НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Мөхлийн цондон хийгээд өмчийн төлөөх тулаан

Б.Чимид     Нийтлэгч
6 сарын өмнө /2018-12-17 18:16:26 GMT +8 / | 958 удаа уншсан

Капиталст нийгэмд төрийг баячууд нь удирдаж авч явдаг бичигдээгүй хууль бий. Та нар мэднэ дээ. Бидний даган дуурайж байгаа ардчиллын загвар, бараг загалмайлсан эцэг гэгдэх АНУ-ын тэргүүнүүд бүгд тэрбумтнууд байсныг. Одоогийн ерөнхийлөгч Трамп ч мөн адил тэрбумтан.
Манай Монгол бас зах зээлийн харилцааны нийгэм гэж сайхан нэрлэж буй одоогийн Монголын капитализм бас л өөрийн удирдагчдаа тэрбумтнуудаар дүүргэж буйг харахад ойлгомжтой. Арга ч үгүй шүү дээ. Бид америкаас сайныг нь ч, бас мууг нь ч дуурайна. Ямар ч байсан зах зээлийн нийгэмд шилжихэд эхлээд өмчийг хувьчилж, “нэг гараанаас” гэж нэрлээд улаан, ягаан тасалбар тараасан ч яаж түүнийг цуглуулж, яаж өмчийг хувааж авч болдог аргыг Америкаас судалсан манай ардчиллын эхний жилүүдийн үйл явц хүчтэй өрнөж, ёстой 2016 оны хотын сонгуульд ялагдсан Эрдэнийн Бат-Үүл “цунами” боллоо гэж хашхирдагтай адил “цунами” болж өнгөрснийг бид бүгд мэднэ.
Тэр үеийн засгийн газрын тэргүүн шадар сайд Да.Ганболд “Энэ зах зээлийн нийгмийг үндэсний хөрөнгөтнүүд авч явах ёстой. Үндэсний хөрөнгөтнүүд түргэн төрөх болтугай гэж  уриалж байв. Үндэсний хөрөнгөтөнг төрүүлэх үйл явц ингэж уриалснаар төрсөн. Тэгтэл Октябрийн  хувьсгалын удирдагч  В.И.Ленин “Улс орныг  хөрөнгөтнүүд авч явдаггүй юм аа. Тэд зөвхөн өөрийнхөө эд хөрөнгийг өсгөхийн төлөө явдаг юм” хэмээсэн. Сошиал ертөнц биднээс асууж байна. Их Ленин жийхаатал ёжтойгоор инээж “Монголчуудаа капитализм ямар байна даа” гэнэ ээ. Миний бодлоор чигчий хуруугаа гозойлгон ийм л байна.
Ингээд социализмын үед бий болсон үйлдвэр, барилга, САА бүхэн нурж, зөвхөн түүний барилга, талбайг хувааж авснаар өмч хувьчлал үндсэндээ дууссан. Улаан, ягаан тасалбарыг хэрхэн цуглуулж, яаж үнэд хүргэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь тэрхүү тасалбарыг гаргах хийгээд цаашдын хувь заяаг нь сайн мэдэх хүмүүсийн гарт ихэнх нь цугларсан. Өөрөөр хэлбэл мэдээлэлд ойрхон ч гэдэг юм уу, эдийн засгийн мэдлэг, заль мэх, нөгөө “социалист овсгоо”, ер ядаж цөхөх юмгүй цөөхөн гарт төвлөрч, “журам”-ынхаа дагуу өмч хувьчлал дууссан.
Малаа мөн адил хувааж, чаддаг чаддаггүй “малчид”-тай болж, зарим нь хотоо харлуулаад  сум, аймгийн төв, нийслэл хот руу нүүсэн бол, зарим нь мянгат малчид болон тодорсон. Өмчийн хуваарилтанд өөрчлөлт гарч, хуучин ажилчин анги, хоршоолсон ардын анги, сэхээтний давхарга гэж байсан бол одоо баян ядуу гэх хоёр л анги үүсэв. Ганзагын наймаа хийж хөл дээрээ боссон нь байдаг гэхэд, бас том том обьект хувьчилж аваад түүнийгээ зарж арилжиж баяжсан нь ч бий. Сүүлийн үед менежментийн хувьчлал гэх нэрээр аж ахуйг аваад зориулалтаар нь биш, мөн л зарж, үрж халаасаа түнтийлгэсэн нөхөд олширсон.
Монголчуудын санаанд огт байгаагүй нэг ойлголт, газрын шинэтгэл, газар өмчлөлийн асуудал, цагаа олж босч ирсэн ч, цадиггүй наймаа боллоо хэмээн шуугиж, хотын доторх дэд бүтцэд ойрхон бүх газрууд эзэнтэй болсон. Бүр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийн хоёр га газар хүртэл төсөл нэрээр хувийн компанийн мэдэлд шилжиж, тэр нь "Голомт" банкны барьцаанд тавигдчихсан, 10 гаруй жил тохижилтгүй тууж явлаа. Энэ цэцэрлэг хотын Н.Болормаа, Ц.Батбаяр хоёр даргын үед ингэж “зарагдсан”.  Ямартаа ч ингэж  үндэсний “капиталистууд” үүсч, төрийг “баян” хүн удирддаг жишиг тогтов.
Үүний хажуугаар “төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэг ойлголт гарч ирсэн нь ямарч үйлдвэр, бизнес байхгүй атлаа тэрбумтан болчихсон нөхөд их байгаа нь үүний гэрч гэлтэй. Эрдэнэт болоод  төрийн өмчит улсын том том үйлдвэрийн газруудыг удирдаж, тэр нь ашиггүй ажиллаж, харин дарга нар нь цадсан, баяжсан тухай өдий төдий баримт байгаа. УИХ-д сонгогдох гэж үхэн хатан гүйж, сая саяар нь хөрөнгө хаяад гарч ирээд түүнийгээ хэд дахин үржүүлэн олж авдаг жишиг тогтсон нь нууц биш. Бас албан тушаалыг мөнгөөр үнэлэн, төдөн саяыг өгвөл дэд сайд, төдийг өгвөл жинхэнэ сайд болно гэсэн жишиг тогтоод удаж байгаа. Тэр 60 тэрбумын  хөрөнгө босгох, хэрэгжсэн эс хэрэгжсэн нь үл мэдэгдэх өнөөгийн хэрүүлийн алим МАН-ын дарга нарын “шивнээн”,  шархыг нь нөхөх журмаар өгсөн ЖДҮ-ийн зээлийн хуваарилалт, өмнөх засгийг унагахад хүргэсэн Концессын гэрээнүүд, мөн өмнөх дөрвөн жилийн "Самурай", "Чингис" бондуудын хөрөнгийн зарцуулалт, АСЕМ-ийн “тансаглал”, ер хаашаа ч мултрахын аргагүй намуудын нэг нэгнээ барьцаалсан өмчийн төлөөх тэмцэл өнөөдөр Монголыг хоёр талцуулж, хөрөнгө мөнгөтэй хэсгүүд, том намууд нэг нэгэндээ зиндаархан хэмхэлдэж байна. 
Арга ч үгүй биз ээ. Ходоодоороо сонгууль өгдөг гэж хэлэгдэтлээ ядуурсан монголчуудад юу үлдэв гэвэл ойрдоо ашгийг нь харах нигуургүй байгуулагдсан Оюутолгойн гэрээ, замгүй явсаар говийг там болгосон Таван толгойн нүүрс, 49 хувийг нь Төв банкны хөрөнгөөр худалдаад авчихсан Эрдэнэтийн үйлдвэрийн талцал, Авсралийн банкинд барьцаалагдсан 51 хувийн хөрөнгө, тэгээд дээр нь нэмж "Дубайдалт", эд бүгдийн цаана эрх баригч намуудын олон жилийн зодоон яг л төрийн хошой шагналт зураач О.Цэвэгжавын "Азарган хасаа"-ны дүр төрхийг харагдуулна.
Хоёр барын ноцолдохыг уулан дээрээс харна гэдэг Хятадын “улаан хамгаалагчдын” үеийн бодлогыг санагдуулам үгийг бие даагч гишүүн С.Жавхлан доогтой нь аргагүй хэлж сууна. Үүний цаана хэн мөнгөтэй нь ялна гэсэн бяцхан тохуурхал бас бий. Мөнгөөр, удирдах зөвлөлдөө орох, намын даргын хийгээд сонгуультны сунгаанд мөнгөний босго тавьдаг жишиг АН-д бүр тогтсон, дүрмээр бараг олгогдсон хэм хэмжээ. Тэр хэмжээний мөнгө байхгүй бол тийшээ зүглэхийн хэрэггүй. Тийм ч учраас олон хүн сунгаанд оролцохоо больж нэрээ татаж авч байсныг санууштай. Тэгээд мөнгөтэй бол нам, төрд орж болно, байр суудал эзэлж болно, бүр үе удмаараа ээлж халаагүй суух хойч үеэ бэлтгэж бас болно. Энэ аргагүй үнэн болж таарч байна. Эрдэнэтийн Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг, Эрдэнэтийн Ганзоригийн хүү Тэмүүлэн, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Шугар, “Их засаг” Их сургуулийг санаачлагч Н.Ням-Осорын хүү  Учрал, Л.Энэбишийн хүү Мөнх-Очир, Батлан хамгаалахын сайд агсан Ш.Жадамбаагийн хүү Энхбаяр гээд залуу улстөрчид аль эртээ суудлаа эзэлчихсэн. Эгч дүү Батсүхийн Саранчимэг, Батсүхийн Наранхүү, нэг айлын хоёр хүргэн Бямбадорж, Бямбацогт нар ч залуу үед багтана. 
Эд сайн хүний үр сүүт гүүний унага, сайн даргын, хөрөнгөтэй мөнгөтэй хүний хүү, хамаатан садан байснаараа бахархаж болно. Хамгийн гол нь эдний зарим нь, магадгүй бүгдээрээ ч байж болно, тэд ийм алдар нэрийг, хөрөнгийн эзнийг огт хөдөлмөрлөөгүй байж олсон гэхэд нэг их хилсдэхгүй. Яагаад гэвэл тэдэнд тийм хуримтлал бий болгох хугацаа, нэр алдар олох нас хараахан болоогүй байсан цаг. Бас тэднийг  хилсдүүлж байж магад. Мөрөө цоортол “гахай” үүрч, эсвэл “Тэг”-ээс эхэлж хуримтлал үүсгэн  байж энэ зэрэгт хүрсэн хүн байвал уучлаарай намайг.
Хөлс хүч, хөдөлмөрөө зарж  байж олсон мөнгө үнэтэй  байдаг. Түүндээ ч хайртай. Тэр нь өөрийг нь үнэтэй цэнэтэй болгож бахархал авч ирдэг. Түүнээс биш Ц.Баярцогт шиг нэг сая доллар гадаадын банкинд оффшордчихоод түүнийгээ мартсан гэвэл яах болж байна аа. Тэр С.Баярын гэгдэх АНУ-д байгаа олон хаусууд ч гэсэн дээ. С.Баярт ямарч бизнес байхгүйг манайхан бүгд мэднэ. Харин хэрхэн ийм их хөрнгөтэй болсон нууцыг  харин яаж мэдэх вэ? Оюутолгойн гэрээг үнэгүйдүүлсэний “шан” гэж харах хүн зөндөө.
Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ард түмний амьдрал нэг их сайжраагүйг хэн хүнгүй мэднэ. Бүр дордсон гэж үзэх хүмүүс ч бий. Ийм их баялагтай, 70-80 сая малтай манай орны гуравхан сая гаран хүний амьдрал ингэж дордож, улс орон өрөнд баригдсаны буруу ард түмэндээ юу, эрх баригчдад юу гэдгийг захын эмгэн ялгаад өгнө. Үүнд нэг их эрдэм шаардахгүй.
Харин улсын энэ их баялаг хаашаа урсаад байна гэхээр нөгөө ерөнхийлөгчийн хэлдгээр 30 гэр бүлд л шингэчисэн юм биш үү. Тийм учраас хүн амын хоёр хувь нь баян, бусад нь дундаас доош амьдралтай гэсэн статистик гараад байгаа юм. Энэ яваандаа юунд хүргэх вэ.
Бэхтөр, Бэлгүтэй хоёр Хасар, Тэмүжин хоёрын барьсан Гэгээн согос загасыг булааж авснаас үүдэлтэй, Бэхтөрийг араас нь харван алсан Хасар, Тэмүжин хоёрын өсийг 60 жилийн дараа Өгэдэй хааныг Бэлгүтэйн хүү архи өгч хордуулан алснаар өшөөгөө авдаг шиг өнөөдрийн Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Хармагтай зэрэг асар их баян ордуудын төлөөх тулаан олон жилийн дараа Гэгээн согос загасны үлгэрийн санагдуулам юм болж хувирахыг байг гэхгүй. Учир нь энэ төр засгийг барьж байсан нөхөд, тэдний хамсаатан, нэг намын гэгдэх үзэл бодолдоо төөрөлдөж, өөрийн гэх үнэт зүйлгүй, зөвхөн өмч хөрөнгө, уурхай баялаг дээр суурилсан тэмцэл, тэдний гаргасан шийдвэр өдий болтол ажил болохгүй талцан тэмцэлдсээр ирснийг ард түмэн ширтэн харж байна.
Ер нь өмч хүнийг эвдэж, хүнийг булшилдаг тухай дээдийн ном сударт хүртэл ихээхэн ёжтойгоор тэмдэглэн үлдээжээ. Тэрээр 100 наслахгүй байж 1000 наслах юм шиг хөрөнгө хураах юм. Тэр нь өөрийг нь үхсэний дараа түм дахин шатаах түлээ хураасантай адил хэмээжээ. Энэ юуг өгүүлнэм бэ. 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАН яагаад 33, 32 бүлэг болон хуваагдав. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг Шадар сайд, нэг кабинетын гэх У.Хүрэлсүх нь Засгийн газрын хэдэн нөхдөд давуу эрх олгож концессийн гэрээгээр ажил өгчихлөө гээд л унагасан. Тэгтэл өөрийнх нь Засгийн газар  ЖДҮ-ийн зээлийн хөрөнгийг хувааж авсан хэргээр “өлгөгдөх” гэж байна. Хэрэг дээрээ Гэгээн согос загас+Концесс, Гэгээн согос загас+ЖДҮ гэсэн хоёр өгөөш МАН-ын 65-ыг хоёр хувааж, одоо эд хэзээч эвлэрч нийлэхийн аргагүй нэг нэгэндээ өстөн болж хувирлаа. Мэдээж унасан өмнөх засгийн талд байсан 32-ын бүлгийн хонзон тийм амархан тайлагдах гэж үү. Харин М.Энхболдын 60 тэрбумын “пирамид” нь энэ 65-ыг сонгуульд ялахад нөлөөлсөн “марктинг” байж болох талтай ч хэргийн эзэн хэнгэргийн дохиураар М.Энхболд, Ц.Сандуй нар тодроод байгаа.
Хууль бус сонгууль гэж дотроосоо хэлэх атлаа тэнд МАН-хан суугаад байгаа нь хачирхалтай. Залуу улс төрчид бараг л бүгдээрээ Харвард, Оксфордын их сургууль төгссөн гэж цээжээ дэлдэвч үнэндээ уншсан, мэдсэн нь яг л энэ шинэ үеийнхнийхээ тусгал хэвээр. Цэнгийн олз олохоор лангийн шунал нэмдэг тухай, хамаг бүх зовлонгийн шалтгаан нь шунал гэх, сургууль, гэгээрлийн зам хийгээд үйлийн үрийг ойлгохгүй, хэдий “шашин ард түмнийг мунхруулагч хар тамхи” гэсэн Марксын үзлийг шүүмжилдэгч шүтэх бишрэх эрх нь чөлөөтэй ч үйлийн үрийг мартсанд одоогийн гэм нь оршиж буй.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд, УИХ-ынхандаа ЖДҮ-ийн зээлээс хэдэн зуун саяас тэрбум тэрбумаар нь авсан нөхөд одоо булайгаа дэлгэж, нүүр хийх газаргүй дэвхцэж явна. ЖДҮ-ийн зээл гэдэг ард хормойгоороо урд хормойгоо нөхсөн, ядарсан зүдэрсэн жижиг үйлдвэр эрхлэгчдэд олддоггүй атлаа эрхтэн дархтанд тэрбумаар нь олдоод байна гэдэг яасан ч уйвайгүй шуналтай хүмүүс төрд байна вэ гэх сэтгэгдлийг энгийн иргэдийн толгойнд суулгаж, ёстой “өширхлийн” галын өрдөж  өглөө. Манай жижиг дунд үйлдвэрлэгчдэд  хэдэн арван жилээр хөөцөлдөөд олддоггүй зээл, их л болж  5-20 сая төгрөг байхад л бараг  сэтгэл нь ханачих, өөртөө таарсан хөөрхөн үйлдвэрлэлээ өөд нь татаат авчих мөнгө атал эд юу бодож ингэж тэрбумаар нь авдаг байна аа.
Ингэж баяжсан дээрээ баяжих гэж зүтгэж байгаа нь шунахай улстөрчдийн өнөөгийн дүр төрхийг маш тод томруунаар харуулж өгч байна. Хөөрхий ЖДҮ-дэд өгсөн бол нэг хүний авсан  зээлээр хэдэн арван хүн амьдарчих байлаа  шүү  гэмээр байгаа биз дээ. Ийм юм хийчихээд ичихгүй л гүрийгээд байх юм аа. Үүнийг л нүд улаан, мөнгө цагаан гээд байгаа юм. Эдэнд ард түмнээ гэх сэтгэл байна уу. Тэр зээлийг аваад сонгогчид дотроо хэдэн төсөл шалгаруулаад хуваагаад өгчихсөн бол ёстой хэнд хэдийг өгсөн жагсаалтаа харуулаад ханхалзаж баймаар. Тийм хүн байсан бол ардын баатар болох байлаа. Тэгсэнгүй. Бүгд л өөрсдийн ах дүү, аав ээж, хамааралтангуудын компаниуддаа аваад өгчихжээ. Тэгэхээр ард түмэн уурлалгүй яахав. Ёстой өрмийг нь эрх тушаалтангууд хамж, хусмыг нь ард түмэнд цацдаг нь ганц энэ удаагийн ЖДҮ-ийн зээлийн  хэрэг биш олон жил үргэлжилж ирсэн урхагтай хэрэг. Угаасаа шуналын шүншигтэй их сав дүүрдэггүй бөгөөд, тэрбум тэрбумаар нь хийсэн ч талдаа орох бүү хэл бярдын сэтгэл нь ёроолдоо л байгаад байдаг учиртай. Саяхан улсын төсөв хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригт 500 тэрбумын хөрөнгийг үйлдвэрийн парк байгуулахад зориулж тавьж өгөөч гэсэн асуудлыг Тамгын газрын дарга З.Энхболд нь тавьж байх юм. ЖДҮ-ийн зээл олон хүнд очих, бага сагаар хуваарилагдах хөрөнгө атал Үйлдвэр барих хөрөнгө том томоор ганц нэг хүнд хүрэх учир ЖДҮ жижигдээд, одоо томоор авах хэсэг буцалж байгаа юм биш үү гэх сэтгэгдэл төрж байлаа шүү. Адаглаад тэр нь зураг төсөвгүй гээд бод доо. Яг л "Самурай", "Чингис" бондын хөрөнгө адил.
Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлдгээр улс мөнгөгүйдээ биш, улстөрчдийн шуналыг хангаж чадахгүй байгаадаа улс ядуу байгаа юм гэсэн утгатай үг нь үүнийг гэрчилнэ. Энэ үнэн байх аа.
Энэ хөгжлийн олон жилийн талцал нь ерөөсөө л улстөрчдийн  хөрөнгийн төлөөх тулаан байлаа. Нэг хятад нөхөр хэлсэн гэсэн. Энэ гуравхан сая хүнтэй ийм баян орныг манай нэг дунд гарын худалдаачин л аваад явчихна гэж. Тэгтэл юу вэ. Манай 76  хууль батлагчид, төрийн гурван өндөрлөг, Засгийн газар, агентлагууд гээд хэдэн зуун бодлого боловсруулагчид юу хийгээд байна гэмээр.
Энэ намуудын талцал, хагарал, өмчийн төлөөх дайн ард түмнийг ингэж туйлдуулж, өнөөгийн ийм байдалд аваачсаны хариуцлагыг хэнээс нэхэлтэй билээ. Ардчиллын үндсэн зарчим хувийн өмчийг хамгаалах явдал хэмээн тунхаглаж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авчихсныг ч зөвтгөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Та нар булааж байгаа юм уу, хүний олон нь хүнээ барьдаггүй” гэх ухааны юм яриад, луйварчдын талд баттай зогсож байсныг зурагтаар харсан.  Монголдоо ирээд, ард түмэндээ өгөөжөө өгч байгаа бол яамай, тэгтэл Монголбанкны хөрөнгөөр хэдхэн хүн авчихаад, “миний өмч” гээд байгаа нь ямар учиртай билээ. Газар доорх болоод дээрх баялаг ард түмний өмч гээ биз дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Оюутолгойн ТУЗ-д орчихсон, өндөр цалин пүнлүү авах атлаа Монголын ашгийн төлөө ганц ч үг ган хийхгүй, “Титэм үг” яриад, ард түмнийг сэхээрүүлэх гэж оролдох. Үнэндээ ам, ажил хоёрын зөрүүг нь телевизээр нэг цацаж байхад гэмгүй цариалаад, Рио Тинтогийн талд үйлчлээд сууж болохгүй биз дээ. Тэр “Титэм үг” номын үнэтэйг яана. Хэвлэлийн зардал гэж бага сага юм гарна л даа тийм хар ном хэвлүүлэхэд. Гэтэл 20000-25000 төгрөг гэнэ ээ. Түүнийг зарж баяжихдаа тулаагүй байлтай. Бараг Монголын бүх ард түмэнд тараасан ч чадах хүн. Угаасаа тэр Титэм үг нь ард түмний дунд хэлэгддэг цэцэн мэргэн үгийн сан хөмрөгөөс цуглуулсан ишлэлүүд л байна билээ. Ардын дуунууд  дээр автор болгож нэрээ тавиад зарж болохгүйтэй адилхан ч юм уу даа зүйрлэвэл. Тэр “Титэм үг” номоо захын нэг компанид шахаад, тэр  ном нь гэрээт ажлын хөлсөнд  цааш нь шахагдаж байх жишээтэй. Үнэ цэнэтэй юмны үнэ ингэж унана гэдэг ёстой эмгэнэл.
Бас нэг “Гэгээн согос загас” бол Монгол бөхийн өргөө. Уваагүй улстөрчид оролцсон бөхийн өргөөг булаацалдаад, сүүлийн хэд хэдэн баридаанаа тэнд хийж чадсангүй. Бүр арга ядаж Улс тунхагласны наадмаа хийж чадалгүй Спортын төв ордонд хийж, төрийн удирдлагууд оролцсонгүй. Ингэж төр хүчгүйдэж, бөхийн өргөөг ажиллуулж чадахгүй байна гэдэг инээдэм. Хэдэн бөх мэдэх юм гэнэ ээ. Болиоч ээ. Зүгээр л түлхүүрээ аваачаад У.Хүрэлсүхэд өгчих. Эсвэл  талцаад байгаа бөхчүүдэд буулгаад тал тал тоосгоор ч хамаагүй тараагаад өгчихөе. Суурин дээр нь  нөгөө С.Баярын үед  шатсан МАХН-ын цагаан ордны суурин дээр  Тусгаар тогтнолын ордон босдог шиг “манцгар” юм босгоод орхиё л доо. Бөхийн өргөөний араас “Та нар булаагаад байгаа юм уу” гэх Элбэгээ шиг хүн хэн байна аа.
Ер нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш өмчийн төлөөх дайн газар авч, улс оронд гавьтай бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мянганы зам л хэл амтайхан 2019 онд дуусах төлөвтэй. Ний нуугүй яриахад баригдаж байсан эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөн цагдаагийн контор болгох гэсэн Тэмүүжиний  санаархал нурж, буцааж эмнэлэг болгосон, энд тэнд шоронгийн барилга, цагдаагийн конторууд, МУИС-ын номын сан зэргийг эс тооцвол  улсын хөрөнгөөр бүтээгдсэн нь тунчиг бага санагдана.  Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо цөөрсөн үү. Сургуулийн өмнөх насныхан  Нөгөө У.Барсболдын Монголын говь талаар хөндлөн гулд татахаар төлөвлөсөн  “Ногоон хэрэм” төсөл лөөлөө болж, юунд зарахаа шийдээгүй байж авсан "Чингис", "Самурай" бонд талаар нэг цацагдаж, нөгөө Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Ухаа худгийн төмөр зам гээд нэг нь эхлэх аядахад нөгөө нь татаж унагасаар гарт баригдаж, нүдэнд харагдах юм босохгүй байгаа нь хоёр том намын “орог саарал илжиг ийш нь чангаана” гэгчийн үлгэрээ ороод дуусаж байна. 
Яасан идэж цаддаггүй бярдын сэтгэлтэй намууд вэ. Энэ хоёр намыг онцолж байгаа нь эд 1990 оноос хойш төрийг хамтарч, бас өмчилж барьсан намууд учраас ингэж хэлж байна. Эвлэж чадахгүй эвдэрсээр, одоо МАН-ын 65 бас эвдрэлцэн хоёр хуваагдсан нь концесс, ЖДҮ-ийн хөрөнгөнөөс үүдэлтэй. Бөхчүүд хоёр хуваагдсан нь “Бөхийн өргөөнөөс” нь үүдэлтэй. Эсвэл өмчийг аль хүчтэй нь авах уу, яах уу. Нөгөө ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлдгээр  “Цааш нь ярих уу яах уу!!!”.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.