй хямрал бол АН, МАН-ынхан  эрх баригч улс төрийн намуудаас аль алинаас нь эхтэй. Эрх мэдэлтнүүд албан тушаал, эд хөрөнгийн төлөөх улайрах үзэгдэл МАН, АН аль аль нь засаглаж байхад байсан л “зүйл”. Ард түмэнд ил тод болж байгаа нь л өнөөдөр...
Энэ байдлыг засах, халах ёстой. Гэхдээ Парламентыг тараах, хорих, хүчирхийлэл, дарангуйлалын замаар биш, ардчилсан зарчмаар, сонгуулиар шийдэх учиртай. Шударга бус байдал, төрийн хулгай, луйварыг хүчирхийлэлгүйгээр хууль ёсны дагуу шийдвэрлэх арга зам манай нийгэмд өнөөдөр ч байсаар байгаа. Энэ талаар МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав нэгэн ярилцлагадаа: “Монгол төрийн тухай 800 жил дуулсан “Эрхэм төр” гэдэг уртын дуу бий. “Эрхэм төр энхжээд эрх чөлөө нь тунгалаг энгийн олон нөхөдтэйгөө үүрд хамтаар цэнгэн жаргая” гэж дуулдаг. Төрийн энхжих, тунгалаг байхыг хянадаг газар нь Үндсэн хуулийн Цэц. Тэгэхээр ЖДҮ-ийн асуудлаар өөр хоорондоо хэрэлдэж байхаар УИХ-ын дарга гишүүдийнхээ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргачих. Цэц тавхан хоногийн дотор хууль зөрчсөн эсэхийг нь хянаад, шийдвэрлээд өгнө. Ерөнхий сайд танхимын гишүүдээ өгчих л дөө. Ерөнхийлөгч төсөвт хориг тавих гээд байгаа юм бол бас л Цэцэд ханд л даа. Түүнээс би, чи гээд хэмлэлдэж олны шившиг болох шаардлагагүй” хэмээн зөв зүйтэй хэлсэн байна лээ. 
Учирлал 2:  Өнөөгийн улс төрийн хямрал нь 26 жилийн өмнө сонгосон ардчиллын замаасаа, парламентат ёсноосоо бид бүхэн хэр их хазайсныг илтгэж байгаа гэдэгтэй би санал нэгддэг. Энэ нь юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн төлөөх сөргөлдөөний үр дагавар гэдгийг сануулахад илүүц биз. 
Нэг талаас, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар маань 12 зүйл бүхий үндсэн бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн Хуулийн 33-р зүйлийн дөрөв дэх “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэсэн заалтыг үндэслэн аажим аажмаар, бага багаар нэмэгдүүлсээр ирснээс Монголын төрийн тогтолцооны зөрчил үүсэх нэг үндсэн нөхцөл бүрдсэн гэж эрх зүйчид үздэг. Нөгөөтэйгүүр, УИХ-ын эрхэм гишүүд маань өөрсдийнхөө халдашгүй дархан байдлыг улам хуульчлан бэхжүүлэхийн хамт хууль тогтоох чиг үндсэн үүргээ умартах хүртлээ гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдан өөрсдийгөө мөнгө, санхүүжилтийн хойноос хөөцөлдөх “цоо шинэ” эрх, үүрэгтэй болгосон байгаа юм. Нэг хоёр сая төгрөгийн хэмжээтэй “Гишүүний мөнгө”, “Тойрогийн мөнгө”-нөөс эхэлсэн УИХ-ын гишүүдийн “санхүүжилтын сул эх үүсвэрүүд” найман тэрбумд хүрсэн төдийгүй, Төрийн нэртэй сангуудаар арвижиж байсан нь ганц өнөөдөр бишээ...
Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд өөр өөрсдийгөө эрх мэдэлтэй гэж бусдыг огоорч, шударга үнэний дээд нь өөрсдөө мэт үзэх, үзэхийг оролдох нь өнөөг хүртэл бидний олж авахыг хичээж буй ардчилал, тэгш эрх, шударга ёсны зарчмыг уландаа гишгиж буй хэрэг. Ерөнхийлөгч Та зураач мэрэгжилтэй хүн сайн мэднэ дээ. Зураг зурахад хүрээ модонд холстоо татаж, планшетээ бэлтгэж тэр л дэвсгэр талбайн хүрээндээ уран бүтээлээ хийдэг шүү дээ. Үүнээсээ хальж, давж гарч зураг зурах арга үгүй. Улс төр ч гэсэн адил юм. Ерөнхийлөгчийн, Парламент, Засгийн газрын эрх үүрэг, үйл ажиллагааны цар хүрээ харилцан өөр өөр, өөрсдийн хэм хэмжээтэй. Хэн нэг нь өөрийн зааг хэмжээг давж, нөгөө нэгийнхээ эрх үүргийг буулаацалдах, үйл ажиллагаанд нь саад учруулах нь нийгмийн, улс төрийн зөрчлийн үндэс болдог. Ийм завхрал, хямралыг л бид өнөөгийн Монголдоо өдөр бүр харж, биеэр мэдэрч байна. 
Тиймээс энэ цөвүүн цаг үед гэхэд “иргэдээ бослого тэмцэлд уриалсан”, “парламентаа тараах-ыг санаархаж бүрэн эрх, үүргээ зөрчиж байгаа Ерөнхий сайддаа Та шударга үнэний ташуур үзүүлж, хууль ёсны дагуу огцруулах асуудлыг тавибал Ерөнхийлөгчийн байр суурь харин ч нэг бэхжихсэн. 
“Дээрх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг. Үүнийг цаашдаа засах арга бол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахын ялдамд төрийн тогтолцоог хямралд хүргэж байгаа хуулийн зөрчилтэй, засаглалын эрх хэмжээний “илүүдэл” заалтуудыг нэн яаралтай хасч өөрчлөх явдал байх болно.  
Ерөнхийлөгч та УИХ-ын хуралдаанд оролцож, улсын төсвөөс 500 тэрбум төгрөг нэхээд, бүтэхгүй болмогц өөрийн эрх мэдлийн хүрээнд 2019 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуульд эхлээд бүхэлд нь, дараа нь хэсэгчлэн хориг тавьсныг олон нийт янз бүрээр л хүлээж авах шиг боллоо. УИХ хоригийг хүлээж аваагүй ч Ерөнхийлөгчийнхээ нэхэж буй 500 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэсэнд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд “УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хонь бүтэн, чоно цатгалан вариантаар шийдлээ” гэсэн мэдэгдэл хийжээ. “Угтаа бол энэ үг төрийн өндөр албан тушаалтнаас гараад байх юм биш” гэж хэвлэл, сайтуудаар бичиж байна. Ерөнхийлөгч та энэ мөнгөөр “Аж үйлдвэрийн парк” байгуулах үзэл санаагаа сэргээх гэж байна уу? Эсвэл “Майдар хот” гэдэг мөрөөдлийн хотоо сүндэрлүүлэх гэж байна уу? Та ч “Майдар хотоо” гадаад, дотоодгүй л ярих юм даа. Гэхдээ танд гэж хэлэхэд, аж ахуйн ажил бол уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал огт биш. Юу барьж байгуулав? Цалин, тэтгэвэр яаж нэмэв? гэж Монголын сонгогчид Танаас асуухгүй ээ. Харин Та энэ талаар Засгийн газрыг сайтар шахаж, шавдуулж, шаардаж ажиллах л учиртай болов уу. Эцэст нь “2019 оны Улсын төсвийн тодотголоор авах мөнгөө Та үр дүнтэйхэн зүйлд зараарай” гэж Ерөнхийлөгч танаас хүсэх л үлдлээ.

    *     *     *

Монголчууд “цагаан цаас” бишээ. Тэд боловсролтой, мэдээлэлтэй, социализм, капитализмын давуу болон сул талуудыг аль алиныг сайн мэднэ. Популистуудыг “бодлоготнууд”-аас ялгаж сурч байгаа. Бас улс орноо хөгжүүлэх цогц бодлого гэдгийг “Аж үйлдвэрийн парк”, “Майдар хот” шинжлэх ухааны үндэслэл багатай, мөрөөдлийн “Их бүтээн байгуулалт” төдийгөөр төсөөлдөггүй. 
Монгол сайхан эх орны маань хөгжлийн “Эндэж болох алхамууд” нь дээр өгүүлсэн уруудаж, доройтсон улс орнуудын түүхийн адил бусдад тааруухнаар дуурсагдах “Нэгэн түүх” болон бүү үлдээсэй!
Монгол түмний маань тэнгэрлэг хувь заяа Монголыг түших болтугай!
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.